Амьдрал адармаатай. Алдана. Бас ононо. Алдаа оноог хэрхэн дэнсэлж, алинд ч барьц алдалгүй ухаарч сэнхрэхийн зэрэгцээ өөрийн сайн чанарыг өрөөл бусдад түгээхэд хүний үнэ цэнэ, мөн чанар оршдог байх.
Энэ удаа бид Баянхонгор аймгийн боксын клуб “Бүргэд”-ийг үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Б.Оюунболдтой ярилцлаа.
-Хүний амьдралын зам урьдаас зурагдсан байдаг гэж хүмүүс ярьдаг. Магадгүй зурсан зураг, төрсөн төөргөөрөө олон хүн ажил, мэргэжлээ сонгодог байж болох юм. Таны хувьд бокстой хэрхэн холбогдож байв?
-Би Дарханд төрж, өссөн. Нэгэнтээ Дарханы спортын ордон дотор найзтайгаа явж байгаад тэндэхийн секц дугуйлангаас боксыг сонгож анх хичээллэж эхэлсэн. Тэр үед би 11 настай байсан. Дарханд томилолтоор ирсэн Бумсахъяа гэдэг багш дээр анх бүртгүүлж байсан. Ингээд өдөр бүр тасралтгүй бэлтгэлдээ явна, олон мундаг боксчдыг хараад эдэн шиг болно гээд явдаг байлаа. Эндээс үед л уг спорт миний сэтгэл, амьдралд орж ирсэн хэрэг. Гэтэл нэг л өдөр секц маань хичээллэхээ больчихсон. Өөр боксын секц хаана байгаа бол гэж хайгаад ч дахиж олдоогүй тул багшгүй, анхаарч, хэлэх хүнгүй болохоор ер нь хүүхэд алсаасаа спортоос холдож, зорилгоо мартаж эхэлдэг. Би зүрхэндээ тээж байсан спортоороо тэмцээнд орж амжилт гаргаж, зорилготой хүсэл мөрөөдөлтэй хүн болох байсан.Тэгж чадаагүй, чөлөөт цагаа бэлтгэл сургуулилт, зорилго мөдрөөдлөө хөөх газаргүй хүн тухайн үеийн нийгмийн шуурганд өртсөн. Тийнхүү өсвөр наснаасаа эхлэн байр сургуулийнхаа орчинд цагаа өнгөрөөж томоогүй, гэнэн алхмууудад оролцсоор залуу насандаа алдаж, онож, сайн муу олон газраар явсан. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээх л ёстой юм чинь, тэр зарчмаар туулах ёстойгоо туулсан гэж боддог юм. Зүүнхараад байхад надад боксоор дахин хичээлэж нэг жижиг өрөөнд мишок, бээлий сэлт гээд шаардлагатай зүйлсээ нэг нэгээр цуглуулж, бэлтгэл хийх боломжтой болсон. Яагаад ч юм тэр үед спортын мөн чанар, түүний төлөөх өөрийнхөө тэмцлийг олж харсан. Мэдээж хэрэг мишок, бээлий гээд хэрэглэхэд хориотой зүйлс байсан учраас түүнийгээ хураалгахгүй гэж бас тэмцэлдэнэ.
-Та Дархан-Уул аймгийнх. Баянхонгор аймагтай амьдралаа холбох болсон шалтгаан юу вэ. Магадгүй гэр бүлийн хүнтэй чинь холбоотой юу, эсвэл бокстой холбоотой юу?
- 2007 онд гарах үедээ нийгмээсээ тусгаарлагдчихсан, мэдлэг, мэдээллийн хувьд хоцорсон, нийгмийн хүмүүсийн чанар улам бүр алдагдсан, тэдэнтэй ойлголцож биеэ авч явахаас эхлээд нийгэмшиж, бусдын дунд амьдрана гэдэг хүндрэлтэй асуудал байв. Тэр үед найз маань намайг тосож авч гэртээ аваачиж байлган нийгэм гэдэг тэс өөр болсон тухай ойлгуулж, бусдын адил амьдрах гарааг минь тавьж их тус болсон доо. Хүн олон жил хэцүү газраар явахаар олдмол буюу хиймэл зан чанарыг өөрийн мэдэлгүй олчихдог юм билээ. Дарханд Болд гэдэг айлд хүү нь болж төрөхдөө ээж аавынхаа хайранд бялхаж өссөн хүүхэд энэ адармаатай замыг туулахдаа өөрийнхөө мөн чанар, үнэн төрхийг мартах хэмжээнд оччихдог юм билээ. Гараад одоо юу хийх билээ гэж бодоод байж байхад Баянхонгорын Цагаан цахир гэж алтны газар дандаа л алдаж эндэж, хүнд замаар явж байсан хүмүүс л тэнд очоод алт мөнгө олоод байгаа сургаар найз маань намайг авч явсан. Тэр үед Цагаан цахир дээр Баянхонгорынхон бараг байдаггүй байсан. Тэгээд Баянхонгорт ирж хүмүүсийн хэлдгээр чулууны алтыг зорьж ирэхдээ ханьтайгаа танилцаж байсан.Цаашдын төлөвлөгөө ч гээд байх зүйлгүй, амьдралыг харах өнцөг маань гажсан хүн л явж байсан. Дээрээс нь эмэгтэй хүнтэй ч хүндэтгэлтэй харьцахыг мэддэггүй тийм л байсан үед анх эхнэрийн хэлж ярьж буй зүйл, биеэ авч яваа байдал гээд бүх зүйл нь миний хайр, хүндлэлийг татаж эхэлсэн. Тиймээс эхнэрийнхээ надад тавьсан болзол саналыг дагахад хэцүү байсан ч эр хүн хэлсэндээ байх ёстой гэх миний нэг хатуу баримталдаг чанар маань түүнд амласанд маань хүргэж өгснөөр бид гэрлэсэн дээ. Ингээд амьдралаа өөрчлөх, зорилго, мөрөөдлөө эргүүлэн олж авах, гэр бүлийн аз жаргалыг мэдрэх олон сайн сайхан зүйлсүүд маань бий болсон гэж хэлж болно. Эхнэрийн маань аав ээж намайг хүний ёсоор хүлээн авч, төдийгөөс өдийг хүртэл хань маань миний нөмөр нөөлөг, өмөг түшиг болж иржээ. Бид хоёр танилцсаны дараагаар эхнэр маань удирдагч болгодог сургууль байгаа юм аа энд сурах хэрэгтэй байна аа гээд л сургуульд оруулсан нь одоо манай аймагт байдаг ” YWAM-BH “ гэж сайхан сургуульд сурсан юм.. Хүн гэж юу вэ, хүний амьдралын үндэс, мөн чанар юу вэ, хүн яах гэж амьдарч байгаа вэ, хүний дотоод сэтгэл бохирдсоноос болж хүний үйлдэл буруу байдаг тухай илүү их ойлгож, бас тэр бохирдсон зүрх сэтгэлийг цэвэрлэснээр үг, үйлдэл хэрхэн эерэг болж өөрчлөгдөж болдгийг ч сурж, одоо ч сурснаа хэрэгжүүлэхээр тэмцээд л явж байна. Тэгээд л энэ газарт би анх алт олох гэж ирсэн бол алтнаас ч үнэтэй гэр бүлээ олж авсан тул сургуулиа төгсөөд энэ аймагтаа сууршсан. Одоо манай гэр бүлийн нэг үнэт зүйл бол хоолны араас явсан ч яваагүй ч өлсөж үхэхгүй харин түүний оронд нийгмийн салхийг дагавал урууддаг харин сөрвөл уулыг өгсдөг болохыг бусдад хэлж өгөх, бас энэ тухай туршлагаа хуваалцахад нээлттэй байдаг юм. Миний ээж Баянхонгор аймагт төрсөн тул ээжийнхээ төрсөн нутагт би юу хийж чадах вэ, намайг гэсэн хань, босгосон амьдаралынхаа төлөө ямар зүйлийг бий болгох вэ гэсэн эргэцүүлэлтэй нэг хэсэг болсон юм. Энэ бодлын маань сэжүүрээр миний нүдэнд хүүхдүүд төсөөлөгдөж тэдэнд би юугаар туслах билээ гэж бодож байсны үр дүнд миний чадах зүйл бокс л байсан. Зорилгогүй, нийгмийн салхиар хийсэж бусдын буруу нөлөөнд автаж амьдрах нь эцэстээ ямар хохиролтойг өөрийн биеэр мэдсэн болохоор би гадуур байгаа цахим ертөнц, хий хоосон зиндаархал, өнгөц үзэл бодол, хэн нэгэнд өсөрхсөн хүүхдүүдийг нийгмийнхээ золиос бүү болоосой гэсэндээ тэдэнтэй найзалж нөхөрлөж чадахгүйгээс хойш спортоор дамжуулан тэдний залуу нас, доторх төрөлх нөөц боломжийг зөв зүйлд нээж, урамшуулахыг хүсдэг. Би хүүхэд насаа алдсан ч олон хүүхдийн өсвөр насыг хамгаалахсан гэсэн далд хүсэл миний дотор байдаг. Манай клубт суурь хүмүүжил сайтай, их ухаалаг хөөрхөн хүүхдүүд хэд хэд байдаг нь бусаддаа үлгэр дуурайл болоод бие биенээ одоо надтай надгүй дагуулаад төлөвшүүлээд явж байгаа нь надад их урам болдог.
-Та өөр олон зүйл хийж болох байсан ч хамгийн сайн чадах зүйл нь энэ гээд шууд л бокс руу орсон байна. Аливаа ажлын эхлэл янз бүр байдаг шүү дээ. Анх клубээ нээж байсан үеийнхээ түүхээс хуваалцаач?
-Бүргэд клубыг 2009 онд үүсгэн байгуулсан. Тухайн үед одоогийнх шиг заал танхим тийм ч элбэг байгаагүй. Бэлтгэл сургуулилтаа явуулах танхим олдохгүй аймгийн төвөөр олон өдөр алхсан даа. Ингэж явсаар одоогийн манай клуб байгаа Дөвөнтийн 48 буюу 19 дүгээр байрны подвальд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Подвалиа эхнэрийнхээ цалингаар засч янзлаад үйл ажиллагаа явуулах боломжтой болсон юм. Үүнийг Бурхнаас надад өгсөн бэлэг гэж үзээд шантрахгүй, тууштай ажиллах ёстой гээд зүтгэсэн дээ.
Анх эхлүүлэхдээ би өөрийгөө боксын дасгалжуулагч хийж чадахгүй гэж үзээд Улсын шигшээд тоглодог байсан найзыгаа эхнэр хүүхэдтэй нь Баянхонгорт авчирлаа. Гэтэл нөгөө хүнд маань итгэл үнэмшил төрөөгүй байх, гэнэт л яваад өгчихсөн. Ингээд би өөрөө дасгалжуулахаас өөр сонголтгүй болсон. Ингээд клубынхээ ажилд шамдаж орсон доо. Энэ хугацаанд олон тамирчинтай ч байж үзлээ. Зарим өдөр ганц ч тамирчин ирэхгүй үед би яг юу хийгээд байгаа билээ гэж бодох ч үе гарч л байсан. Юм бүхэн учиртай юм байна гэдгийг хүмүүсийн хандлага, үйлдэл, зориулалт тэр үедээ биш ч хэзээ хойно гарах үр дүн гээд л сэтгэл дотроо олон зүйлийг ойлгох эрэл хайгуул эхэлсэн дээ.
-Тэр эрэл хайгуулын хариулт юу байсан бол?
-Мэдээж хэрэг миний хүслээр бол тив, дэлхийн алдартай тамирчин төрүүлэх явдал. Гэтэл би өөрийнхөө хүслийг хүүхдүүдэд тулгаад байсан явдал нэг алдаа маань байсан. Хүүхэд гэдэг миний хүсэл сонирхлыг гүйцэлдүүлэгч биш гэдгийг ухаарсан. Бага насны, өсвөр насны, залуусын хүсэл мөрөөдөл, яах гэж манай клубыг зорин ирсэн юм бэ гээд маш олон учир шалтгаан, хүчин зүйлүүдийг анхаарч, анзаарах, цаашлаад тэр бүрт нь тохирсон арга барилаар ажиллах шаардлага урган гарсан. Нэг үгээр бол өөрийнхөө хүслийг үхүүлж, хүүхдүүдийнхээ хүслийг амьдруулах хэрэгтэй гэдгээ ойлгосон хэрэг. Нөгөө талаар өөрийгөө маш их боловсруулж, байнга эрэл хайгуул хийж, өдөр бүр суралцах шаардлагатай нь харагдсан тул оюутан Биеийн тамирын дээд сургуулийг саяхан төгссөн ч үргэлжлүүлээд туршлагатай багш дасгалжуулагчдаас, сэтгэлзүйчдээс үргэлж суралцсаар явна. Хүүхэд гэдэг чинь өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй, өөр өөрийн өнгөтэй өвөрмөц хүмүүс. Тэрхэн үедээ амжилт гаргаж,аймгийнхаа нэрийг тив дэлхийд гаргана гэж ярьж байсан хүүхдүүд өнөөдөр байхгүй байхад өөртөө итгэлгүй, зорилго нь тодорхой биш гэж бодож байсан шавь нар маань амжилт үзүүлж, өөрийгөө ялан дийлж байх жишээтэй. Миний зорилго эхлээд тэдний суурь хэрэгцээ буюу хайрлуулах, хамгаалуулах, халамжлуулах, үнэ цэнэтэй гэдгээ мэдрэх тэр л хэрэгцээнүүдийг нь өгөхсөн гэж хүсдэг. Яг энэ тал дээр би ойлгоод хэрэгжүүлэхийг хүсээд хичээгээд явж байна. Харин өөрийнхөө хүссэн хэмжээнд хүрч чадахгүй байгаагаа л мэдэж байгаа.
-Танай клуб өдгөө найман жилийг ардаа орхиж, та хүүхдүүдтэйгээ хамт өөрийн түүхээ бичжээ. Хүүхдүүд олон шалтгаанаар танайхыг зорьж ирдэг байх. Зарим нь үнэхээр тамирчин болоё гэж ирдэг бол зарим нь бусдад дээрэлхүүлэхгүй, эсвэл зүгээр л найзыгаа дагаад ч юм уу ирдэг байх?
-Тэр үнэн. Эхлээд би ирж байгаа хүүхэд бүрийг боксчин болгоно гэж л ажиллаж байлаа. Гэтэл тухайн хүүхэд үнэхээр тамирчин болох гэж ирсэн үү гэдгийг нягтлах хэрэгтэй байдгийг ажиллах хугацаандаа л олж мэддэг болсон. Одоо бол хүүхдүүдийнхээ харцыг хараад л яах гэж манай клубыг сонгов гэдэг нь анзаарагддаг. Зарим нь бие бялдараа хөгжүүлэхээр ирдэг бол заримынх нь харцанд хорсол зэвүүцэл, үзэн ядалт дүүрэн байдаг ч бэлтгэлийн үед тайвширч харц нь зөөлөрсөн байдаг. Зарим нь олимпын аварга төрөн гарсан спорт гэдэг сэтгэлийн хөөрлөөр ороод ирсэн байх жишээтэй. Тиймээс би манайхыг сонгоод ирж байгаа хүүхэд бүрт үүд хаалгаа нээлттэй үлдээж, тэднийг тийм ийм гэж ялгах бус энэ орчиндоо байлгаж ямар ч зорилготой ирсэн бэлтгэлийн явцад хүсэл мөрөөдөл, зорилгыг нь зөв зүгт чиглүүлж өдөөж, урамшуулж бусад цагаа буруу өнгөрүүлж байгаа үйлдэл, зуршлуудаас нь холдуулахыг чухалчилдаг. Хүнд орчин маш чухал байдаг. Орчны нөлөөлөл нь хүний төлөвшил, зан байдалд чухал нөлөөтэй. Тийм учраас ямар ч зан чанартай, ямар ч асуудалтай хүүхэд манай клубт ирээд хэсэг хугацааны дараа найзархаг, мэнд устай, нүдэндээ баяртай, нөгөө үзэн ядалт, уур хилэнтэй харц зөөлөрчихсөн, дуулгавартай, тэвчээртэй болж байдагт баярлаж, зөв л ажиллаж байгаа юм байна даа гэж өөртөө хааяа дүгнэлт хийнэ.
-Танайхаар олон хүүхэд орж гарсан уу?
-Боксын спорт хүнээс гарч болох бүх л тэвчээр, зориулалт шаарддаг тул хичээллэж байгаа нь ч дасгалжуулж байгаа нь ч их золиос шаарддаг.Бөхийн төрлийн спортоор л гэхэд уржинан жил 2 автобус дүүрэн 100-гаад тамирчин тэмцээнд оролцох гээд явж байхад боксоор 100 тамирчин тэмцээнд орох нь бүү хэл 50 тамирчинтай боксын клуб ч Монголд байхгүйг харахад энэ спортын онцлог нь харагдах байх. Тиймээс боксын спортоор хичээллэхээр ирээд шижир алт шиг тунаж үлдсэн тамирчдынхаа бусдын буруутгал, амьдралын нөхцөлд авталгүй хүүхэд насны эрхлэж тоглож зугаацах хүслээ золин байж хал үзсэн томчуудаас ч илүү их тэвчээр, хөлс гаргаж байгааг нь би хараад бахархдаг. Ер нь ямар хүүхэд үлддэг вэ гэхээр эцэг эхээсээ тууштэй гентэй, эсвэл үнэхээр өөрийгөө ялъя гэсэн зорилготой, эсвэл тэмцээн уралдаанаас урам зориг үнэ цэнээ мэдрээд эхэлсэн, эцэг эх нь хүүхэд л болсон хойно нь шантрах үед нь хүч өгч урамшуулж зоригжуулдаг, хүний хөдөлмөрийн хүндэлдэг тийм л хүүхдүүд үлддэг дээ. Нэг хүүхдийг бэлтгэх гэж миний хувьд дан ганц цаг хугацаа биш хувьчилсэн харилцаа, хүүхэд бүр дээр лап барих, хувьчилж ажиллах, суурь дасгалуудыг нь заахаас эхлээд тэр хүүхдийг тэмцээнд орох бүрт нь зардал, өдөр тутмын бэлтгэл дээрх хоолны зардал гээд чамгүй их зүйлийг зориулсан байхад өөрийгөө ялж чадалгүй шантраад явдаг нь харамсалтай. Би тэр хүүхдүүдээс санхүүжиж байсан бол яахав хөөрхий намайг санхүүжүүлж байгаад яваад өглөө л гэж бодох байх. Харамсалтай нь тийм биш би орж ирж байгаа хүүхэд бүхэнээ чадварлаг тамирчин болгоно л гэж хардаг ч зарим эцэг эхчүүд буруу ойлголттой байдаг нь харагддаг. Хүүхдийг нь бараг л гудамжны зодоонч болгох гэж байгаа юм шиг л уурлаж байгаад болиулдаг ч хүүхдийнхээ хүсэл тэмүүллийг тасчиж хаясаар бүр ямар ч зорилгогүй нэгнийг л бий болгоод байх шиг.
-Өнгөрсөн хугацаанд шавь нарын гаргасан амжилт олон байгаа байх. Та клубийнхээ, тамирчдынхаа амжилтаас хуваалцаач?
-Энэ жил 2 тамирчин Монголын шигшээ багт албан ёсоор орлоо. Ирэх жил 2 тамирчин хүлээлгэж өгөх зорилттой байгаа. Байгуулагдсанаасаа хойш эх орондоо зохиогдсон өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга болон олон хотын нээлттэй тэмцээн, нэрэмжит тэмцээнүүдээс 126 медаль авч гадаад дотоодод олон улсын тэмцээнүүдээс нийт 152 медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Ер нь Баянхонгор аймгаас үнэхээр дэлхийн чансаатай тамирчид төрөн гарах боломжтой гэдгийг манай бокст төдийгүй бусад спортын төрлүүд ч харуулж чадлаа шүү дээ. Аймгийн Засаг дарга маань биднийг тэмцээндээ оролцоход тусалснаар Казахстан, Киргизстанд очиж хамтарсан бэлтгэлүүд хийж, хэд хэдэн олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирээд, Филиппинд болсон өсвөрийн боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо. Мөн Тайландад болсон Залуучуудын Азийн аваргад манай тамирчин Өсөхбаяр оролцлоо. Хүсэж зорсон медалиа авч чадаагүй ирсэн ч би 8 жилийн өмнө манай аймагт бокс байгаагүй газараас Монгол улсыг төлөөлөөд 2 тамирчин манай аймгийн клубээс оролцож байгаагаа бас голоод байгаа ч юм шиг санагдаад нөгөөтэйгүүр маш их итгэл үнэ цэнэ өгч дэмжиж явуулсан сэтгэлийг бодохоор хэцүү байсан. Өсвөр үеийн боксын Азийн медалийг орон нутгаас анх удаа Монголд авчирсан тамирчин нь манай Бүргэд клубийн тамирчин байсан байдаг. Боксын Азийн аварга, Дэлхийн Аварга нь 2 жилд нэг удаа болдогоороо бас их удаашралтай ч юм шиг. Манай клубээс Монгол улсаас шалгарч 2 удаа эрэгтэй эмэгтэй өсвөрийн дэлхийн аваргад тус тус нэг тамирчин оролцсон энэ жил 3 дахиа оролцох гэж байна. Мөн өсвөрийн Азийн Аваргад 2 удаа тус тус нэг тамирчин оролцож нэгээс нь медаль авсан бол сүүлийнхэд нь медалиас атгаад алдлаа. Анх клубээ эхлүүлүүлчээд багшийгаа аймагтаа дуудаад хамтарсан бэлтгэл хийж байхад багш тэр үед намайг хараад дотороо “энэ газар боксыг хөгжүүлнэ гээд байдаг гэтэл энэ аймгийнх нь бокст болон энэ клубт хандаж байгаа хандлага, энэ хүний хувийн амьдралынх нь нөхцөл байдал нялх хүүхэдтэй ганц ч төгрөгний орлогогүй өөрийн гэсэн гэр орон ч үгүй яана даа. Энэ залуу юу бодож ингэж зүтгээд байгаа юм болоо” гэж дотроо маш их санааширж байснаа багш маань саяхан хэлж байхад нь тэр үеийг бодоход би одоогийнхоо нөхцөл байдлыг хараад голох биш харин ч урамшиж урагшлах хүсэл төрсөн.
-Спортын амжилт багш, дасгалжуулагч, тамирчны төдийгүй спортод элэгтэй олон хүний дэмжлэг туслалцаатайгаар хөгждөг шүү дээ. Энд төрийн зүгээс дэмжиж буй дэмжлэг хэр байна вэ?
-Дэмжлэг гэдэг зүйл байхгүй бол бидний амжилт эндээ л булшлагдана шүү дээ. Тэмцээн уралдаан голцуу Улаанбаатарт болно. Бид тэмцээнд явж очиж оролцох зардлаас эхлээд гадаадад хамтарсан бэлтгэл хийх зэрэгт санхүүгийн асуудал маш их үүсдэг. Миний хувьд зүгээр нэг цалин харж дасгалжуулагч хийж байгаа биш харин энэ хэдэн хүүхдийг үнэхээр чадваржуулах зорилготой тул гадаад дотоодын тэмцээнүүд, хамтарсан бэлтгэлд их оролцож байж болох бүх боломжыг боломжгүй үед ч боломж болгож явсаар гадаад харилцаагаа маш сайн тэлж байгаа. Манай аймгийн бусад спортын төрлүүдтэй ч хамтын ажиллагаатай байх боломжтойгоо илэрхийлсэн орнууд байгаа.
Анх байгуулагдсанаас хойш аймгийн засаг төрийн бодлогоор дэмжиж, туслаад явсан зүйл байхгүй гэдгийг шударга хэлмээр байна. Боксын спорт Баянхонгор аймагт миний найз нөхөд, энэ спортод элэгтэй хувь хүн зарим албан байгууллагын дэмжлэгтэйгээр явж ирсэн. Азийн Аварга, хоёр стан руу хамтарсан бэлтгэл гээд миний ой тооноос хэтэрсэн их зардлын төлөө санаа зовоод явж байхад Засаг дарга маань өөрөө “За юу болж байна” гээд залгахаар нь бүх зүйл шийдэгдчихсэн юм шиг л баярлаж яагаад ч юм энэ газараас биднийг гэж санаа тавих хүн байна гэсэн нэг л сайхан мэдрэмж төрж байсан даа. Засаг дарга .Батжаргал манай хүүхдүүдэд анхаарал хандуулж, дэмжиж тусалж байна. Намайг албан ёсны цалинтай болгохоор тушаал гарсан гэсэн. Аймаг орон нутаг төсөв мөнгөгүй, Баянхонгор сумын 60 жилийн ой гээд хүнд үед бид явах шаардлагатай болоход хүнээс хүртэл зээлээд л биднийг тэмцээнүүдэд явуулсан. Дан ганц манай бокс гэлтгүй бусад олимпын топ төрлүүд, багийн болон оюуны спортыг бүх талаар дэмжиж ажиллаж байгаа засаг даргадаа талархалтай ханддаг юм. Аливаа орны урлаг спорт нь тухайн орны нүүр царай харилцаа холбоо болж байдаг төдийгүй ард түмний эв нэгдэл бахдам сэтгэлийг өдөөж өгдөг тул би бодохдоо аймгийн Засаг дарга энэ бүх дэмжлэгийн цаана ирээдүйд Олимп, дэлхийн медалтнуудыг аймгаасаа төрүүлээсэй гэж хүссэндээ итгэл хүлээлгэн дэмжиж байгаа юм байна гэж ойлгосон. Мөн халз тулааны хүнд спортоор хичээллэж хөлсөө урсгаж байгаа хүүхдүүдийн маань урам зоригийг ар гэрийн боломж тааруу, тэмцээнд оролцох санхүүгээс болж урам зориг хүч нь бүү мохоосой гэсэн эцэг хүний сэтгэл бас байгаа учраас боломжгүй байгаа ч болгоод биднийг тэмцээнд явуулсан нь бидэнд цаашид ч хичээх ёстой гэсэн тэмүүлэл өгч байлаа. Бусдыг амжилтанд хүрсэн хойно нь бэлэг сэлт өгч гэнэт ухаардаг биш бүхнээ дайчилж, зүтгэж байгаа нэгнийг олж харж, зорилгодоо хүрэхэд нь чиглүүлж дэмжиж урамшуулдаг чанарыг алсын хараатай жинхэнэ удирдагч хүний шинж гэж би боддог. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дэмжих нь бүү хэл их бага ч бай амжилт гаргаад ирэх бүрт хандлагаараа эсэргүүцэж, дэмжих нь бүү хэл харин ч доош нь хийж байсан салбар хэлтэсийн дарга эрх мэдэлтнүүдээс эхлээд цөөнгүй тохиолдлуудыг энэ хэдэн жил харахдаа сэтгэл доторх салхи шуургаа хэдэн хүүхдүүдээ бодож л тэвчиж ирсэн үе бас бий.
-Асуудлыг олж харж байгаа цагт шийдэл гарч ирэх нь зайлшгүй. Таны үг хүрэх хүндээ хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Танай клубийн хувьд ямар зорилготой ажиллаж байна вэ?
-Ирэх жил дахин 2 тамирчин шигшээ багт нэмж оруулах зорилготой байна. Энэ жил өсвөрийн Дэлхийн Аваргад оролцох тул тус тэмцээнээс медаль хүртэх зорилготой бэлтгэлээ хийж байна. Ирэх жил 3 тамирчин залуучуудын Дэлхийн Аваргад оролцуулна. Мөн Аргентинд болох Залуучуудын 3-р Олимпод оролцох эрх авах төлөвлөгөөтэй байна. Тамирчид маань насанд хүрж зарим нь их дээд сургуульд орж, бас шигшээ багт орсон тамирчдаа нэгтгээд Улаанбаатарт тамирчиддаа байрлах байр олж тохижуулан бэлтгэлээ хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тамирчид бэлтгэл сургуулийн хажуугаар айлын тогоо өнгийж Улаанбаатарын уур амьсгал зэргээс болж залуучууд хөл алдах, алдагдах эрсдэлээс сэргийлэн үргэлжлүүлэн тэдэнтэйгээ хамт байрлан хамт бэлтгэлээ хийхээс өөр аргагүйд хүрч байна.
Бид жилдээ 2-3 удаагийн гадаадын тэмцээн уралдаанд оролцдог. Манай хүүхдүүд Орос Казакстан, Үзбекстан, Киргиз. Япон, Хятад, Солонгос зэрэг орны тамирчдыг ялж, тив дэлхийн амжилт тийм ч хол биш гэсэн сэтгэл авлаа.. Монгол улс бөхийг яаж дэмждэг шиг л боксыг дээдэлдэг боксын спорт хөгжсөн, орнуудтай бид холбоо тогтоосон. Манай Баянхонгор аймгийн тамчирчид тэнд хамтарсан бэлтгэл хийх боломж байна. Цаашлаад европын цуврал тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа. Гагцхүү энэ боломжид хүрэхэд багахан дэмжлэг, энэ хүүхдүүдэд дэмжих сэтгэл хэрэгтэй байна. Хүмүүсийн бодоод байдаг шиг асар их хөрөнгө мөнгө ордоггүй юм. Бид энэ зун манай нэг дасгалжуулагч Отгонжаргалынхаа старэкс машинаар 12 мянга гаруй км газар явж хамтарсан бэлтгэл олон улсын тэмцээнүүдэд оролцоод ирлээ. Тэр улсын хүмүүс гайхаж байна лээ. Бид зорилгодоо хүрэхийн төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хамгийн сайнаараа хийсээр л байх болно.
Энэ дашрамд биднийг ойлгодог хэдэн найз, багш нар болон ах нартаа мөн аймгийн Засаг даргад талархал илэрхийлье. Та бүхний сайхан сэтгэлийн үзүүрт тос гэгчээр залууст амьдрал тэмүүлэл нь жигүүрлэх хүч нэмж, нийгэмд зөв хөл тавьж байгаа олон залуу өөртөө итгэлтэйгээр бэлтгэл сургуулилтаа хийж, спортын амжилт гаргах их үйлсэд та бүхэн маань даруугаар хувь нэмэр болж байдагт тань талархаж явдаг шүү.
Б.Чинбат
Сэтгэгдэл ( 3 )
Uneheer hvnd setgel zvrhee zoriulj chaddag, Mundag bagsh shuu, beltgeld ni 1 ywaad vzeerei, nas hamaarahgvigeer
Жинхэнэ багш хүний чин сэтгэлийн үг бна. Амжилт
Mash saihan zvil olj unshlaa, sport yamar ch hvniig tuluwshvvldeg uchraas olon saihan hvvhdiin ireedvig, mongol ulsiin neriig gargah tamirchdiig turvvleerei.