МУГЖ Б.Сарантуяа: Чингис хаан шиг байлдан дагуулалт хийгээд л Монголоо бүтэн тойрох гоё шүү

2017 оны 10 сарын 17

 

Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа хэмээх эрхэмсэг хатагтайг “Зиндаа” сэтгүүл “Үлэмж төгөлдөр” булангийнхаа эрхэм хүндэт зочноор урилаа. Ямагт шинэлэг, залуухан, эрч хүчтэй, гоо үзэсгэлэнтэй харагддаг түүнийг Монголын “Алла Пугачева” хэмээн нэрлэхэд ер буруудахгүй. Тэрбээр үнэхээр л Монголын рок попын өнгө болон гялалздаг тод “од” нь билээ.
Б.Сарантуяа өнгөрсөн онд уран бүтээлийнхээ 30 жилийн ойн тоглолтыг сүр жавхлантай хийсэн. 30 жилийн дараах Сараа 30 жилийн өмнөх Сараагаас төдийлөн өөрчлөгдөөгүй, залуухан бөгөөд үзэсгэлэнтэй, эрч хүчтэй атлаа өвөрмөц содон хэвээр харагдаж буй нь биширмээр. Сараагийн зураг бүр нь гоё. Дуулсан дуу бүхэн нь сэтгэлд эгшиглээстэй. Урлагийн хүн гэж ийм л байдаг болов уу гэмээр гайхалтай сэтгэгдлийг төрүүлнэ.
Б.Сарантуяа бол элгэмсэг бөгөөд уян зөөлөн, эрч хүчтэй атлаа шазруун, зангарагтай бөгөөд хүчирхэг эмэгтэй. Бас яльгүй гунигтай ч юм шиг. Нэг тийм “этник” өнгө аястай. Өөрийгөө бүтэн олсон, амьдралаа өөрийн гараар бүтээн босгож чадсан, ирээдүйдээ асар их итгэлтэй хүний дүр төрхийг түүнээс олж мэдрэх ажээ.
ЭТНИК ХООЛОЙ БОЛ ЯКУТ УДАМ УГСААНЫ ЭМЭЭГИЙН УГШИЛТАЙ ХООЛОЙ БОЛЖ ТААРЛАА
Бид “Улаанбаатар арт”  галерейд ярилцлагаа хийхээр цаг товлон уулзав. Тэрбээр Соёлын төв өргөөний дэд захирлаар томилогдоод байгаа билээ. 
СТӨ-ний дэд захирлаар томилогдсонд тань баяр хүргэе.
Баярлалаа.
Та СТӨ-нд очсоноор орчин үеийн хөгжмийн урлагийн академи байгуулах мөрөөдөлдөө хүрэх боломж харагдаж байна уу?
Урьд нь бол би үүнийг хүүхэд зангаар мөрөөдөж байсан. Энд бас систем их чухал юм билээ. Драмын урлагт бол СУИС, МУБИС-ийн кино драмын ангид Станиславскийн системээр сургадаг шүү дээ. Оросын Гнесиний маягаар эстрад урлаг заах уу, эсвэл Америкийн Берклигийн системээр заах уу гэдэг асуудал гарч байгаа. Тэрийг би сүүлд нь ойлгосон. Системээ зөв сонгохгүй бол сайн багш нар урьж, сайн бааз үүсгээд ч нэмэргүй.
Аль систем нь манайд илүү тохирох бол?
Яг америк, орос систем гэж бас төлөвлөхгүй байна. Өөр бусад, тухайлбал Европын олон сайхан систем байгаа. Тэдгээрээс авч болно. Монголын уран бүтээлчдэд хамгийн тохиромжтой системийг сонгохын тулд судалгаа хийх хэрэгтэй. Манайх цомхон жижиг орон болохоор австри, швед систем илүү тохирч болно. Анхнаасаа манайх Оросын системтэй далан хэдэн жил байж байгаад гэнэт аль ч үгүй болчихсон нь их хохиролтой, хайран санагддаг. СУИС-ийн дуурийн дуулаачийн анги төгссөн дуучид гэхэд гадаадад стажировка хийж байна. Дуурийн театрын залуу дуучдыг харж байхад Г.Ариунбаатараас эхлээд буриад багштай боллоо. Энэ юуг хэлээд байна гэхээр, боловсон хүчний бодлогод анхаарах хэрэгтэйг сануулаад байна. Ахмад дээд үеийн мундаг багш нар байгаа боловч дараагийн үе нь бэлтгэгдээгүй байна.
Хүүхдүүдийг дуу хөгжимд сургаж байгаа арга барилд та нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Хүүхдийг хэтэрхий чанга хашгируулж дуулуулж байна” гээд?
Тийм ээ, хүүхдүүдийн хоолойг хүчлүүлдэг. Верхный регистрийг нь ашиглуулахгүйгээр бүтэн үндсэн хоолойгоор дээшээ доошоо болгож хашгируулах нь буруу. Хэрвээ би тэгж бүтэн хоолойгоор орилдог байсан бол гучин жил дуулахгүй, арван таван жил дуулаад л байхгүй болно биз дээ. Хайдав багш миний дээд өнгө нарийхан сул регистр өнгө мөн гээд, наадхаа харин бяртай болго гэсээр байгаад бүтэн хоолойноосоо шилжилт нь их цэвэрхэн болсон. Тэгээд фальцет бол миний үндсэн хоолой болсон доо.
Эхлээд багалзуураар, уушгиар, хоолойны тавилтаар дуулдаг байсан, одоо бол би хэвлээрээ, гэдсээрээ дуулдаг болсон гэж та ярьсан байдаг. Энэ хоёрын ялгаа нь юу вэ?
СУИС-д ороогүй байхад багалзуураараа л дуулна шүү дээ. Гэдэсний амьсгааг инстинктээрээ л авдаг байсан бол амьсгал зөв авахыг манай Хайдав багш зааж өгсөн. Ер нь дууг хүчлэхгүй дуулах ёстой. Жишээ нь, өвөрмонгол, хятадын дуучдын нэг дутагдалтай тал нь нюанс гэж байдаггүй. Их хүчтэй дуулсаар байгаад хоолойгоо зөөлөн үед нь удирдах чадвар муутай болчихдог. Тийм учраас ар Монголын зөөлөн эвлэгхэн дуулж чаддаг дуучид их сонирхолтой санагддаг. Сэрчмаа, Сарантуяа ч гэдэг юм уу. /инээв/
Таны “Содура”-г дуулсан бичлэгийг саяхан дахин нэг сонслоо. Хөвсгөлд зураг авалт хийсэн байна. Та тэр үед өөр орон зайд орсон мэт сэтгэгдэл төрсөн шүү. Улаанбаатарт төрсөн, орос сургууль төгссөн, рок попын дуучин гээд бодохоор танаас ямар ч байсан хөдөөний маягийн зэрлэг хоолой гарах ёсгүй гэж би боддог байлаа.
/инээлдэв/ Тэнд бол танаас яг тийм “байгалийн” хоолой гарчээ. Тайгын ч гэмээр юм уу?
Хоолойн бичлэгийг Улаанбаатарт New stars-д хийлгэсэн. Бичүүлэхдээ би өөрөө бараг л хэнгэрэг барих нь холгүй дуулсан. Аравнайлсан дуу гэдэг шиг “амилуулсан” дуу юм билээ.  Universe best songs-ийн шилдэг хөтлөгч Одгэрэл тийм гүн гүнзгий үг бичсэн байгаа юм. Найруулгыг нь манай продюсер Гантөр хийсэн. Би энэ дууг бичүүлчихээд, ерөөсөө энэ дуу бол клиптэй байх ёстой юм байна. Тусдаа клип хийлгэе гэж хүсэлт тавиад, Хөвсгөл рүү нисэж очсон. Өөрөө охиныгоо, ээжийгээ, ээжийнхээ дүүг (Якутаас ирсэн), найз Хулангаа (Германаас ирсэн) аваад “хоёр Хулантай” ниссэн гэсэн үг. Тэр үед ер бусын хүмүүсийн энерги нэг дор цугласан нөхцөл бүрдсэн. Тэр ч байтугай миний хүндлэн дээдэлдэг Дарханы Маам гээд “цагаан” удган гэр бүлийн хүнтэйгээ ирсэн.  
Ямар сонин юм бэ?
Тэр өглөө манай UBS телевизийн зургийн багийнхан урцнуудаа босгочихсон байсан. Зураг авалтын үеэр нэг их гоё уйлагнасан нартай бороо ороод л. Тайга бол их баярласан л гэж ярьдаг юм. Надад нэг тийм “этник” хоолой байдаг шүү дээ. “Аргагүй монгол аялгуу” дээр гарч байсан. Тэр этник хоолой бол якут удам угсааны эмээгийн угшилтай хоолой болж таарлаа л даа.
Этник хоолой бол байдаг. Гэхдээ бүр нэг цаанаасаа гарсан гэмээр дуу хоолой байсан даа?
Бас нэг сонин юм гэвэл, шөнийн зураг дээр нэг удган хиймлээр бөөлөх ёстой байсан юм байна. Би бичлэгээ тавиад дагаад дуулсан чинь нөгөө удган “Энэ Сарантуяа яагаад амьдаараа дуулахгүй байгаа юм, тайгад?” гэж өгүүлэл тавьжээ. Техникийн бололцоогүй учраас бичсэн бичлэг дээр нь амыг нь хөдөлгөж клипний зураг авдаг юм. Би бичлэгээ дагаж дуулаад 5-6 дубль авсны дараа нөгөө удганы маань онгод нь орж ирээд, түшээ нь байхгүй, унаад сандаргасан. Хэрвээ би худлаа амаа хөдөлгөсөн бол онгод орж ирэх байсан уу?
Дуу болгон өөрийн гэсэн амьтай гэдэг. Сонин юм шүү.
Би “Содура” киноны үйл явдлыг нь огт мэдэхгүй. Тэр кинон дээр хавцлаас унадаг юм байна. Клипэн дээр би өндөр хавцлын ирмэг дээр зогсоод дуулдаг. Хөвсгөл нуурын Модон хүй арал дээр зураг авч байхад би зургийн багийнхныг “Завь хөлсөлж гоё байгаль дунд зураг ав” гээд, том усан онгоцоор арлыг тойрч байгаад зураг авалт хийлгэсэн. Тэр арал бол хүн амьдардаггүй, шувууны арал. Урьд өмнө ямар ч кино болон клипний зураг авалтад ашиглаагүй аргаар тэр зургийг авсан. Тийм газрыг мэдэрч очиж дуулна гэдэг бол бас сонин. Зураг авалт дээр бол би санаачилгыг гартаа авсан гэж болно. “Содура” кино гарахаас хоёр жилийн өмнө дууг нь амилуулсан юм шүү дээ.

“ГООЛИНГОО” ДУУНЫ ТӨГСГӨЛД УРТЫН ДУУНЫ АЯ ОРУУЛЖ, ХАГАЦСАН СЭТГЭЛҮҮД НӨГӨӨ ЕРТӨНЦӨД УЧИРЧ БАЙГААГААР ДУУЛСАН
Та уртын дуучин Цоодол гуайгаар ардын дуу заалгаж, цомгоо Сингапурт бичүүлж байсан. Танд юу хэлж өгсөн бэ?
Ер нь нэг их олон юм ярьдаггүй хүн. Их өндөр настай  байсан даа. Орчин үеийн нэрд гарч байгаа хүүхэд дууг нь сонирхоход өөрт нь тааламжтай байсан байх. “Гоолингоо”, “Аргагүй амраг”-ийг одоогийн дуучдын дуулдгаас арай өөрөөр зааж өгснөөр нь би дуулсан юм. Тэр утгаараа гурав дахь үеийн залгамж халаа нь болсон. Цоодол гуайн дуулсныг диктафон дээр бичиж аваад дахин дахин сонсдог байлаа. Миний хамгийн сайн найз бол диктафон, кассет, CD. Манайхан дуу өгөхөөрөө CD дээр л гэрийн даалгавар шиг бичээд өгчихдөг. 
Гоолингоог заалгаж байхад танд Цоодол гуай ямар нэгэн түүх ярьж өгсөн үү?
Үгүй. Харин Сингапурт очоод Гоолингоог бичүүлэх гэсэн чинь ерөөсөө болдоггүй. “Зүүдээ ээ...” гээд дуулахаар нэг л тансаг, тарган цатгалан хоолойтой хүн. Зовлонтой дуу гэдгийг нь би сүүлд ойлгож байгаа юм. Өглөөнөөс эхлээд бичүүлээд, орой арав өнгөрөөд шөнийн хоёр цаг хүртэл дуулаад, “Болохгүй бол больё” гэж байсан. Гэтэл хоёр цагаас хойш хоолой суугаад, ядраад, цөхрөнгөө бараад, бараг уйлангаа алдаад, энэ дууг эртхэн хийхгүй яасан юм гэж оранжировк хийсэн залууд уурлаад, зовж стрессдээд, “Зүүдээ ээ” гэсэн чинь яг нөгөө хүсэж байсан хоолой нь гарч байгаа байхгүй юу. Гансарсан хоолой байх ёстой байсан юм билээ. Тэгээд л би ойлгосон. Энэ ийм учиртай дуу юм байна даа гэж.
Дуу бүхэнд өөрийн хувь заяа байдаг юм шиг санагддаг. Зарим хүмүүс энэ дуунд нэг их таатай ханддаггүй гэж сонссон юм байна.
Анх “Гоолингоо” дууг дуулах санааг надад дуучин Наран өгч байсан юм. Өөрөө дуулна гэчихээд жил хагас боллоо. Дуулахгүй болохоор нь би аваад дуулсан. Наран надад гомддоггүй байх гэж боддог. Ямар өмчлөгдчихсөн дуу биш. Хүмүүс энэ дууг дуулуулах дуртай. Гэхдээ би найр наадам дээр бол дуулдаггүй. Нээлтийн арга хэмжээ ч юм уу, тийм этник талаас нь энгийн арга хэмжээн дээр дуулдаг. Хагацлын дуу учраас хуриман дээр бол дуулдаггүй.
Харин “Аргагүй амраг”-ийг?
Энэ дуу зүгээр л зугаатай. Гунигтай дуу шиг биш. “Сэтгэл чинь хөрөх гээд байна уу, үгүй юу” гэсэн тийм утгатай санагддаг. Төгсгөлийг нь би доёолсон маягтай өөрчилсөн.  Гоолингоог ч бас өөрчилж төгсгөлд нь уртын дууны ая оруулж, хагацсан сэтгэлүүд нөгөө ертөнцөд учирч байгаагаар дуулсан.
Гунигтай дуу бол таны маш сайн тоглосон жүжиг гэж үнэн үү?
Үнэн. Би хэрвээ гуниглавал 24 цаг л гуниглана. Тийм зав алга. Толгойгоор дүүрэн шинэ санаа, хийх ажил байхад завтай байх нь буруу гэж боддог. 
Нэгэн зэрэг хэд хэдэн дуун дээр ажиллах тохиолдол бий юу?
Би нэг дуун дээр ажиллаж байгаа бол тэрийгээ дуусгаж байж дараагийн дууг дуулна гэдэг. Дууг бол зүгээр нэг өнгөцхөн “Кафед танилцсан бүсгүйтэй нэг залуу яриа өрнүүлж байгаа юм шиг биш, бүр гүн гүнзгий дурлаж байгаа хүн шиг” би дууг барьж авдаг. Тэгж байж тэр дуу болгон нь их гоё, өвөрмөц болдог. Егүзэр хутагт гуайн нэг дуу байдаг юм. Тэр хүний дууг дуулахад л би бүр гайхаж байсан. Намайг Анужин багшийн хичээлд суугаад 21 хоногийн мацгаа барьчихаад байхад надад тэр захиалга орж ирэхэд нь “Тэр их ариун гэгээн хүний дууг мацаг барьсан хүн л дуулах ёстой гэж дээрээс ирлээ дээ” гэж бодож хүлээж авч байсан. Тэр их учиртай юм билээ.
Дуулсан дуу болгон нь хит болдог дуучин ховор. Таны хувьд дуу бүхэн тань хүний сэтгэлд хүрч, дийлэнх нь хит болж чаддаг. Нэг дуунд ер нь ямар хугацаа зарцуулдаг вэ?
Янз янз. Заримдаа яаралтай гээд 30 минут. Содура-г бол би хоёр цагийн дотор л дуулсан. Удахгүй их гоё аавын тухай дуу дуулна. Амжвал “Морин хуур” наадамд оролцох санаатай. Урьд нь бол хүмүүсийн яаруулсан цагт  амжуулаад дуугаа бичүүлдэг байсан. Одоо бол цагаа хэлдэг болоод байна. Цаг хэлдэггүй цэрэг шиг жагсдаг нь төрийн алба болсон.  Дуунууд “Сарантуяа намайг хэзээ дуулах вэ” гээд жагсчихсан байгаа. Гэхдээ ер нь барьж аваад бүгдийг нь дуулаад цэгцэлье гэсэн бодол бий. Би ч удаан бариад байх дургүй. 30 жил дуулсных хэдэн дуунуудаа оркестровкийг нь хийлгэж ноотлууллаа. Тэгээд бас миний тухай ном гарах гэж байна. “Хөх монгол принтинг” хэвлэлийн газарт хэвлэгдэнэ.
“Хөх” гэдэг үг тантай их холбоотой юм. “Хөх тэнгэр” хамтлагт дуулдаг байсан. Содон өнгө төрхөөр эстрадын ертөнцөд гарч ирж амжилтад хүрсэн болохоор тань 1999 онд “Зууны манлай” эстрадын дуучнаар шалгаруулж байсан байх аа?
Миний тухай яг ийм утгатай “Зууны дуу хоолой” гэдэг нэртэй ном гарч байгаа. Хорин есхөн насандаа “Зууны манлай эстрадын дуучин” болно гэдэг үнэхээр гайхамшигтай байсан. 17 жил энэ нэрийг мандуулаад явж байна. Хувсгалын тохироо гэдэг шиг дуулах нөхцөл нь надад бүрдчихсэн байгаа. Дээрээс нь би одоо хүртэл, тайзан дээр гарахдаа хоцрогдчих вий, улиг домог болчих вий гэж минут секунд бүр боддог гээд бод доо. Яагаад гэвэл “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ”-ийн ах эгч нарыгаа харж байлаа. /санаа алдав/ СТӨ-ний шатаар өгсөж явахдаа “Дуулдаг байсан өргөөнийхөө орлогч захирлаар томилогдчихдог нь сонин тавилан юм даа” гэж бодогддог. Урлагийн төлөө зүтгэж явсны минь шагнал, гэмгүй явсны буян байх аа. Урлагийн мэдрэмжтэй хүнийг оруулъя, шинэлэг сэтгэж магадгүй гэж найдсан болов уу. Томилсон дарга нарынхаа итгэлийг алдахгүй байя гэж боддог. Орчин үеийн дарга нар их энгийн. Урьдын дарга нар шиг ихэмсэг биш. Энэ нь их таалагддаг. Үнэхээр ардчилалтай, тал засах шаардлага байхгүй.  


САРААГИЙН 30 ЖИЛИЙН ДУУНУУДЫНХ  НЬ "ТРИУМФ", БАЯРЫН ДЭЭД ЦЭНГЭЛ БОЛСОН
Ярилцлагад бэлтгэж байхдаа, Дуучин Сараа бол Монголынхоо нийгмийн нэг өнгө төрх нь юм байна гэж бодож байлаа. Гудамжны сандал дээр суугаад дуулж байхад хажууд нь цэцэг барьсан хосууд ирээд суугаад л босч яваад байдаг гоё клипийг 90-ээд оны тэр саарал өдрүүдэд үзээд сэтгэл өөдрөг болдогсон. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр таны дуунууд улам л гоё болоод байна. Тэгэхээр Дуучин Сараа бол нийгмээ урагш хөтлөх, урам зориг өгөх хүч нь болж иржээ. Анх тайзан дээр гарч байсан Сараа, өнөөдрийн Сараа хоёрыг харьцуулбал хэрхэн дүгнэж хэлэх вэ?
Залуу үеийн Сараа бол аймшиггүйгээр, нөөхгүйгээр дуу авиа гаргаж байгаа юм. Аялан тоглолтоор хоолойгоо сөөлгөөд, концертоо хойшлуулж байсан тэр олон бэрхшээлийг давахаа мэдэхгүй Сараа чинь өрөвдмөөр шүү дээ. Дараа нь нуруугаа авсан Сараа нэг өөр болж байгаа. Тэгээд бүр эргэлт буцалтгүйгээр дайрсан давшилттай Сараа байгаа. Хүн нь бол бууж өгөөгүй. Гэтэл бууж өгсөн дуучид бий. Дайсантайгаа хамсаатан болж өөрийн үзэл бодлоосоо буцсан, үгнээсээ буцсан уран бүтээлчид ч байгаа. Би бол дайснуудаа хөлдөө суулгасан. Сөхрүүлсэн. Ухаанаараа, ур чадвараараа сөхрүүлж чадсан. “Урлагт 30 жил” тоглолт бол манай үзэгчид, нийтлэлчид, сэтгүүлчид зуун хувь хүлээн зөвшөөрөх тийм л үйл явдал болсон. Гучин жил дуулсан “Примадонна” нь яаж дуулах нь вэ гээд манай урлагийнхан, рок попынхон бүгд л хүлээлттэй байсан байх. Бид нар хуучинсаг маягаар бэлэг авдаг баяр хийгээгүй. Зүгээр л Сараагийн гучин жилийн дуунуудынх нь “триумф”, баярын дээд цэнгэл болсон. Сараагийн ч биш, дуунуудын. Энд Сараа ямар мундаг вэ гэсэн акцент тавигдаагүй. Дуунууд нь ямар мундаг хүмүүс зохиож, энэ дуунууд өдий хүртэл ямар олон жил сайхан амилсан, мартагдаагүй вэ гэдэг баярын цэнгэлийг үзүүлэхийг зорьсон. Энэ бол Сараагийн фенүүдийн, Сараагийн уран бүтээлийн баярын цэнгүүн болсон. Энэ бол яг л миний хүсэж байсан хэмжээ. Би энэ тоглолтоосоо дээд зэргийн сэтгэл ханамж авсан.
Тоглолтын дараах хүлээн авалт АСЕМ вилла-д болсон нь бүр тансгийн тансаг. Урлагийн бурхдыг ингэж л дайлж цайлах ёстой гэсэн шиг тийм сайхан цайллага болсон. “Монголиан Стар мелшерс” манай ивээн тэтгэгчээр орж байсан. Моёт шампанск, хоол хүнс ерөөсөө аманд хайлсан гэж яриад байгаа байхгүй юу. Аманд хайлсан хоол гэж юу ярьж байна аа, тэр бол гайхамшигтай юм болсон байгаа биз дээ?
Үлгэрийн төгсгөлд л ингэж бичсэн байдаг даа.
Ер бусын энерги бүрэлдсэн, бүх сайн сайхан нь тэгш хосолсон үдэш болсон учраас бүх зүйл нь дээд зэргийнх байсан. Би тоглолтоо таван цагт хийсэн. Тав хоногийн өмнө билет нь зарагдаж дууссан. Билет хэрхэн зарагдаж байгааг шууд веб сайтаас харж байлаа. Одоо их сайхан болсон шүү дээ. Ээжийн төрсөн өдөр гээд постлоход л 10 мянган лайк, 156099 хүн үзсэн байна.
Постыг нэг удаад л 73 мянган хүн харж байна. Тэгэхээр энд мэдээллээ оруулаад байхад болж байна. Би page-ээ өөрөө хөтөлдөг. 75 мянган лайк, 74 мянган фолловерстой. Хүмүүс утасдаад хиймэл лайк санал болгодог ч би үгүй гэдэг.
30 жилийн дүнг гаргах гээд үзье. 30 жил урлагийн ертөнцөд байхад нийт хэдэн дуу хийсэн бол? Хэдэн орноор явав, ямар шагналууд авав?
Тоолж үзээгүй шүү дээ. 21 цомогт дунджаар 10 дуу орсон гэвэл 210. Энэ бол цомог. Цомогт ороогүй, өөр хүмүүсийн цомогт орсон гээд багцаалах юм бол 500 гаруй. 20 гаруй орноор явж аялан тоглолт хийсэн. Тоймтой томоохон шагнал гэвэл, 1991 онд Шанхайн Азийн дууны наадмын фестивальд мөнгөн медаль авсан
/Баян Монголын Эрдэнэцэцэг бид хоёр/. Казахстанд 22 орны 25 оролцогчоос шалгарч Азийн дуу хоолой наадмын “Гран при” 10 мянган долларын шагнал авч байсан.  Хит парад, Ая дууны жигүүр наадамд 1, 2, 3-р байрууд, Пентатоник наадамд 1995, 1996 онд “Шилдэг дуучин”, 1996 онд “Шилдэг дуу”, 1999 онд “Шилдэг дуучин” шагнал авч байсан. 2000-аад онд “Шилдэг транс” гэх мэтчилэн олон шагнал авч байсан. 1995 онд Улаанбаатар хотын “Хангарьд” шагналтан болж, Хүндэтгэлийн тэмдгээр шагнуулсан. 1999 онд “Зууны манлай эстрадын дуучин”, 2004 онд Соёлын тэргүүний ажилтан, 2005 онд Монгол Улсын гавьяат жүжигчин. Гэхдээ хамгийн үнэ цэнэтэй нь МУГЖ, “Зууны манлай эстрадын дуучин”. Мөн ОУ-ын тэмцээнээс авсан Гран при, “Азийн алтан гургалдай” шагнал маань их чухал.
Монголоо тойрч хэдэн удаа аялан тоглолт хийв?
Таван удаа. 1996 онд “Хайрын бурхан”, 2000 онд “Хайрын зөрлөг”, 2003 онд “Би жаргалтай”, 2007-2008 онд “Хайрламаар”, 2011 онд “Аргагүй монгол аялгуу”. Чингис хаан шиг, байлдан дагуулалт хийгээд л Монголоо бүтэн тойрох гоё шүү дээ. Хөгжим, гэрэл авч явна. Хоёр фургон, нэг жийптэй гараад л онгоцноос хурдан явдаг байлаа. Угтуулаад үдүүлэх сайхан. Өдөрт хоёр тоглолт хийж, 400-500 км явна. 
ЭРХЭМБИЛЭГ ХҮҮ ЭРЧ ХҮЧ, ЭНЭРЭЛ ХАЙР ӨГСӨН БОЛ ХУЛАН ОХИН УУЖУУ СЭТГЭЛ, ТЭВЧЭЭР ХАЙРЛАСАН
Таны “Хайрын бэлэг” их гоё дуу болсон байна.
Миний хувьд шинэ, оюунлаг, урлагийн мэдрэмжтэй хүмүүсийг дор нь мэдрээд хамтарч ажиллаж чаддаг. Би тэр залуучуудыг авч дэмжээд байдаг чинь ийм учиртай. Би доминат, би супер гэдэгтээ гол нь биш. Ерөнхийдөө залуу дуучидтай ажиллаж их юм хийж байна.
Авьяаслаг монголчуудын залуусыг хэрхэн харж байна вэ?
Зүгээр ээ, хөөрхөн. Сандлаасаа унатал юм болоогүй шүү дээ. Харин Шижирбат мундаг байсан. Ийм төрлийн шоунууд сонирхолтой. “Яг түүн шиг” шоу бол дээр үеийн одуудыг дахин таниулах, эргэн дурсаж алдаршуулах ач холбогдолтой. Мөн одоо дуулж байгаа дуучдыг задалж хөгжүүлж байна. Би хүртэл энэ шоунд ормоор санагддаг. Өөр өөр дүрд хувирч дуулна гэдэг чинь сонирхолтой шүү дээ.
Анх ээж болохдоо уйлж байв уу? Ямар мэдрэмж төрж байсан бэ?
Тийм ээ, уйлж байсан. Би хэвлэлийн дайралтад их өртөж байсан үе. Хүүхдийг минь сольчих вий гээд хүүхдээ л сайн харж авч байсан.
Ер нь тийм бодол төрдөг юм шүү.
Тийм ээ. Хоёрдугаарт 100 хувь миний хүүхэд гэсэн мэдрэмж их хүчтэй байдаг. Бүх шийдвэрийг өөрөө гаргадаг учраас тэр байх. Эрхэмбилэг хүү эрч хүч, энэрэл хайр өгсөн бол Хулан охин уужуу сэтгэл, тэвчээр хайрласан. Анхны хүүхэд хүү байх нь зөв байдаг юм байна. Одоо миний хүү маш их түшигтэй шүү дээ. Хүүхдүүдээ гэр бүлсэг хүмүүжүүлж байгаа. Бас нэг охинтой. Дүүгийн маань охин. Эрэгтэй дүү маань 2005 онд бурхан болж, эхнэр нь гадаадад сурахаар болсон юм. Тэгээд 5 настайд нь аваад, дүүгийнхээ шарил дээр “Охиныг чинь өсгөж хүмүүжүүлнэ” гэж амласандаа хүрч байна. Саяхан 16 насны төрсөн өдрийг нь их чухал тэмдэглэлээ. Надад бол ачаалалтай л байсан. Тийм амар биш. Анхнаасаа “Би чамайг эгчийн хайраар хайрлана” гэж хэлсэн. Гэтэл охин маань утсан дээрээ миний дугаарыг “ээж” гэж бичдэг. Яагаад тэгсэн гэхээр, анх Хуягаагийн охин Цоомоод 19-тэйдээ хойд ээж нь болж байлаа. Эрхэмээгийн ахыг би бас харж байсан. Дараа нь аваад явчихаар их хэцүү. Зүрхнээс нэг мах тасдаад аваад явчихсан юм шиг санагддаг. Гэхдээ дүүгийнхээ охиныг би ганцаараа өсгөсөн биш, ээж нь бас дэм болж байгаа.
Таны хувьд амьдралын хамгийн гол утга учир нь юу вэ?
Ерөөсөө л гэр бүл. Миний хамаг баяр баясгалан гэр бүл дээр тогтож байна. Найз нөхөдтэйгээ уулзалгүй яахав. Найдвартай сайн найз нар байдаг. Хамгийн гоё зүйл бол өглөө зуслангийн цэвэр агаар амьсгалж сэрэх. Саруулхан том цонхтой өрөөндөө сарнай үнэртсэн охиноо үнсээд л сэрдэг. Бид хоёр хамт алхана. Зусландаа би их олон юм нэмж тохижуулсан. Байгальд ойр байх дуртай. Том хотод байх дуртай л даа. Гэхдээ дэлхийг мэдрэх, аньс түүх, ойд алхах илүү гоё. Би тав тухтай амьдрах дуртай. Аж ахуйч талдаа хүн л дээ. Гэр бүлийн жим гаргаж, тэр жимээр хүүхдүүдээ дагуулж явах дуртай. Болохгүй юм гэж байхгүй. “Гүй”- гээр төгссөн бүх үг манай гэр бүлд хориотой. Энэ сэтгэлгээг түгээмээр санагддаг. Хүнд чадахгүй гэж хэлэх муухай байдаг.
Түүний оронд хариу хүсээгүй тус хүргээд явах нь сайхан. Манай аав тийм зантай. Харин эрэгтэй хүнд бол өөр шүү. Тэр улсуудтай өөр тооцоотой. Бодлынхоо үзүүрт бодсон бодлоо тавьдаггүй. Тэр гомдол тавигдсан цагт л өөр хүнтэй учрах байх. Зүгээр эргүүлж байгаа эрэгтэй хүн инээдтэй санагддаг. Бодвол сайхан харагдаад хүсэмжилдэг хүн байдаг л байлгүй. Илэрхийлээгүй бол хохь чинь л гэдэг.
Сэхүүн салхи дуу шиг үү? /инээлдэв/
Эрэгтэй хүн худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, амьдарч байгаа байрныхаа мөнгийг төлчихдөг, тогтмол цалинтай ч байж болно. Гол нь халуун сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Гар нь хөдөлдөг, тусалчихдаг. Аягүй хэцүү алба гэж бодоод байх шиг байгаа юм. Хонины ордныхон шиг hard нь халтлаа ажиллаж бүхнийг зохицуулж чаддаг хүмүүст маш энгийн хүн таардаг. Чи ямар гоё нүдтэй юм бэ, ямар дур булаам юм, ямар сайхан үнэртэй юм... Эрхэмээгийн аав намайг, “Ертөнцийн хамгийн гоё нүдтэй эмэгтэй” гэдэг байсан. Эсвэл нэг сайхан чанга тэврээд авах хэрэгтэй шүү дээ. Хулангийн аав яг л тийм байсан. “Ийм нэгэн явдал” кино шиг”...
Тэрийг л мэдэхгүй юм даа, эрчүүд /инээлдэв/.
Хүмүүс их өндөр tax-т орчихно гэж айгаад байдаг. Намайг үдийн хоолоо Монэ-д иддэг гэж бодоод байх шиг байгаа юм. /инээв/ Би хүлээн авалт маш сайн зохион байгуулдаг учир үнэтэй эмэгтэй гэж харагдаад байдаг талтай. Үнэтэй юм авбал би галзуурчихна шүү. Харин үнэ цэнэтэй юм авч хэрэглэж болно оо.
Та ердөө ч сул дорой харагддаггүй. Үргэлж хүчирхэг байж чаддагийн нууц нь юу вэ?
Би хонины орд, галын тэмдэг. Энэ нөлөөлдөг байх.
Танд хувийн амьдралтай холбоотой дуу байдаг байх, тийм үү?
Гэрэлтэй сайхан хайрын дурсамж... гэж эхэлдэг дууг Хуягаагаас салсан үед Өөжгий үгийг нь бичсэн. “Мартъя” гарч байх үед би гэр бүлтэй хүнд дурласан байсан. Сэтгэлээ их татаж авдаг байлаа. Тэрийг нь буруугаар ойлгоод салгагч гэж яриад байдаг. Бодоод байхад би хайр сэтгэлд их энэрэнгүй, дандаа эмэгтэй талыг нь боддог. Эрэгтэй хүнд хэзээ ч итгэж байгаагүй. Нэг бус эмэгтэй ирж уулзахад сэтгэл санааг нь тайван болгоод явуулж байсан. Харин тэр эрчүүд нь надаас өшөө аваад байдаг ч юм шиг. Би буруу ойлгогдсон, буруу уншигдсан роман байгаа биз дээ. Энэ бол үйлийн үр байх. Хоёрын хоёр амьдарч болох нөхрүүдээсээ өөрөө салсан. 15 жил ганцаараа амьдарч байна. Надаас асууж байсан. Ганцаараа амьдрах хэцүү юу гэж. Тэгэхэд би хариулж байсан. Хүүхдээ өргөж явах хамгийн хэцүү. Хоёр дахь хүүхэд дээр бол их хүнд байсан. Хөлтэй хүн хөлөөрөө явна аа гээд охиноо хөтлөөд явдаг байлаа. Гэтэл нагац ах охиныг минь өргөөд явах гэхэд охин маань “Хөлтэй хүн хөлөөрөө явна аа” гээд өөрөө алхаж байсан юм даа... Дараа нь Эрхэмээ дүүгээ өргөдөг болж их амар болсон. Гурван хүүхэд гэдэг бол их баялаг шүү дээ.
Хүнд дурлаад, тэр хүнийхээ ар гэрийг бодоод салж чадаж байна. Өөрт гэхдээ хэцүү байдаг биз дээ?
Хүнээс салахад 45 хоног л хэрэгтэй байдаг юм биш үү. Сараа гэдэг хүний дотоод сэтгэл нь шаналдаг байх л даа. Ер нь бол сэтгэлийн үзүүрт нэг гомдол үлддэг юм билээ. Ерөөсөө хайртай дуртай байсан гэдэг нь худлаа ч юм шиг, хоосон. Эрэгтэй эмэгтэй хүний дунд хүүхэд нь л үлддэг учраас, мөн хүндлэгдэхүйц түвшинд явж байгаа болохоор өөр. Гэхдээ миний сэтгэлийн гүнд гомдол байдаг гэдгийг тэд нар мэддэг л байх. Би их хатуу шүү дээ. Яагаад хатуу вэ гэхээр, салалт гэдэгт хандсан хандлагаас нь болж байгаа. Намайг цөхрөөгүй, шалдаа бууж гуйгаагүйд эгдүү нь хүрдэг байх. Хайрлаж чадахгүй гэж хэлсний төлөө ямар үнэтэй хариу авч байна аа, тэр эрчүүдээс.
Эмэгтэй хүн хүчирхэг байсны төлөөс үү?
Үгүй ээ, шударга байсны төлөөс л дөө. Уран ухаан хэрэглэж байж хүүхдэдээ анхаарал тавиулах нюанс үүсгэж байна.
“SINGLE MOM” НИЙГЭМД БАЙР СУУРЬТАЙ, ХҮЧИРХЭГ БАЙЖ БОЛДГИЙГ ХАРУУЛСАН
Цэл залуухан Сараагийн хувьд хайр гэдгийг яаж төсөөлдөг байв?   
Ер нь хайр бол их ээдрээтэй. Хайрыг удирдах боломжгүй.
Уран бүтээлчийн эрх чөлөө яах вэ?
Анхнаасаа л хил хязгаарыг нь тавьж өгнө. Тийм учраас л охины аав салсан байх. Ааштай, алдартай эмэгтэй хүн чинь “гэрийн найран дээр ирэх ёстой байсан ирээгүй” г.м зүйлээс эхлээд л салах болсон. Тийм учраас надаас дээгүүр, нэр хүндийн дээд хэмжээ болсон хүн л намайг удирдах юм шиг байгаа юм.
Харин одоогийн Сараа?
Надад одоо ээж гэдэг Сараа 70 хувь, эмэгтэй хүн гэдгээ унтуулчихсан. Хүссэн юмаа авдаг эмэгтэй гэдгийг маань мэдэж байгаа шүү дээ, хүмүүс. Зүрхээ шархлуулаад л, нэг тийм дундуур сэтгэлтэй үлдмээргүй байна. Би чинь урвалт шарвалтын ертөнцөд бол дүүлсэн эмэгтэй. Сүүлдээ бүр урвалтад ч гомдохоо байчихдаг. Надаас урвасан гэж мэдсээр байж тэр хүнтэй хамт байх хэцүү биз дээ.
Энэ бүхнийг даван туулах дотоод хүчийг хаанаас олж байна вэ?
Өөрөө өөрөөсөө хүчээ авдаг. Өөрөө өөрийгөө нээнэ. Бясалгал, хоолны багш гээд өөрийгөө нээх сургалт дамжаанд явах дуртай. Би ерөөсөө өөрийгөө л цаглашгүй их энергийн уурхай гэж боддог. Бүр жаахан байхдаа миний амьдрал телевизээр гардаг байх гэж боддог байсан. 40 насандаа охиндоо таалагдах гээд дугуй унаж сурч байлаа. Амьдрал яг л хоол хийж байгаа юм шиг. Толгойгоо жаахан цэгцлээд хэрэггүй хүмүүсийг, хэрэггүй бодлуудыг бүгдийг нь гэрээсээ гаргаад хаях хэрэгтэй. Намайг хайрлахгүй, хүндлэхгүй байгаа улсуудтай би уулзах хэрэггүй, учрах хэрэггүй. Шударга, үнэн голоосоо хүнийг хайрладаг, хүндэлдэг улсуудтай харьцаад явах нь сайн. Хэзээ ч моодноос гарахгүй гэж бодогддог нь ийм учиртай. Ерөнхийдөө baby boom хийгээд авсан. single mom нийгэмд байр суурьтай, хүчирхэг байж болдгийг харуулсан. 
Та ямар хөгжим сонсох дуртай вэ?
Би нэг тийм эрэлхэг, сөөнгө хоолойтой Cool эрэгтэй хүний дуу сонсох дуртай. Брайн Адамсыг шүтдэг. 
Та цэцгэнд дуртай юу?
Цэцэг суулгах дуртай болсон. Миний энэ насандаа хийх ёстой үйлийн нэг юм шиг байгаа юм. Сайн үр суулгавал үр шимийг нь амсана. Би ингэж чадсан гэж бодож байгаа. Хүнд итгэсэн, тусласан, баярлуулсан олон түүх бий.
Монгол эмэгтэйн хатан ухаан гэж ярьдаг. Хатан ухааныг та хэрхэн тодорхойлох вэ?
Бид бол гурван нүүдлийн дараах юмыг ярьж байна. Хатан ухаан гэдэг бол есөн нүүдлийн цаадхыг тооцоолох чадвар юм. Төрийн бодлого, гэр бүлийн бодлого, хатдын бодлого гээд бүгдийг оруулж байгаа. Дээрээс нь эмэгтэй хүний өөрийнх нь бодлого байна. Энэ бүх юмыг шингээж байж л хатан ухаан бий болдог юм байна л даа. Тэр мундаг бие сэтгэлээ өгч байж улс орноо аварч байсан агуу хатдын ухаан. Үр хүүхдүүдээ дайнд илгээж байсан сэтгэлийн хат. Золиос гаргаж чаддаггүй хүн бол хатан ухааны талаар яриад ч хэрэггүй.
Дуу ба гэгээрэл ямар холбоотой гэж та боддог вэ?
Дуу дуулна гэдэг чинь лам нарын хувьд маани уншина гэдэг шиг, нэг тийм сэтгэл зүйн нислэг хийж байгаа явдал юм. Энэ нислэг дээр зөв буух гэдэг утгаараа үнэн голоосоо дуулаад л дууг амилуулна шүү дээ. Дууг олон дуулж өөрөө ойлгож байж хүнд ойлгуулна. Дууг дуулна гэдэг чинь бас урлаг шүү. Тийм амархан биш. Гэгээрэлтэй холбож байгаа нь зөв л дөө. Яагаад гэхээр дуугаар хүн өөрийгөө илэрхийлдэггүй. Тэр дуу нь зохиогдсон үзэл бодлыг илэрхийлдэг. Яг залбирал хийж байгаатай адил. Би чинь тайзан дээр бол нийгэмд өөрийгөө өгөх үүрэгтэй хүн шүү дээ. Тайзны тэр “алтан” заагийг хадгалах нь зөв гэж боддог.
Танд баярлалаа.
Ярилцсан: Ц.Оюунчимэг
"Зиндаа" сэтгүүл №2 /502/, 2017-01 сар

Top