Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), МУИС-ийн зөвлөх профессор Шаравын Чоймаатай ярилцлаа.
Монгол бичиг, Монгол судлалаар бахархам амжилтад хүрч чадсан тан шиг хүн багадаа ямар хүүхэд байсан бол гэдэг сонирхол татаж байна. Та сургуульд орохоосоо өмнө монгол бичиг, кирилл бичиг, бас төвөд бичиг ч сурсан гэдэг. Энэ үнэн үү?
Би Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн. Манай хойд залгаа Дарви сум бол Сутай хайрханы наад талын сум л даа. Тэр сумын Ванчиг гэдэг сайхан монгол бичигтэй хүнээр аав минь надад монгол бичиг заалгасан. Одоо санахад, яаж гарыг минь засаж залж байсан юм гэдгийг санах юм алга. Бичүүлээд л байдаг, муруй саруй бичээд л байсан. Мөн ингэж бичдэг, ингэж уншдаг гэхэд нь түүнийг нь тогтоогоод, холбон уншиж эхэлсэн. Өөрөө уншаад ирэхээр хүүхэд урам орно шүү дээ. Мэдэхгүй юмаа асуугаад ямар ч байсан дунд сургуульд орохоосоо өмнө уншиж бичиж сурсан. Аав минь лам хүн байлаа. Кирилл бичгийг аав өөрөө эхэлж долоо хоногт сураад, дараа нь надад зааж өгсөн юм. Төвөд бичгийн тухайд сургуульд орсон хойно аав Дорж гуайн сурах бичгээр зааж анхны мэдлэгтэй болгосон.
Монгол бичгээр анх ямар ном уншиж байв?
Анх уншсан арай том номоо тод санаж байна. Улаанбаатарт их үер болдог жил, 1966 он юмдаг. Би хөдөөний хүүхэд сумынхаа Ядамцоо багшийн хамт ЗХУ-ын Крымын хойгт байдаг олон улсын хүүхдийн Артек зуслан явахаар анх Улаанбаатар хотод орж ирсэн. Нэг аймгаас нэг хоёр хүүхэд л явж байсан. Галт тэргээр явж байгаад бараг хил дээр, Сүхбаатар хотод зогсоод хүүхдүүдийг гадаа гаргасан юм. Тэр үед Өвөрмонголд хэвлэсэн номуудыг чөлөөтэй худалддаг байлаа. Тэндээс “32 модон хүний үлгэр” гэдэг ном аваад вагон дотор Москва хүртэл их амтархан уншиж дууссан юмдаг. Тэгээд “32 модон хүний үлгэрийг би тэндээс худалдаж авлаа” гээд дээр нь бичсэн байдаг. Миний номын санд одоо ч байгаа даа.
Та анхнаасаа л монгол хэлний мэргэжил эзэмшье гэж бодсон уу?
Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг алтан медальтай төгссөн тул хамгийн эхэнд орж, гадаад дотоодын аль ч их, дээд сургуульд явах эрхтэй байсан ч өөрийн сонгосон МУИС- ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарийг авч билээ. Хотоос элсэлтийн шалгалтаар ирсэн профессор багш нар гадаадын хуваарь авахгүй юм уу гэж гайхаж байсан.
Та бол МУИС-ийн төгсөгч. Анх оюутан болсон үеийн дурсамжаасаа хуваалцвал их сонин байна.
Залуу нас, оюутан цаг гэдэг хүний амьдралын алтан үе. Сурагчийн ширээнээс шууд оюутны амьдрал, их сургуулийн сургалтад шилжиж бас хөдөө нутгийн амьдралаа хотын төрх байдлаар солиход олон зүйлд тулгамдаж, шинэ орчин, хот газрын ахуйд дасан суралцах хэрэгтэй болсон. Гэвч энэ бүхэн нь түвэг бэрхшээл бус сонирхол татсан, хөөр хөгжөөнтэй баяр баясалтай үе байлаа. 8 сарын 1 гэхэд МУИС дээр бэлэн байх ёстой тул 7 сарын дундуур дөрвөн ханатай жижиг гэрээ хотын замын машинд зохих хөлс тохирон ачаад, Улаанбаатар хот руу гарч байсан маань саяхан мэт санагдана. Яармагт хамаатныхаа хашаанд гэрээ барьж, хэрдээ л төвхнөж аваад, 8 сарын 1-нд МУИС- ийн төв байрны үүдээр алхан орж билээ. “Хөдөө САА явах бэлтгэлээ хий! Хоёр өдрийн дараа явна” гэсэн тул модон хайрцагт ойр зуурын юмаа хийж, хөнжил пүүгээгээ аваад ЗИЛ-130 машинд суугаад газар газраас ирсэн олон оюутнуудтай дуулалдан шуугилдан замд гарсан юм. САА-д хоёр сар шахам болоход МУИС-ийн олон салбарт суралцахаар ирсэн залуустай танил нөхөд болсон. САА-д явах, оюутны намрын ажил гэдэг хувь хүндээ ч, улс эх орны цаг хавчсан их ажлыг түргэн амжуулахад ч тун хэрэгтэй зүйл байсан даа. Оюутны намрын ажилд явж “ургацын далай”-г ишийг нь матсан хөнгөн цагаан шанагаар хутган идэж, өлсөх даарахыг мартан ажлыг уралдан хийж явсан оюутан нас үнэхээр сайхан дурсамж шүү.
Анхны хичээлийн өдөр ямагт сонин содон байдаг. Тэр тухайгаа яривал?
Намрын нарлаг сайхан өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны дөрвөн давхарт анхны хичээл эхэлж, ардын багш Д.Чойжилсүрэн монгол бичиг зааж билээ. Монгол хэл шинжлэлийн гол хичээлүүдийг академич Ш.Лувсанвандан, төвөд хэлийг профессор Х.Гаадан багш зэрэг алдартай ахмад багш нараар эрдэм ном заалгаж явсан азтай үе минь оюутан нас. Таван жил хичээлийн танхим, Улсын номын сан хоёроос өчүүхэн ч холдолгүй явсаар, сургуулиа Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн. Оюутан ахуйн таван жил миний амьдралд үнэхээр мартагдашгүй, давтагдашгүй дурсамжийг үлдээж дээ. Миний бие оюутны таван жилд тасралтгүй зун, намрын ажилд явсан төдийгүй багш болоод ч даасан ангийн оюутнуудтайгаа энэ ажилд байнга явсан даа. Ялгаа нь гэвэл өмнө нь заалгаж захируулж явсан бол багш болсон хойноо хашаа хороо барих, хадлан тэжээл авах, ургац хураах зэрэг ажилд оюутнаа удирдаж явж байлаа. Эхний хэдэн жилд оюутнуудтайгаа зэрэгцээд л ажиллачихдаг байв. Тэр нь захирч хэлснээс хамаагүй дээр. Учир нь 1970-аад оны үед их, дээд сургуульд 35 хүртэлх насны хүмүүс элсэх боломжтой байсан тул залуу багш надаас ахмад оюутнууд ч байсан.
Сургуулиа төгсөөд МУИС- даа багшилж эхэлснээс хойш таны бүхий л амьдрал их сургуультайгаа холбогдсон байх.
Их сургуулиа төгссөн даруй тэр оны 7 сарын 1-ээс МУИС- ийн Монгол хэл, уран зохиолын тэнхимд шууд багшаар томилогдон ажилласан. Тэр үед дагалдан багш гэж байгаагүй. 8 сарын 1-нээс Монгол хэл, уран зохиолын ангид шинээр элссэн оюутнуудыг авч САА-д явж байлаа. САА-аас бууж ирээд долоон хоногт 36 цагийн хичээл зааж эхэлсэн. Тэр үед бямба гарагт ч бүтэн хичээлтэй байдаг байсан. Гол заадаг байсан хичээл маань монгол бичиг, төвөд хэл, сонгон мэргэших болон түүхэн хэлзүй зэрэг хичээлүүд байсан. Тэнхимд маань уул шиг нөмөртэй, тал шиг сэтгэлтэй ахмад буурал багш нар байсан болохоор хичээл номоос эхлээд, хувийн ахуй амьдралын зүйлийг хүртэл хэлж сургаж байлаа. Үнэндээ өдөрт 6 цагийн хичээл заачихаад шууд л маргаашийн хичээлдээ бэлтгэж шөнө дүл хүртэл суудаг байв. Энэ маягаар явсаар нэг жил өнгөрөхөд нэлээд бэлтгэлтэй болчихсон байсан юм даг. Гавъяат багш Б.Бор МУИС-ийн залуу багш нарт “Их, дээд сургуульд багшлах арга зүй” гэсэн хичээлийг бүтэн жил заан реферат бичүүлж, шалгалт авч үнэмлэх олголоо. Энэ нь ч их хэрэгтэй зүйл байсан юм. Яваандаа Улсын номын санд суух цаг маань ч арай бага болсон. Учир нь ахмад багш нараасаа мэргэжлийн ховор ном бичгийг гуйж үздэг болчихсон хэрэг л дээ. Мөн оюутан цагаасаа цуглуулж эхэлсэн номын сан маань ч байнга арвижих боллоо.
Үргэлжлэлийг та бүхэн ЗИНДАА сэтгүүлээс уншаарай.
Монгол Улсын Их Сургуулийн 75 жилийн ойд зориулсан Зиндаа сэтгүүлийн тусгай дугаар
Сэтгэгдэл ( 5 )
Augaa suut erdemten egel bish gaihamshigt sod avyastan bishirtugei ene hund mongolchuudaa niilj baigaad terbum uguh ymsan
Их сургуульд энэ хуучин үсгийн багшаас өөр эрдэмтэй хүн байдаггүй юм уу хаашаа юм? Эрдэмгүй харин элдэв арга чарга ихтэй хоцрогдсон хүн дээ
УЛАМЖЛАЛТ АРГААР МОНГОЛ БИЧГИЙГ СУРХАД ОЮУН ТҮЛХҮҮР, 32 МОДОН ХҮНИЙ ҮЛГЭР,ШИДЭТ ХҮҮРИЙН ҮЛГЭР ГМ ТОДОРХОЙ ХЭДХЭН ЗОХИОЛ ДЭЭР СУРДАГ БАЙСАН.ЭНЭ НЬ БИЧИГ ҮСЭГ СУРХААСАА ИЛҮҮ ЗӨВ БУРУУГ ЯЛГАХ ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ ҮЗЛИЙГ ТОГТООХОД ИЛҮҮ ЧИГЛЭСЭН БАЙДАГ БАЙСАН.ЯГ ИЙМ ЗАРЧИМ ЭРТНИЙ СОЁЛТ ХҮЧИРХЭГ ҮНДЭСТЭНГҮҮДЭД ХЯТАДАД ХАНЗ (САНЗЫ,КҮНЗИЙН СУРГААЛЬ) ЕВРЕЙЧҮҮДИЙН (ИВРИТ,ТОРА) БАС БАЙДАГ. ЭНЭ ҮНДЭСТЭНГҮҮД ХЭЗЭЭ Ч ҮСТАХГҮЙ ӨӨРИЙН ГОЛЧ СУРГААЛЬТАЙ.200 ЖИЛ МОНГОЛЫН ХОЙМОР БАЙГААД ХЭЛ СОЁЛОО МАРТСАН БУРИАДУУД 2000 ЖИЛ ДЭЛХИЙГЭЭР ТАРААД ХЭЛ СОЁЛОО ГЭЭГЭЭГҮЙ ЕВРЕЙЧҮҮДИЙН ХООРОНД ХЭТЭРХИЙ ИХ ЯЛГАА БАЙНА.
Соц нийгэмд залуусын сурах идэвх маш өндөр байж дээ.
бичгийн хүн л байждээ , эр юм чинь энэ тэр хүүхэнд дурлаж байсан юм болов уу