Энэ зуны үргэлжилсэн их галтай тэмцсэн “тулааны” фронтын тэргүүн эгнээнд ажилласан алба хаагчид бол Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгчид. Тэд хавар, зуны сарыг дамнан 90 гаруй хоног амралтгүй гал унтраасан юм. Басхүү аврагчдаа оновчтой удирдлагаар хангаж ажилласан дарга, офицеруудын гавьяаг ч бас энд онцлох учиртай. Бид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүнд цаг үеийг зориг тэвчээр, хатуужилтайгаар давсан Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг энэ удаагийн дугаарын хоймортоо урьж, газрын дарга хурандаа Г.Баатартай ярилцлаа.
-Таны хувьд онцгой байдлын салбартай ажил, амьдралаа холбоод хэр удаж байна. Мөн өнөөгийн удирдаж яваа анги байгууллагынхаа талаар яривал?
-Би өөрөө цэргийн хүн. 2005 онд Иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газар гэсэн гурван байгууллага нэгдэж Онцгой байдлын байгууллага үүссэн тэр цагаас хойш энэ салбартай холбогдсон. Өөрөөр хэлбэл, онцгой байдлын албатай ажил, амьдралаа холбоод 13 жил болж байна. Миний хувьд Онцгой байдлын ерөнхий газарт мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга хүртэлх албанд ажиллаж байгаад энэ албандаа томилогдоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ сайхан албанд орж, энэ албаны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваадаа үргэлж бахархдаг. Энэ албаны төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн шуурхай хүргэх, эрхзүйн орчин, алба хаагчдын ур чадвар өнөөдөр өндөр түвшинд хүрсэн гэж ойлгодог. Алба маань Монголын ард түмний итгэлийг хүлээж, өдий зэрэгтэй хүрэхэд алба хаагчдын ур чадвар, онцгой байдлын албыг удирдаад явж байгаа үе, үеийн дарга нарын туршлагыг онцолж хэлэх ёстой. Онцгой байдлын алба дотроо манай Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ямар орчин нөхцөлд ажиллаж байна вэ гэдгийг бодох л ёстой асуудал байдаг. Сэлэнгэ аймаг байгаль, газарзүйн талаасаа өвөрмөц онцлогтой. Монгол Улсын ойн сангийн 25 орчим хувь, манай улсын нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг усны 55 гаруй хувь нь энэ нутгаар урсан өнгөрдөг. Мөн олон улсын зам харилцаа хөгжсөн. Байгалийн баялаг ихтэй. Энэ утгаараа байгалийн дагалдах баялгийг дагасан эрсдэл өндөртэй аймаг. Нөгөө талаас манай аймаг 24 цагийн хилийн боомттой учраас олон улсын зам харилцаатай. Төмөр зам дагасан эрсдэл ихтэй. Энэ бүх нөхцөл байдалд манай алба хаагчид нэр төрөө өндөрт өргөж, бахархалтайгаар үүргээ гүйцэтгэж байна. Манай Онцгой байдлын газар бүрэлдэхүүнээрээ нийслэлийн дараа буюу улсдаа хоёрт ордог. Алба хаагчдаас асар өндөр ур чадвар, сэтгэл шаарддаг юм байна гэдгийг энэ албанд томилогдсон жилүүдэд харлаа. Энэ албанд зүтгэхээр тангараг өргөсөн л учраас хүнд хэцүү байсан ч үүргээ биелүүлэх ёстой гэж боддог. Тиймээс хэдэн сараар, ямар хугацаанд ажилласан ч бай хийх ёстой ажлаа л хийлээ гэж ойлгодог.
-Улсын хэмжээнд 190 гаруй түймэр гарсны цөөнгүй нь танай аймагт аслаа. Мөн Хүдэр, Ерөө гээд зарим хэсэгтээ машин техник хүрэх боломжгүй газар түймрийн нөхцөл байдалд ажиллалаа. Хэзээ унтрах нь тодорхойгүй, хүнтэй зэрэгцэхүйц өндөр өвсөн дундах гал руу цэргүүдээ явуулах хэцүү байсан нь мэдээж. Энэ бүх хугацаанд удирдлагаар хэрхэн хангаж ажиллав?
-Алба хаагчид маань хаана үүрэг гүйцэтгэнэ, би тэнд л байж байх дуртай. Миний хувьд ер нь өрөөндөө суугаад байдаггүй. Өглөө орж ирээд хувцсаа солих л хэмжээний. Харин алба хаагчид хаана ногоо цагаа хурааж, машин техник засч янзалж байна, тэнд л байж байдаг. Тэдэнтэйгээ хамт л явж байх их дуртай. Ойн түймэр, усны ослын эрсдэл өндөртэй учраас алба хаагчдынхаа өмнө гараад өнөөдөр ийм үүрэг гүйцэтгээд ирнэ шүү гээд хэлж зогсохдоо нэг л зүйлийг боддог юм. Өнөөдөр гараад маргааш эргэж ирэх бил үү гэж. Муу талаас нь харж байгаа юм биш л дээ. Гэхдээ л бодох асуудал. Тиймээс залуучуудтайгаа хамт хоолоо хувааж идээд, удирдлагаар хангаад сэтгэл тайван байх дуртай. Цэргүүдээ явуулчихаад, яаж байгаа бол гэж үргэлж бодно. Дан ганц би ч биш, ямар ч дарга, удирдлага ийм л байдаг. Ялангуяа холбоо тасарчихвал бүр хэцүү. Тиймээс араас нь санаа зовж, тарчилж суухаар хамт л байж байвал сэтгэл амар байдаг юм. Удирдлагаар хангаж ажиллахын тухайд гэвэл Шадар сайд, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын үүрэг чиглэлийн дагуу ажилладаг. Тухайн газар орон дээр очоод нөхцөл байдалд хэрхэн ажиллах вэ гэдгээ тооцоолдог. Энэ жил түймэр гарсан Хүдэр, Ерөө, Мандал сумын зарим хэсэг бол шувуу ч хүрэхэд хэцүү ойн сан бүхий газар. Ийм тайгад үүрэг гүйцэтгэхээр залуустайгаа 20-30 км газар алхаад явахдаа “Би хаана ирээд ямар ажил хийх гээд явж байна” гэж бодогддог. Тиймээс удирдлага зохион байгуулалтын хувьд маш чамбай байх гэж хичээдэг. Нөгөө талаар техник хэрэгсэл, утсан холбоо харилцаа сүүлийн арав гаруй жилийн хугацаанд өнөөгийн түвшинд хүрнэ гэдэг бол том ололт. Энэ албыг мэддэг үе, үеийн дарга нарын сэтгэл, зүтгэлийн үр дүн гэж хардаг.
Ойн түймэр, усны осол эрсдэл өндөртэй учраас алба хаагчдынхаа өмнө гараад өнөөдөр ийм үүрэг гүйцэтгээд ирнэ шүү гээд хэлж зогсохдоо нэг л зүйлийг боддог юм. Өнөөдөр гараад маргааш эргэж ирэх бил үү гэж. Муу талаас нь харж байгаа юм биш л дээ. Гэхдээ л бодох асуудал.
-Тухайн үед нөхцөл байдал хэр байв. Хөвч ой тайгад олон хоног түймэртэй тэмцэхэд алба хаагчдаа шантрах вий, гэмтэх вий гэж айдаг уу?
-Миний хамгийн том айдас бол тэр. Алба хаагчидтайгаа хамт явахад шантарч, ядарч байгаа нь мэдэгддэггүй. Зарим үед надад ч шантрах үе байдаг. Залуучуудыг манлайлж, зөв удирдлагаар хангаж ажиллана гэдэг өндөр хариуцлага. Үүнийг дагаад байнга түгшүүртэй явна. Хэдэн уул давж хөөж яваад түймрээ цурманд оруулчихаад бөөгнөрөөд суух л хамгийн жаргал юм даа. Тэр үед бүх айдас алга болдог. Манай алба хаагчид дунд ч түүнийгээ ил гаргадаг нэг ч хүн байхгүй. Өөрийгөө хамгаалж явах амархан. Гэхдээ давхар залуучуудаа бодож анхаарч явах ёстой гэсэн бодлыг байнга тээж явдаг. Монгол Улсын хаана, ямар ч гамшиг гарсан очоод үүрэг гүйцэтгэхэд манай алба хаагчид тэргүүн эгнээнд явна. Манай аймгийн байгаль газарзүйн, онцлог нь өөрөө тийм ур чадвар, сэтгэхүйд бэлтгэсэн гэж боддог. Торгуулийн суман шиг явж чадах алба хаагчид бол манай ангийнхан. Яг өнөөдөр түймэрт гараад томилгоот үүрэг гүйцэтгэнэ гэхэд шалтаг хэлж, зовлон тоочих нэг ч хүн байхгүй. Ар гэрийнхэн нь ч сайн ойлгодог. Үргэлж хамт явахаар залуусаа мэдэрдэг болчихдог. Өдрийн халуунд урдаас, дээрээс халсан, ямар ч агаарын солилцоогүй орчинд үүрэг гүйцэтгэнэ. Нөгөө талд яваа алба хаагчидтайгаа 2-3 хоног уулзахгүй. Тэдэнтэйгээ хурдан уулзая гээд төлөвлөгөөгөө яриад л үзэж тарна даа. Өдөржин ажиллачихаад аяга будаагаа буцалгаж суухдаа тэдний ярьж хэлж байгаагаас дотоод сэтгэл бодлыг нь илүү ойлгодог. Заримдаа “Яг ингээд сууж байхад бороо орвол гоё оо дарга аа” гээд сууна шүү дээ. Алба хаагчдыг үүрэг гүйцэтгэж байхад ядарч байна уу гэж асууж болохгүй. Ер нь дөрөвдүгээр сар гарахаар өглөө босоод л уулын толгой ширтээд суудаг болчихдог юм. Өглөө орноосоо өндийхдөө хүртэл уулын толгой утаатай байна уу гэж л босно. Сүүлдээ сүжигтэй болчихдог юм билээ. Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Ер нь л аль нэг газар орныг зааж цагийн байдал өгөхөөр тэнд нь түймэр гарчихаад байх шиг санагддаг. Хэд хэдэн удаа давтагдчихаар өөрийн эрхгүй сүжигтэй болчихдог юм билээ. Дадлага сургуулилт хийж байгаа хүмүүстээ багаж техник бэлтгэлийг нь шалга. Харин түймрийн цагийн байдал битгий өгөөрэй гэж захидаг. (инээв)
-Энэ зуны түймэрт бусад аймгуудаас хэр олон алба хаагч ирж үүрэг гүйцэтгэв. Нэлээд олуулаа ажилласан байх?
-Манайх бүсчилсэн таван аймагтайгаа харилцан хамтын ажиллагаатай явдаг. Энэ жил манай аймагт нөхцөл байдал хүнд байсан учраас давхардсан тоогоор 1020 гаруй алба хаагч ажилласан. Манай үндсэн алба хаагчид бүрэлдэхүүнээрээ ажилласан. Би залуустаа энэ зун сард хамгийн олондоо 10 хоног гэртээ хонолоо. Тэр арав хоног ажил дээрээ хонолоо гэж хошигнож байсан. Сүүлдээ бол тоогоо алдсан.
-Монголчууд энэ зун нэгдэж чадлаа. Энгийн залуус ч үүрэг гүйцэтгэсэн байх?
-Энэ зуны гамшгийн нөхцөл байдалд нэг л зүйлийг ойлгосон. Монголын ард түмэн яаж нэгдэж чаддаг вэ гэдгийг харлаа. Ард түмэнд ингэж сайхан хүндлэгддэг албанд ажиллаж байгаагаараа бахархсан. Таван залуу зорьж ирж гурав хоног ажиллаад буцахдаа ямар аймаар юм бэ гээд буцсан. Энэ жил аврагчдынхаа, ард иргэдийнхээ ач тус хөдөлмөр, хөлс хүчээр маш том эрсдэлийг хохирол багатайгаар даван тууллаа. Наймдугаар сарын 20-доос л хойш нуруу тэнийж, хэдэн залуусаа амрааж байна. Энэ жил баяр наадам юу болж өнгөрснийг мэдсэнгүй. Осолдохгүй хуушуураа идээд л гарцгаасан. Манай алба хаагчид дунд ч гэр бүл, үр хүүхдээ баярлуулна гэж хэлж дуулдаагүй. Зарим хүмүүс түймэр дээр очоод хажуугаас нь усаар шүршээд унтраадаг гэж ойлгодог. Хурал дээр нэг нөхөр “Хөвчид гарсан түймрийг байгалиас өөр яаж унтраадаг юм” гэж хэлж байсныг сонсоод дотор зангираад сэтгэл дундуур л үлдсэн. Байгаль нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ бид тархалтыг нь зогсоох гэж зүтгээд нэг ч гэсэн уулыг аваад үлддэг л байхгүй юу. Ер нь бүх талын хүчин чармайлт л байсан шүү дээ. Хөвч тайгад гарсан түймрийг байгаль өөрөө унтраадаг гэж хүмүүс ярьдаг. Мэдээж байгалийн асар их дэмжлэг бий. Байгаль унтраасан ч түймрийн тархалтыг нь зогсоох, хязгаарлах асуудал чухал.
-Аврагчид хол газар алхахдаа хэр их ачаатай явдаг вэ. Мэдээж хамгийн чухал нь тухайн нөхцөл байдал зохицуулан амраах байх?
-Аврагчид уух ус, буцалгаад идэх будаа, борц, багаж төхөөрөмжөө үүрээд явдаг. Түймрийнхээ нөхцөл байдлыг маш сайн судлах ёстой. Тархах аюултай талаа тогтоож авах хэрэгтэй. Ер нь түймрийг дарж авах боломжтой үе нь шөнө байдаг. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад хоолноос илүү амралт чухал учраас энэ талынхаа тархалтыг зогсоочихоод амаръя, эсвэл тэнд очтол ажиллачихаад тэндээ амарна шүү гээд л явна. Гэхдээ асч байгаа галын хажууд тайван амарна гэдэг яаж ч бодсон хэцүү. Манайд туршлагатай, мэргэшсэн офицерууд олон байгаа нь давуу талыг бий болгодог. Их хэмжээгээр тархсан түймэрт ээлжээр амраагаад зүтгэнэ. Харин бага хэмжээний түймрийг хэдэн цагаар ч хамаагүй нүдэж байгаад унтраадаг. Түймэртээ ороогдоод цурман дотроо хонож байсан үе ч бий.
-Онцгой байдлын алба техник хэрэгслээр хэр хангагдаж байна. Ялангуяа ой, хээрийн түймэрт гар ажиллагаа шаарддаг?
-Хаймар гөвүүр, шүүр бариад явдаг байсныг бодоход техник хэрэгсэл их сайжирсан. Одоо үүргэвчин РЛО, ус цацагч, үлээгч аппарат ашиглаж байгаа. Техник хэрэгсэл, станц, шүүр гээд маш олон хэрэгсэл үүрч явах шаардлагатай болдог учраас хуваарилаад аваад явдаг. Түймрээ хөөгөөд хэдэн км алхахыг мэдэхгүй учраас аль болох хуваарилаад л явдаг даа. 2015 онд бид Алтанбулагийн түймэр дээр тархалтыг нь зогсоох гэж 80 гаруй км газар алхаж байсан.
-Түймрийн голомт дээр ажилласан хүний хувьд нөхцөл шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Олон шалтгаан бий. Сэлэнгэ аймгийн хувьд баялгаа дагаад хүний хөдөлгөөн ихтэй. Бидний алхаад очдог 30-40 км-т хүмүүс аль хэдийн оччихсон самар түүж байна. Аянга цахилгаанаас болж түймэр гарсан нь ч байгаа. Гэхдээ ихэнхдээ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болдог. Засмал замаар машинтайгаа давхиж яваад цонхоороо тамхиа шидэхэд л шууд асна. Ийм тохиолдол ч олон гарч байсан. Үнс нурмаа ил задгай асгах зэргээр хүмүүсийн хайхрамжгүй үйл ажиллагаа маш их бий.
-Энэ жилийн хувьд түймрийн хохирлын үнэлгээ гарсан уу?
-Эхний хагас жилийн байдлаар 1.5 тэрбум төгрөгийн хохиролтой гэж байгаа. Байгаль экологид учирсан асар их хохирлыг мөнгөөр үнэлж баршгүй. Өчнөөн олон залуусын хөлсийг өдөр, шөнөгүй дуслуулж, байгаль дэлхийг хохироож гал алдсан ямар гээч нөхөр байдаг бол гэж бухимдах үе бий. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тохиолдол ч байгаа юм билээ.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай явуулдаг. Танай байгууллагын хувьд урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Урьдчилан сэргийлэх ажил манай байгууллагын өнгөрсөн гурван жилийн тэргүүн зорилт байсан. Жил бүрийнхээ төлөвлөгөөнд хамгийн том зорилтоо урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхойлдог. Аймаг орон нутгийн удирдлага болон алба хаагчиддаа ч гэсэн урьдчилан сэргийлэх ажлыг байнга ойлгуулахыг хичээдэг. Урьдчилан сэргийлэх ажлыг тухайн орон нутагт зохион байгуулах захирамжийг аймгийн удирдлагаар гаргуулж сумдад хүргүүлдэг. Энэ хүрээнд команд штабын сургуулийг ч хийдэг. Удирдах бүрэлдэхүүнээ газрын зураг дээр ажиллуулах дуртай. Малын өвчин, түймэр, усны осол гээд бүх тохиолдлыг газрын зураг дээр тэмдэглэж хаддаг. Аль аймаг суманд, хэдэн жирэмсэн эх амьдарч байна, төдөн мал байгаа зэргээр эрсдэлтэй айл болгоноор нь тэмдэглэдэг нь урьдчилан сэргийлэх ажлын нэг болдог. Урьдчилан сэргийлэх ажилд аймаг орон нутгаас анхаарч хөрөнгө мөнгө төсөвлөж постон дээр маш сайн ажилласан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нэг нь халалт байдаг юм билээ. Энэ жил манайх хөрсөн дээр 70 хэм хүрч халсан.
Наймдугаар сарын 20-доос л хойш нуруу тэнийж, хэдэн залуусаа амрааж байна. Энэ жил баяр наадам юу болж өнгөрснийг мэдсэнгүй. Осолдохгүй хуушуураа идээд л гарцгаасан. Манай алба хаагчид дунд ч гэр бүл, үр хүүхдээ баярлуулна гэж хэлж дуулдаагүй.
-Мандал суманд хэлтэстэй болсноор иргэдэд хүргэх үйлчилгээ хэр сайжирч байна вэ?
-Аймаг 17 сум, зургаан тосгонтой. Энэ онд Мандал суманд Онцгой байдлын хэлтэстэй болсон. Сэлэнгэ аймаг 100 гаруй мянган хүн амтай. Гэтэл Мандал сум 30 гаруй мянган хүн амтай. Хүн амын нягтаршил их, аж ахуй эрчимтэй хөгжсөн ойн сан бүхий онцлогтой учраас онцгой байдлын байгууллагын хүн, хүчийг нэмж өгөх зайлшгүй шаардлагатай байсан. Ой дотор байдаг тосгонд ямар нэг эрсдэл гарлаа гэхэд хамгийн түрүүнд залуус маань л очдог.
-Таны хэлсэнчлэн Сэлэнгэ аймаг усны эрсдэл өндөртэй. Гол усны дуудлагын нөхцөл байдал хэр байна вэ?
-Энэ жил урьд жилүүдийнхээс гайгүй. Гэхдээ долоон дуудлагаар есөн хүний эрлийн ажиллагаа зохион байгуулсан. Дөрвөн хүүхэд нэг дор усанд осолдсон харамсалтай явдал гарлаа. Нэг хүний амь насыг аварсан. Иргэд хаа сайгүй майхан саваа бариад амарч зугаалаад явчихдаг. Байнга сэрэмжлүүлээд байхад үнэхээр хайхрамжгүй ханддаг. Эрлийн хажуугаар янз бүрийн мэргэ төлөг хийлгээд, голын эрэг дээр бөмбөр цохиулаад байхаар алба хаагчдын сэтгэлзүйд хэцүү. Энэ бүхэнд залуучуудынхаа чадварт итгэдэг. Залуус маань хэдэн өдөр шөнөгүй эрж хайгаад олоод өгөхөд баярлалаа гэж хэлэх хүн байдаггүй. Мөсөн дээгүүр явж үзэх гэсэн юм гээд гол руу орчихсон нөхрийг хэдэн өдөр, шөнө ноцолдоод амийг нь аварчихаад байхад эсрэгээрээ бичиг цаас хөөцөлдөөд явах жишээтэй. Баярлалаа гэдэг үгийг сонсоё гэж боддоггүй л дээ. Гэхдээ л залуусаа харахаар өрөвддөг.
-Алба хаагчдын нийгмийн асуудал нэн тэргүүний зүйл. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-Алба хаагчдын нийгмийн асуудлыг анхаарахаас аргагүй. Айхтар анхаарч чадахгүй ч боломж бололцоогоо үргэлж хардаг. Манай алба хаагчдын хувьд байр сууцны хувьд боломжийн. Энэ зун бид түймэр дээр ажиллаж байхдаа Онцгой байдлын албаны алба хаагчдын цалинг шүүгчийн цалинтай харьцуулсан талаар сонсч байсан. Тэгээд түймрээс бууж явахад манай нэг аврагч “Дарга аа, бид заавал шүүгч шиг өндөр цалин авахгүй ч гар дээрээ сая төгрөг авчихдаг бол алж өгнө өө тээ” гэж хэлэхийг сонсоод нээрэн л тийм дээ гэж бодож байлаа. Нөгөө талаас ажиллах орчин нөхцлийг сайжруулах тал дээр анхаармаар зүйлс бий. Алба хаагчдынхаа ар гэрийг ажилтай болгох тал дээр боломжоороо дэмжихийг хичээж байна. Аймгаас хөөцөлдөөд газартай, багахан аж ахуйтай болгох чиглэлээр төлөвлөөд хийж байгаа юмнууд бий. Аймгийнхаа хөнгөлөлттэй орон сууцанд 6-7 залуугаа оруулах гээд ярьж байна. Хичээж байгаа боловч хүрэлцэхгүй зүйлс бий.
-Аврагчдыг сувилалд явуулах ээлжинд танайхаас хэдэн хүн хамрагдаж байна вэ?
-Ар гэрийнхэнтэйгээ ажлаа амжуулж, амарч байгаа байх. ОБЕГ-ын даргын шийдвэрээр манай 50-иад залууг Жаргалант сувилалд амраахаар болсны эхний 30 нь сувилуулаад ирлээ. Одоо 20-иодыг явуулахаар ярьж байна. Боломжоороо шатахуун тосыг нь шийдвэрлээд гэр бүлээр нь амраадаг.
-Энэ жил аймгийн хэмжээнд өвлийн бэлтгэл ажил хэр байна вэ?
-Манай аймагт саяхан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн ажиллаад явлаа. Аймгийн хэмжээнд бүх сум, агентлагийн дарга нараа цуглуулаад өргөтгөсөн хуралдаан хийсэн. Энэ жил манайх бусад аймгуудыг бодвол хадлан тэжээл хангалттай байна. Ер нь өвөлжилтийн бэлтгэл гайгүй сайн байна. Байгууллагын хувьд бол мод түлээгээ бэлтгэнэ. Дулаан цахилгаанаас эхлээд санаа зовж байгаа асуудал байгаа ч хүнд хэцүү гэж харахгүй байгаа.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 1 )
eej hvv 2iig nehiin chinee jijighen moson deer suugaad selenge morond ursahad harsaar bgaad avarch chadaagvi alddag chini selengiin ontsgoigiinhon bish bil vv