Ардын жүжигчин,найруулагч Г.Жигжидсүрэнтэй ярилцлаа.
-Тантай Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнтэй хамтран хийсэн уран бүтээлүүдийн тухай ярилцах гэж зорьсон юм.
-Бид хоёулаа Төв аймгийнх. Би Баян сумынх мань хүн Баян-Өнжүүлийнх. Намайг кино найруулж байх үеэс, би Лхагвасүрэнгээ шүлэг, найргаараа алдарших үеэс нь мэдэх болсон юм.
-Цөөнгүй хамтын бүтээлтэй. Анхных нь “Алтан шонхор” уран сайхны кино байхаа. Хамтарч ажиллах болсон түүхээсээ сонирхуулаач?
-Биднийг уран бүтээлээр дотносуулсан бүтээл яах аргагүй “Алтан шонхор” кино. Түүх нь сонин. Хуучин нийгмийн үед Б.Лхагвасүрэн маань ЗХУ-д кино урлагийн сургуульд яваад ирсэн, “Уянгын тойрог” номоо хэвлүүлчихсэн байсан үе. Тухайн үед гэргий Баасан нь ажил хийдэг. Мань хүн ажилгүй байв. Тэгээд Лхагвасүрэнгээ “Алтан шонхор” киноны Тэвэнгээ баатрын дүрд тоглуулъя гэж шийдээд очлоо.
-Хэрхэн хүлээж авав?
-Б.Лхагвасүрэнгийнх зусландаа гарчихсан байна. Очоод уран бүтээлийн яриа өрнүүлж, түүхэн домгийн кино хийнэ. Тэвэнгээ гэдэг баатрын дүрд тоглооч гэлээ. Сайхан хүлээж авсан. Бидний киноны уран бүтээлийн нөхөрлөл ингэж л эхэлсэн түүхтэй. Киноныхоо зургийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Хэрлэн тооно уулын орчимд авсан л даа.
-Цаашдын хамтын бүтээлийн санаа хэрхэн олдож, яаж үргэлжлэв?
-“Алтан шонхор” киноны хээрийн зураг авалт үргэлжилж байлаа. Хоёр, гурван сар болсон. Нэг өдөр “Жийгээ би нэг жүжиг бичих санаатай. Нэр нь цусан гавьяа” гээд үйл явдлыг нь үргэлжлүүлэн ярьж өгөв. Би хэд хоног бодсон. Тэгээд Лхагвасүрэнд “Наадхаа жүжиг биш кино болговол зүгээр” гэлээ. Ингэж “Алтан шонхор” киноны хээрийн зураг авалт дуусахад “Хүн чулууны нулимс” киноны зохиол мөн бичигдэж дууссан юм.
-“Цусан гавьяа” зохиолыг кино болгоход таны сэтгэлд бас нэг сэдэв байж таараад хоршиж дээ?
-Тэр сонирхолтой. Тухайн үед би бас ч гэж гайгүй албан тушаал хашиж байжээ. “Монгол кино” үйлдвэрт Уран сайхны удирдаач. Үйлдвэрийнхээ хувьд орлогч дарга гэсэн үг. Халх голын ялалтын 50 жилийн ойгоор Москвад Мосфильмтэй хамтран түүхэн баримтат хоёр ангитай кино хийхээр болж бүх зүйл жин тан, гарын үсэг зурах л үлдлээ. ЗХУ-аас Анатолий Усов, Владимир Чебатарев нар. Монголоос Дашдооров бид хоёр. “Халхын гол-1939” гэсэн нэртэй зохиол. Москвад очсон. Орос, Монгол хоёр цэргийн дарга хэлмэгдээд дуусдаг л агуулгатай. Маргааш Мосфильм дээр гарын үсэг зурж зохиолоо баталгаажуулна гэж байтал тухайн үеийн Соёлын яамны орлогч дарга Б.Борхондой Улаанбаатараас утсаар ярьж “Жийгээ минь болохоо байсан шүү. Болохгүй гээд хаачихсан” гэлээ.
-Учир шалтгааныг нь тодруулсан л байлгүй?
-Асуулгүй яах вэ. “Наадхи кино чинь хэлмэгдүүлэлтийн сэдвийг хөнджээ. Монголд хэлмэгдүүлэлт байсан гэхдээ маш бага. Хэлмэгдүүлэлт бол оросуудын асуудал. Хүмүүсийн сэтгэлийн шархыг сэргээж, сэдрээгээд хэрэггүй” гэсэн хариулт сонссон. Хэн гэхэд “Улстөрийн товчооны шийдвэр” гээд кино хаагдлаа. Зохиол нь хаагдсан ч хэлмэгдүүлэлтийн тухай кино хийх санаа явсаар Б.Лхагвасүрэнгийн “Цусан гавьяа” зохиолтой таарсан хэрэг.
-3агатнасан газар маажив гэдэг шиг учрал тохиол болжээ?
-“Хүн чулууны нулимс” бол дайны дэвсгэр дээр хэлмэгдүүлэлтийг хөндсөн сэдэвтэй кино. Нэгэн гэр бүлээр төлөөлүүлж бүхэл бүтэн улс орон нийгмийг бүрхсэн хэлмэгдүүлэлтийг харуулахыг зорьсон. Үзэгчид анзаардаг болов уу, Галзуу Цэвэлийн нөхрийг буудсан кадрын араас цэргийн дарга нарын зураг гараад буун дуу цууриатаад байдаг. Халх голын дайнд оролцоод хэлмэгдэж буудуулсан дарга нар, бодит хүмүүс. Зохиол дээрээ баримт түшиглэсэн нь “Хүн чулууны нулимс” киноны зохиолыг батлуулахад хэрэг болж байгаа юм.
-Баахан асууж, байцаасан уу?
-“Монгол кино” үйлдвэрийн уран сайхны зөвлөл “Хүн чулууны нулимс” зохиолыг алга ташин хүлээж аваагүй ээ. Ерөнхийдөө дурамжхан, болгоомжлох маягтай. Б. Лхагвасүрэнг маань зөвлөлийнхөн танихгүй бололтой. Батлуулахаар ороход эсэргүүцсэн.
-Тухайлбал?
-Ганцхан жишээ хэлье. Хүн чулууны нулимс буюу “Цусан гавьяа” зохиолынхоо эхэнд Б.Лхагвасүрэн “Дайныг үзэн ядах сэтгэл намайг энэ зохиолыг бичихэд хүргэлээ” гэсэн байдаг юм. Уран сайхны зөвлөлийн нэг гишүүн нь “Энэ үгний цаана ямар нэгэн нуугдмал давхар санаа байна. Жигжидсүрэн, Лхагвасүрэн хоёр энүүгээр дамжуулж кинондоо далд утга санаа оруулахыг завдлаа” гээд. Ингэж шүүмжлүүлсээр ямар боловч батлуулж магадгүй болчихлоо.
-Батлуулах үед хэн юу хэлэв?
- Уран сайхны зөвлөлийн дарга нь намайг дуудлаа. Их л аминчилж байгаа бололтой “Зохиолоо батлуулах өдөр цаад Лхагвасүрэнгээ битгий дагуулж ирээрэй” гэж байна.
-Яагаад тэр билээ?
-Би бас гайхаж асууж байгаа юм. “”Зохиолчоо авч ирэхгүйгээр зохиолыг нь батлуулах гэж байх уу гэлээ. Тэгсэн нь “Үгүй ээ, цаадхи чинь гаднаас нь харахад үс, гэзэг нь ургачихсан, тиймэрхүү нөхөр шүү дээ”. Лхагвасүрэн маань яруу найрагч, дээр нь гадаадад төгссөн уран бүтээлч хойно үсээ ургуулчихсан байхгүй юу. Тэр даргад хослолтой, зангиатай харагдах байж. Уг нь, манай Төв аймгийн л хүн. Нэрийг нь хэлээд юухэв дээ.
-Зохиолынхоо нэрийг яагаад өөрчилсөн юм бэ?
-Уран сайхны зөвлөл дээр “Цусан гавьяа” гэж юу гэсэн үг юм бэ. Соль гэв. Киноны зураг авалтын явц, бараг төгсгөлд нь “Хүн чулууны нулимс” болгож өөрчилсөн.
-Киноны зохиолч зохиолоо батлагдтал Уран сайхны зөвлөлийнхэнд харагдаагүй гэсэн үг үү?
-Тэрийг мэдэхгүй. Ямартаа ч би зохиолоо батлуулаад авлаа.
-Киноны төгсгөлд хүн чулуу уйлаад байдаг, сонин шийдэл шүү?
-Тэр хүн чулууг чинь цоолчихсон байхгүй юу. Киноны төгсгөлд хүн чулуу нулимсаар биш бүр цусаар уйлдаг юм. Хүн чулуу Монголын түүх. Хүүрнэдэг бол олон зүйл хэлнэ дээ. Хэлмэгдүүлэлтийн үед хүн чулуу уйлсан бол цусаар уйлах байсан гэдэг санааг харуулсан юм. Кинондоо зориулж хүн чулуу хийлгээд сүүлд тэр чулуугаа хулгайд алдчихсан.
-Хаанаас тэр вэ?
-Монгол кино үйлдвэрт л байсан юм. Эзэн нь олдоогүй.
- Хүн чулууны нулимс кинонд гавьяат жүжигчин агсан Цэрэнпагма их мундаг тоглосон гэж боддог?
-Гайхамшигтай тоглосон. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Монгол уулын арын элсэнд кино зургийг авсан юм шүү дээ. Тэр үед Цэрэнпагма Мандухай цэцэн хатны дүрд тоглох пробонд Сувдтай хамт ороод бараг сүүлийн шатанд үлдсэн байх.
-Галзуу хүний дүрд хувирах амаргүй байх?
-Цэрэнпагмыг “галзуу” Цэвэлийн дүрд тоглуулах гэж багагүй зовоосон, хөөрхий минь. Шар хадны гэх эмнэлэгт аваачиж тасгуудаар нь оруулж, судалгаа хийлгэсэн. Цэрэнпагмын нүдний харц айхавтар. Яах аргагүй сэтгэлгээтэй, чадвартай, авьяастай том жүжигчний л гаргах ур чадвар. Үс гэзгээ сэгсийлгэх, хайвга, дайваг явах гээд галзуу хүний дүрийг гаргаж болох бүх зүйл дээр ажилласан.
-Кинон дээр хар хорхойг амьдаар нь идчихдэг. Найруулагч хүчээр идүүлсэн гэдэг үнэн үү?
-Уг нь, баримлын шавраар хар хорхой хийлгэсэн. Гэвч нэг л болдоггүй. Кино зураг авалтын талбайд чулуу сөхөхөөр л хар хорхой элбэг. Нэг өдөр Цэрэнпагмыг шууд ид гэснээр зурагт авалт амжилттай боллоо. Зураг авалт дууссаны дараа Цэрэнпагма надад хэлээ харуулаад “Жийгээ хэл түлэгдчихэж” гэсэн. Хэл нь түлэгдээд хавдчихаж, хөөрхий минь. Тэр хар хорхойнууд зажлахаар хүчил ялгаруулдаг юм байна л даа.
-Та Цэрэнпагма надад их гоё үг хэлсэн гэсэн?
-“Жийгээ энэ кинонд би Мандухайд тоглож байгаа юм шиг тоглоно” гэсэн. Их гоё үг. Бас Аселбай гэж зураглаач. Хүн чулууны цусаар уйлдаг хэсгийн зургийг 70-80 метрийн өндөрөөс ганц удаагийн оролдлогоор авсан.
- “Хүн чулууны нулимс” кино анх удаа хаана гарсан бэ?
-Соёлын төв өргөөнд. Ардчилагчдын их хурал болоод Б.Лхагвасүрэнтэйгээ уригдсан. Би С.Зориг, Нэргүй хоёрын дунд суулаа. Хаврын дөрөвдүгээр сар шороо хуйсагнасан өдөр байсныг тод санадаг. Дарь. Сүхбаатар “Лхагвасүрэн бид хоёрыг тайзнаа уриад хэлмэгдүүлэлтийн сэдвийг хөндсөн кино анх удаа бүтээлээ” гээд.
Д.Дамдин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Saihan jvjigchin tserenpagmiig ert ungursund ih haramsdag
Goe sain xsen kino do
zaaaodoo bolnoo . ter bushhvvgiin vlgeriin hoslol zurag ter chutgur. naad horhoi idsen tuhai ter vedeel sonin hachin baisan baih ; odoo bol jiigee min ter chin 3 nastanguud ch vnemshihgvi shvv
bi gawyataas ooroos n sonsoj bsan ter har horhoi idhed ewgvi baisanch bied tiim ch muu zvil baigaagvi gesen
uneheer teneg buduuleg humuus ymaa.har horhoig amidaar n idsen gene.shashinaa boddogui yum gehed hunii eruul mendiig bodoh uhaan alga
сэтгэл маш их хөдөлж байна. Яах аргагүй зүрх ёг хийтэл, юм бодогдуулсан, ойлгуулсан сайн кино байдаг. Зохиолч, найруулагч нь мундаг хүмүүс байж. тэр үед залуухан байж, хэний зохиол, найруулгыг анзаараагүй өнгөрсөн байна. Одоо ч үзэж ухаарахад хэрэгтэй л кино доо