Уран нугаралт нь урлагийн нэгэн гайхалтай төрөл бөгөөд Монгол бахархлын нэг билээ. Багаасаа хатуу чанга дэглэмийн дор суралцаж, уян хатан бие, үзэсгэлэнт төрхөө дэлхийн олон оронд гайхуулж яваа олон залуус бий. Тэдний нэг болох дэлхийн уран нугаралтын чиглэлээр чансаагаараа гуравдугаарт орох уран нугараач СТА Э.Лхагва-Очиртой ярилцлаа.
- Уран нугаралтаар хичээллээд хэр удаж байна. Уран нугаралтын сайхан нь юундаа байдаг вэ?
- Уран нугаралтаар хичээллээд 20 гаруй жил болж байна. Уран нугарах арга барилыг эзэмшээд, тоглолтоор явж мэдсэн сурснаа хүмүүст толилуулах нь сайхан. Ер нь хүн бүрийн эзэмшээд байдаггүй мэргэжлийг сонгосон минь бахархмаар санагддаг. Хэцүү зүйл нь гэвэл суралцах явц. Тодорхой хэмжээнд хүнээс авьяас, потенциал, хөдөлмөр, тэвчээр, зориг, эрүүл мэнд гэх мэт маш олон зүйл шаарддаг. Бусад спортыг бодоход сурахад маш их хугацаа их ордог. Уран нугаралт нь нэг талаасаа спорт мэт харагддаг боловч нөгөө талаасаа урлаг юм. Учир нь хөгжим, хувцас, нүүр будалт гээд урлагт ашиглагддаг бүхий л зүйлсийг ашигладаг. Сурахыг хүсч байгаа бол гол нь хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.
- Танд шантарч байсан үе бий юу?
- Байлгүй яахав. Би циркд есөн настайгаасаа орсон. Уран нугаралтыг сурах хугацаа янз бүр байдаг. Миний хувьд ганцаарчилсан үзүүлбэр үзүүлбэр үзүүлдэг болохоор суралцах хугацаа илүү урт байсан. Нарийн үзүүлбэр үзүүлэх тусмаа суралцах хугацаа нь уртасдаг гэсэн үг. Уран нугаралт нь хүний уян биеийг ахиад илүү уян болгох гэж шахдаг. Багадаа хоёр гар дээрээ 5-10 минут зогсох бэлтгэлийг хийдэг байсан. Тухайн үед жоохон, есөн настай байсан болохоор тэгээд л уйлна. Хүний нулимс доошоогоо урсдаг бол минийх хөмсөг дагаад дээшээгээ урсдаг байлаа. Энэ мэтчилэн бэлтгэлийн явцад шантрах тохиолдол их байсан. Энэ бүхэнд гэр бүл минь маш сайн дэмжиж, тусалдаг байлаа. Ялангуяа ээж минь надад их тусалсан. Zindaa.mn сайтад ярилцлага өгч байгаа завшаанаа ашиглаад гэр бүлийнхэндээ, ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.
- Монголын циркийн хөгжлийг гадаадын цирктэй харьцуулбал?
- Монголын циркийн суурийг Орос тавьж өгсөн. Манай цирк Орос школаар хөгжсөн. Европын орнуудын цирк бол өөрсдийн сонгодог классик төрлөөрөө хөгжиж чадсан. Монголын циркийн үзүүлбэр нь илүү хүнд үзүүлбэр давамгайлдгаараа онцлог. Тухайлбал, Орос школтой монгол хэв маягийг харуулсан тоглолт үзүүлдэг. Харин гадаадын орнууд бол хувцаслалт, нүүр будалт гэх мэт сужетээрээ ялгардаг. Улс орнууд бас үзэгч буюу зеритлээрээ ялгарна. Европод явуулын цирк хөгжөөд 200 гаруй жил болж байна. Энэ үүднээсээ Европын нэг гэр бүл гэхэд л долоо хоногтоо заавал нэг удаа цирк үзээд заншчихсан. Харин Монголд 1960-1970 оныг циркийн алтан үе гэдэг. Учир нь тухайн үед л цирк үзэх ёстой гэж үүрэг болгодог байсан. Хөдөөнөөс орж ирсэн малчид, тариаланчид гээд бүх хүмүүсийг үзэхийг шаарддаг байсан юм. Цирк хувьчлагдсанаас хойш бүх зүйл өөр болсон. Цирк нэр хүнд, бодлого гэх зүйлгүй болсон. Улмаар циркчид тарж бутарч, хөгжих үндэсгүй болсон доо. Тиймээс хөгжлийн ялгаа үүсч байна.
- Таныг Монголын анхны эрэгтэй уран нугараач гэдэг. Энэ үнэн үү?
- Уран бүтээлээ тууриваад явж байгаа нь би байх. Миний дараагийн үе суралцаж байгаа, шинээр гарч байгаа залуус бол бий. Яг анхны эрэгтэй уран нугараач гэвэл би биш. Яахав Монголдоо хамгийн их танигдсан нь би байх. Албан ёсоор ярьбал Миний дээр СТА Буд түүний дээр Одгэрэл гэж байгаа. Бид гурав яг 10 насны зөрүүтэй. Би одоо 30 настай. Манай хоёр ах 40, 50 настай гэсэн үг. Одгэрэл ах маань АНУ-д дасгалжуулагчийн ажлаа хийж байгаа. Буд багш маань энд багшилж байна. Бид гурав Ардын жүжигчин төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш гэдэг хүний шавь нар. Хамгийн отгон шавь нь би. Одоогийн байдлаар уран бүтээлээ туурвиад, хамгийн их танигдсан нь би болохоор хүмүүс Монголд ганцхан эрэгтэй уран нугараач байдаг гэж бодоод байх шиг байна.
- Тэгэхээр анхны уран нугараач гэвэл?
- Сайн мэдэхгүй юм. Багш маань уран нугаралтын хөгжилд их том үүрэг гүйцэтгсэн хүний нэг. Манай багшийг Т.Цэнд-Аюуш гэдэг. Багш дээрээ 1997-2004 он хүртэл, 9-16 нас хүртлээ долоон жилийн хугацаанд хичээллэсэн. Гарынх нь шавь гэхэд болно. Багшийнхаа өтөл насан дээр нь хичээллэсэн сүүлийн шавь нь би болсон доо. Надаас өмнө маш олон хүнд багшилж, зааж сургасан. Тухайлбал, төрийн соёрхолт зууны манлай Норовсамбуу анхны шавь нь юм. Энэ мэтчилэн маш олон хүнийг уран нугараачаар бэлтгэсэн. Манайхан Цэнд-Аюуш багшийг циркийн “загалмайлсан” эх гэдэг. Циркийн уран сайхны удирдаачаас эхлээд, циркийн таван жанарын бүхий л төрлийн хичээлийг заадаг байсан. Монголын уран нугаралтын суурийг тавьсан хүн бол манай багш. 2004 онд “Монтекарло” Олон улсын циркчдийн тэмцээн буюу өсвөрийн циркчдийн наадам миний хувьд багштайгаа явсан эхний бөгөөд сүүлийн тэмцээн болсон. Энэ тэмцээнд амжилттай оролцож мөнгөн цом авсан. Багш минь хувь хүнийхээ хувьд Монгол үзэлтэй байсан. Гарынхаа үсгээ зурахдаа Уйгаржин Монгол бичгээр зурдаг байлаа. Бид нарт зааж сургахдаа циркчин хүн гэдэг зөвхөн бэлтгэл хийх биш амьдрал дээр ч гэсэн хувийн зохион байгуулалт сайн байх хэрэгтэй гэдгийг заасан. Хооллолтоосоо эхлээд л биеэ амраах, бэлтгэлээ хэдэн цагаар хийхийг маш нарийн заадаг байсан. Зөвхөн циркийн дасгалжуулагч байгаад зогсохгүй амьдралын сурган хүмүүжүүлэгч байсан. Багшаасаа маш их зүйлд суралцсан даа.
- Багш тань хэр чанга, хатуу хүн байсан бэ?
- Харцнаас нь эхлээд л багшаасаа айна. Биднийг огт занчиж, зодож, зандарч байгаагүй хэрнээ л бид айдаг байсан. Коридорт багш ирж байгаа чимээ гарахад бушуухан юмаа хийж байгаа мэт харагддаг. Хажууд нь л зүгээр сууж чаддаггүй байсан гэх үү дээ. Бид байтугай бидний дээд үе маш их хүндэтгэдэг байсан. Хүний оюун ухаантай маш сайн ажиллаж чаддаг. Аливаа юмыг маш сайн тайлбарлаж зааж өгдөг. Ямар хөдөлгөөн сурахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг маш сайн ухаж ойлгуулна. Түүнээс биш шууд элементийг нь заадаггүй, ямар ямар деталь хэрэгтэйг нь хэлдэг хүн байсан. Багшаасаа л энэ буянтай ажлыг өвлөж авсан даа. Тиймээс багшдаа болон гэр бүлийнхэнд нь насан туршдаа талархаж явна. Манай багшийн 90 жилийн ой энэ оны 11-р сард тохионо. Тэр үед би Монголд байхгүй байж магад. Гэхдээ “Аса” цирк, “Циркчдийн холбоо”, “Монголын уран нугаралтын холбоо” бүх уран нугаралтын секцүүд хамтран ойг зохион байгуулна.
- Эхний тэмцээнд багштайгаа яваад мөнгөн цом авсан гэлээ. Өөр тэмцээн уралдаанд хэр амжилт гаргаж байв. Ер нь чансаагаараа дэлхийд хэддүгээрт орох бол?
- Италийн” Golden Circus” гээд Олон Улсын фестивалиас мөнгөн цом. Вьетнамд болсон Олон Улсын циркчдийн тэмцээний алтан цомтой. Ингээд Олон Улсын чанартай тэмцээний алт, мөнгө, хүрэл гурван медальтай. ОУ-ын “Монте-Карло” тэмцээн нь циркчдийн хувьд бол Олимп л гэсэн үг. Тиймээс Олимпын хүрэл медальтай гэж ойлгож болно. Циркчдийн олон улсын тэмцээн нь А, B, C гэсэн гурван зэрэглэлтэй. А зэрэглэлийн тэмцээнд “Монте-Карло” болон Хятадын Ухань хотноо болдог хоёр тэмцээн ордог. “Монтекарло” тэмцээнд циркчид оролцох нь л нэр төрийн хэрэг болдог. Италийн “Golden Circus” тэмцээн бол B зэрэглэлийн тэмцээн юм. Ингээд миний авсан шагналуудыг тооцоод үзвэл дэлхийд уран нугаралтын чиглэлээр чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгдэнэ.
- Уран нугараач болоход юу нөлөөлсөн бэ?
- Миний сонирхол нөлөөлсөн байх. Би багадаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Цирк зурагтаар гарангуут л дуурайгаад хойшоогоо хотойж суудаг байлаа. Ээж “Зурагтаар цирк чинь гарлаа” гэнэ. Би очоод л өөрийгөө аль хэдийн циркчин болчихсон мэтээр төсөөлөөд дуурайж өгнө. Сургууль дээрээ хоёр гурван найздаа циркийн хөдөлгөөн заадаг тийм л хүүхэд байсан даа. Циркийн тухай мэдэгдэхүүн байхгүй хэрнээ л гэртээ үсэрч харайгаад л байна. Ерөнхийдөө маш их хүсэл сонирхол байсан. Мөн гэр бүлийнхэн маш их дэмжсэн. Би Налайх дүүрэгт төрсөн. Тэндээс л хичээл, бэлтгэлдээ явдаг байлаа. Миний анхны акробатын багш Жаргалсайхан гээд хүн бий. Тэр багш дээрээ 1996 оны намар хичээллэхээр болсон. Анхандаа акробатаар явна гэж боддог байлаа. Тухайн үед ямар ч ухагдахуун байхгүй, циркчин болж байвал болно гэж боддог байсан сан. Тэгээд гурван сар хичээллээд явж байтал нэг өдөр багш дуудаад “Чи ер нь уран нугараачаар явбал арай илүү юм шиг. Чиний бие уян хатан болохоор амжилт гаргах боломжтой” гэсэн юм. Надад бол аль нь ч байсан яахав гэж бодогдож байсан. Гэтэл тэр ярианаас надад уран нугаралтаар явбал урд цирк буюу /Төв цирк/ дээр очиж хичээллэнэ гэдэг л сайхан санагдсан. Хэрэв урд цирк дээр очвол циркчин боллоо гэж өөрийгөө ойлгож байсан. Тэгээд л уран нугараачаар хичээллэх болсон. Анх хичээлдээ ороход олон охидуудын дунд ганц эрэгтэй л орсон доо. Нүүр халуу оргиод юунд орчхов доо л гэж бодогдож байлаа. Охидууд гайхаад шоовдорлоно. Гэхдээ охидуудтайгаа адил хичээллэнэ. Бүх зүйл нэг төвшинд явдаг байсан. Яагаад ч юм тухайн үед хичээлдээ ч бэлтгэлдээ яваад л байдаг байсан. Миний хүүхэд насанд зугаалгаар явах, гадуур гарна гэх ойлголт байгаагүй. Учир нь багшийн минь зааж байгаа арга барил, гэр бүлийн хүмүүжил их нөлөөлдөг байсан. Их хөдөлгөөнтэй байсан ч зөв тал руугаа байсан гэж боддог. Бусад хүүхдүүдийн л адил гэрийн хар бор ажилд нухлагддаг байлаа.
- Хэр их бэлтгэл хийх вэ?
- Өдөрт 2-3 цаг бэлтгэл хийнэ. Миний циркийн бэлтгэл жилдээ нэг сар амарна. Бусад үед долоон хоногийн таван өдөр байнгийн бэлтгэл сургуулилттай. Мөн хичээлдээ ч явна. Одоо ч гэсэн бэлтгэлээ хийдэг. 20 жилийн турш хийж байна. Хэрэв бэлтгэлээ хийхгүй бол бие хүндэрнэ, таргална, ажлаа хийж чадахаа болино шүү дээ. Уран нугаралт бол биеийн потенциал өндөр байх үедээ хийдэг ажил.
- Тухайн үед эрэгтэй уран нугараач ховор байсан байх. Үеийнхээ хүүхдүүдээсээ ичих үү?
- Арван жилийн сургуульд урлагийн үзлэг болдог. Нугараач гээд сургуулийн хүүхдүүд бүгд мэднэ. Коридориар нөгөө ангийн хүүхдүүд “Энэ нөгөө ангийн нугардаг хүүхэд” гээл шивнэлдэнэ. Тэгэхээр бусдаас өөр болчихсон юм шиг, сонин санагдана. Хүн болгон тэгж ярихаар ичээд бушуухан зөрөөд явахыг боддог байсан. Тухайн үедээ энэ бол миний давуу тал гэдгийг ойлгодоггүй байлаа. Үүгээрээ бусдаас би ялгараад байна. Яагаад бусдаас өөр байдаг байна гэж боддог байсан. Ангийн нэгдүгээр зэргийн соёл урлагийн ажилтан гэгдэнэ. Биеийн тамир орохоор ангийнхан хөөргөнө. Тэгэхээр нь ганц нэг акробат хийж үзүүлнэ дээ.
- Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Хобби гэвэл?
- Одоо гэр бүлтэй болсон болохоор гэр бүлдээ цаг гаргана. Чөлөөт цагаараа хөлбөмбөг үзэж, усанд сэлдэг. Ерөнхийдөө спорт талдаа сонирхолтой. Мөн аяллаар гэр бүлийнхэнтэйгээ явах, байгалийн сайхныг үзэх дуртай.
- Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?
- Эхнэрийг минь Алтанчимэг гэдэг. Солонгос хэлний орчуулагч багш мэргэжилтэй. Мөн урлагийн чиглэлээр ажиллаж байсан. Рекламанд тоглоно, надтай хамтраад агаарын үзүүлбэр үзүүлчихдэг хүн. Анх “ТНГРИ” хэмээх түүхэн киноны зураг авалтын үеэр танилцаж байлаа. Би ханхүүгийн дүрд, манай эхнэр гүнжийн дүрийг авсан. Хоорондоо дурлалцах ёстой хүмүүсийн дүрийг бүтээсэн. Цаанаасаа хувь зохиол, тавилан гэдэг нь л байсан байх. Хүний амьдрал заяа нийлдэг юм байна лээ. Киноны сэдэв нь XIII-р зууны үеийн хоёр отог, аймгийн зөрчил тэмцлийг харуулсан байсан. Гэр бүл болоод зургаан жил болж байна. Хоёр охинтой.
- Уран нугараач хүний хувьд хүүхдүүдээ уран нугараач болгох бодол бий юу?
- Миний хувьд битүүхэндээ бодно. Гэхдээ уран нугараач гэдэг амаргүй ажил болохоор сонирхлыг нь харна. Дургүй юманд хүчгүй гэгчээр түлхээд ч явахгүй үе бий. Гэхдээ би охидуудаа багшилж чадахгүй байх. Учир нь аав гээд эрхэлчихдэг улсуудтай багш гээд өөр хүний үүднээс загнах нь хэцүү. Тиймээс охидууддаа сайн багш байж чадахгүй. Хэрэв уран нугаралтаар хичээллэх болбол өөр хүнд өгч багшлуулах байх.
- Шоу цэнгээнд хэр оролцдог вэ?
- Хүн л юм чинь гарч оролгүй яахав. Гэхдээ гэр бүлтэй болсноос хойш харьцангуй багассан. Гэр бүлтэй болохоос өмнө залуу хүн ямар байдаг түүнтэй ижил байсан. Одоо бол гэр бүл, ажлын үүрэг хариуцлага гээд алкохалны зүйлээс татгалзаж байгаа.
- Уран нугараач ч юмуу биеийн тамирын хүмүүс булчин шөрмөс зангирахаас сэргийлж алкохал хэрэглэж, тайван амардаг гэсэн. Энэ үнэн үү?
- Тийм байж магадгүй. Ганц шил пиво ч юмуу хэрэглэхэд зүгээр байх. Гэхдээ хэтрүүлэх юм бол муу. Алкохал нь хүний бие дэх минерал, эрдэс бодис шингэнийг ууршуулчихдаг. Бидний биед шингэн маш их хэрэгтэй. Учир нь бид байнгийн дасгал хөдөлгөөнөөр шингэнээ хурдан алдаж байдаг. Буцаагаад нөхөх хэцүү. Хүн бүх биеийнхээ нүх сүвээр шингэнээ алддаг хэрнээ ганцхан ууж шингэнээ нөхдөг. Тиймээс биеийн тамирын хүн алкохал маш бага хэрэглэх хэрэгтэй. Тэгж байж эрсдэлээс сэргийлж чадна.
- Чадварлаг уран нугараач, бас царайлаг болохоор эмэгтэй шүтэн бишрэгчид олон байх?
- Энэ тухайд жендэрийн асуудал гарч ирнэ. Монголд эмэгтэй хүмүүс уран нугаралтыг илүү сонирхож байдаг. Тухайлбал, Эх үрсийн баяр, Валентин, Мартын наймнаар Монголд ирж тоглолт хийгээч гэсэн санал их ирдэг. Гадаадын орнуудад ч гэсэн эмэгтэй хүмүүс илүү сонирхоно.
- Олон эмэгтэй хайраа илчилж байв уу?
- Ер нь байгаа. Тоглолт хийсний дараа сайн байлаа гээд тэвэрнэ, үнснэ. Утсаа өгчих гэнэ. Алийг тэр гэхэв. Гэхдээ миний хувьд ажлаа л хийж байгаа хэрэг.
- 2013 онд нэгэн ярилцлагадаа циркчдийн цалин бага байна гэсэн байсан. Тухайн үеийн байдлыг одоо үетэй харьцуулбал. Нууц биш бол таны цалин нэмэгдсэн үү, хэд болсон бэ?
- Монголд бол цалин байхгүй. Уран бүтээлч нар хувиараа гала тоглолтоор, халтуураар цалинжиж байна. Нэг хэсэг циркчдийн үнэлэмж маш бага байсан. Арван хэдэн жилийн өмнө циркчид бааранд л тоглолтоо хийдэг байлаа. Тухайн үед би ганц нэг удаа тоглолт хийж байсан. Байгуулгийн хүлээн авалт, шинэ жил гэх мэт тэмдэглэлт өдрүүдээр. Энэ үед нэг тоглолт 20000-50000 төгрөгийн хооронд байсан. Үүнийг гадны ханштай харьцуулбал маш бага. Өнөөдөр энэ ханшийг би өндөрт хүргэж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Ямарваа нэгэн үзүүлбэрийг хүмүүс сонирхтол нь өндөрт түвшинд хийж гүйцэтгэх хэрэгтэй. Мөн өөрөө чанартай уран бүтээлч болох нь чухал. Үүний хэрээр олон хүнд танигдана. Улмаар өөртөө үнэ ханш тогтоож эхэлнэ. Миний тоглолтын ханш бага багаар нэмэгдсээр одоо нэг тоглолтыг 1000000-1500000 төгрөгөөр тоглож байгаа. Энэ бол Монгол циркчдийн хувьд рекорд. Хэзээ ч Монголд циркчин хүн сая төгрөгөөр тоглолт хийж байгаагүй. Би ийм үнэлэмжтэй болгож байгаа юм биш. Ерөнхийдөө бид ийм үнэлэмжтэй байх хэрэгтэй гэдгийг тогтоож байгаа хэрэг. Хэрэв түүнээс бага ханш санал болговол уучлаарай гэдэг. Учир нь цирк бол амьд урлаг. Би зүгээр энгийн дүрс үзүүлээгүй, ам бариагүй. 100 хувь өөрийн хүч чадлаа дайчлан, хөлс, хүчээ гарган үзүүлбэрээ үзүүлж байгаа. Үүнийг үнэлэх хэрэгтэй. Үнэлүүлж чадаж байгаагаа авах хэрэгтэй.
- Гадаадад тоглолт хийвэл ханш илүү нэмэгдэх үү?
- Ерөнхийдөө гэрээний ханш гэж байдаг. Сарын 30 хоног гэж үзэхэд, 45 тоглолт ч юмуу байх жишээний. Улмаар 45 тоглолтыг тэдэн гарнтаар үнэлнэ. Хэрэв гадагшаа шинэ жилийн гала тоглолтоор явлаа гэхэд 500-1000 еврогоор тоглож байх жишээтэй.
- Уран нугаралтын үзүүлбэрийг хэдэн нас хүртлээ үзүүлэх боломжтой байдаг вэ?
- Хуулинд циркчид 15-20 жил ажиллаад л тэтгэвэрт гарна гэж заадаг. Учир нь энэ төрлийн мэргэжил хүнд төрөлдөө ордог. Уран нугаралтыг хамгийн гол эрхтэн болох нугасаараа хийдэг. Акробат бол яаж ямар байдлаар хийгээд хэзээ ч бэртэж болзошгүй мэргэжил. Ер нь хэдэн жил нугарах нь хувь хүнээс шалтгаална. Чи хэр эрэг эрүүл мэндээ хайрлаж, даарахгүй, хүнд юм өргөхгүй, биедээ анхаарал тавьж байгаагаас хамаарч удаан нугарна. Хэрэв даарч хөрч, унаж бэртэж, буруу нугарвал хэдхэн жил нугараад л нурууны суулттай болно. Мөн мэргэжлийн бус хүнээр уран нугаралт заалгаж хохирох тохиолдол олон. Мэргэжлийн биш багш нар маш олон болсон байна. Энэ бол гашуун бөгөөд үнэн үг. Мэргэжлийн бус хүнээр заалгаад насан туршдаа тахир дутуу болсон хүн ч байна. Тэгэхээр уран нугаралт бол тоглоом биш. Уран нугаралт сонирхож байгаа хүүхэд, эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд мэргэжлийн хүн дээр хичээллээрэй.
- Тэгэхээр мэргэжлийн бус хүн уран нугаралт зааж хүмүүсийг хохироож байна гэсэн үг үү?
- Уран нугаралт хөдөө орон нутаг, хот гэлтгүй хөгжиж байгаа нь нэг бодлын сайн. Маш олон хүн уран нугаралт сонирхоно гэдэг чинь сайн уран нугараач төрнө гэсэн үг. Гол нь мэргэжлийнх, өөрөө нугарч байсан, өмнө нь хүнд зааж байсан туршлагатай, зовлонг нь мэддэг хүнээр заалгах хэрэгтэй. Туршлагагүй хүн дээр яваад хохирсон хүмүүс бий. Энэ бол миний энэ салбарт эмзэглэж явдаг нэг зүйл. Мөн мэргэжлийн бус хэрнээ багшлах чадвар маш сайн хүмүүс бий. Гэхдээ маш цөөхөн байдаг. Тиймээс багшаа зөв олж, маш сайн судлах хэрэгтэй.
- Уран нугарах явцдаа минут, мөч бүрийг алдалгүй тооцох ёстой юу?
- Би өөрөө уран нугаралт гар дээрх тэнцвэр, агаарын ремен гээд 3 төрлөөр ажилладаг. Агаарын ремен дээшээ 5-10м өндөрт байдаг. Гар дээрх тэнцвэрийг үзүүлбэр нь хэрэглэж байгаа тоног төхөөрөмжөөс хамаараад 3-8 метрийн өндөрт ажилладаг юм. Заримдаа хамгаалах бүсгүй ажиллах тохиолдол байдаг учираас их эрсдэлтэй. Миний очиж ажиллах циркт 10 метрийн өндөрт хамгаалалттай, хамгаалалтгүй үзүүлбэр үзүүлэх шаардлага гарна. Энэ нь сандлын тэнцвэр хийх юм. Сандлаа дээр дээрээс нь хазгай хамаагүй өрөөд дээш гарна. Цирк бол тэр чигээрээ эрсдэл. Хүнээс анхаарал, авхаалж самбаа шаарддаг. Нэг минут секунд алдах, команд сонсолгүй өнгөрөөхөд л амьдрал минут секундээр хэмжигдэнэ. Тухайлбал, шидэлттэй акробатад нэг секунд доль, команд зөрөхөд л хүн газар унаж, бэртэх жишээтэй. Уран нугаралт л гэхэд л халаалтаа муу хийгээд үзүүлбэрээ үзүүлэхэд, өндрөөс унаж нугасаа таслах эрсдэлтэй. Ийм тохиолдлууд байдаг. Уран нугарагчид энэ урлагийг сайхныг хүмүүст үзүүлэхийн тулд маш олон жил хичээллэдэг хэрнээ цөөхөн жил карьераа барьж чаддаг. Би үүнээс эмээдэг ч дуртай болохоор хийхээс өөр сонголт байхгүй.
- Өөрөө шавьтай болсон уу?
- Гарын таван хуруунд багтахаар цөөхөн шавьтай. Норовсамбуу багштайгаа хамтарч байгаа. Би гадагшаа явлаа гэхэд Норвсамбуу багш миний оронд заадаг. Заагаад гурван жил болж байна.
- Шавь нартаа багш шигээ зааж чадаж байгаа юу?
- Би өөрөө уран бүтээлч болохоос багш биш. Хүн өөрөө яаж хийхээ мэддэг ч хүнд заахын тулд дахиад суралцах хэрэгтэй юм билээ. Энэ бүхнийг Норовсамбуу багшаасаа суралцаж байгаа.
- Сая очиж ажиллах газар гэлээ. Ямар газраас санал ирсэн бэ?
- Одоо Дэлхийн хамгийн нэр хүндтэй номер нэг цирк Канадын олон улсын "Нарны цирк"-д ажиллах гэж байна. Мөн АНУ-д урлагийн нэг томоохон сургууль суралцаач ээ гэсэн санал тавьсан. Аль нэгийг нь сонгох байх.
- Монголын уран нугаралтыг бусад улс оронтой харьцуулахад?
- Монголын уран нугаралт мэргэжлийн өндөр төвшинд хөгжсөн. Эхнээс нэг, хоёрдугаар байранд чансаа, нэр хүндээрээ эрэмбэлэгдэнэ. Намайг Францад ажиллаж байхад цуг ажиллаж байсан хүмүүс надаар тэнцвэрийн хичээл заалгадаг байлаа. Манай уран нугаралтыг гадаадын олон хүмүүс сурахыг хүсдэг. Тухайлбал, Африкаас хүртэл. Монголын уран нугаралт маш гайхамшигтай. Намайг төрөөгүй байхад дэлхийд танигдсан зүйл. Дэлхийн уран нугаралтын 50 орчим хувь нь ямар нэгэн байдлаар монгол дасгалжуулагч, зааварлагчтай байдаг. Үүнээс Монголын уран нугаралт дэлхийд хэр танигдсан нь харагдаж байгаа юм.
- Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцаж болох уу?
- Өөрийн найруулсан тоглолтоо олон түмэндээ үзүүлэх. Циркийн хоёр, гурван төрлөөр сургалт нээх. Мөн хүний биеийн галбир засах, эрүүл зөв хооллолтыг заах сургалтууд нээх бодолтой байгаа. Цаашдаа циркийн урлагийг хөгжүүлэх бодолтой байна. Багшийнхаа заасныг хойч үедээ өвлүүлж, түгээн дэлгэрүүлнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
хэний яанаагүй ямар царайлаг юм бэ гэж эхэлж хэлэх гээд байна даа, мундаг залуу байна, сайхан ч гэр бүлтэй юм байна, сайн байна, шавьтай болохын тулд чм заах арга гэдэг мундаг юмыг сурна даа, хэрвээ чи заах арга муу бол хичнээн юм мэдэж байсан ч хүнд сургаж чаддаггүй, багш хүний бусдаас ялгарах ганц зүйл дээ, чамд амжилт хүсье
авяаслаг ухаалаг царайлаг сайхан залуудаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. гавьяат жүжигчин болоорой гэж ерөөе
Ямар царайлаг юмбэ
Ум хэрий Бадамдагирдаа,Базаргарьдаа,Хаянхярваа хүлүү хүлүү хум пад.Хар цагаан хэл амны тарни.
mundag
Хийсэн юмтай залуу бнаа. Улам ихийг бүтээгээрэй
МУ-ын гавъяат жүжигчин цол олгох цаг болжээ. Удахгүй гавъяат болно. хичээгээрэй, амжилт хүсье.
saihan MONGOL zaluu bina daa AMJILT huse
Ийм л залуус бидэнд хэрэгтэй байна
эзэн хичээвэл заяа хичээнэ. Амжилт хүсье
амжилт чи чаднаа. Их яс цуглуулж эх орондоо ирээрэй
ямар сайхан залуу вэ
mongol baharhal
Мундаг залуу байна амжилт хүсье. Бүх хаайраа гэр бүлдээ ь бас эх орондоо зориулаарай. Магтаалд эвлэрч болохгүй шүү
mundag zaluu bna amjilt husie
Мундаг юмаа. Бахархаж байна.