Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Дундговь аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Б.Амарсанаатай ярилцлаа.
-Та нам доторх маргаанаа харж л байгаа байх. Танай нам доторх үйл явдлыг харахад хэрээс хэтэрчихсэн юм биш үү гэж харагдахаар байна. МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн ялагдал ийм хүчтэй цочрол өгчихөж байгаа юм уу?
-Юуны өмнө хэдэн зүйл тодотгоё. 2012 оны УИХ, орон нутаг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдал хүлээсэн. Эдийн засгийн өсөлтийг 17.6 хувьд хүртэл өсгөж чадсан эрх баригчид шат шатны гурван сонгууль дараалан яагаад ялагдах болов гэдэгтээ бид дүгнэлт хийх ёстой байсан. Тухайн үед эдгээр сонгуульд өргөн хүрээтэй дүгнэлт хийх гэхээсээ илүүтэй намын сандал ширээг аль бүлэглэл эзэгнэх вэ гэсээр яваад ямарч бэлтгэлгүй 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд орчихсон. Манай намын удирдлагууд ноднингийн УИХ-ын сонгуульд “Ард түмэн Ардын намд хайртайдаа ийм сонголт хийж 65 суудалтай болгочихлоо” ухааны юм бодоод амьдралаас тасраад эхэлсэн. Зарим маань үүнд нухацтай хандсан боловч удирдлага үг сонсож чадахаа нэгэнт больсон байлаа. Хэдийгээр бид парламентад үнэмлэхүй олонх болсон ч бид яагаад ийм олон суудал авсан бэ гэдгийг дүгнэж нягтлах ёстой байсан. Нэг үгээр хэлбэл эхлээд ялагдлын шалтгаан, дараа нь ялалтын шалтгааныг зайлшгүй тодруулах ёстой байв. Гэвч алийг нь ч судлаагүй. Ингэснээр нам дотор ярьдаг шинжлэх ухаанч байдал дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулна гэдэг зүйл алга болчихож байгаа юм. Бид бодит үр дүнг тооцолгүй ахархан бодолтой явсаар байгаад энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа. Үнэнийг хэлэхэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нөгөө хоёр намаас нэр дэвшсэн хүмүүс тийм их гавьяатай, нэр хүнд бүхий хүмүүс байсан уу гэвэл би үгүйсгэнэ. Иймд нэгдүгээрт, нэгэнт сонгууль болж ард түмэн сонголтоо хийсэн болохоор одоо бид хүлээн зөвшөөрөөд, хамтдаа улсаа хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулах ёстой. Хоёрдугаарт, 2016 сонгуулийн үр дүнгийн талаар манай намын дарга нар буруу шийдвэр гаргасан.
-Ямар буруу шийдвэр гаргасан гэж?
-Намын дүрэм болон хүмүүсийн хүлээлтийн эсрэг шийдвэр гаргасан. Хамгийн наад зах нь намын дарга Ерөнхий сайд байх ёстой зарчмыг зөрчсөн. Үүнийг намын олон хүн хэлж, анхааруулж л байсан. Ингэснээр намын дарга маань Ерөнхий сайд болоод “Би, бид улс орноо ийм хэмжээнд авч чадах хүн, улстөрийн хүчин” гэдгээ харуулах боломжоо хаачихсан. Ингээд бидний алдаа үргэлжилсэн. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэчихээд ямар кабинет бүрдүүлэв, албан тушаал тойрсон томилгоонууд ямар замаар явав гээд энэ бүхэн ард түмний нүдэн дээр ил болж өнгөрсөн. Мэргэжлийн нэртэй чадавхтай, чадавхгүй, энэ намд зүтгэсэн, зүтгээгүй олон хүнийг засагт оруулсан. Намын төлөө ажиллаж байсан хүмүүс энэ бүгдийг хараад үнэхээр амжилттай ажиллавал дэмжих, асуудал гарвал шүүмжлэж үгээ хэлэхсэн гэх байдлаар нэг жил амаа үдэж явлаа. Иймд Засгийн газрыг намын дүрэмд заасны дагуу, ард түмэнд амалсныхаа дагуу бүрдүүлж ажиллуулах шаардлага намд тулгарч байгааг даруй шийдвэрлэх ёстой. Ингэхгүйгээр 2020 оны болон түүний дараагийн шат шатны сонгуульд амжилт гаргана гэж горьдох хэрэггүй.
-Тэгээд танай намынхан яагаад энэ бүх асуудлаа шийдэхгүй яваад байсан юм бэ?
-Намын удирдлагын үйл ажиллагаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дээр дооргүй харж хүлээж байлаа. Одоо нэгэнт сонгуулиуд дуусч, мөн Засгийн газар хэрхэн ажиллах талаар хүлээлт бидэнд үлдсэнгүй. Удах тусмаа нам доторх зөрчил олон түмэнд ил болж энэ нь даамжирч төрийн болон засгийн газрын зөрчилд хүргэх аюултай байна. Гэхдээ зөрчлөө нуугаад явж байя гэдэг утгаар би хэлж байгаа юм биш ээ. Харин ч бүр муухай арга барил руу орж гүнзгийрэхээс нь өмнө бид цэгцлэх ёстой. Тагнадаг, чагнадаг гэдэг асуудлаас эхлээд өөр олон таагүй зүйлсийг би муухай арга барил гэж байгаа юм. Цаашаа удах тусмаа энэ бүхэн улам л ужгирна. Энэ үйл явдлууд зөвхөн нэг намынхан дотооддоо итгэлцэх үгүйн асуудал биш. Монгол хүн монгол хүндээ, найз нөхөртөө итгэж чадахаа байх нь. Хэрэв ийм байдал цаашид удаан үргэлжлэвэл улс орны тусгаар тогтнолд аюултай шүү. Хувиа бодсон хэсэг хүний аз жаргал гэдэг ард түмний аз жаргал биш. Энэ будилуу, бүтэлгүй байдлыг цэгцлэж чадах намын их хурлыг яаралтай зарлан хуралдуулах хэрэгтэй. Их хурлыг Бага хурлаас, Бага хурлыг Удирдах зөвлөлөөс зарлан хуралдуулдаг намын үндсэн дүрэмтэй. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хуралдсан Удирдах зөвлөлийн хурлууд ямар шалтгаанаар асуудлыг хойш тавиад байгаа нь намын гишүүдэд ойлгомжгүй байна. Үнэхээр Удирдах зөвлөлийн 30 гаруй хүн учраа олж чадахаа больсон бол огцрох шаардлагатай. Манай нам дотор сайн зүйл олон, гэхдээ муу зүйлс бас оршиж байна. Мууг нь бид шарилж шиг зулгаан хаяж, сайныг цэцэглүүлэх ёстой. Нийслэл хот удирдаж байсан намын дарга, газар тариалангийн гол бүс болсон аймгаас гаралтай Ерөнхий сайд нар цэцгийн мандал болон тариан талбай дахь шарилжийг зулгаахгүйгээр арвин ургац авч, нүд баясгах боломжгүйг мэдсээр атлаа яагаад үлгэр дуурайл болж чадахгүй байна вэ.
-Сонгуульд ялагдах болсон хамгийн том шалтгаан 60 тэрбумын асуудал уу. Уг нь намдаа мөнгө босгох тухай л яриа юм биш үү. Зарим нь хэсэг бүлэглэлийн асуудал гээд байна л даа?
-Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэс нэгэн бичлэгийн дуулиан анх гарч эхэлсэн. Тэр үед сүртэй дуулиан болгон яригдалгүй өнгөрсөн. Тухайн үед намын удирдлагууд үүнийг эвлүүлэг хэмээн мэдэгдэж байлаа. Зарим нэг хүн ийм яриа болсон гээд хэлчихсэн нь ч бас бий. Бид намынхаа удирдлагад итгэдэг бөгөөд энэ бичлэг нь өрсөлдөгч хүчнээс зохион байгуулалттай хийсэн үнэхээр бүдүүлэг ажиллагаа байжээ гэж бодож байлаа. Гэтэл намын удирдлагад итгэж байсан бидний итгэл рүү шүлс үсчүүлсэн 90 орчим минутын турш үргэлжилсэн бичлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн үед гарч ирсэн. Миний хувьд үүнийг сонирхож сонссон. Нэгдүгээрт, намыг сонгуульд ялуулж олон жил бодлогоо хэрэгжүүлэх боломж гаргахсан гэхээс илүүтэй цөөн хэдэн хүн МАН-ыг ашиглан олон жил төр засгийг зайдлан, Монгол төрийг зарж ашиг хонжоо олох тухай яриа байсан. Хоёрдугаарт, харамсалтай нь Монгол Улс, монгол түмний хөгжил дэвшил, сайн сайхны тухай ширхэг ч үг унагаагүй байна лээ. Ийм яриа болсонд харамсаж байна. Уг нь улстөрчид бид хувийн, бүлэглэлийн эрх ашгийг хойш тавиад улсын эрх ашгийн төлөө явах ёстой хүмүүс байхгүй юу уг нь. Ингээд харахаар 1990 оноос хойш бид буруу замаар яваад байгаа юм байна. Цөөнхийн засаглалын төлөө, төрөөр амьдардаг хүмүүсийн эрх ашгийг хангахын төлөө ард түмэн амьдарч болохгүй.
-М.Энхболд дарга, Ц.Сандуй, А.Ганбаатар нар энэ ярианд оролцсон гээд байгаа. Сүүлд У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар тэнд байсан гэж ярьсан. Энэ хүмүүс хариуцлага хүлээх ёстой юу?
-Энэ судалгааны ажлыг хэн нэгэн хүн гэртээ хэвтэж хийчихээд “За тэр даргатай очиж уулзъя” гээгүй байх. Цаанаа захиалагчтай, санаачлагчтай, зуучлагчтай байж таараа. Уг бичлэг нь 2014 онд хийгдсэн нь үнэн бол тухайн оны намраас хойш манай нам дээр болсон үйл явдлыг харахад энэ зохиолынхоо дагуу төлөвлөгөөтэй явж ирсэн нь ойлгогдож байгаа юм. Анх энэ яриа, төслийг санаачилж захиалсан, гүйцэтгэсэн, магадгүй хэрэгжүүлсэн хүмүүсийг олж хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.
-Танай намынхан чинь намын даргаа ажлаа өгөөгүй байхад тэмцэлдээд эхэллээ. Таны хэлснээр янз бүрийн асуудал гарч байгаа нь намаа цэвэрлэх боломж ч гэсэн жоомоо алах гэж байгаад гэрээ шатаах вий дээ...
-Намын Удирдах зөвлөлөөс шийдлүүдээ гаргаад явсан бол өдийд Бага хурал зарлагдчихсан, хэлэлцэх асуудал нь тодорхой болчихсон байх ёстой байлаа. Одоо болтол ямар нэгэн шийд гараагүй байгаа нь хариуцлагын талаархи ам, ажлын зөрүүг нь харуулж байгаа юм. Юуг хүлээгээд байгаа юм бэ? Удах тусмаа хохиролтой гэдгийг намын гишүүд байтугай улс орноороо л нэг мэдэж байна шүү дээ. Тиймээс Бага хурлыг даруй хуралдуулах нь зөв. Би өөр дээрээ жишээ авахад 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа улстөрийн хариуцлага хүлээж намын Удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзан өргөдлөө өгч гарсан. Засаг эмхлэх үед өөрөө ялагч болж чадаагүйн хувьд Засгийн газрын ямар нэгэн албан тушаалд ажиллахгүй гэдгээ хэлчихсэн хүн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд ялагдсан, ерөнхий штабыг удирдаад нэр дэвшигчээ ялагдуулсан хүмүүс ийм эр зориг гарга л даа. Манайхан уг нь чадах л ёстой. Яахав, дунд нь жижиг хожоо хараад цаг аваад байгаа юм болов уу даа. Саяны сонгуулийн өмнө намын сонгуулийн ерөнхий штабын дарга, Ерөнхий сайд маань сонгуульд ялагдуулсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцох тухай ярьж байсан нь тод санагдаж байна. Монгол хүний за гэдэг андгай буй заа гэдэг өвгөдийн үг бийг санах хэрэгтэй. Бүх шатандаа улстөрийн хариуцлага гэдгийг тооцох ёстой.
-Ялагдлын шалтгаан нь намын цөөн хэдэн дарга нар гэсэн үг үү?
-Ардчилсан нам УИХ, орон нутгийн сонгуульд ялна гэсэн итгэлтэй байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд манай намынхан ялна гэсэн итгэлтэй байсан. Гэтэл аль аль нь тухайн сонгуульдаа ялагдлаа. Ялагдлын үндсэн шалтгаан гэвэл энэ намууд ард түмнээ мэддэггүй юм байна, тэднийхээ хүсч байгаа зүйлсийг ойлгодоггүй, тоодоггүйд оршино. Ялагдлын үндсэн шалтгаан бол энэ. Бүх намууд ард түмнээсээ холдчихсон байна. Өнгөрсөн сонгуулиар бид мөрийн хөтөлбөр ярив уу?, тэр нь цаасан дээр л үлдсэн байх. Ерөнхийлөгч болох гэж байгаа хүмүүс цаашид дөрвөн жил УИХ, Засгийн газартайгаа хэрхэн хамтарч ажиллах вэ, алс хэтэд Монгол Улс яах вэ гэж бодлогын яриа мэтгэлцээн хийв үү? Үгүй. Авгай хүүхэн, зан ааль ярьсан төрийн бодлого гэж юу байдаг юм бэ? Зах дээр зогсож наймаа ярьж байгаа хүмүүсийн дунд ч ийм заваан яриа өрнөдөггүй. Чин үнэндээ сая улс төрийн сонгууль болсонгүй. Мөнгөний фактораар санал худалдаж авах процесс л болж өнгөрлөө. Нуугаад яахав, аль аль талаас маш их мөнгө тараалаа. Нэг үгээр хэлбэл ард түмний яаж амьдрах нь намуудад хамаагүй юм байна. Бид албан тушаалтайгаа байх ёстой гэдэг хандлага л явчихлаа.
-Төрийн алба хашаагүй хүний хувьд нам доторхи процессоо хөндлөнгөөс харж байгаа байх. Ямар бодол төрөх юм. МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа огцруулах гарын үсэг цуглуулж байгаа нь хэр зөв зүйтэй юм бэ...
-Уулзсан хүмүүсээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд та бүхний амьдралд өөрчлөлт гарав уу гэж асуухад “Амьдрал сайжирч байна” гэсэн хүнтэй таарахгүй байна. Та бас асууж үзээрэй. Бүгд итгэж байсан бол одоо цөхөрч эхлэж байна. Би өөрөө барилгын салбарын хүн. Манай салбар бүр муудсан, олон хүн ажилгүй болсон. Үүнийг худал үгээр үгүйсгэж гоёор ярих гээд хэрэггүй. Иргэд өрнөөс өрний хооронд, өр төлөх гэж амьдарч байна. Шинэ Ерөнхийлөгч "эдийн засаг өсөөд, сайжирч байгаа юм алга, нүүрсний үнийн л өсөлт" гэсэн агуулгатай зүйл хэлсэн нь үнэнд дөхнө. Маргааш нүүрсний үнэ буухад бид байдагтаа л очно. Эв нэгдлийг сахиж байгаа нэрийн дор чадваргүй, сэтгэлгүй, шуналтай хүмүүсийг хамгаалж хойхоолж суух нэр нүүр УИХ дахь зарим шударга хүмүүст байхгүй гэж итгэж байна.
-2012-2016 онд эдийн засгийг арай л дэндүү самарчихсан юм биш үү. Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох гээд хэрэндээ чармайж байгаа гэж ойлгодог. Засгийн газар огцрох ёстой гэдэг ч яг ямар шалтгаанаар гэдгээ манайхан хэлдэггүй л дээ. Тийм шалтгаан байгаа юм уу?
-Нам сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөртэй байсан. Энэ мөрийн хөтөлбөрөөр өмнө байсан алдаа завхралыг богино хугацаанд засаад цааш явна гэсэн ерөнхий санаа байгаа. Харамсалтай нь мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг шийдвэрүүдийг өнгөрсөн 1 жилийн хугацаанд эрх баригчид гаргалаа л даа. Мөрийн хөтөлбөрийн хэдэн хувь нь биелсэн бэ. Өнөөдөр бүтээн байгуулалт хэрхэн явагдаж байна, жижиг дунд үйлдвэрлэл яаж хөгжиж хичнээн үйлдвэр нээгдэж, ажлын байр хэдээр нэмэгдэв гэх мэт олон олон асуулт бий. Хариу өгөх зүйл байхгүй нь хамгийн том факт. Эдийн засагт гарсан хамгийн бодит том өөрчлөлт гэвэл малын тоо толгой л өссөн байх. Үүнд чинь малчин хүний ажил, эцэг малын л гавьяа ногдоно. Хувийн хэвшлийнхэний бизнес дээр давхиж очоод үүнийг Засгийн газар хийлээ гэж тууз хайчилж шоуддаггаа боль. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол огцруулах байтугай улстөрийн хариуцлага тооцох хэрэгтэй. Засгийн газар байгуулагдаад 1 жил гаруй хугацаа өнгөрлөө, энэ хугацаанд болсон намын бага хурлуудад Ерөнхий сайдыг хийсэн ажлынхаа тайланг тавь гээд тавьдаггүй. Хамгийн сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх бага хуралд ЗГ болон Ерөнхий сайдтай холбоотой асуудал, асуулт битгий яриарай гэсэн үүрэг чиглэлийг намын удирдлагаас өгч байх жишээтэй. Ингээд л яваад байх уу? Тэгээд үр дүнд нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл ( 12 )
Хүрэлсүх гарвал гарна л биз дээ, шадар сайдын суудал нь багадаад байгаа юм уу. ингэтлээ хор найруулаад хожим үйлийг нь яаж үүрнээ
Yarisan shigee hiivel mundag l zaluu bn tsag ue ee mederch dugnelt hiisen bn iim setgeltei olson zaluu negdvel nam nutgiin zuvlul gej ard tumnee taltsuulj ustun daisan bolgolgui 1 MONGOL bolood ard tumnee saihan amidaruulna da
MAN shinchlegdeed AN-n deer garlaa yu hutsavaa
Зөв л дүгнэж ард түмний эрх ашгийг авилгалч түшмэдийн эрх ашгаас дээгүүр тавьдаг хүмүүс аль аль намд ингэж адлагдаж байна. МАН Ардын нам биш Авилгалчдын нам болсоныг ийм эрүүл ухаантай хүн зөв дүгнэлээ
Ийм залуучуудыг гаргаач ээ
үхэр монголчууд нойрноосоо сэрээчээ монголыг цөлмөж дууслаа
МАН шинэчлэгдэж АН аас илүү гарж ирэх хэмжээний чадвартай байх хэрэгтэй
цочрол өгсөн юм нь 60 тэрбум энэ улс төрч ямар муухай бүлэглэл завааж байдал үүрэлсэнийг хараад цочирхоос оор аргагүй
Зүгээр байж байгаад намд зөрчил үүснэ гэж байхгүйшдээ. Болж бүтэхгүй байгаа болоод л зөрчил үүссэн байгаа. Арга ч үгүйдээ ХЯТАД хүн намын дарга байхад яаж ч улсаа бодхов
Зөрчилдөх л хэрэгтэй. Муу юм тогтвортой яваад сайжирна гэж байхгүй. Би ялзарсан төмс булаад шинэ ургац хүлээж суухгүй. Шинэ засаг төрд ч ард түмэнд ч хэрэгтэй байна
ene neg yaj cj deeshn tataad yavdaggui neg 60 n nuhur bnaa.
МОНГОЛ ТӨР, АРД ТҮМНИЙ БОДЛОГО ЯМАР НЭГЭН НАМЫН БОДЛОГОНД ЗАХИРАГДДАГ БАЙЖ ТААРАХГҮЙ ИЙМ ХАЧИН ҮЗЭГДЭЛ ЗӨВХӨН МОНГОЛЫН УЛС ТӨРД БАЙГАА ТӨРИЙН БОДЛОГООС ДЭЭГҮҮР НАМЫН БОДЛОГОО ТАВЬДАГ ИЙМ Л ТЭНЭГ ХҮМҮҮС ТӨРИЙГ БАРЬЖ УЛСЫГ МААНЬ ДОРОЙТУУЛЖ УЛС, АРД ТҮМНИЙ МИНЬ ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ, БИДНИЙ НЭРИЙГ БАРИН ГАДААДААС ӨР ТАВЬЖ ТЭРНИЙГЭЭ БИДНЭЭР ТӨЛҮҮЛЖ ТӨРИЙН АЛБЫГ НАЙМААЛАН БАЯЖИЖ БАЙНА. ТЭГЭЭД Ч ТЭРНИЙГ НЬ ИЛЧИЛСЭН ЭСЭРГҮҮЦСЭН ХҮМҮҮСИЙГ ХОРЬЖ СААТУУЛЖ ХҮЧИРХИЙЛЭХ Ч БОЛЛОО ИЙМ ТӨР ЗАСАГТАЙ УЛС ХӨЖИХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ ТЭД ЦАДАХГҮЙ Л АЛЬ ОЛИГТОЙ ӨӨДТӨЙ БҮХНИЙГ АВАХЫН ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ТЭМЦЭЛДЭЖ БАЙНА.