Klaus Bergmann:Ардчилал хөгжсөн оронд хэвлэл мэдээллийн байгууллагууд нь Засгийн газраа хянадаг

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 29

 

Хэвлэлийн хүрээлэн, “DW” Академи, Сайтуудын холбоо хамтран цахим сайтуудын  сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. Энэ үеэр ХБНГУ-ын “DW” телевизийн Гадаад харилцааны хэлтсийн захирал Klaus Bergmann   сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-“DW” телевизийн талаар товч танилцуулна уу?

-Манай телевиз Олон нийтийн статустай, төсвөөс санхүүждэг ч Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхийн улс орнуудад 30 хэлээр нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн цацаж байна.

-Телевизийнхээ захирлыг ямар байдлаар сонгодог вэ?

-Засгийн газраас оролцоо байхгүй.  “DW” телевизэд  Үндэсний зөвлөл байдаг. Үндэсний зөвлөлөөс  телевизийнхээ ерөнхий захирлыг томилдог. Түүнийг огцруулах эрх Засгийн газарт биш Үндэсний зөвлөлд байдаг. Нэг удаа Засгийн газар телевизийн захирлыг  ажлаас нь чөлөөлөхөөр багагүй юм болсон. Гэвч чадаагүй. Захирал маань гэрээний хугацаагаа дуустал ажилласан.

-Танайх дэлхийд алдартай хэвлэл мэдээллийн байгууллага хэдий ч сэтгүүлчид, тоймчид алдаа гаргах тохиолдол байдаг байх?

-Тийм зүйл гарна. Гадаад хэлээр тойм уншдаг  тоймчдын хувьд тухайн хэлний үгийн утгыг бүрэн ойлгоогүйгээс алдаа гаргана. Энэ бүхнийг хянадаг, дараа нь шүүн тунгааж, анхааралтай ажилладаг Хяналтын зөвлөл бий. Ялангуяа Араб хэлтэй орнуудын тухай мэдээллүүд дээр хянамгай байх ёстой. Алдаа гарсан тохиолдолд тухайн улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамнаас нь гомдол, хүсэлт ирнэ.

-DW” телевизэд  Араб сэтгүүлч ажилладаг уу?

-Араб хэлээр 400 гаруй телевиз мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэж өрсөлдөж байна. “DW” телевиз жилийн өмнөөс Египет улсаас улстөрийн талаар маш сайн мэргэшсэн сэтгүүлчийг авчирч ажиллуулсан. Өөрийн улсынхаа улстөрийн нөхцөл байдалд их шүүмжлэлтэй ханддаг. Түүнийг ажилласнаас хойш Араб хэлээр явуулдаг манай нэвтрүүлгийг үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн. Тэр маш сайн сэтгүүлч, нягт, нямбай, өчүүхэн ч алдаа гаргадаггүй.

- Цахим орчинд баримт нотолгоогүй мэдээлэл олон нийтэд маш хурдацтай хүрдэг талаар Та ямар бодолтой явдаг вэ?

-Би нэг жишээ хэлье. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхан  фэйсбүүкээр Ромын Пап, Трампыг дэмжиж байна гэсэн худал мэдээлэл тархсан. Мэдээллийг устгалаа гэхэд  уншигч, сонгогчдын тархинд Ромын Пап,  Трампыг дэмжсэн гэдэг худал мэдээлэл үнэн бодит мэт хадгалагдаж үлдэж буйд л аюул байгаа юм.  

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх бодлоосоо хуваалцана уу?

-Ардчилал хөгжсөн  улс, оронд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нь Засгийн газартаа хяналт тавьдаг. Ардчилал сайн хөгжөөгүй улсуудад Засгийн газар нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид хяналт тогтоох гэсэн оролдлого, хандлага ажиглагддаг.

-Танай телевизэд Монгол сэтгүүлч ажиллаж, дадлагажих боломж бий юу?

-Нээлттэй. “DW” телевизийн  нэвтрүүлэг бэлтгэж цацдаг 30 хэлний аль нэгийг маш сайн эзэмшсэн байх шаардлагатай. Орос, хинди, хятад, англи гэх мэт.  Манай телевизэд Армен залуу дадлагажиж байгаа. Орос хэлээр маш сайн ярина. Ур чадвар нь ч хурдан дээшилсэн.

-Манай улсад дахиж хэзээ ирэх вэ?

-Би МҮОНТ-ийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцоод буцаж байна. Дараа “DW” телевизийнхээ захиралтай ирэх төлөвлөгөөтэй  байгаа. Тэр үед Монголын зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар орж, Монгол сэтгүүлчидтэй мэдээ мэдээлэл авах, солилцох боломжийн талаар ярилцах болов уу гэж бодож байна.

 

Д.Дорж

www.zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top