Дурсахуй: Уярал төрнө

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

Мандах, жаргах нар,  сарны хооронд хүмүүний амьдрал цаг хугацаагаар хэмжигдэнэ. Цаашлуулаад хэлэхэд насаар хязгаарлагдана. Ийм л жамыг эрхэм найрагч, эгэл хүмүүн Пунцагийн Рэнжин багш минь дагажээ. “Дорноговь аймгийн Замын-Үүдэд дөрвөн жил цэргийн алба хаасан. Цэргээс халагдаад очиход манай гэрийг Дэлийн худаг гэдэг газарт нутгийнхан хураагаад орхисон байлаа. Хураасан гэрийг Нянгар нэртэй нохой минь манаж хэвтсээр үхсэн тухай сонссон. Одоо бодоход ээж, дүү хоёр минь шар  өвчнөөр өөд болсон юм билээ” гэж хоолой зангируулан ярьсан нь саяхан мэт ч арван оныг үджээ. Өвчин зовлон, үхэл, хагацал гэдэг хүсэх зүйл биш. Тэр минь яасан бол гэхээс айж, утсаа ч авч чадахгүй үе байдаг. Рэнжин багш дандаа инээмсэрч явна. Бидэн хоёрын дунд олон сайхан дурсамж бий. Нутаг усаа, хүн ардаа гэсэн таны сэтгэл Хүнгий голын урсгал шигээ л  дөлгөөхөн. Хэн хүний сэтгэлээс амархан мартагдамгүй.

Явуу, Гайтав хоёр

Таниас алтан үеийн зохиолчдын тухай үлгэр, домог мэт яриаг сонсож байлаа. Нэгэнтээ та Б.Явуухулантай найз биз гэхэд “Хм. Явуу их хээнцэр, хэр баргийн хүн ойртомгүй боловч уяхан. Б.Явуухулан, Ц.Гайтав, З.Дорж гурвыг Ажилчин залуучуудын оройн дээд сургуулийнхаа оюутнуудтай уулзуулахаар урилаа. Жаал жуулхан хөнгөн зууш, бас ганц шил хатуу юм бэлдэв. Уулзалт сайхан эхэллээ, би нээсэн юм чинь аргагүй шүү дээ” гээд инээмсрэв. Уулзалт эхэлж Ц.Гайтав шүлэг уншиж байгаад эгцээрээ унаад өглөө. Би чирж, гулдраад тайзны араар оруулав.  Хүүхдүүд инээлдээд. Явуу гайгүй шүү.Намба алдаагүй. З.Дорж шүлгээ уншиж байснаа “Ажилчин залуучуудын оройн дээд сургуульд муусайн хулигаанууд байдаг биз дээ” гэж агсамнаад эхэлдэг байгаа. Ингээд уулзалт өндөрлсөн. Хөөний хогнууд” гэсэнсэн. Ингэж ярихад эрхэм багшийн минь  харцанд анд нөхдөө үгүйлсэн гуниг сүүмэсхийгээд өнгөрч билээ.  Явуухулан гуайг байн байн дурсана. Явуу, Гайтав хоёр муу золиг гэх. Эмнэлэгт хэвтсэн Гайтав, эргэж очсон Явуу хоёулаа “тасарсан” тухай хөгжилтэй яриаг хөхрөн, инээн  хүүрнэдэгсэн. Явуу золиг Гайтавыг эргэж хоёр лонх юмтай очоод. Эмнэлэг рүү оруулахгүй гэхээр нь дуудаж уулзаад, банзан хашааны завсараар  лонх юмаа хувааж хүртээд, хоёулаа нуруугаа нийлүүлж, хөлөө жийгээд унтсан байсан” гээд бас л инээмсрэх. Найз нөхөд, анд нөхөдөө үгүйлэхийн зовлонг мэддэггүй байжээ. Хамгийн сүүлд Гайтав, Ч.Чимид хоёртой хэрхэн уулзсанаа, санамсаргүйгээр  тоомжиргүй зан гаргаснаа гэмшин гэмшин ярьснаар энэ тухай дурсамж дахин сөхөгдөөгүй юм. Тийм зүрх, зориг хэн хэнд маань байсангүй, төрсөнгүй.

Эсэргүү зохиолч

Хүний хайлан Рэнжин багш, Хүүхдийн зохиолч Гавьяат багш. Үнэхээр л нутаг орныхоо төлөө сэтгэл зүрхээ өгсөн хүн байлаа, өвгөн ах минь. Хадаг барьж багш, шавийн барилдлага тогтоогоогүй ч сэтгэлдээ багш минь гэж хүндэлж явлаа. Одоо ч хүндэлдэг. Анхны ном нь Улаан бүчний намираа. Тухайн үеин “Утга зохиол, урлаг сонин”-д Х.Сампилдэндэв шүүмжлэгч ёстой л “будаа” болгосон гэнэ. Намайг “Социализмыг эсэргүүцэгч” гэсэн шүү дээ гээд инээж билээ.  Ш.Гаадамба багш дээр уйлах шахам очтол “Баярлах хэрэгтэй, чамайг алдаршуулсан байна” гэсэн. Хожим Х.Сампилдэндэв маань зохиолчдын тухай цувралын 78 дугаарт намайг оруулсан гэв ээ.

Өвгөн  багшаа, хүндлэлт буурал, эрхэм ахыгаа  дурсах  олон шалтгаан надад бий. Мартах эрхгүй учирлал ч буй. Өвчин, зовлон тоочоод байдаггүй эрхэм найрагч ах минь найр наадам хөллөсөн их  хөлийн үеэр чимээгүйхэн буцсаныг хожим мэдээд хэрхэн харууссаныг дурсах илүүц мэт. Тэнгэрийн орноос эгэл хүмүүний амьдралыг ажаад инээмсрэн суугаа буй за, өвгөн буурал ах минь. Уярал төрнөм.

Д.Амар

www.zindaa.mn     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top