Б.Хичээнгүй: Би Монгол орны 21 аймгаар 21 настайдаа аялж дууслаа

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 20

Аялагч Б.Хичээнгүйтэй ярилцлаа.

- 21 аймгаар аялахад хэр их хугацаа зарцуулсан бэ? 

- Би 10 настайгаасаа хойш аялсан. “Хөх цэрэг” гээд үндэсний хөтөлбөрт хамрагдан жил бүр аяладаг байлаа. Улмаар аяллын дөртэй болсон юм. Тиймээс ганцаараа үүргэвчтэй аялал хийж үзэхийг хүссэн.  Өмнө нь 15 аймгаар нь аялж байсан. Сая үзээгүй байсан баруун аймгийн Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан гэсэн зургаан аймгаар аялж, замаараа Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай  аймгуудаар дахин аяллаа. Нийт 32 хоногийн үүргэвчтэй аялал хийгээд ирсэн. Нийт 21 аймгаар аялж Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг үзэж, өөрийгөө таньж мэдлээ. 

- Мэдээжийн хэрэг ганцаараа аялах эрсдэлтэй. Гэрийнхэн тань аялалд явахад дургүйцэж байв уу? 

- Энэ аялалд явна гэж 2016 оны 11-р сараас бэлдэж эхэлсэн. 10 настайгаас хойш 10 хоног хээрийн аялалд жил бүр явдаг байлаа. Энэ жил аялалд явахаасаа өмнө хөдөө орон нутгаар хэд хэдэн удаа ажлаар яваад ирсэн юм. Анх аялалд явна гэдгээ ээждээ хэлэхэд “зун явж ирчхээд одоо бас ахиж явах гэж байгаа юм уу, сайхан амар” гэж байсан. Үүний утга санаа нь битгий яв, аюултай гэж байгаа юм. Аав бол байдлыг ажиглаад л сонингоо уншаад сууна. Аялалд явах зөвшөөрөл гэр бүлийнхнээсээ авахад нэг Бразил залуу их тусалсан. “Hitchhiking” хийж байгаа хүмүүсийн нэгдсэн сайт байдаг. Тус сайтад аялагч нар ямар улсад аялж байгаагаа бичин хоноглох газар асууж зар өгдөг. Зарын сайтаас харж байгаад нэг Бразил залууг гэртээ хоёр хонохын урьсан юм. Бразил залуу маань 24 настай бөгөөд 21 настайдаа дэлхийг тойрно гэж гэрээсээ гараад гурван жил болж байгаа юм билээ. Түүнээс хойш гэртээ огт очоогүй гэсэн. Гэртээ хэзээ харих вэ гэж асуухад жилийн дараа очно гэж байгаа юм. Тэгээд би ээж рүү хараад “Энэ залуу хэдэн жилээр дэлхийгээр аялж байна. Би Монголдоо ганцхан сар аялчихаад ирье” гэж хэлсэн. Ээж “за за яв даа” гэсэн юм. Найзууддаа амь өрссөн, эрсдэлтэй аялалд явлаа гэхэд “битгий тоглоод бай” гэж байсан /инээв/.

 - Ганцаараа аялах шалтгаан юу байв?

Нэгдүгээрт өөрийгөө олж, таньж мэдэх. Ганцаараа аялах нь өөртэйгөө ярилцах цагийг надад өгнө гэж бодсон. Улаанбаатар хотод хүмүүс минут тутамд бусадтай харилцаанд ордог. Ялангуяа фэйсбүүк, твиттер сошиал орчинд. Энэ нь бидэнд өөрсдөөрөө байж, өөртэйгөө ярилцах цагийг олгодоггүй. Мөн Хичээнгүй гэдэг хүний тэсвэр тэвчээр хаана алдарч, юун дээр шантрах бол гэдгээ мэдэхийг хүссэн.

- Явган аялах нь ихээхэн эрсдэл дагуулдаг. Айж байв уу? 

- Аяллын өмнөх өдөр би нойргүй хоносон. Хүмүүсийн надад санаа зовохдоо хэлж байгаа үгс нь намайг улам их айлгасан. Тухайлбал, “чи ганцаараа явж байгаад хүнд алуулаад, чонын хоол болбол яана” гэж байсан. Тэгэхэд “нээрээ би ганцаараа явж байгаад үхчихвэл яана аа” гэж бодсон. Гэхдээ хүмүүст явна гэдгээ аль хэдийн зарласан байсан болохоор хэлсэн үгэндээ хүрч явсан юм. Эхний гурван өдөр хээр хоноход айдаг юм билээ. Заамарын хөндийгөөр явж байхад янз бүрийн буг, чөтгөр сүнсний тухай түүхүүд санаанд ороод л ер нь эвгүй байсан. Гэтэл тийм зүйл байдаггүй. Зүгээр л хүний санаа дагасан зүйл гэдгийг мэдсэн. Аяллаар явж байхад намайг хамгийн их айлгасан зүйл нь бороо юм. Аяллын дөрөв дэх өдөр бороонд нэвт нүдүүлээд ямарч хуурай хувцасгүй болсон доо. Ашгүй нэг хуурай оймс маань гялгар уутанд байж таарсан. Тэр үед л хуурай оймс өмсөх хүртэл жаргал гэдгийг ойлгож авсан. Бидний өдөр тутамдаа хийдэг зүйлс өөр нөхцөл байдалд ямар их аз жаргал болохыг ухаарсан гэхэд болно.

- Аяллын явцад сэтгэлд хоногшсон газар гэвэл? 

- Ер нь бүгд л маш их таалагдсан. Гэхдээ Баян-Өлгий сэтгэлд их ойр бууж байна. Казак хүмүүсийн соёл нь Монголчуудын соёлоос өөр. Арабын оронд очсон юм шиг л санагдсан. Нэг өдөр хоноглох айл хайж байгаад Б.Нурболат дүүгийндээ  хоноглох болсон юм. Улмаар оройн хоолны цаг болоход гэр бүлийн бүх гишүүд хамт байж, ширээгээ тойрч оройн хоолоо идсэн. Хотынхон шиг нэг нь зурагтын урд, эсвэл өрөөндөө холоо иднэ гэсэн ойлголт байхгүй. Оройн хоолон дээр бүгд хамт байж гэрт болж байгаа, болохгүй байгаа асуудлыг хэлэлцдэг юм билээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрсэн. Мөн Казак үндэстний гэрлэх ёслол, шашиндаа үнэнч байдал, цаг агаар нь сонирхолтой санагдсан. Алтай Таван богд руу ороход л тарвага гэдэг амьтан хонь шиг чөлөөтэй бэлчиж байсан. Таван метр яваад л хоёр гурван тарвагатай таардаг. Үүнийг өөр хаана ч харах боломжгүй. Учир нь Монголчууд алаад идчихдэг. Би сонирхоод хэдэн тарвагатай хөөцөлдөж тоглож байхад 5 настай морь унасан хүүхэд ирээд “битгий амьтан зовоогоод бай” гэж уйлж, загнасан. Үүнээс л хүүхдүүд байгаль, ан амьтнаа ямар их хайрладаг нь мэдрэгдсэн юм. Бас Ховдод агуйд хонох сонирхолтой байсан.  Манхан сумаас 25 километрийн зайд байрлах Хойд цэнхрийн агуйд хоол хийж идээд хонох нь сайхан байсан. Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг бахдаж, биширсэн олон тохиолдол бий.


- Шантрах үе тохиож байв уу? 

- Аяллын 21 дэх хоног дээрээ Завхан аймагт аялж байхдаа хатгаа аваад, халуурсан нь надад маш хүнд байсан. Аяллаа зогсоомоор санагдсан юм. Тухайн үед намайг сошиал орчноор дэмжиж, болгоомжтой яваарай, амжилт хүсье гэсэн хүмүүсийн сэтгэгдэл урам өгч байсан. Зарим хүмүүс нь миний дансны дугаарыг аваад аялалдаа зарцуулаарай гээд мөнгө хандивлаж байсан тохиолдол хүртэл бий. Тиймээс тэдгээр хүмүүсийн урмыг хугалахгүй байж, аяллаа амжилттай дуусгахыг хүссэн. Хатгаандаа тариа тариулж, эм хэрэглэсний үндсэн илааршиж аяллаа үргэлжлүүлж чадсан. Мөн Говь Алтайн Шаргын говиор явж байхад усгүй болоод шээсээ уух тохиолдол ч байсан. Говьд усгүй болоод харангадаж үхсэн тохиолдол олон байдаг. Янз янзын асуудал гарна гэдгийг би тооцоолж байсан. Говь-Алтай нь шинэ засмалтай. Говь-Алтайн төвөөс Ховд руу явж байх замд Еэв гэдэг газар өнгөрөөд явж байсан юм. Говьд халуун өдөр машин явдаггүй юм билээ. Улмаар 3-4 цаг алхахад миний Алтайгаас гарахдаа авч явсан уух зүйл дуусчихсан. Тэгээд хатаж эхлэхэд шээсээ нэрж уусан даа.


- Нэг хүний аялал болохоор ямар ямар зүйл авч явав. Хэр их судалгаа шинжилгээ хийсэн бэ? 

- Ганцаараа урт хугацааны турш аялахад аяллын бэлтгэл маш чухал.  Мөн хөнгөн хэрнээ авсаархан, чанартай зүйлсийг авч явах хэрэгтэй. Хэтэрхий хүнд ачаатай байвал явахад хэцүү. Аяны хэрэгсэлдээ тун их анхаарсан. Ямар нэгэн зүйл зүсэж огтолж байхад хугарахгүй байхаас л эхэлнэ. Майхан, мишок, гудас, хоол хүнс, хувцас, газрын зураг, луужин, хутга гэх мэт зүйлсийг  авч явсан. Хотоос гарахдаа ачаагаа жинлэж үзэхэд 40 орчим килограмм жинтэй  байсан. Анх удаа ганцаараа аялж байсан болохоор их л тансаглаж хэрэглээний зүйлсээ бэлтгэсэн. Эвхдэг сандал, камерын хөлөөс эхлээд л. Гэтэл аяллын эхний гурав хоногт сандал маань болон камерын хөл эвдэрчихсэн. Тухайн үед ачаа маань л хөнгөрч байна даа гэж бодсон. Аажмаар ачаа маань хөнгөрсөөр байгаад аялал дуусахад 30 гаруй килограмм ачаатай хотод орж ирсэн. Мэдээжийн хэрэг ямар ч судалгаа хийхгүй бол үхлээ эрсэн хэрэг болно. Усгүй болоход яах хэрэгтэй, галыг хэрхэн хурдан асаах, эгц  уруу газар яаж явах вэ гэх мэт олон зүйлийг судална. Эмэгтэйчүүдийн нүүр цэвэрлэдэг хөвөн байдаг. Хөвөнг лааны тосонд дүрээд хатаана. Лааны тосонд хатаасан хөвөн нь 3-4 минут дүрэлзэж асдаг юм. Хэрэв гааз авч явбал халуун үед  дэлбэрэх магадлалтай. Усгүй үед шээсээ нэрж уухыг “youtube”-ээс хайж олсон. Мөн аялах гэж буй нутаг орноо судлах хэрэгтэй. Ямар замтай, ан амьтдын судалгаа буюу ямар бүсэд нь аюултай араатан амьтан байдаг, цаг уурын орчин нөхцөл гэх мэт зүйлийг маш их судална. Хэрэв би дэлхийг тойрч аялахаар бол үүн шиг судалгаа хийх хэрэгтэй болно. Судалгаа хийхгүй бол дайн болж байгаа улс руу явчих магадлалтай. Тиймээс судалгаа, бас дахин судалгаа.


- Аялалынхаа зардлаа тооцож үзсэн үү? 

- Зардал тодорхой хэмжээнд орно. Аймгийн төвүүдэд айлд хонохоос эхлээд л. Хонож байгаа айлдаа гар хоосон орж болохгүй. Сүү, цагаан идээ, чихэр гэх мэт гар цайлгах зүйлсийг бэлдэнэ. Мөн хоол хүнсээ байнга дэлгүүрээс нөхнө. Миний аяллыг “Aha Tour of Mongolia” гээд компани ивээн тэтгэсэн. Мөн сайхан сэтгэлтэй хүмүүс хандив өгсөн юм. Нийт сая гаруй төгрөгийн аялал болсон доо. Zindaa.mn сайтад ярилцлага өгч буй завшаанаа ашиглаад намайг зам дээр гараа өргөхөд унаандаа суулгаж, хандив өгсөн, сэтгэлээрээ дэмжсэн хүмүүст болон “Aha Tour of Mongolia” компанийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.

- Хэр олон машинд дайгдаж явсан бэ? 

- “Hitchhiking”-ийг хүмүүс ихэнхдээ алхдаг аялал гэж бодоод байдаг. Энэ аялал нь очих газар хүртэл явган болон замын унаанд дайгдаж явах юм. Би нийт 5635 километр аялсан ба 61 тээврийн хэрэгсэлд суусан байсан. Энэ бүхнийг би аяллынхаа явцад тооцож тэмдэглэдэг байлаа. Эдгээр унаанаас сонирхолтой нь трактор, тухтай нь портерийн тэвш байсан юм. Зам дээр гар өргөөд зогсож байхад хотын дугаартай машин төдийлөн зогсдоггүй. Дийлэнхдээ хөдөө орон нутгийн машин зогсож, жолооч нь хаанаас явж байгаа тухай асуудаг байсан. Хөдөө тал руугаа болох тусам хүмүүсийн зан араншин нэг л тайван, сайхан болж байсан. Харин төв рүүгээ дөхөх тусам бүхнийг мөнгөний нүдээр хардаг болдог юм шиг санагдсан.

 


- Айлд хоноглоход гэрийн эзэд хэр найрсгаар  хүлээж авч байв? 

- Аяллын явцад нийт зургаан айлд аймгийн төв дээр хоноглосон. Баян, дундаж, эмзэг давхаргын айлуудад хонож үзсэн. Үүнээс Монголын нийгмийн давхарга ямар байгааг өөрийн нүдээр харж биеээрээ мэдэрсэн гэхэд болно. Таньдаг хүмүүсээрээ сураг гаргаад чинээлэг айлд хоноход дуугарч аядсан, энэ хүнийг нэг хонуулаад явуулъя гэсэн шинжтэй байсан. Харин эсрэгээрээ энгийн, дундаж давхаргын айл байгаа бүхнээрээ дайлж, зочломтгой байсан юм. Тухайлбал, гэрийн эзэд “жоохон хоол идээд амарчих” гэнэ. Маргааш өглөө нь явах гэхэд сүү цагаан идээ замдаа идээрэй гээд өгнө. Энэ бүхнээс хүн мөнгөтэй болох тусмаа өөрчлөгддөг юм болов уу гэсэн бодол төрсөн.

- Ганцаараа аялж байгааг чинь хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ? 

- Ихэнхдээ намайг Монгол хүн мөн эсэхийг асууж байсан. Монгол хүн ганцаараа аялах нь их ховор юм шиг байна лээ. Мөн “чамд ингэж явсны ашиг юу вэ, чи хотод очоод аялалд явсан гээд мөнгө их олох уу” гэсэн асуултыг асууж байсан хүмүүс олон. Би хариулахдаа “энэ миний сонирхол, би ямар ч ашиг хараагүй” гэдэг байсан. Би хүмүүсийг ганцаараа биш юмаа гэхэд, хамт олноороо аялалд яваасай гэж хүсдэг. Хүн ямар нэгэн адал явдал, бэрхшээлтэй учраад аялаж үзэх хэрэгтэй. Тухайлбал, өлсөж, бороонд норж үзсэнээр амьдралыг харах өнцөг нь өөрчлөгдөж, амьдралын хат гэдэг зүйл сууна. Гадаад аялагчтай олон таарч байлаа. Алтай таван богдод гадаадын аялагч нартай таарч аяллын тухай ярилцсан. Мөн Германы ганцаараа аялж байгаа эмэгтэй аялагчтай таарч, хуурч хөөрч байлаа. Тэр эмэгтэй болохоор 34 настай, шүдний эмч хийдэг гэсэн. Тус эмэгтэй ч мөн өөрийн цэвэр сонирхлоороо явж байгаа гэсэн юм.

- Гэр бүлээ танилцуулж болох уу. Өөрөө сурдаг уу? 

- Манайх эхээс дөрвөн хүүтэй. Би өөрөө айлын гурав дахь хүү нь, хотын унаган иргэн. МУБИС-ийн түүх нийгмийн ухааны ангид сурч байсан. Тус сургуулийн оюутны холбооны тэргүүний ажлыг ч хийж байлаа.

- Аялахыг хүсч байгаа хүмүүс болон аялагчдадаа хандаж юу гэж хэлэх вэ? 

-  "Зүгээр л үүргэвчээ үүрээд гэрээсээ гар”. Аялалд явахад мэдээж мөнгө хэрэгтэй. Тиймээс хуримтлуул, судалгаа хий. Заавал ганцаараа аялах албагүй хамт олноороо аялж болно. Мөн “Aha tour of Mongolia” компаниас  энэ намар Хунгийн чуулган үзэх боломж олгож байгаа. Энэ нь мөнгө санхүүгийн хувьд хямд, аюулгүй байдлаа бүрэн хангасан аялал болж байгаа юм. Ялангуяа суурин ажил хийж байгаа хүмүүс аялаж үзэх хэрэгтэй. Зарим хүн Монгол орноороо аялж үзээгүй байж, гадаадын улс орнуудаар аялдаг. Миний хувьд энэ нь буруу. Монголд үзэж харах маш олон сайхан газар бий. Тухайлбал, Швейцартай адилхан өндөр уултай, модтой, нууртай газар гэвэл Хөвсгөл байна. Мөнх цаст хайрхан гэвэл Алтай таван богд, галт уул үзье гэвэл Хоргын тогоо, Уран тогоо, Дарьганга гэх мэт бий. Монгол орон нь байгалийн өвөрмөц тогтолцоотой. Хэрэв Монголоо мэдэхгүй гадаадад аялбал гадаадын хүмүүс Монголд ямар байгальтай газар байдаг вэ? гэж асуувал юу гэж хариулах вэ гэдгээс эхлээд л эвгүй байдалд орно. Аялагчид бол мэдээлэл түгээдэг хүмүүс гэж боддог.


-  Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна? 

- Сурч байсан чиглэлээрээ үргэлжлүүлээд сурна. Мөн Сэлэнгэ аймгаар өвлийн аялал хийж үзнэ. Ирэх жил найз бүсгүйтэйгээ хамт Израиль, Йордон, Египет, Турк гэсэн орнуудаар аялах төлөвлөгөөтэй байгаа. Бид хоёр эртний түүх их сонирхдог. Тийм ч учираас дээрх орнуудаар хамт үүргэвчтэй аялал хийж ямар нэг саад бэрхшээл үүсвэл хамтдаа даван туулхаар шийдсэн. Ирэх жилийн аяллынхаа судалгааны ажлыг эхлүүлсэн. Бас миний аяллын явцад  үзэж харснаар сайхан сэтгэлтэй хүмүүс хоолгүй, амьдралдаа санаа зовсон байдалтай байна. Хөвсгөлөөр явж байхад нутгийн иргэд нь томоохон уурхай нь гадаад хүний мэдэлд очсон гээд л санаа зовоод ярьж байсан. Энэ нь миний сэтгэлийг эмзэглүүлсэн. Тиймээс илүү зөв, цэвэр нийгмийг бий болгохыг хүсдэг.

- Одоо юу хийж байгаа вэ?        

- “Aha Tour Of Mongolia” компанид ажиллаж байгаа. Энэ аяллынхаа явцад сурсан мэдсэн зүйлээ үеийн залуучууд болон хүүхэд багачуудад аяллын боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд зааж сургаж байгаа. Мөн тус компаний залуучуудтайгаа хамтран “Монголдоо зуугаар” хөтөлбөрийг үргэлжлүүлэн “Хунгийн чуулган зуугаар” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулхаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэ их сонирхолтой аялал болох болов уу гэж харж байгаа. Хамт аялах сонирхолтой хүн бүхэнд тус аялал нээлттэй гэдгийг дашрамд дуулгая.


"Хичээнгүй" нэр шигээ хичээнгүйлэн аливаа зүйлд ханддаг Б.Хичээнгүйд цаашдынх нь аялалд амжилт хүсье.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(202.70.46.234) 2017 оны 09 сарын 23

Хунгийн чуулган нь хэзээ болох вэ?

0  |  0
Oko(66.181.187.171) 2017 оны 09 сарын 20

Uhaalag zaluu bn.amjilt

0  |  0
Д.Мөнхсаран(202.70.46.228) 2017 оны 09 сарын 20

Estoi mundag shvv ajliin amjilt hvsie

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 09 сарын 20

mundag baina, zaluuchuudiin maani uhamsar soel deeshilj baigaad bayartai baina, amjilt az jargal hysie

0  |  0
3(103.57.92.132) 2017 оны 09 сарын 20

ЯМАР ГОЁ ЮМ БЭ, ИНГЭЖ АЯЛАХ ЮМСАН.

0  |  0
Naanuu(202.21.125.62) 2017 оны 09 сарын 20

Овортой залуу юмаа :P

0  |  0
zo(103.26.193.194) 2017 оны 09 сарын 20

mundag bayar hyrgei

0  |  0
Top