Нэг их зөөлөн, намуухан ай сэтгэлрүү урсган шүлгээ унших. Түүн дотор нь гал цогийн морин усан тэлмэн гүйх шиг... Сайхан яруу найрагч ахтай олоон жилийн өмнөөс нөхөрлөв би. Арлааны Эрдэнэ-Очир гэж утга уянгын гэгээн дууч ахыг би оюутан ахуй, бүр сурагч үеэсээ уншжээ...
...Жилдээ хоёр болмоор
Улаанбадрахын наадам дээр
Жирэмнийхээ сурыг тасартал
Олмоо чангалсаар үлдлээ /Улаанбадрахын наадам/ гэж ирээд л ангийн нөхөддөө гайхуулна. Ангийнхан,” хэний шүлэг юм бэ?” гэж шохоорхцгооход нь Арлааны Эрдэнэ-Очир гуайнх... гэж хаадайдагсан. Хотод ирж оюутан болчихоод Зохиолчдын хороогоор “тэнэж” явтал нэг давхрын номын дэлгүүрт “Зөн” цуврал ярайтал өрөөтэй байхтай таарав. Түүн дотроос мөнгөнийхөө бололцоогоор таван ном авлаа. А.Эрдэнэ-Очир “Эрх сэтгэл”... гэсэн ном сэтгэл татав. Тэгээд л Ванхүүгийн Батбаяр, Л.Өлзийтөгс, Д.Энхболдбаатар, Б.Галсансүх... нарын номыг авсан юм даг. “Эрх сэтгэл”-ийг үнэндээ их үнгэчсэн дээ би..
Асаж байгаа байгаа юм шиг давхидаг
Гал шарга морьтой юм би
Гуниж байгаа юм шиг харагддаг
Дотоод хийморьтой юм би... гэж өөрийг тов тодорхой зурсаныг нь харан гайхширч,
Цэх зогсон буудуулавч
Сум хүрэхгүй
Цээжний минь алсад
Эх орон минь бий... хэмээн омгорхсоныг үзэн бахдаж, яаж ингэж бичих вэ... гэдэг онгодын эрэлд хатаж билээ. 1998 оны хайрын шүлгийн “Цагаан уул” наадам Хүүхэд залуучуудын соёлын ордонд болсон юмдаг. “Хөдөөнөөс А.Эрдэнэ-Очир найрагч ирэх гэнэ...” гэдэг сургаар бидний хэдэн оюутан очиж үзлээ. Түүн дээр ёстой зүрхээ аваад тайзруу шидчихмээр шүлэг уншиж билээ.
Цагаахан даашинз
Энхрийхэн мөр хүзүү
Цахилан зугатах харц
Эрхэмсэг гоо үзэсгэлэн
Чамайг хараад аргаа бардаг, би
Цамцаа тайлж урж тасдмаар,
Галзуурмаар болдог би
Чамайг бодоод аргаа бардаг би
Шархтай юм шиг
Шаналан хэвтдэг би
Цэцгийн дэлбээ шиг гарыг чинь
Цээжин дээрээ байна гэж зүүдэлдэг би
Өнө мөнхөд чамайг зүүдлэн
Унтах юмсан
Өглөө болсон байхад
Уур хүрдэг би...
Чамайг хараад аргаа бардаг би
Зөрөөд өнгрөхөд чинь эргэн харж
Зүрхээ авч араас чинь шидмээр болдог, би...
Арга барсан бүсгүй, чи... /Арга барсан бүсгүй/ гэж уншаад “Цагаан уул” наадамд хоёр дахь удаагаа тэргүүлж байв.
1999 онд би “Болор цом”-д анх удаа шүлгээ уншиж, А.Эрдэнэ-Очир ахыг дэргэдээс нь харав. Бөхийн өргөөнд болсон тус наадмын үеэр намайг танихгүй нэгэн ах их тоож, “Эрдэнэ-Очироо саяын гоё шүлэг уншдаг хүү энэ байна. Ганзул гэдэг гэнэ...” гэсээр надтай гар барьж, Эрдэнэ-Очир ахтай уулзуулж билээ. Тэр хүн бол яруу найрагч Шатарын Энхбаяр байлаа. Түүнээс хойш хоёр оны дараа “Хонгор зул” сонины редакц дээр таарсан сан. “Чи Монголын мэдээ сонин дээр миний тухай ярьсан байна билээ. Лхагвасүрэн ахаас ухаарал авч, надаас мэдрэмж авч шүлэг бичдэг гэж...” хэмээн урам,омогшил хоёрыг бадраан угтсан хүн юм. Дорноговийн “Саран хөхөө” театрын даргаар ажиллаж байх үед нь ахтай тийнхүү танилцаж билээ. Ингэж л бидний өнөөдрийг хүртлэх гэгээн зам мөр эхэлсэн дээ. Ном дэрлэж унтах, өглөө эртээ босчихсон ном уншиж суух, номоор заримдаа мэргэлэх... Зүүдээ үргэлж манах, зүүд зөнтэйд үргэлж итгэх... Нэгэнтээ, “энэ хүүхнүүд гоо сайхан ертөнцийг аварна гэдгийг буруугаар ойлгоод байгаа юм даа. Тэгээд л өглөө болгон нүүрээ будах юм. Уг нь өөр гоо сайханыг хэлээд байгаа юм л даа. Ертөнцийг аврах гээд байгаа гоо сайхан чинь хүний дотоод гоо сайхан байхгүй юу.” гэж билээ. Ёжлоно, явуулна, шоолно. Тэр өөрийнх нь төрлөх араншин. Ямар сайн даа л Төрийн шагналт, Хөдлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн өөдөөс харж сууж байгаад, таны нэг шүлгийг хүмүүс ингэж уншаад байх юм... гээд.
... Ухны сахал эрүүн доогуураа уруудсан
Намрын өдөр
Цэл ногоон нүдэн чиний хуримын зарыг
Олны салхинаас сонслоо...
Хөлтэй их найраас сэтгэл салган гарвал
Энтээ айлын хаяару нохой сарьж
Эмээлийн найман ганзгыг ямаа хэвж байлаа... гэж уншсан гэхэв дээ. Лхагваа ах тэр дор нь “чи л гуйвуулсан байна” гэсэн гэдэг. Зохиолчид олноороо хөдөө гадаа явахад, Эрдэнэ-Очир ахын амыг харна. Тэр нүд нь гэрэлтээд жуумалзаад ирэхээрээ хүн шоолох нь тодорхой. Өөрийгөө ярианд нь өртчих вий гэхдээ зарим нь таг дуугүй. Зарим нь улам дөхөх. Түүнтэй холын аянд явахад залхана ядарна гэж үгүй. Хотоос Хөвсгөл орох зам автобусны хоёр буудлын зайтай мэд санагдана. Машин дүүрэн инээд хөөр. Нэг л мэдэхэд зорьсон газраа хүрчихсэн байдаг даа. Монгол кино их үзнэ. Зүгээр ч нэг үзэхгүй үг үйлдлийг нь гуйвуулаад шоолж суух. “Сүхбаатар” кинон дээр “марзан” Шарав гуай ингэж байгаа юм чинь гэчихсэн л ярьж угтана даа.
-Ардын намын банкаад болох гээд байна, та нэг бараашиг эсгэнэ байгаа. Уртаашаа тэдэн чий, өргөөшөө төдөн чий бараашиг хэдээр хийхэв Шарав гуай...
-Өгсөнийг нь л авдаг даа жанжаан.. гээд цаашаа үргэлжилэх. “Би чамд хайртай” киног “Баяраа уг нь ширээн дээр гарч унгах гэж байгаад л..” энэ тэрийг энэ хүн л зохиосон байдаг. “Цог” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байх үед нь Г.Мөнхцэцэг найрагч МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Нэг удаа өрөөнд нь яваад ортол нь, “Үгүй мөн юм юм үзэх юмаа. Сая нэг нөхөр орж ирээд Явуухулан гуайн утасны дугаар, гэрийн хаягийг асуугаад гарлаа. Юу ч дуугарч чадсангүй. Бүтээлээр нь магистр хамгаалж байгаа гэнэ.” гэхэд нь.
-Хаягийг нь заагаад өгчихгүй. Манай энэ араас Алтан-Өлгийрүү микро явж байгаа штээ. Очоод уулз гэхгүй... гэж хэлчихээд хээв нэг инээгээд гараад явчихаж байх жишээтэй. Тэр үед Зохиолчдын хороогоор явж очтол ах улаа бутарчихсан сууж байна. “Танай өргөөгөөрх эн зочлоов.” гэхэд минь. Дорноговиос төрсөн улсын цолтоо бүх бөхчүүд ирлээ.
-Тэгээд ганц л юм уугаад гараа юу... Тэр олуулаа ирчихээд. гэхэд.
Тэгсэн. Хоёрхон хүн байдаг юм чинь. Хатансайхан, Цацавшир... гэж билээ. Эрдэнэ-Очир ах их сайхан дуулна. Бас зурна. Бурхан түүнд авъяасыг харамгүй өгсөн шиг. ...Хойтон хавар ирэхдээ
Хонин дунд минь буугаарай
Аясын салхинд намирсан
Алчуур дээр минь суугаарай... гээд л намилзуулна шүү дээ. Үгүй мөн сайхан шүү. “Манай зохиолчид сайхан дуулдаг би бол Уриахай ахын дэргэд юу ч биш” гэж өөрийгөө үгүйсгэх. Түүний дуулахыг зарим нэг дуучин сонсвол өөрөөсөө ичнэ дээ... гэх бодол хааяа төрдөг л юм. Түүний нэгэн удаагийн “Болор цомд” уншсан шүлгийн тухай. Яруу найрагч Н.Гантулга дүү минь...
“Цалгин догдлохдоо би эрчит мөрөн, ус далайн чинь давалгаа болдог
Цавчим уулсын догшин оргил, хад алгадсан салхи болдог
Цахивалзан маналзах цаст хээрийн чинь эрэмгий шуурга болдог би
Цагийн даваан дээр гарсан өвгөн бүргэдийн чинь зовлонг тээдэг би, эх орон
минь
Уймран гансрахдаа би эзэнгүй тал, цайдамын ганц хайлаас болдог
Уйтгарт намраар навчсаа сэгсэрч үүсч мөхөхийн тавиланг мэдэрдэг
Мөчир дээрээсээ хараацайн дэгдээхий нисгэж, үүрнийх нь өд сөдийг сүүдэртээчимээгүйхэн унагадаг
Мөнх орчлонгоос зөөлөн хур царайчлавч, үндсээрээ газарт яргаж насалдаг би, эхорон минь
Хайрлан дурлахдаа би гэрэлт хөвгүүн болж, анхны харцаараа жаргалын од шидэн
Ханарч мэлтрэн урсах Орхон, Сэлэнгийн бэлчир дээр
Хайрын сайхан чи минь үсээ задалж, амрагийн дуу аялахад
Хан орчлонг яруустал дуулж, бусдад гэгээн хүсэл төрүүлэг би, эх орон минь..."
гэж даанчиг даацтайхан шүлгээрээ Эрдэнэ-Очир аман хүзүүдэж байлаа. хэмээжээ. Гүн сэтгэж зөөлөн урссан яруу найргийн энэ айн дэргэд яваадаа бахдал төрмү. Сэтгэлийн тань зөөлөн, шүлгийн тань уянга, бодлын тань холчийг дагаж явдаг даа би. “Ямар ч хүнд сайн тал байдаг. Түүнийг олж харах хэрэгтэй...” гэж сануулна. Тийм ч юм шиг. Дөрвөн Уулаатай ах минь нэгэн хөөрхөн охинтой.
Төрж өссөн Улаанбадрахаа санагалзан, Улаанбаатар хотын их чимээн дунд сэтгэлээ чагнан шүлгээ бичиж явнам. МҮОНР-гийн Алтан сан-гийн редактороор ажиллаж буй түүний шүлгүүд цаг мөхөнд хүмүний сэтгэлд оршсоор байх нь дамжиггүй. Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн хэмээх эрхэм алдраар таны авьяасыг төр мялаажээ. Яруу шүлгийн тань гэгээнд миний хүсэл мөрөөдлийн зүг чиг тодорсон билээ л.
Лхамсүрэнжавын Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Ай юутай харамсал билээ
ХОЁР САЙХАН ХҮМҮҮН АЛЬ АЛЬ НЬ НОМЫН АГААРТ ШИНГЭСЭН ШҮҮ ДЭЭ. нОХОЙ ШИНШИХГҮЙ юм бичиж явдаг өөдгүй адгийн новш юм даа чи
Үг үсгийн алдаа ихтэй бичх юм. Хөгшин хүн шиг бичих юм бас. Эрдэнэ-Очир найрагчийн зарим шүлгийг буруу бичиж: Шатаж яваа юм шиг харагддаг Гал шарга морьтой юм би Шаналж байгаа юм шиг харагддаг далд хийморьтой юм би гэдгйг Ганзул өөрөө зохиогоод тууж. сэтгүүл зүйн үнэргүй бичлэг байна. ЭЦЭСТ ХЭЛЭХЭД ГАНЗУЛ ЭРДЭНЭ ОЧИРЫГ БИШ ӨӨРИЙГӨӨ АЛЬ БОЛОХ ДӨВИЙЛГӨН МАГТАХ ГЭЖ ХИЧЭЭЖЭЭ.
Nomond chini umnuh vg ,ongodiin chini morind husuur hvrgesen talaar bicheegvi baina
Ganzul hugshin uvgun shig bichih yum
Saihan bichjee