Ш.Чулуунаа: Өвдөлт болон тавгүй мэдрэмжүүдийг бодитойгоор оношлох боломж бидэнд бүрдээд байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

Манай орны хөгжлийн өнөөгийн түвшинд хүн амд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, тэдний эрэлт, хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, өвчнийг эмчилж илааршуулах, сэргийлэх талаар нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр, зөвлөгөө, туслалцаа нэн шаардлагатай хэвээр байгаа билээ. Бид энэ удаа Монголын анагаахын салбарт цоо шинэ орон зайг үүсгээд буй нэгэн сонирхолтой судалгаа, үйлчилгээний талаар ярилцахаар Доктор Ш.Чулуунааг урилаа.


-“Эрүүл мэндийн байгууллагын менежментийн өөрчлөлтийн зарим асуудал” сэдвээр бизнесийн ухааны удирдлагын докторын зэрэг хамгаалжээ.  “Пэйн клиник” чиглэлээр манай улсад анхдагч гэдгээрээ их сонирхол татаж байна. Энэ талаараа өгүүлбэл?

-Анагаахын түүхэнд бизнесийн ухааны доктор хамгаалсан хүн цөөхөн байдаг. Пэйн клиник гэдэг нь /pain-өвдөлт/ гэх англи үгнээс гаралтай, өөрөөр хэлбэл, өвдөлтийн менежментийг удирддаг эмнэлэг гэсэн утгатай. Эмчийн зүгээс энэ судалгааг хийхдээ, энэхүү цоо шинэ салбарыг Монгол улсад хэрхэн хөгжүүлэх, энэ салбар өөрөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэр оновчтой, манайд хэрэгцээтэй эсэх, одоо орж ирэх цаг нь болсон уу, эрүүл мэндийн байгууллагуудыг өөрчлөх хэрэгтэй юу,  өвдөлт гэж юу болох, түүнийг хэрхэн удирдах, яаж өвчингүй байлгах, амьдралын чадамжийг нь яаж хадгалж үлдэх, архаг өвчтэй хүмүүсийг удирдана гэж юуг хэлээд байгаа гээд нэг ёсондоо анагаах талаас нь нарийвчлан судалсан гэж болно.   

-Судалгаагаа хэдэн оноос эхлэв, хэр удаан үргэлжилсэн бэ?

-2005 оноос судалгаагаа хийж эхэлсэн. Харин 2010 оноос үүнийгээ бизнес гэх ойлголт руу чиглүүлсэн, өөрөөр хэлбэл, энэ чиглэлийг бизнес гэж үзвэл эрэлт хэрэгцээ хэр байгаа, монголын хүн амын эрүүл мэндийн байдал өнөөгийн түвшинд ямархуу байгаа, эмч нарын боловсрол ямар түвшинд байна, эмчилгээний тоног төхөөрөмж ямар байна гээд, ерөнхийдөө анагаахын энэ шинэ салбарыг Монгол улсдаа нутагшуулахад шаардагдах судалгааг шинжлэх ухааны үндсэн дээр 10 гаруй жил хийсэн. Анагаахын энэ шинэ төрлийн үйлчилгээг зах зээлийн нийгэмд яавал эрсдэлгүйгээр хөгжүүлж болох вэ, ингэснээр бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг яаж өөрчлөх вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Монгол улсын хүн амын бараг 70 хувь нь ямар нэгэн суурь өвчтэй байна гэсэн үзүүлэлт судалгаагаар гарч ирээд байгаа. Иймд хүн амыг эрүүлжүүлэхэд чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг яаж өөрчилж болох, амьдралын чадамжтай хүнийг бид нийгэмд хэрхэн гаргах, гадаад руу урсаад байгаа мөнгөний урсгалыг бид энэ тусламж үйлчилгээг үзүүлдэг болсноороо хэдэн хувийг нь өөрийн оронд нутагшуулж чадах гэх мэт олон асуудлыг шинжлэх ухааны үүднээс гаргаж ирсэн юм.

-“Өвдөлтийн менежмент” гэж яригдаад байгаа. Өвдөлтийг намжаах нийгэмлэг, холбоо санаачлан байгуулсан гэж сонсогдсон. Түүний үйл ажиллагааны талаар тодруулбал?

-2005 онд би анх Швейцарь улсад сургалтад явж байлаа. Миний үндсэн мэргэжил мэдрэлийн эмч. Цэргийн байгууллагад 19 жил эмч хийсэн, дэд хурандаа цолтой хүн. 2005 онд би Энхийг сахиулахын шугамаар сургалтад явсан юм. Тэрхүү сургалтын маань сэдэв: “Гамшгийн үед эрүүл мэндийн албыг яаж зохион байгуулах вэ”. Онцгой байдал гэх  мэт гамшгийн үед ажилладаг төрөл бүрийн мэргэжлийн байгууллагын  ажилтнууд дээр эмч нар нэмэгдэн нэг баг болж оролцох үед өвдөлт гэх ойлголт хамгийн эхний асуудал болоод байсан. Гамшгийн үеийн гэмтлээс үүдэлтэй өвдөлтийн шокийг зөв удирдах нь маш чухал гэдэг нь харагдаж байлаа. Тухайн үед хурц өвдөлтийг яаж удирдах вэ, ослын үед шокоос хүнийг хэрхэн аврах, хүнд гэмтэлтэй, сэтгэл санааны тавгүй байдалд орсон хүнийг архаг шокоос яаж гаргах вэ гээд маш олон зүйлийг тэр сургалтаас мэдэж авсан гэж болно. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийг амьдралын чадамжтай үлдээхийн тулд архаг өвдөлтийг удирдах гээд энэ шинжлэх ухааныг өөрийн оронд хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэх санааг тэндээс аваад 2006 онд улсын клиникийн төв эмнэлэгт мэдрэлийн клиникийн эрхлэгчээр ажиллаж байхдаа манайхан судасны эмгэг, удамзүйн гэмтлийн эмгэгийг судлаад байсан болохоос биш мэдрэхүй талаас нь хардаггүй юм байна гэж ойлгосон. Ингээд энэ залуу шинжлэх ухааныг анагаахын салбарт хөгжүүлэх хэрэгтэй юм байна гээд анх өвдөлт намжаах нийгэмлэгийг 2007 онд байгуулж байлаа. 

-Ер нь өвдөлт мэдрэлийн талаас их улбаалдаг биз?

-Ямар нэгэн эрхтэн хөндүүрлэн зовиурлахыг бид ихэвчлэн өвдөлт гэж ойлгодог. Өвдөлттэй холбоотой энэ шинжлэх ухаан одоогоос 40 жилийн тэртээ үүссэн гэхээр харьцангуй, дэндүү залуу салбар гэж болохоор. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л бие биеэ эмчилсээр ирсэн байж таарна. Өвдөлт гэдэг нь үзэгдэх харагдах юмгүй субъектив хийсвэр зүйл гэж ойлгож байтал энэ маань бодит юм байна гээд шинжлэх ухааны үүднээс үздэг, мэдэрдэг болчихонгуут энийгээ бид судлаад эхэлж байна. Дэлхий нийт өвдөлтийн талаар тодорхойлолт гаргасан байдаг. Үүнд: бидний биеийн болоод сэтгэцийн тавгүй мэдрэмж бүхнийг өвдөлт гэдэгт хамруулдаг. Өөрөөр хэлбэл, гар бадайрах, хүзүү толгой хөших, энд тэнд загатнах, сэтгэл санаа тавгүйрхэх, анхаарал төвлөрөхгүй байх, амархан стресстэх, насандаа тохирохооргүйгээр оюуны чадамж буурах гээд энэ бүгдийн учир шалтгааныг судлаад байгаа салбарыг л өвдөлтийн менежмент гээд байгаа юм. Хүн гэдэг юуны түрүүнд өөрийн таагүй байдлаа мэдрээд байдаг. Өвдөлт гэдэг нь ямар нэгэн байдлаар хүнд мэдрэгдэж эхэлдэг тул үүнд хүндэтгэлтэй хандаад цаг тухайд нь эмнэлгийн байгууллагад хандаж сурах хэрэгтэй байгаа юм. Нуруугаа өвдөхөөр “даарахаар ингэдэг” гээд, өвдгөөр нь өвдөж эхэлбэл “угаасаа нас ахиж байгаа болохоор өвдөлгүй яахав” гэсээр байгаад бүр дор орж, өвдөгний хиймэл үе солихоос өөр аргагүй болсон үедээ эмнэлэгт хандах жишээний. Гэтэл дэлхий дахинаа хөгжингүй бүх улс орнуудад өвдөлтийг судалдаг үндэсний төв /National Pain Clinic буюу Үндэсний Өвдөлтийн Төв/ гэж байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.  Тэгэхээр улс орон бүр өөрийн гэсэн өвдөлт судалдаг төвтэй, тэрүүгээрээ дамжуулаад аливаа өвчлөлийг маш эрт оношилдог. Харин манай практик дээр жишээ нь, “Долгор гуай дандаа л ингээд өвчин хэлээд явдаг юм, ойр зуурын хэдэн эм бичиж өгөхөөс” гээд өвдөлтийг түр намжаах арга хэмжээ авдаг. Гэтэл ямар нэгэн өвдөлтийг түр дарах биш, бүр үндэс угаар нь эмчилж анагаах шаардлагатай юм.

-Манай улсад энэ чиглэлийн Төв байгуулагдсан уу? Төр засгаас хэр анхаарч байна?

-Байхгүй. Манай анагаахын салбарын өөрийнх нь тусламж үйлчилгээнд орж амжаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, манайх өвдөлт гэдэг салбараас зөвхөн хурц өвдөлтийн асуудал болох хагалгааны өвдөлт дээр их анхаарч байна. Өмнө нь мэс засалд орохдоо бүгдийг наркозтой хийдэг байсан бол одоо нугасаар мэдээ алдуулаад эхийн төрөлтийг удирдаж, хагалгаа хийж байна. Мөн “Хавдаргүй Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хавдрын өвдөлтийг удирдаж сурсан. Нэгэнт амьдрал нь тодорхой болчихсон, хавдраас болоод тэр их хүчтэй өвдөлтийг мэдэрч байгаа хүнийг хэрхэн хөнгөвчилж, үлдэж буй амьдралыг нь өнгөрүүлэх вэ гэдэг дээр тодорхой ололттой зүйлс хийгдэж байгаа. Харин бусад өвдөлтийн асуудлууд манайд огт орхигдсон байгаа тул миний яриад, судлаад байгаа зүйл бол, эмнэлэг бүрт өвдөлтийн тасаг, улсын хэмжээнд өвдөлтийг судлах Төв байгуулах ёстой, ингэж байж анагаах ухаан маань хөгжиж, зөв гольдрилоор явна гэсэн үзэл санаа юм.

Одоо миний судлаад байгаа салбар бол дэлхий нийтийн стандартаас манай анагаахад цоо шинэ хоосон орон зай үүсгэн үлдчихээд байгаа цонх гэж болно.

Тийм учраас үүний жижиг загварыг толилуулах зорилгоор хувийн багавтар эмнэлэг байгуулан үйл ажиллагаа эрхэлж байна.

Энэ эмнэлэг манай оронд хамгийн анх удаа өвдөлтийн оношлогоог хийж байгаа. Өөрөөр хэлбэл, яг таны биед өвдөөд байгаа зүйл бодитоор байна уу, танд тавгүй мэдрэмж төрүүлээд байгаа зүйл үнэхээр оршиж байна уу, таны тархины даралт, цусны эргэлт ямар байгаа, өвдөлт өгөөд байгаа хэсэгт үнэхээр бодитоор асуудал үүсч үү, үгүй юу, үений тань бүрэн бүтэн байдал хэр хадгалагдаж байгаа, ямар нэгэн саа саажилт байна уу гэдгийг бүгдийг нь нэгд нэгэнгүй гаргаад ирнэ гэсэн үг юм.   

-Бүтэн биеийн оношлогоог хийхдээ ямар төхөөрөмж ашиглаж байгаа вэ?

-Thermagraphy гээд манай оронд анх удаа температурыг инфра улаан туяаны тусламжтайгаар ашигласан шинэ дэвшилтэт технологийг оношлогоонд хэрэглэж байна.

-Энэ төхөөрөмж манайд хэр түгээмэл хэрэглэгдэж байгаа бол?

-Манай улсад ганцхан байгаа. Өвдөлтийг оношлодог энэ аппарат төхөөрөмжийг бид 2011 онд анх Монгол улсад оруулж ирээд, Солонгосын эрдэмтэд өөрсдөө Эрүүл мэндийн яаман дээр зөвлөгөөнөө хийгээд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

Өмнө нь температур гэдгийг зөвхөн халуун үзэх зорилгоор хэрэглэдэг байсан бол одоо яг хаана өвдөж, хаана тэжээл дутаад байгаа, аль хэсэг дээр хавчигдал үүссэн зэргийг тодорхойлж байна.

Жишээ нь, өвдөгний асуудлын үед зураг дээр шингэн багассан нь л харагддаг бол яаж холгож тэжээлгүйдэлд хүргэснийг манай төхөөрөмж маш нарийн гаргаж ирдэг. Нурууны хагалгаанд орох хүнд гэхэд, MRI дээр хавчигдал үүссэн нь харагддаг бол харин энэ өвчлөл нь яг хагалгаанд орох заалт мөн үү, үгүй юу гэдгийг манай төхөөрөмж алдаагүй хэлээд өгдөг. Нэг ёсондоо, өвдөлт гээд субъектив хийсвэрээр яриад байдаг зүйлээ одоо бодитоор хардаг болсон гэсэн үг. Манай төхөөрөмжийн тусламжтайгаар өвдөлт дамжиж буй замыг маш нарийн харж байна.

-Энэ төхөөрөмж тэгвэл эмнэлэг болгонд байх шаардлагатай зүйл байна шүү дээ!

-Байх ёстой. Манай нөхцөлд өвдөлтийг бүрэн дүүрэн оношилж чадахгүй байгаа.  Хүн “өвдөөд байнаа” гэхэд нь “зүгээр дээ” гээд явуулах бус, тавгүй байгаа мэдрэмж нь юунаас үүсэлтэй, ямархуу хэмжээнд байгаа зэргийг тодорхойлох шаардлагатай. 2007 оноос Америкт төвтэй Дэлхийн олон улсын өвдөлтийн нийгэмлэгт бид элссэн бөгөөд энэхүү байгууллага бол байнгын ажиллагаатай, сар бүр бидэнд сурах бичиг сэтгүүл илгээж байна. Өөрөөр хэлбэл, Sharhuu Chuluunaa гээд Монгол улсаас дэлхийд дансаа тогтоосон гэсэн үг. Pain чиглэлээр дэлхийн эрдэмтэд юу хийж байгааг сар бүр бидэнд мэдээлж байна. Дэлхийн нийгэмлэгийн сургалтын баазаар биднийг сар бүр хангаж байна гэхэд болно.

-Симпозиум зохион байгуулагддаг гэж байсан. Энэ талаар тодруулбал?

-Дотооддоо эмч нараа сургах, мэдээлэл өгөх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг. Монголд 9 удаа хийж байна. Нэг жилд нэг сэдвээр хийхдээ гадны эрдэмтдийг уриад, зөвлөгөө авч туршлага солилцдог. Энэ чиглэлээр Анагаахын сургуулийн хөтөлбөрт тусгагдаагүй учраас сурах бичиг байхгүй, шинээр эмч болж буй хүмүүс энэ салбарыг судалж төгсөөгүй, эрт төгссөн эмч нарт энэ талаар заагдаагүй,  Эрүүл мэндийн яамны тусламж үйлчилгээнд “өвдөлтийн менежментийн удирдахуй” албан ёсоор стандартчлагдаагүй байгаа.

-Манай орны хувьд бол цоо шинэ салбар байх нээ?

-Тийм. Үнэхээр цоо шинэ салбар. Үүнийг манай улс оруулахгүй бол болохгүй. Дэлхий нийт бүгдээрээ үүнийг барьчихаад, энэний дагуу анагаахын үйлчилгээгээ хийгээд байна. Өнгөрсөн жил гэхэд, Японы Якохамад дэлхийн 16-р их хурал болсон юм. Энэ хуралд дэлхийн бараг бүх орноос төлөөлөгчид ирсэн бөгөөд нэг ёсондоо энэ салбарын Олимп болсон гэж болохоор. Дэлхийн 185 орны 2000-аад эмч, судлаачид нэгэн дор цугларч, эрүүл мэндийн салбарт биеэ даасан шинжлэх ухаан болон хөгжиж байгаа өвдөлт судлалын талаар туршлага солилцсон юм.  “Өвдөлтийн менежмент”-ийн салбарт бүх төрлийн эмч нар ордгоороо онцлогтой.

Энэ салбарыг хөгжүүлснээр аливаа өвчлөлийн онош нарийн тодорхой болж, эмчилгээ илүү найдвартай хийгддэг.

Жишээ нь, нуруу өвдлөө гэхэд өмнө нь, ерөнхийд нь бариа татлага, шарлага хийчихье гэдэг байсан бол одоо энэ шинжлэх ухаанд тэгэхгүй.  Нурууг нарийн шинжилж оношлоод, яг зангирсан тэр хэсэгт нь л тариа ажилбар хийнэ. Нэг ёсондоо яг тэр мэдрэл рүү нь, ширхэгээр нь хийнэ гэсэн үг. 

-Мэдрэлийн яг асуудалтай хэсгийг хэрхэн тодруулдаг вэ?

-Одоо хөгжилтэй орнуудад мэдрэлийг ЭХО-гоор хардаг болсон. Рентген туяагаар хордуулахын оронд яг тухайн хэсэг дээр ЭХО тавьж, харж байгаад тариа ажилбараа хийж байна. “Грандмед” дээр хийгдээд байгаа нуруу нугасны тарилга бол үүний нэг хэсэг гэж болно. Өмнө нь бид мэдрэлийг сайн харалгүй, зөвхөн судсаа хардаг байсан. Тодруулагч бодис хийхээр зөвхөн судас л харагддаг, тэгээд бид түүгээр л хагалгаа хийдэг байсан бол одоо энэ дэвшилтэт шинжлэх ухаанаар бид мэдрэлийг, дотор байгаа булчинг дэлгээд тавьсан мэт нийтээр нь харах боломжтой болсон. Иймээс эдгээр мэдрэлүүд дээрээ бодитой ажилбарууд хийдэг болсон. Жишээ нь, хэн нэг хүний чих өвдөж шуугилаа гэхэд, хаагуур нь тарьж булчинг нь суллаж өвдөлтийг намжаах вэ гэдгийг заах гарц, замтай нь тодруулж өгдгөөрөө энэ шинжлэх ухаан цоо шинэ юм.

-Мэдрэлээс үүдэлтэй өвдөлтийг манайд оношлоход түвэгтэй биз? 

-Манай эмнэлэгт хэвлийн өвдөлтөөр таван удаа мэс засалд орсон нэг эмээ эмчлүүлж байгаа. Хэвлийгээр нь айхавтар хүчтэй өвдөлт өгөхөд нь манайд оношилж чадахгүй, мэс ажилбар хийхээс өөр аргагүйд хүрсэн байна. Ингээд мэс засал хийгээд үзэхээр дотор эрхтнүүд нь зүв зүгээр, ямар ч асуудалгүй байгаад байдаг. Хагалгаа хийлгэлээ гээд өвчин нь ч намжихгүй он удаан жил зовж явсан байгаа юм. Иймэрхүү төстэй өвчлөлүүд тохиолдсон олон хүн байна. Жишээ нь, зарим бүсгүйчүүдийн сарын тэмдэг үзэгдэх үеэр тэсэхүйеэ бэрх өвдөлт мэдрэн эвхрээд хэвтчихдэг. Тэгээд өндгөвч асуудалтай байна гээд хагалгаа хийлгээд ч өвчин нь намддаггүй.

Тэгэхээр иймэрхүү “тэнэсэн өвдөлтүүдийг” судалдаг салбар бол бидний судлаад байгаа энэ шинжлэх ухаан юм. Гадныхан ЭХО-доо харж байгаад захын мэдрэлийг эмчилж байна.

-Манай улсад мэдрэлийг хардаг ЭХО байдаг уу?

-Байхгүй. Түүнийг авахад мөнгө хэрэгтэй. Үнийн хувьд нэлээн өндөр. Ийм төрлийн ЭХО байдаг гэдгийг манай улсад бараг мэдэхгүй байгаа. ЭХО төхөөрөмжөөр цул эрхтнүүд хардаг гэсэн ойлголттой  болохоос биш, мэдрэл хараад, хэрэгтэй хэсэгт нь хатгаад эмчилгээ хийдэг гэдгийг эрүүл мэндийн салбар маань ч нэвтрүүлж чадаагүй байна. Харин хөгжилтэй орнуудад маш түгээмлээр ашиглаж байгаа. 

-Дээр дурдагдсан хэвлийн өвдөлт бол бас л мэдрэлээс үүдэлтэй байж болох нээ?

-Тэр бол мэдээж, хэвлийн “тэнэсэн өвдөлт”. Яг эд эрхтэн өвдөж байгаа мэт мэдрэмж өгөхөөр нөгөөх нь андуурагдаж мэс засалд ороод авах юмгүй гарч ирээд байгаа гэсэн үг юм. Иймэрхүү өвдөлт бол зүгээр нэг анальгин, димедролд дарагдах зүйл биш. Мэдрэлийн өвдөлт өөрөө их ноцтой учраас баргийн зүйлд дарагддаггүй. Цахилгааны утас шиг нарийхан мэдрэл хэмээх зүйл маань эмтрээд ирэхээр шамарсан хэсгээрээ мэдрэгдээд, эсвэл дарагдаад галзуурах мэт өвдөлтийг өгдөг. Үүнийг хүн тэсэхүйеэ бэрх. Энэ нь хурц биш, архаг байхаараа бүр аюултай. Байсхийгээд л толгой нь таллаж өвдөөд сүйд болдог, эсвэл ялимгүй ачаалал авахаараа хүзүү нуруу нь хөшөөд, булчингийн өвдөлтүүд өгдөг. Иймээс одоо манай оронд өндөр түвшинд анагаахын тусламжууд үзүүлэх цаг хэдийнэ болсон.

Бид өмнө нь энэ “өвдөлтийн менежмент”-ийг мэддэггүйгээсээ болоод хүмүүсийг нурууны хагалгаа, тариа ажилбарт гээд явуулаад л байсан.

Одоо харин Монголдоо нурууны хагалгаа хийж, үеэ сольдог болсон хэдий ч заавал тэр бүтэн эрхтэнийг бид өөр хиймэл юмаар сольдог болтол нь явна гэдэг бол үнэхээр эмгэнэл. Тэгэхээр бидэнд Үндэсний Өвдөлтийн Төв зайлшгүй чухал хэрэгтэй байна. Тэр Төв дээр ямар нэгэн архаг өвчтэй, таагүй мэдрэмжтэй хүмүүс оношоо тодруулахын тулд очдог. Жишээ нь, толгой таллаж өвдөөд байгаа нь тархины судсанд байна уу, мэдрэлтэй холбоотой юу, эсвэл хавдар байна уу гэдгийг нарийн тогтоолгохоор очно. Хэдий чинээ эрт оношлуулна, эрт үед нь мэдэж, эмийн бодисын замбараагүй хэрэглээнд өртөхөөс сэргийлж чадна.

-Өвдөлт намдаах эм тодорхой хэмжээгээр хор нөлөөтэй биз?

-Зарим хүмүүс өвдөлтөө намжаахын тулд бараг ходоодоо цоортол эм уусан байдаг.  Мөн ямар нэгэн өвдөлт зовиураа түр хугацаанд эмээр дарж явсаар байгаад гэнэт бүр илүүтэй ноцтой нөхцөл байдалд ордог. Жишээ нь, сүрьеэ өвчний үед нуруугаар ялимгүй өвдөх шинж мэдрэгдэхээр нь өвчин намжаах эм ууж явсаар байгаад нэг өдөр л хатуулаг эд нь хайлан алхаж гишгэж чадахаа больдог.

-Олон жилийн судалгаан дээрээ түшиглэн харахад, манай иргэдийн эрүүл мэнд ямархуу түвшинд байх шиг байна?

-Манай орны иргэдийн бараг 70 хувь нь ямар нэгэн өвчин эмгэгтэй байна. Тиймээс эдгээр эмгэгтэй хүмүүсийг эртхэн оношлож, зөв эмчлээд, эд эрхтнийг нь эвдэлж сүйдэлж, хиймэл эд эрхтнээр орлуулахаас өмнө эмнэлгийн тусламж үйлчилгээгээ зөв чанартай, богино хугацаанд үзүүлээд, амьдралын чадамжтай иргэдийг нийгэмд үлдээх нь миний судалгааны ажлын гол зорилго гэж болно.

-Судалгааны багтаа олуулаа байсан уу?

-Дотооддоо бол судалгаагаа би өөрөө хийсэн. Харин гадны эрдэмтэдтэй хамтарч ажилласан. Монголд судлагдаагүй, үүсээгүй шинэ салбар болохоор өөрийн эрдэмтэдтэй хамтрах боломж хомс байсан. Өөрөө анхдагч болж байгаа учраас ИнХа Их сургуулийн эрдэмтдээр өөртөө багшлуулж их зүйл сурч мэдсэн. 2009 онд манай нийгэмлэгийн шугамаар зургаан эмчийг Солонгос улсад үнэ төлбөргүй явуулж, сургасан юм. Гэвч энэ шинжлэх ухааны систем Монголд нутагшаагүй учраас тэдний сурч мэдсэн ажилбарыг эмнэлгийн дарга нар нь стандарт батлагдаагүй шалтгаанаар хийлгээгүй.

-Энэ салбар манай оронд хэрэгжих нөхцөл, тохироо хараахан бүрдээгүй байгаа юм аа даа?

-Тийм учраас л энэ чиглэлээр Төр, Засгаас зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм. Би 10 гаруй жилийн судалгааны ажил, хүч хөдөлмөрөө амьдрал практик дээр хэрэгжүүлэх юмсан гэсэн гэгээн мөрөөдөлтэй явдаг. Би 2002-2003 онд Израиль улсад суралцахдаа ерөнхийдөө судасны талаар гүнзгийрүүлэн судалж, гүрээний судасны бүлэнгийн чиглэлээр их сонирхсон.

-Энэ гүрээний судасны бүлэн тийм их ач холбогдолтой эд үү?

-Тэр үед миний нэг олж мэдсэн зүйл бол хөгжилтэй оронд 40-өөс дээш насны хүмүүсээ дандаа энэ гүрээнийх нь судасны бүлэн байдлыг үзээд, хэрвээ тэнд нь хайлахгүй бүлэн байвал 20-хон минутын хэсгийн мэдээ алдуулалттай мэс ажилбараар авчихдаг юм билээ. Ингэснээр тухайн хүн ирээдүйд хэзээ ч цус харвалт, зүрхний шигдээсээр өвчлөхгүй, үүнтэй холбоотой элдэв эм тариа хэрэглэхээс насаар нь сэргийлсэн эмчилгээ хийлээ гэсэн үг юм.

-Нутагтаа ирээд энэ талаар ямар нэгэн зүйл хийсэн үү?

-2008 онд Америкийн эрдэмтэд болон мэс заслын эмч Батчулуунтай хамтран 1-р эмнэлэгт гүрээний судасны бүлэн авах анхны хагалгааг хийж, “Ашигтай загвар”-ын гэрчилгээ авч байсан. Энэ хагалгаанд аргагүйн эрхэнд “амьдралын заалтаар” орж байгаа өвчтөн хамрагдсан юм. Тухайн үед 1-р эмнэлгийн судасны мундаг мэс засалч, анхны дурангийн хагалгааг хийж байсан талийгаач Рашир эмчид энэ талаар сонирхуулахад, тэднийд хоёр удаа харваж, нэг удаа зүрхний шигдээс болсон хүн ирээд байгаа гээд, тэр хүний амийг аврахын тулд уг хагалгааг хийж болох юм гэсэн. Ингээд зүрх судасны монитор төхөөрөмжгүй эмнэлэг дээр бид судасны хагалгаа хийсэн. Гэхдээ “амьдралын заалтаар” ороод хийсэн, амжилттай болсон.

-“Амьдралын заалт” хэмээх нэр томьёоны талаар тодруулбал?

-Амьдралын шаардлагаар гэсэн үг л дээ, тэр хүнийг амьд үлдээхийн тулд.  Жишээ нь, та хэдийгээр хүсэхгүй байсан ч таны олгой дотроо хагарах гээд байвал танд олгойны мэс засал хийж таарнаа даа. Үүнтэй л агаар нэг гэсэн үг. Амьдралын шаардлагаар хүний амь насыг аврах тусламж үйлчилгээ гэж эрүүл мэндийн байгууллагад байдаг. Түүний нэг нь энэ тохиолдол байсан юм. Тэр хүний харвалт, зүрхний шигдээсийн гол шалтгаан болоод байсан гүрээний судасны бүлэнг л авчихвал аврагдах магадлалтай байсан бөгөөд бидний хагалгааны ачаар өнөөг хүртэл тэр хүн амьдарсаар байгаа.

-Хагалгаа амжилттай болсон болохоор энэ чиглэлийн мэс ажилбарыг цаашид хөгжүүлэх тал дээр анхаарч ажилласан уу?

-Уг нь 2008 онд тэр хагалгааг хийж, “Ашигтай загвар”-ын гэрчилгээ авснаас хойш л манай анагаахад энэ талаар хөгжүүлээд явсан бол тархины цус харвалт, зүрхний шигдээсээр таалал төгссөн олон хүний амийг аврах боломж байсан. Гэвч харамсалтай нь, манайд өнгөрөх жилээс Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэг дээр л зүрх судасны мэс засалтай хамт хийгдэж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн 8 жилийн дараа л энэхүү ашиг тустай үйл биеллээ олж эхэлсэн гэсэн үг юм. Энэ өнгөрсөн 8 жилд тархины цус харвалт, зүрхний шигдээсээр бид хэдэн хүнийг алдаж, хэдэн хүнийг эрэмдэг болгож үлдээснээ мэдэхгүй. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай, оновчтой байх тусмаа иргэд маань амьдралын чадамжтай үлдэх болно. Энэ бол хууль.

-“Өвдөлтийн менежмент”-ийн сэдэв рүүгээ эргээд орцгооё. Энэ талаар дэлхий нийтийн чиг хандлага одоо ямар түвшинд яваа вэ?

-Мэдрэл харна гэхээр бид зүгээр нэг компьютерт хараад болчих мэт төсөөлдөг. Тэгвэл гадны улс орнууд мэдрэл дамжих замууд, мэдрэлийн эсүүд, цахилгаан бичлэгийг судалж байна. Өөрөөр хэлбэл, ийм олон аргаар мэдрэлийг бүр эсийн  түвшинд судалдаг болсон.

Бид дэлхийн анагаах ухааны хөгжлөөс хол хоцрохгүйн тулд энэ салбарын эхний галыг асаах цаг хэдийнэ ирсэн.

-Уг нь энэ салбарыг хөгжүүлж чадвал манай анагаахын салбарт мундаг дэвшил авчрах нээ?

-Би 2013 оноос эхлээд л Эрүүл мэндийн яаманд энэ талаар санал хүсэлт тавьж эхэлсэн. Ингээд докторын ажлаа яаманд албан ёсоор хүлээлгэж өгөөд, энэ салбарыг нутагшуулъя гээд 2013 оны 9-р сард Дэлхийн өвдөлтийн менежментийн нийгэмлэгийн тэргүүн болон Солонгосоос эрдэмтэд урьж авчраад, Эрүүл мэндийн яаман дээр албан ёсоор сургалт явуулж байсан юм.

-Шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд хэрхэн дэмжиж байсан бэ?

-Бид өөрсдийн хэр хэмжээнд жил бүр эмч нар дундаа сургалт зохион байгуулж, Солонгосоос эмч нар урьж авчирсаар байгаа. Зарим сургалтууд дээр УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд оролцдог байсан боловч төдийлөн дэмжлэг үзүүлэлгүй сураггүй алга болчихдог байсан. Жил бүр л Эрүүл мэндийн яаманд мэдүүлэх зорилготойгоор бүр яаман дээр сургалт явуулаад байхад л дэмжлэг байхгүй байх жишээний.

-Үндэсний Өвдөлтийн Төв байгуулах талаар санал санаачлага гаргаж байв уу?

-Энэ бол миний том МӨРӨӨДӨЛ /Ханан дээр байх том цогцолбор төвийн загвар зургийг үзүүлэв/. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд нэг га газар авчихсан байгаа.

-Хаана авсан бэ?

-Дашгайн ам гээд дархан цаазтай газарт, нөгөө баригддаггүй Төрөх-ийн замын эсрэг талд. Эрүүл мэндийг дэмжих Төв гээд план зураг бүгд гарсан байгаа. Иж бүрэн цогцолбор үйлчилгээтэй Төв байгуулах төсөл хийсэн.

-Эрүүл мэндийн Яамны зүгээс хэрхэн хандаж байв?

-2013 онд докторын ажлаа яаманд хүлээлгэж өгөөд, 2014 онд Яамны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний албаны Амаржаргал түшмэл дээр ороод дахин энэ асуудлынхаа талаар танилцуулсан. “Монгол улсад энэ салбарыг бий болгох хэрэгтэй байна. Би байх, хэн байх нь хамаагүй. Монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүхэл бүтэн нэг цонх онгорхой явж болохгүй. Энэ ажлын судалгааг нь хийсэн болохоор жижиг ч хамаагүй би суурийг нь тавьж эхлүүлмээр байна. Та нар намайг дэмжээд өгөөч. Би хүчин мөхөсдөөд, ганцаардаад байна” гэлээ. Удалгүй тэд Удвал сайдаар тушаал гаргуулаад, Эрүүл мэндийн яамны өвдөлт намжаалт, анагаахын ерөнхий мэргэжилтэн боллоо.

Ингээд мөрөөдсөн ажлаа хийгээд эхлэх гэтэл улстөр оролцож самраад л, нөгөө ярьж байсан хүн маань солигдоод дараагийн хүн хүрээд ирсэн.

Тэр шинээр ирсэн хүнд хэдэн ч удаа хэлэв, бүү мэд, огт хүлээн авч уулзахгүй байгаа. Тэрнээс гадна, дараагийн хүнд энэ шинжлэх ухааны талаар ойлгуулахад их хэцүү. Үүнийг анагаахын салбарынхан өөрсдөө бараг ойлгохгүй байхад удирдах ажлын, эмнэлгийн тусламжийн албаны хүнд ойлгуулахад бүр бэрхшээлтэй. Хүлээж авдаггүй, бас ойлгодоггүй.

-Энэ гамшгийн байдлаас гарах гарц байна уу?

-Бид аль болохоор цаг алдалгүй энэ салбарт гараагаа эхлүүлж, эмч нараа боловсруулаад, өвдөлттэй хамаатай тусламж үйлчилгээг Монголдоо бий болгоод, гадныхныг гуйгаад явдгийг бүр болиулмаар байна. Бидний санаж байгаагаар, Ерөнхий сайд асан С.Баяр мориноос унаад, зөвхөн хавирганы завсрын мэдрэл өвдөхөд л тухайн үед эмнээд өгөх газар байхгүй, одоо бол тариад л намдчих өвдөлт байхад хаа холын Солонгост очиж эмчлүүлсэн шүү дээ. Тэр үед бид хамтын ажиллагаатай ИнХа Их сургууль дээр ажлаар очсон байсан юм. “Иймхэн өвдөлтийн төлөө ийм хол явах хэрэггүй шүү дээ” гэж тухайн үед солонгосууд ярьж байлаа. Тийм том албаны хүнийх нь хавирга завсрын мэдрэл хавчуулагдахад л эмнэж чадахааргүй анагаахын салбартай байна гэхээр үнэхээр эмгэнэл шүү.

Гэтэл одоо хэрэв Төрөөс бодлогоор дэмжээд өгвөл иймэрхүү төрлийн өвдөлтийг хурууны үзүүрээр л эмнэх боломжтой байна. Эмч хүнд “эдгээе гэсэн хүсэл, уншиж мэдье гэсэн эрмэлзлэл” байдаг хэдий ч зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй байдгийг би яс махаараа мэдрээд сууж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу.  

Хэрэв миний докторын ажлыг Эрүүл мэндийн яам ач холбогдол өгөөд танилцах юм бол тэнд улсын төв эмнэлгээс авахуулаад аймаг, сумын эмнэлэг хүртэл хэрхэн ямархуу менежменттэй байх, бүтцийг нь хэрхэн өөрчлөх боломжтойг нэгд нэгэнгүй нарийн тусгаад өгчихсөн байгаа. Бүр сумын эмнэлгийн өвдөлтийг удирдах арга техник аль хүртэл явах юм гээд маш нарийн зааж өгсөн.

-Гадны хамтрагч нар тань энэ талаар ямархуу үзэл бодолтой байдаг вэ?

-Би 10 гаруй жил гадныхантай хамтран ажиллаж байна. Тэд их гайхдаг юм. Тэдний улсад эмч хүн мөнгө хайна, эмнэлэг босгоно гэсэн ойлголт хэзээ ч байдаггүй гэнэ. Тэдний үзэж буйгаар, хамгийн гол нь сайн менежер, сайн эмч байвал улс оронд маш чухал хэрэгтэй. Тэр хүнээр л бид үйлчлүүлэх гэж байгаа учраас тухайн хүн салбараа сайн мэддэг байх ёстой.  Тэд “заримдаа чамайг хараад их гайхах юм. Өөр л юманд санаа зовоод байх шиг. Яагаад энэ талаар ойлгохгүй байгаа юм бэ?” гэж хэлдэг.

-Гадаадынхан ойлгоход хүндрэлтэй байгаа байх л даа, манай нөхцөл байдлыг.

-Харин тийм. Тэд “танай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ олон улсынхаа стандарт руу ороод ирэхэд л энэ цонх чинь аандаа гараад ирнэ шүү дээ. Тэрийг тэд нар хийх ёстой байтал чи бусдад ойлгуулах гээд л хаалганы цаанаас маажаад гүйгээд байх юм. Уг нь танайхан мэргэжилтэй бэлтгэгдсэн боловсон хүчнээ ашиглаад, эрүүл мэндийн стандартдаа албан ёсоор оруулаад, баг эмч нар болгож хүмүүсээ гаргаад, анагаахын сургалтын хөтөлбөр, эмч нарын төгсөлтийн дараах хөтөлбөрт оруулаад, чиглэл чиглэлийн эмч нараа хэрхэн боловсруулах вэ гэдэгт анхаараад явчихвал энэ салбар аяндаа хөгжих болно гэж тэд ярьдаг. Үнэндээ бид 21-р зуунд ийм хоцрогдмол байж болохгүй шүү дээ. Дэлхийн эрдэмтэд өчнөөн мянган доллар зарцуулаад судалчихсан мэдлэгээ өгөөд байхад бид хүний бэлэн юмыг боломжоороо нутагшуулаад ашигладаг бол хичнээн сайн байхсан.    

-Танай “Чулуунаа” эмнэлгийн үйл ажиллагааны онцлог юу бол?  Жишээ нь, өвдөг нь өвдөж байгаа хүмүүс танай эмнэлгээр оношлуулж болох уу?

-Болно. Оношлуулаад тариа, үений шингэн хийлгэх боломжтой. Манай эмнэлэг Монголд анх удаа энэ аппаратыг /Thermagraphy/ оруулж ирсэн. Бидний гол зорилго бол хүний биед хоргүй инфра улаан туяаг ашигласан оношлогооны аппаратаар өвдөлтийг эрт шатанд нь илрүүлэх явдал. Монгол орны байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал, амьдрах орчноос шалтгаалаад ямар нэгэн өвдөлтгүй хүн бараг алга. Манай төхөөрөмж Германых бөгөөд хүний бие организмд ямар нэгэн хор нөлөөгүй, харин эсрэгээрээ D3 амьд эсийг үүсгээд ургуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ үхжиж харласан хөлийг /зураг үзүүлэн тайлбарлав/ тайрахгүйгээр эдгээх боломжтой гэсэн үг. Булчин, ястай нь шарж эмчилсээр байгаад нөхөн төлждөг. Манай эмнэлэгт хагалгааны дараах хүмүүс маш их ирж байна. Өвдөгний хагалгаанд орсон хэрнээ хавдар нь буугаагүй, гишгэж чадахгүй хүмүүс ирдэг. Тэд эдгэрээд, алхаж явдаг болоод буцаж байна. Бас янз бүрийн арьсны өвчнүүдийн үед арьсыг нөхөн төлжүүлж байгаа. Манай төхөөрөмж бол эсийн түвшинд ургуулдаг аппарат юм. Өвчтэй эсүүдийг алга болгоод, эрүүл эсүүдийг ургуулан төлжүүлж байна. Нурууны диск нь элэгдээд байгаа хүмүүсийг шарахаар диск нь өндөрсөөд ургаад ирэхээрээ зузаарч, хавчигдаж байсан мэдрэлүүд чөлөөлөгдөн өвдөлт алга болдог.

-Үнэхээр хэрэгтэй төхөөрөмж юм. Санаагаар болдогсон бол бараг бүх эмнэлгүүдэд ашигламаар аппарат байна.

-Тийм шүү. Манай улс олон эмч мэргэжилтнүүдийг гадаад орнуудад явуулж сургаж байгаа. Харин тэдний сураад мэдээд ирсэн баялгийг Төр, Засгаас бодлогоор дэмжээд ашигламаар байгаа юм. Яах гэж өч төчнөөн хөрөнгө зарж явуулж байгаа билээ дээ. Үр шимийг нь хүртэх хэрэгтэй шүү дээ. Гадны орнууд энэ тал дээр асар туршлагатай. Манайхтай хамтран ажилладаг Солонгос эмч нар бүгд Европ руу явж боловсрол эзэмшсэн. Тухайн үед бохио бараг хувааж зажилдаг байсан ядуу орны иргэд Европт маш зүтгэлтэй суралцаад эргээд ирэхэд улс орон нь бүрэн дүүрэн дэмжин эрдэм мэдлэгийг нь ашигласнаар одоо Солонгос улс ямар хөгжилтэй болчихоод байгааг та бид мэднэ.

-Таны хүсэл мөрөөдөл юу вэ?

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ялимгүй ч атугай өөрчилж, шинэ шатанд гаргамаар байна. Улс орноо хөгжүүлэх тал дээр иргэн бүр өөриймсөг сэтгэл гаргаад, Төр засгаас зөв удирдаад чиглүүлээд өгдөг бол байдал огт өөр болохоор. Бидний хамтын ажиллагаатай ИнХа Их сургуулиар жишээ татахад, энэ сургууль бол Инчеоны нисэх буудлын районд байдаг. Уг сургуулийг Хавайд амьдардаг солонгосчууд өөрсдийн хандивын мөнгөөр босгосон. Тэд эх орон нэгтнүүддээ сайхан сургууль, эмнэлэг барьж байгуулж өгсөн бөгөөд ИнХа гэдэг нь Инчеонд байдаг Хавайд амьдрагсдын сургууль гэсэн товчлол үг юм. Тэд дэлхийн стандартад нийцэхээр сургууль, эмнэлэг барья гэсэн зорилго тавиад Их сургуулиа байгуулж мэргэжилтнүүдээ эхэлж бэлтгээд, дараа нь эмнэлгээ барьсан байдаг. Эндээс харахад, улс орны хөгжлийн учиг нь, хүмүүсээ жижиг гэлтгүй боловсруулаад, тэрхүү боловсорсон “жимсийг” яг ид үед нь аваад ашигладаг юм байна. Үүнийг л манай орон хэрэгжүүлмээр байгаа юм.

-Манай орны эрүүл мэндийн салбарт нэн чухал, сонирхолтой, санаа авууштай ярилцлага өрнүүлсэн танд их баярлалаа. Анагаах үйлсэд нь амжилт хүсье!

Эмнэлгийн байршил: 1-р Төрөх эмнэлгийн зүүн талд байрлах TG төвийн хоёрдугаар давхарт.

Холбоо барих утас: 7011-7529

Ярилцсан Д.Мягмарсүрэн

"Зиндаа" сэтгүүл. 2017/06, 07. №05/505

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
HOP(105.112.120.97) 2019 оны 11 сарын 12

, Бид 5000-аас 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөөр зээл олгохоос гадна зээл авах шаардлагатай байгаа аливаа компани, компанид зориулж жилийн 2% -ийн хүүтэй 50000-30000 евро хүртэлх төслийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\n\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа болон эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Хурдан зээл ба төлбөрийн эцэс төгсгөлгүй стресс.\nманай вэбсайтаар зочлох эсвэл (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) эсвэл (albakerloanfirm@gmail.com) хаягаар бидэнтэй имэйлээр холбоо бариарай.

0  |  0
Монгол(66.181.185.67) 2019 оны 05 сарын 25

энэ галзуурчихажээ

0  |  0
zochin(103.212.117.35) 2019 оны 04 сарын 28

Emchilgee hiilgehgui gesen chin huugduud garsan shuu. Lav l emch hunii tangarag urgusun hun gej haragdaagui dee. Emchilgee hiilgehgui geh helehed tsarai ni yamar bolsoniig harsan hun bainaa baina.

0  |  0
Urna(103.212.116.212) 2019 оны 04 сарын 28

Ene estoi hudlaa awgai bnlee, aash gej adsaga, medrel hardag eho bhgui gecheed tgd yaj eho d haruul gej ter unetei yumandaa uzuul gej shaarddag bnaa, mungu l yarisan awgai bnlee shuu, bitgii ochooroi gej zuvloe humuusee, nadad l lav taalagdaagui:(

0  |  0
Urna(103.212.116.212) 2019 оны 04 сарын 28

Ene estoi hudlaa awgai bnlee, aash gej adsaga, medrel hardag eho bhgui gecheed tgd yaj eho d haruul gej ter unetei yumandaa uzuul gej shaarddag bnaa, mungu l yarisan awgai bnlee shuu, bitgii ochooroi gej zuvloe humuusee, nadad l lav taalagdaagui:(

0  |  0
May Gary(81.92.203.91) 2019 оны 01 сарын 29

We are major/Direct providers of Fresh Cut BG, SBLC, POF, MTN, Bonds and CDs and this financial instruments are specifically for lease and sale.We are one of the leading Financial instrument providers with offices all over Europe. We are major/Direct providers of Fresh Cut BG, SBLC, POF, MTN, Bonds and CDs and this financial instruments are specifically for lease and sale.We are one of the leading Financial instrument providers with offices all over Europe. we always deliver on time and precision as Set forth in the agreement. You are at liberty to engage our leased facilities into trade pro

0  |  0
SARAH WILLIAMS(197.210.226.80) 2017 оны 12 сарын 08

Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000 ам. Долларын зээлийн хоорондох зээлийн хэмжээг тодорхойлохдоо бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэ

0  |  0
SARAH WILLIAMS(197.210.226.52) 2017 оны 12 сарын 08

Sky World зээлийн компани, бид 0f 3% -ийн хүүтэйгээр зээл олгодог. skyworldloanfirm@gmail.com   Сайн өдөр эрхэм ээ. Бид хувийн компани юм. Бизнесийн хөгжилд зориулж 100 сая ам. Долларын зээлийн 1000 ам. Долларын зээлийн хоорондох зээлийн хэмжээг тодорхойлохдоо бага хүүтэй зээлийг санал болгож байна. Үүнд: зах зээл / бизнес өргөжүүлэх өрсөлдөх чадвар. Бид төрөл бүрийн зээл санал болгодог * Хувийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Бизнесийн зээл (баталгаат болон барьцаагүй) * Нэгтгэсэн зээл    Урьдчилан төлбөр төлөхгүй. Энэ зарыг уншихад цаг гаргаж өгөхдөө бид танд баярлалаа. Илүү мэдээлэ

0  |  0
raymond million(197.210.24.127) 2017 оны 11 сарын 04

RAYMOND MILLION | Сайн уу, Та хууль ёсны, найдвартай санхүүгийн / зээлдүүлэгчийг хайж байна уу? Зээл хэрэгтэй юу? Санхүүгийн яаралтай тусламж хэрэгтэй юу? Таны өрийг эргүүлэн төлөх яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл бизнесээ сайжруулахын тулд капитал зээл хэрэгтэй юу? Бид хувь хүн, компани, компаниудад бүх төрлийн зээлийг 2% -ийн хүүтэйгээр ойлгомжтой, ойлгомжтой нөхцөлд санал болгодог. Бид ямар ч хэмжээний зээлийг аль ч газар хүргэх замаар өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Бидэнд имэйл илгээнэ үү: (raymondmillionloanfirm@gmail.com)

0  |  0
raymond million(197.210.25.188) 2017 оны 11 сарын 04

RAYMOND MILLION | Сайн уу, Та хууль ёсны, найдвартай санхүүгийн / зээлдүүлэгчийг хайж байна уу? Зээл хэрэгтэй юу? Санхүүгийн яаралтай тусламж хэрэгтэй юу? Таны өрийг эргүүлэн төлөх яаралтай зээл хэрэгтэй юу эсвэл бизнесээ сайжруулахын тулд капитал зээл хэрэгтэй юу? Бид хувь хүн, компани, компаниудад бүх төрлийн зээлийг 2% -ийн хүүтэйгээр ойлгомжтой, ойлгомжтой нөхцөлд санал болгодог. Бид ямар ч хэмжээний зээлийг аль ч газар хүргэх замаар өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Бидэнд имэйл илгээнэ үү: (raymondmillionloanfirm@gmail.com)

0  |  0
Судлаач Ганаа(49.0.218.26) 2019 оны 04 сарын 29

Энэ чиглэл болон эмнэлгийг дэмжиж хөрөнгө оруулах хэрэгтэй. Чулуунаа эмчид амжилт хүсье.

1  |  0
Soongo(66.181.176.130) 2017 оны 09 сарын 20

Чи хийж байгаа зүйлдээ үнэнхүү сэтгэл гаргаж байна уу гэдгийг маш жижигхэн зүйлээс харж болдог шүү, эмчилгээ хийж байгаа жижиг зураг тавьсан байна аа, аппаратаа холбож байгаа залгуурыг харахад л хоноцын сэтгэлтэй шийдсэн байна, маш зөв байрлуулах сэтгэл л дутаж байна, энэ их жижигхэн мэт боловч яг юм хийе гэсэн хүн бол маш жижигхэн зүйлд ч их анхаарал сэтгэл гаргадаг, өөрөө ч мэдэхгүйгээр, тийм их өндөр үнээр үздэг бол мэдээж мөнгө л юм байна

0  |  0
Яахавдээл(202.9.42.2) 2019 оны 04 сарын 29

Эдний эмнэлэг хэт их үнэтэй 2-4 саяд 3 сар орчим явдгийн билээ. Бас өглөө 6.30аас эхлээд оочерлож хүлээж шаруулж тариулсаар байгаад үдээс хойш дуусдаг хэт их ачаалалтандаа ядраад ёстой хэцүү эмнэлэг бнлэ. Ер нь хүн яваад л байвал 6,7 сая ч хүрнэ. Үнэ хүлээлт оочер 2 оо жоохон бодолцмоор газар бнлэ

1  |  0
зочин(202.131.238.150) 2019 оны 04 сарын 29

Чулуунаа эмчид амжилт хүсье. Олон хүнд өөрийнхөө сурсан мэдлэгээр эмчилж буян болоорой

1  |  0
зочин(202.131.238.150) 2017 оны 09 сарын 20

Үнэ яах вэ... Олон хүмүүс бие өвдөөд байна MRI, компьютер энэ тэр мөнгө төлөөд үзүүлээд хэдэн зуун мянган төгрөгөөр шинжилгээ хийлгээд ЗҮГЭЭР байна л гэх юм гэж ярьж байна. Энэ ярилцлагыг уншихад МЭДРЭЛийн чиглэлээр өвдөг хүмүүс ингэдэг бололтой. Оношоо зөв тогтоолгоод авбал Олон ШИНЖИЛГЭЭ,MRI, компьютерын мөнгө хэмнэх юм байна.

0  |  0
zochin(27.123.214.102) 2019 оны 04 сарын 29

Ochij uzseen ene avgai arai l unetei wm bn lee, tend huleegeed suuj bgaa uvchtun ch bas helj bn lee

1  |  0
Top