Манай улсад 1990 онд 20 сая тарвага тоологдсон бол 2001 онд 5 сая болтлоо буурсан байна. “Тарваганы маханд дургүй Монгол хүн гэж байхгүй. Тэдний хувьд хамгийн амттай зоогийн нэг нь”. Гадныхан ингэж дүгнэжээ. Монгол Улсын 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомттой. Энэ нь аялал, зугаалга, амралтын улирал арайхан дуусаагүй үед “эрсдэл бий“ гэсэн сануулга. Тарваган тахлын идэвхжилт хавар дөрөвдүгээр сараас эхэлж найм,есдүгээр сард оргил үедээ хүрч, аравдугаар сарын дунд үеэс идэвхжил буурдаг байна. Тарвагыг хулгайгаар агнах, элэг, зүрх, бөөрийг нь түүхийгээр нь залгидаг нь тарваган тахал тусах магадлалыг улам өндөрсгөдөг байна.
Жишээ:1
2015 онд есдүгээр сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Жаргалант”-ын гуанзнаас 44 настай эрэгтэй Б хоёр ширхэг тарвага авч түүхийгээр элэг, хүн мах, цөсийг залгиснаас болж нас баржээ.
Жишээ:2
2016 он. Өвөрхангай аймгийн Сант сумын нэгдүгээр багийн малчин 16 настай С.М тарваган тахлаар өвчилжээ. Урьдчилсан шинжилгээгээр гэрийнхэн нь аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсагийг түүхийгээр нь хүүд залгиулсан байна. Энэ бүхэн иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас үүдсэн эрсдлийн жишээ баримт.
-Муурын махыг тарваганы боодог болгосон нь
Тарваганы маханд дуртай нэгнээ хуурах мэхлэх, нууцаар агнасан тарвага, тарваганы мах, арьсыг Улаанбаатар хот руу оруулахыг завдах тохиолдол цөөнгүй.
Сүүлийн жилүүдэд тарвага агнахыг салбарын яамнаас хориглосон. Гэвч нууцаар агнаж, худалдсаар. Тарваганы мах, боодог нууцаар зардаг хамгийн алдартай газар нь нэг хэсэгтээ “Тоса” худалдааны төв байв. “Тоса” төвийн үүдэнд тарвага хошгирч байна гэсэн яриа оргүй юм биш.
-2013 он. “Тоса” худалдааны төвийн өмнө муурны махыг тарваганы боодог хэмээн том жижгээс нь хамааран 60-70 мянган төгрөгөөр зардаг байсныг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынхан илрүүлсэн. Муурны хөл, толгойг нь салган чулуу, ногоо, тарваганы тос, адууны махны шөл зэргийг ашиглан боодог хийдгийг нь, Яармагт муур үржүүлгийн газартай болохыг олж тогтоосон. Өдөрт дунджаар 5-6 муурны боодог зардаг байсан гэхээр хоёр жилийн хугацаанд хэдэн мууран тарвага зарсан байх вэ.
Дахиад жишээ:
2017 оны 8 дугаар сар. “Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооноос 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагт Төв аймгийн Аргалант сумаас агнасан гэх найман тарвага авч явсаныг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.
Хөдөө орон нутгаас олон тооны агнасан тарвага оруулж ирэхтэй таарсан цагдаагийн ажилтнууд өөрсдөө хуйвалдан хувь хүртээд баригдсан гашуун сургамж ч бий.
Одоо тарваган тахлын оргил үе үргэлжилж байна. Иргэд тарваганы мах худалдаж авахгүй, эд эрхтнийг нь түүхийгээр залгихгүй байвал тарваган тахлаас сэргийлж, амь насаа эрсдэлд оруулахгүй гэдгийг үүгээр сэрэмжлүүлэхийг оролдлоо. Та л өөрийгөө тарваган тахлаас хамгаална.
Төгсгөлд нь судлаачдын баримтуудаас дурдвал:
Судлаач Л.Энхбаатар, Л.Лхагва нар тарваган тахлын дэгдэлтийн талаар судалгаа хийжээ
Судалгаанд Монгол оронд тарваган тахлын нэгдүгээр дэгдэлтийн оргил үе 1899 он, хоёрдугаар дэгдэлтийн оргил үе 1928 он, гуравдугаар дэгдэлтийн оргил үе 1949 он, дөрөвдүгээр дэгдэлтийн оргил үе 1993 он. Хоёрдугаар дэгдэлтийн оргил үе болох 1928 онд Дорнод, Дундговь, Төв, Өвөрхангай,Хэнтий аймагт 10 дэгдэлт гарч 37, 1931 онд Сүхбаатар, Дундговь, Хэнтий аймагт 11 дэгдэлтэд 23 хүн, 1949 онд Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймаг, Алтай, Хангайн нуруу орчим 23 дэгдэлт гарч 37 хүн өвчилсөн гэж дурдсан байна.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )