АН-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн байгуулсан Шинэчлэлийн Засгийн газрын гол уриануудын нэг нь "Үнэ тогтворжуулах хөтөлбөр" байлаа. Зарим улстөрч "зүгээр" л Монголбанкаар мөнгө хэвлүүлж, угаасан ч гэдэг.
Монгол Улсад инфляцийн түвшин түүхэн хугацаанд байнга өндөр, хэлбэлзэл ихтэй байж ирсэн. Энэ нь эдийн засгаа савлагаа ихтэй нэг салбар (уул уурхайн олборлох үйлдвэрлэл), гадаад зах зээлээс хэт хамааралтай болгосны зэрэгцээ эдийн засагт эрсдэл үүсэхэд түүнийг зөөллөх хамгаалалтын механизмууд буюу хуримтлал бий болгож чадалгүй явж ирсэнтэй шууд холбоотой байв.
2007-2015 онд инфляци ердөө хоёрхон тохиолдолд нь нэг оронтой тоонд орсон байдаг. Эхнийх нь 2009 оны санхүү, эдийн засгийн хямралаар Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2008 оны +8.9 хувиас 2009 онд -1.3 хувь болж агшихад инфляци 22.1 хувиас 4.2 хувь болж буурч байжээ. Харин 2015 онд ДНБ-ий бодит өсөлт 2.3 хувь байхад инфляци 1.9 хувь болж бууран зорилтот түвшингээс доогуур гарч байжээ.
2010-2012 онд инфляци 13.0, 10.2, 14.0 хувь буюу байнга хоёр оронтой тоонд байсан. Үүнд нийт эрэлт өссөн, улсын төсвийн зардал, халамж, хувийн хэрэглээ огцом тэлсэн зэрэг нь нөлөөлж байсны зэрэгцээ инфляцийн 1/3-ийг нийлүүлэлтийн гаралтай инфляци, түүний дотор хүнс, махны үнийн өсөлт дангаар бүрдүүлж байв. Зөвхөн махны үнэ 2010-2012 онд жил бүр дунджаар 34, 2012 онд 44 хувиар өсч байлаа. Энэ бол мэргэжлийн байгууллагаас тухайн үеийн Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар, УИХ-д гаргаж хүргүүлсэн баримтууд.
Хөтөлбөрийн зээлийн эх үүсвэрийг анх Монголбанк банкинд олгосон зээл хэлбэрээр 2013 онд 100 хувь шийдвэрлэж байсан бол 2014 онд 80 хувь, 2015 онд 60 хувь болгон бууруулж, үлдсэн 20 хувь, 40 хувийг банк өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлжээ. Монголбанк 2015 онд хөтөлбөрийн өмчлөл, зээлийн үлдэгдлийг Засгийн газарт шилжүүлж, хөтөлбөрөөс бүрэн гарсан. Эндээс тухайн үеийн Засгийн газар бүрэн хариуцлага үүрэхээр төсөөлөл харагдаж байна. Гэвч..... Бид Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр ашгийг ярих бүү хэл тийм төсөл хэрэгжсэн эсэхийг бараг мартжээ.
Хөтөлбөрийн үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляци гурван жилийн дотор тэг (0.0) болсон гэж тухайн үед Монгол банк холбогдох байгууллагууд дүгнэж байжээ. Цөөн жишээ авч үзье. “Хишигтэн нүүдэлчин”, “Зургаан хошуу” компаниуд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн байдаг. “Хишигтэн нүүдэлчин” групп 155 үнээ, таван бухыг 1575.8 сая төгрөгөөр худалдан авчээ. Таван бух нь 74 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн Хайрхан трейд компани Төв аймгийн Аргалант суманд 4000.0 сая төгрөгийг авч малын тэжээл бэлтгэх, материал тоног төхөөрөмжийн зардалд авсан байдаг юм. “Ноён Туул” 1.8 тэрбум авсан ч тодорхой хөтөлбөр, ажилгүй, “Дан замд хайрхан” компани 3.8 тэрбум төгрөг авч, түүнээсээ хоёр тэрбумыг нь “Хөх тана” компанид өгсөн байдаг. “Ноён Туул” тодорхой, төсөл ажилгүй хөтөлбөрийн мөнгө үндсэндээ үргүйдсэн байдалтай. “Мөнхийн Монгол ургац” компани 2.5 тэрбум төгрөг Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан мөнгөөрөө тодорхой ажил, үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн Төв аймагт Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан цөөн компанийн тухайд дурдахад ийм байна.
Эндээс нэг зүйл ажиглагдсан нь томоохон комани Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаад мөнгө авангуутаа охин компаниуд, туслах компаниуддаа шилжүүлсэн байдаг юм билээ.
Гурил, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ тогтворжуулахад гурван их наяд төгрөг зарцуулах үүнээ шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум, өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум, Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мэдээж хэрэг, Н.Алтанхуягийн Засгийн газрын “Чингис бонд”, “Самурай бонд”, улсын төсөвтэй зэрэгцсэн дөрөв дэх “төсөв” байсан юм.
Өнөөдөр Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг бид мартжээ. Н.Алтанхуягийн үед эхэлсэн энэ төсөл үр дүнгээ Монголчуудад өгсөн үү. Хэн хариуцлага хүлээх вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хариуцах эзэнгүй болжээ. Цагтаа таван бухыг 74 сая төгрөгийн үнэ хүргэсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэнээс нэхэх вэ?
Д.Дорж
Эх сурвалж:www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
офшорчыг олшруулах төсөл байжээ одоо атг - ажлаа хийх цаг нь болж буух эзэнтэй буцах хаягтай л юм байна шдээ
Одоо тэр С.Эрдэнэ мэтийн даравгарууд нь юу ч болоогүй царайлаад байж байгааг нь хараарай. Аяга байсан бол шал руу чулуудчихмаар олон хүн АН-хан дунд байна.
Энэ мэтээр далимдуулсан хулгайг тоочоод барахгүй. Гайгүй албан тушаалын бүх хүмүүс хамрах ба үр ашгийг нь ард түмэн биш төрлийн хүрээнд хүртэнэ гэсэн далд хуультай.Энэ бол одоогийн шудрага үнэн!!!! Төрийн бүх албан тушаал худалдагдсан тул тэд шархаа нөххөөс нааш улсад үнэнч ажиллах гэдэг тэнэг бодол. Төрөө ингэж худалдхад мэдээгүй тэнэг хүмүүсдээ бид!! Цаадуул чинь давраад эх орныг маань худалдхаар сэм тохироод тэр нь хужаагийн хэвлэл мэдээллээр шуугиад байгаан бишүү малуудаа?!!
Ардчилсан намынхан энэ мэт хулгай луйвраа мэдэхгүй эх оронч нэртэй ерөнхийлэгч нь улс орныг хагаан бутаргах үйл ажилагаа явуулж байгаагаа болиод энэ үеийн луйварчидтай хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ
АН -ханы хөрөнгийг хурааж ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ гэсэн гарчигийн дорр хулгай хийж хохироосон хохиролыг төлүүлэх хэрэгтэй .