Эх хэлний өдөрт зориулав
Сэтгүүлч Б.Наминчимэд фэйсбүүк хуудсаараа дамжуулан, “Охид нь сайхан төрөөд эхлэвэл улс орон нь удахгүй хөгжин дэвжихийн шинж гэж сонсож байсан юм байна. Сайхан, хөөрхөн төдийгүй ухаантай, уртай, зоригтой золбоотой, бяртай чадалтай төрөөд байгаа бол яадаг хэрэг вэ, бүр Сэргэн мандахын шинж л гэдэг байх даа. Дэлхий энтэй охидын өмнүүр дэлхийн энтэй хөвгүүд л хөшилдөнө биз ээ.
.
Ер нь энэ цаг мөчөөс хойш Монгол бол жижиг буурай орон гэх мэт үгсийг ярьж хэлцэж, бичихийг цээрлэж баймаар. Ийм сайхан золбоотой охидтой ард түмэн чинь яаж жижиг буурай байх вэ дээ. Тийм үү... “ хэмээн онцолжээ. Түүний ийнхүү уриалсан шалтгаан нь Дэлхийн дэвжээнээ Монголынхоо нэрийг дуурсган дэлхийн олон хэлтнийг шагшруулж байгаа монголын жудоч охид, хөвгүүд.
Тэд алсын Унгарт Монголоороо ярьж, Монголоо бахдуулан барилдаж байна. Өнөөдөр эх хэлний өдөр. Унгар улсыг зорьсон монголын жудочид Будапештийн тэнгэрт төрийн далбаагаа өргөж, төрийнхөө дууллыг эх хэлээрээ дууллаа. Бидний Монгол тэгэхээр ядуу буурай бус, оюун цэлмэг, бие чийрэг, эх хэлтэй, эх оронтой, эх орон нь дөрвөн цагийн уртад дураараа нүүхийн жаргалтай... байна. Охидын сайхан эх хэлний цэвэр тунгалаг оршихуй нь эх орон оршин тогтнохын үндэс гэнэм. Тэртээ 800 гаруй оны чинадад их эзэн Чингис хаан ...
Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай... хэмээн монголоороо шүлэглэн айлдаж, Монголоо дархалсан түүхтэй... Эх хэлнийхээ яруу тунгалаг айзам дор их хаад минь шүлэглэн хэлсэн нь олон. Түүний хойно Хубилай сэцэн хаан мөн л шүлэглэн айлдсан нь үлджээ.
Тэрбээр, “Хаврын уулнаа зугаацаад тэмдэглэсэн шүлэглэл”-дээ
Хавар цагийн найрамдуу улирал дор анхилам уулнаа авирлаа
Халшралгүй оргил дээр гараад “Алтан нүүр” дор бараалхчухуй
Хүйс цэцэг туяалан мяралзаад өлзийт өнгө солонгормуй
Хүлисийн утаа хүдэнтэн тунараад билэгт гэрэл сацармуй
Хадан дээрх хас хулснаа хурын дусал бөмбөлзөнхөн
Халил давааны ногоон нарснаа сэрчигнэх салхи хөгжимдмүй
Буддын сүм дор бурхны өмнө хүж өргөн аяарлаад
Буцах замд сүйх тэрэгнээ хөх луу хөлөглөжүхүй... хэмээн шүлэглэжээ. Эх хэл минь ийм тунгалаг буюу. Хаадын минь сэтгэл зүрхэнд шүлэг ургуулсан тансаг гэрэлт ажгуу.
Энэхүү шүлгээ Хубилай хаан хаврын нэгэн өдөр Дайдугийн /Одоогийн Бээжин хот/ баруун дүүрэгт орших И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэнд байх буддын сүмд мөргөл үйлдээд буцах замдаа Ван шоу шань буюу Түмэн наст хэмээх ууланд гарч энэ шүлгийг зохиосон гэлцдэг билээ.
Хаад гэлтгүй цэрэг эрсийнх нь цээжинд шүлгийн ариун ертөнц цогцлон байсан нэг баримт Японд бий. Хубилай хааны таван элчийн хөнөөгөөд дараагаар нь хөшөөнөө мөнхөлсөн уг шүлгийг эх хэлнээ буулгасанаар хүргэсү...
Холын аянд гарахад өлчир хүйтэнд өмсөг гэж өлдүү хувцас өгсөн юмсан
Хайрт эхнэр хүүдээ Харих боловуу даа яах бол мэдэхгүй юм даа
Ирсэн цаг мөчөөс эхлэн эрдэнийн алтан тамга өвөртлөж
Энхийн харилцааг тогтоогоод буцах юмсан
Сошин лугаа гараа амраах нэг юмсан.....
гэсэн утгатай үгийг үлдээсэн байдгийг олон хүн очиж үзжээ. Тэдний өөр нэгэн шүлэг бий...
Илд исгэрэхэд энэхэн бие өнхөрч одно
Их хэргийн санааг гэвч энэ илд хорихгүй.
Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно.
Санаа зориг хоёрыг гэвч салхи ч, илд ч мохоохгүй.
Наран мандахаас шингэх хязгаар хүртэл
Их Юань улс ялан дийлсээр байх болно хэмээн шүлэглэсэн байдаг.
Эх хэлний минь эх ундарга ийм дагшин. Монгол хэл минь хэдэн мянган оныг даван өнөөдөртэй учирсаныг тоолоход бэрх. Монголын хаадын хэн хэн нь шүлэг зохион эх хэлнийхээ гайхамшигт сайхныг мэдэрч явсаныг ч хараачлан таахад төвөгтэй.
Монгол хэл минь олон зууны тэртээгээс хад асга, хөшөө чулуунаа яруусан мөнхөрч, хаад ноёд, монгол хүний сэтгэлийн үгс бидний оюун санааны гэгээ болон үлджээ. Цаашилбал, Цогтхунтайжийн шүлэглэн дуулсан нь, Эдүгээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших "Дуутын хадны бичээс" юм. /1621 онд Цогт тайж эгчдээ зориулан бичжээ/ Хэсэглэн хүргэвээс...
...Онон мөрөнд ахуй Халагуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Онигуудын газар хол боловч
Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.
Энэ биендээн эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаан
Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай...
Хэмээн хайлан өгүүлснийг нь Эрх хиа тогтоож сударлан авсныг хойно дөрвөн жил болоод мөн хулгана жилийн /1624он/ нэгэн сарын арван наймнаа Дайчин хиа, Гүен баатар хоёр хаданд бичив, хэмээжээ.
Аль “дивангалав”-ын тэртээгээс бидний цагт ирсэн тэнгэрийн эх хэлээрээ бид дэлхийн альхан ч өндөрлөгөөс хэлэлцнэм. Монголын мөнх оршихуйн үндэс язгуур эх хэлээ дархлах үүрэг хойчийн бидний өмнө иржээ... Бичгийн их хүмүн Бямбын Ренчин гүүшийн “Монгол хэл” шүлгээр энэхүү бичвэрээ өндөрлөе.
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бү яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант, ширгэшгүй их далай мэт,
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч,
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь!
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан,
Өдөр бүр үгсий эрдэний чинь баярлан түүнэм.
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн, магнайн үрчлээ тэнийнэм!
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд,
Сэлбэлгүй сэцэн оюутан, хэл юүгээн энхрийлэн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би!
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст хөвүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор,
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж,
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан!
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Л.Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Эх хэл тунгалаг оршихуйд эх орон оршино санал нэг байна. Гадаад хэлээр чамирхагчид, хазгай муруй яригсад эх хэлийг булингартуулж байна.
Эх хэл тунгалаг оршихуйд эх орон оршино санал нэг байна. Гадаад хэлээр хазгай муруй ярьдаг хагас мэдэмхийрэгч, чамирхагчид л эх хэлийг булингартуулж байна.
ЗУРАГТАА АСААЛАА, ДVVРЭН ГАДААД VГ ХЭЛЛЭГ
ЗУРАГТАА АСААЛАА, ДVVРЭН ГАДААД VГ ХЭЛЛЭГ
ЗУРАГТАА АСААЛАА, ДVVРЭН ГАДААД VГ ХЭЛЛЭГ
Германы Будапешт гэнэ үү. Германд бас ийм нэртэй хот байх уу? Уг нь жудогийн дэлхийн аварга Унгарт болж байгаа юмсан даа.