Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, хошууч генерал З.Болдбаатартай ярилцлаа.
-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин эрх зүйн шинэ орчинд ажиллаж эхлээд удаагүй байна. Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бий болгож, томилох тухай асуудлыг хуульчилж өгсөн. Энэ тухай тайлбарлахгүй юу?
-Батлан хамгаалах үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг байдаг. УИХ-ын тогтоолоор БХЯ-ыг салбарын яамнаас бодлого үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлж ерөнхий чиг үүргийн яам буюу улс орны хэмжээний асуудлуудыг хамруулж батлан хамгаалах эрх ашигтай уялдуулж холбож өгсөн. Шинэчлэн батлагдсан Батлан хамгаалахын бодлогын үндэс баримт бичгээр төрийн цэргийн байгууллагуудыг тодорхойлж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны цар хүрээнд хил хамгаалалт, онцгой байдлыг хамруулж нэгдсэн нэг стандарт, хамтын төлөвлөлт ажиллагаанд оруулахаар бодлого эрх зүйн зохицуулалттай болсныг бид бүхэн мэднэ. Төрийн цэргийн байгууллагуудыг 2030 он хүртэл хөгжүүлэх стратегийн алсын хараа бодлогын хөтөлбөр батлагдлаа. Эдгээр төрийн цэргийн байгууллагууд, төрийн яамд, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад аюулгүй байдал,батлан хамгаалах бодлого зорилтын хэрэгжилтыг хянах, шалгах үндсэн үүргийг БХЯ, тэр дундаа сайд хариуцан гүйцэтгэхээр хуульчлагдсан. Чиг үүргийн хувьд батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар дамжуулан хэрэгжүүлэх учиртай юм.
-Хяналт тавьж ажиллах энэ зарчим Батлан хамгаалахын багц хуулиудаас гадна өөр ямар эрх зүйн хүрээнд зохицуулагдсан байдаг вэ?
-УИХ-ын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Яамдын эрх зүйн байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол гээд нийт 10 орчим хуулийн 30 гаруй зүйл заалт хамаарч байна. Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн үйл ажиллагааны дүрмийг Батлан хамгаалахын сайд тушаалаар баталж, МХЕГ-аас батлан хамгаалахын ерөнхий байцаагчийн эрхийг тусгай шалгуураар авдаг. Ерөнхий хяналт шалгалтын ажлыг сайдын удирдамж, чиглэлийн дагуу явуулж дүнг нь сайд, ЗХЖШ-ын даргад танилцуулах үүрэгтэй байдаг.
-Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл юу вэ?
-Үүрэг чиглэлийг хуульд тодорхой заасан байгаа. Тухайлбал, батлан хамгаалахын хяналт шалгалтын нэгдсэн бодлого чиглэлийг тодорхойлж, батлан хамгаалах, Зэвсэгт хүчний дотоод хяналтын нэгжүүдийг бодлогын удирдамжаар хангана. Төрийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын хууль тогтоомж, хөгжлийн стратеги, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хянан шалгах, хангуулах энэ чиглэлээр яамд, орон нутгийн захиргааны байгууллагууд, төрийн цэргийн байгууллагуудын ажилтай танилцаж, эдгээр байгууллагуудад цэргийн дүрэм, цэргийн байгууллагуудын нэгдсэн стандартыг мөрдүүлэх, дэмжлэг үзүүлэх учиртай. Мөн цэргийн анги, салбаруудын сургалт, ахуй хангалт, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, цэргийн сахилга батыг сайжруулах, бэхжүүлэх талаар хийж буй ажлын үр дүнг хянан шалгана. Цэргийн алба хаагчдын ес зүй, хүний эрх, эрх чөлөөг хангуулж буй байдалд хяналт тавих зэрэг чиглэлүүдийг баримталж ажиллах үүрэгтэй юм.
-Гадаадын орнуудад батлан хамгаалахын ерөнхий хянан шалгах ажиллагаа ямар түвшинд байдаг бол. Мэдээж өндөр түвшинд хөгжсөн байж таарна?
-Дэлхийн орнуудын батлан хамгаалах чадварын түвшинг үнэлэх, үндсэн зорилгод нь хүргэхэд чиглүүлэх, хяналт шалгалт хийх асуудлыг мэргэжлийн бэлтгэгдсэн баг, хуульч цэргийн хос мэргэжилтэн хариуцаж гүйцэтгэдэг. ОХУ, БНХАУ, Израйль, Япон, АНУ, Киргиз зэрэг оронд батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийг батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах шалгах үүрэгтэй зохицуулагч, холбогч маягаар ажиллуулдаг нийтлэг жишиг бий.
Ер нь Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч нь ихэнхи оронд төрийн хууль тогтоомж, цэргийн сургалт бэлтгэл, зэвсэг техник, ар тал хангалт, дайчилгаа, орон нутгийн хамгаалалт төсөв хөрөнгө зэрэг батлан хамгаалах, зэвсэгт хүчинтэй холбоотой 50 гаруй төрлийн асуудалд олон талт хянан шалгалт үнэлгээ, тооцоо, санал бэлтгэх, бодит мэдээллээр хангах үүрэгтэй байдаг юм билээ. Тухайлбал, ОХУ-д Батлан хамгаалах яамны ерөнхий хянан шалгах алба /генералных служба инспектеров/ нь зэвсэгт хүчний байлдааны болон оперативын бэлэн байдал, зэвсэгт хүчний байгуулалт оперативын дэлгэн байгуулалт, цэргийн урлаг, цэргийн түүхийн баяжилт, хүний нөөцийн бодлоготой холбоотой асуудлыг хариуцан ажилладаг. Энэ алба нь 26 хүний бүрэлдэхүүнтэй.
БНХАУ-ын хувьд намын төв зөвлөлийн шууд харьяаны сахилга дэг журмын хянан шалгах төв хороо /central commission for discipline inspection/ түүний салбар бүрийн дэд хороод төр засгийн доторх авлига болон албан тушаалаа урвуулан ашиглах, цэргийн гэмт хэрэгтэй тэмцэх, хууль дүрэм журмыг сахиулах үүрэг гүйцэтгэдэг. АНУ-д Батлан хамгаалах яамны ерөнхий хянан шалгагч /inspector general of the department of defence/ нь сайдын өмнө ерөнхий аудиторын үүргийг хариуцна. Мөн БХЯ-ын эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр төсөл бодлогын удирдамж, захиргааны манлайлал, хүний нөөцийн бодлого, аливаа хөрөнгө мөнгө завших, мэргэжлийн алдаа гаргах, гэмт хэрэгт холбогдох үйлдлүүдээс сэргийлэх хяналт шалгалтыг явуулна. Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажлыг ч давхар явуулдаг бөгөөд харьяанд нь бие даасан хараат бус ерөнхий хянан шалгагчийн газар ажилладаг байх жишээтэй.
Харин Их Британид ерөнхий хянан шалгагч /inspector-general/ нь цэргийн дээд цолтой офицер байх бөгөөд цэргийн анги, байгууллагуудын сургалт болон бэлэн байдалтай холбоотой стандарт хэм хэмжээг мөрдүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. ХБНГУ-ын Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч нь /generalinspekteur der bundeswehr/ нь цэргийн хамгийн дээд цолтон байх бөгөөд ЗХЖШ-ын даргын албан тушаалыг давхар хашдаг. Сайдын өмнө зэвсэгт хүчний ерөнхий төлөвлөлт хариуцахаас гадна цэргийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь ерөнхий хянан шалгагч нь сайдын эрхлэх асуудлын хүрээний аль нэг байгууллага, албан тушаалтнаас хараат бус, бие даасан нэгжээр хяналт шалгалт явуулдаг нийтлэг тогтолцоо дээрх орнуудад үндсэндээ адил төстэй байна.
-Сүүлийн үед Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих, хяналт шинжилгээ үнэлгээ хийх, ерөнхий хяналт шалгалт хийх гэсэн ойлголт нэлээд хэрэглэдэг болсон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Зэвсэгт хүчний тухай хуулиар ‘”иргэний хяналт”” гэж хууль тогтоомжийн биелэлт, цэргийн удирдлагын үйл ажиллагаа, төсвийн санхүүжилт зарцуулалтыг нээлттэй ил тод хянах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор хяналт шинжилгээ үнэлгээ нь төрийн бодлого төлөвлөлт үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт хариуцлагыг сайжруулах үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг. Батлан хамгаалахын сайдын 2016 оны А/376 тоот тушаалаар батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг хянан шалгах, дүгнэлт өгөх, шаардлагатай арга хэмжээ авч ажиллана. Бодит мэдээллээр сайд болон ЗХЖШ-ын даргыг хангах, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлнэ гэж тодорхойлсон. Батлан хамгаалах ерөнхий хянан шалгагч нь аюулгүй байдал, батлан хамгаалах хуулиудын хэрэгжилтийг хангуулагч гэж ойлгож болно.
Эх сурвалж: Батлан Хамгаалах Яах
Сэтгэгдэл ( 1 )
бөөн зальны хөрөнгө.нам болгоны батлах өвөртөлсөн булай байгаа юм.баавгай болдбаатарыг зайлуулах цаг болсон баймаар.