С.Эрдэнэбат: Явцуу ашиг сонирхлын төлөө зүтгэж байгаа хүмүүстэй маргаад сууж байх цаг зав алга

2017 оны 10 сарын 18

МҮЭ-тэй холбоотой цаг үеийн асуудлаар MҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.

– МҮЭХ ямар ажлууд дээр төвлөрч байна вэ, ялангуяа багш ажилчдын ажил хаялтын асуудал дээр танай байгууллага ямар байр суурьтай байгаа вэ?

-Хамтын маргаан үүсээд явж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн хуулийн дагуу зуучлагч томилогдоод засгийн газрын болон ҮЭ-ийн төлөөллийг дуудаж уулзсан. Засгийн газрын хувьд шинэ сайд нар томилогдсоны дараа зуучлагчийн зөвлөмжийг хүлээж авья гэсэн байр суурийг илэрхийлсэн.

-10 сарын 23-ны өдөр багш нар хугацаагүй ажил хаяхаар болсон тухай мэдээлэл гарч байсан. Энэ тухайд

-Хуулиар Арбитрын шийдвэрийн дараа ажил хаях эрх үүсдэг. Зуучлагч нарын хувьд цалингийн шатлалыг шинэчил, шатлал хоорондын нэмэгдлийг эхний удаад 20-25 хувь нэмэгдүүлэх саналыг гаргасан байна лээ. МҮЭХ-ны хувьд дан ганц цалингийн асуудлыг яриагүй. Нийгмийн даатгал, тэтгэврийн насны шинэчлэлийн асуудал болон асуудлыг бид тавьж байгаа. Эдгээр асуудлуудын хүрээнд МҮЭХ тохиролцоонд хүрэх боломжгүй учраас дараагийн шат болох Арбитрын шат руу шилжие гэсэн шийдвэрт хүрсэн. Үүнийг гуйвуулан МҮЭХ Засгийн газартай тохиролцоонд хүрлээ гэх зэрэг байдлаар  буруу зөрүү мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь харамсалтай. МҮЭХ цалин нэмэх асуудлын хүрээнд ямар нэгэн ойлголцол, тохиролцоонд хүрээгүй байгаа гэдгийг хариуцлагатайгаар  мэдэгдэе.

-МҮЭХ-ны 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Та бүхэн энэ түүхэн ойгоо угтаж ямар ажлуудыг хийсэн вэ?

-Ямарваа байгууллагын хувьд 100 жилийн ой гэдэг бол түүхэн тэмдэглэлт  үйл явдал. Бид түүхэн ойгоо нэг талаас энгийн даруу байдлаар тэмдэглэх, нөгөө талаас салбар нэгж, гишүүн байгууллагууддаа  хүрч ажиллах зорилгын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, тодорхой ажлуудыг хийлээ. МҮЭХ-ны тугийг хөдөө орон нутгаар аялуулж, энэ ажлын  хүрээнд гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, эв нэгдлийг илэрхийлсэн тодорхой арга хэмжээ зохион байгуулах, Эрдэм шинжилгээний болон асуудал хөндсөн хурал зөвлөгөөн, форум зохион байгуулах зэрэг олон ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж 100 жилийн ойн ажлуудынхаа ард бид амжилттай гараад байна. МҮЭХ-ны 100 жилийн ойг зарим хүмүүс буруугаар ойлгож,  биднийг нэг их баяр цэнгэл хөөсөн хүмүүс гэж харсан бололтой юм билээ. Үнэндээ түүхэн ой болж байгаатай холбогдуулан МҮЭХ-д ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүндэтгэл үзүүлсэн, олон улсын хурал зөвлөгөөн семинар зохион байгуулж байгууллагаа сурталчилсан, 5 сарын 1-ны өдөр хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалсан тэмцэл өрнүүлж, жагсаал цуглаан хийсэн, хамтын маргаан тэмцэл гээд олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлснээр  100 жилийн ойгоо үдэж байна.  Хамгийн чухал нь ҮЭ-ийн байгууллага өнөөдрийн хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө, ажил хөдөлмөрөө чөлөөтэй сонгох, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх, хөдөлмөрийн хуулиар эрхээ хамгаалуулах гэх мэтчилэн хүмүүсийн тэр бүх анзаардаггүй ажлуудыг түүхэн цаг үеүүдэд хэрэгжүүлж ирсэн.  Үүнийгээ л бид тодотгож, ҮЭ-ийн байгуулагын алдар гавьяаг олонд таниулах, сурталчлах, цаг үетэйгээ уялдуулаад хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалсан тэмцэл хөдөлгөөн өрнүүлж, хамтын маргаан үүсгээд явж байна. ҮЭ-ийн хувьд Засгийн газартай хамтын маргаан үүсгэж жагсаал цуглаан үүсгэсэн. Хамтын маргаан гэдэг бол бид эцсийн мөчид тохиролцохгүй бол ажил хаяхаас өөр аргагүй нөхцөлд байна. Иймээс засаг төр хөдөлмөрчдийн цалин нэмэх  асуудалд анхаарлаа хандуулж, айлаар бол авдараа уудлаад, боломжоо хараачээ гэсэн санал, бас шаардлага юм. Нөгөө талаас ҮЭ-ийн гишүүдийн дуу хоолойг төр засагт хүргэж байгаа хэлбэр гэж ойлгож болно.

Таниас асуухгүй байж чадахгүй асуултууд байна. МҮЭХ Засгийн газартай хаалтын гэрээ хийсэн, МҮЭХ-ны удирдлагууд хөрөнгө мөнгө завшсан байж болзошгүй гэх мэдээллүүд хэвлэлээр гарсан.Энэ тухай та ямар тайлбар хийх вэ?

-Бүгд уран сайхны болон агуулгын хэтрүүлэгтэй илт мушгин гуйвуулсан захиалгын шинж чанартай зүйлүүд байна лээ. Миний мэдэх мэдэхгүй зүйл их байна лээ. Намайг уг албан тушаалд сонгогдохоос өмнө байтугай хорвоод мэндлээ ч үгүй байх үеийн асуудал цохиж явах юм.  Миний хувьд ажил ихтэй, хөдөө орон нутгаар томилолтоор хэд хоног яваад ирэх хооронд гарсан байна. Зүй бол  ийм хэрүүлийн шинжтэй, явуургүй явцуу сонирхол нуугдсан асуудалд тайлбар өгөөд сууж байх цаг зав, хүсэл сонирхол ч алга. Гэвч ийм ташаа мэдээлэл гарч олон хүмүүс МҮЭХ-ны үйл ажиллагааг буруу зөрүү ойлгох хандлага гарч болзошгүй байгаа учраас таны асуултанд би дэлгэрэнгүй тайлбар өгье.

МҮЭХолбоо хамтын шийдвэрийн байгууллага зарим нь бүгд зохих эрх бүхий байгууллагаар ярьж хэлэлцэж шийдсэн асуудлууд. Олон хүнтэй олон даргатай газар санхүү хамгийн хүндрэлтэй асуудал учир их болгоомжтой нухацтай ханддаг. Улиг болтол байгууллага дотроо ярьж шийдсэн асуудлыг олон нийтэд сүржин нэртэй тараах нь сөрөг нөлөөтэй.  Жижигхэн далд байрлалтай газрыг Бараг Эрх чөлөөний талбай гэж эхлээд л  Бүхэл бүтэн 50 гаруй өрөө тасалгаатай зочид буудлыг иж бүрэн тохижуулж тавилгажуулж өгч байхад ганц хивс яриад л сууж байх. Хөдөө орон нутагт унах гэж дуудлагын унааны ганц он хуучин жийп машин авсаныг 3 дөрөв дахин үнийг нь үржүүлээд тавих юм. Тоо толгой хэмжээ дамжаатай данс бүртгэлтэй зүйлийг санхүүгийн бүртгэлийн ажилтан маань яг өөрөө бичсэн л байгаа даа.   “Хаалтын гэрээ” гэдэг нэрийг зориуд, албаар өгсөн нэр юм байна лээ. Энэ бол хаалтын гэрээ биш юм. Төрийн зарим чиг үүргийг ТББ-ээр гүйцэтгүүлж болно гэдэг хууль бий. Энэ хуулийн хүрээнд засгийн газраас тодорхой нээлттэй ажлуудыг зарласан байдаг. Засгийн газраас 2013 оны сүүлээр нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар олон талт арга хэмжээнүүдийг  ажлыг МҮЭХ  үүрэг хүлээн гэрээгээр хэрэгжүүлсэн байдаг. Үүний өмнө ч гэсэн Засгийн газраас нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрийг МҮЭХ хэрэгжүүлж, үүнтэй холбоотой тодорхой санхүүжилтийг Засгийн газраас МҮЭХ авч байсан түүхтэй.

Гадаадын зарим зорилго нэгт ҮЭ ийн байгууллагаас ч гэсэн ядуу буурай орнуудад тусалдаг төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай. Хүнд хэцүү цагт хэрэг болсон. Сүүлийн жилүүдэд МУ ыг дунд орлоготой нэг хүнд ногдох ДНБ өссөн зэрэг шалтгаанаар гадаадын төсөл хөтөлбөрт хамруулахгүй хасч Засгийн газар нь дэмжих ёстой гэж үздэг болсон.

Монгол улс НҮБ, түүний төрөлжсөн байгууллага болох ЗГ, Ажилтан, Ажил олгогчийн хамтарсан байгууллага болох ОУ ын Хөдөлмөрийн байгууллагын   гишүүн орон нийгмийн түншлэл тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хууль конвенци хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэгт Засгийн газар нь хөрөнгө санхүү гаргах үүрэгтэй. Энэ хүрээндээ л шийдсэн асуудал. ҮЭ дан ганц гишүүдийн татвараар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй.

Гэтэл аль 2014 оны асуудлыг өнөөдөр олон нийтэд буруугаар ойлгуулж, түүнийгээ МҮЭХ Засгийн газартай хаалтын гэрээ байгуулж, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр ярьж байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийн урьдаас төлөвлөсөн санаа зорилготой үйлдэл гэж харахад хүргэж байна.  2014 онд тэмцэл хийж цалин хөлсөө нэмэгдүүлсэн шүү.

-Та бүхний хувьд засгийн газраас авсан дээрх санхүүжилтийг юунд зарцуулсан гэдгээ тайлбарлаагүй учраас ийм хардлага гараад байх шиг.

-Нийт дүнгээр нь харахад их юм шиг боловч манайх шиг улсын хэмжээний том байгууллагад гишүүн 36 байгууллага эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууддаа хуваахаар ганц 2 удаагийн арга хэмжээг санхүүжүүлэх төдий л байна. Тухайлбал нэг аймаг 20 гаруй сумаасаа ганц 2 төлөөлөгч авчирч сургалт зөвлөгөөн хийхэд дор хаяж 3 сая төгрөг зарцуулна шүү дээ.

Бид өнгөрсөн хугацаанд 100 гаруй сумаар орж, 50-60 сумдын ҮЭ-ийн анхан шатны нэгжээ бэхжүүлж, гэрээнд тусгагдсан ажил үүргээ хэрэгжүүлээд явахад энэ  зардал хаанаа ч хүрэхгүй шүү дээ. ҮЭ-ийн ажлыг мэддэг хүмүүс үүнийг сайн ойлгож байгаа. Зардлын задаргаатай холбоотой хэдэн зүйл хэлье. Гишүүн байгууллагуудаа чадавхижуулах чиглэлээр тэдний гишүүнчлэлийн тооноос хамаараад 5-8 сая төгрөгийн санхүүжилт олгосон. 36 гишүүн байгуулага байдаг гээд тооцохоор  зардлын тал нь зарлага болчихлж байгаа биз. Дээр нь бид аймгуудыг бүсчлээд сургалт семинаруудыг олон уда хийсэн. Нэг зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулахад 10 гаруй сая төгрөг болдог. Сум бүрээс 1-2 ҮЭ-ийн төлөөлөгч урьж, тэдний замын зардал, хоол унаа, буудал гээд зардлуудыг багтаагаад тэр шүү дээ.  Дахин хэлье,  Цалингаа нэмүүлсний дараа шийдсэн юм шүү. 2014 онд Боловсрол эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 15 аас 20 хувь нэмэгдүүлсэн. Бас 2015 онд цалин тэтгэвэрт 200  гаруй тэрбум төгрөг суулгаж батлуулсан байсан. Харамсалтай нь эдийн засаг хүндэрч Засагийн газрыг огцруулж төсвөөс хасч МҮЭ тэмцэл жагсаал цуглаан багагүй хийсэн дээ.

Энд нэг зүйлийг нэмж хэлье. МҮЭ бол төсөвт их хэмжээний татвар төлөгч байгууллагуудын нэг. Манай мянган мянган гишүүд, хөдөлмөр эрхлэгчид хичнээн тэрбум төгрөгийн татвар төлж байгаа билээ, МҮЭХ гэхэд л гарын 5 хуруунд багтах аж ахуйн нэгжүүд жилдээ 500 гаруй сая төгрөгийн татвар шимтгэл төсөвт төлж байдаг. Тийм атал МҮЭ-ийн зүгээс Засгийн газартай гэрээ хийж, санхүүжилт авч, өөрийн гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагаа дэмжих, сайжируулахад зарцуулж болохгүй гэж. Тэгж чаддаггүй юм бол Засгийн газар өөрөө төлөөллөө явуулж сум болгоноор орж хөдөлмөрийн хуулийг хэрэгжилтийг шалга л даа. Эндээс харахад дээрх ташаа мэдээлэл нь МҮЭХ гэдэг байгууллагын үйл ажиллагааг харлуулах гэсэн зохион байгуулалттайүйл ажиллага агэж үзэхээс өөр арга алга.

Магадгүй МҮЭХ-ны чуулган удахгүй болох гэж байгаатай холбоотойгоор ийм мэдээллүүдийг олон нийтийг төөрөгдөлд оруулах зорилгоор зориуд гаргаж байгаа явуулга гэж хэлж болох уу?

-Болно, цэвэр тийм ажиллагаа. Энэ санхүүжилтийг авсны дараа хөндлөнгийн аудитын шалгалт 2 удаа, төрийн аудитын шалгалт 1 удаа орж ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал илрүүлээгүй. Угаасаа илрэх ч үндэсгүй. Авсан хэдэн төгрөгөө эхийг эцээхгүй, тугалыг нь тураахгүйгаар бид арай ядаж л хүргэсэн улс гэдгээ дээр хэллээ шүү дээ. Бидэнд энэ асуудалд санаа зовох, нуух хаах зүйл байхгүй ээ.

-Уучлаарай, ховын шинжтэй асуулт байж магадгүй, хэвлэлээр гарсан мэдээллийг танай байгууллагын нягтлан бодогч гэх Гэрэлмаа хүний нэр байсан. Энэ тухай та ямар тайлбар өгөх вэ?

-Хэвлэлээр гараад байгаа зарим мэдээллийг Гэрэлмаа гэдэг хүн өгсөн байх. Гэрэлмаа нягтлан бодогч МҮЭХ ажиллаж байсан нь үнэн. Ажиллаж байхдаа ажилтнуудын цалингаас хууль бусаар суутгал хийж, манай аппаратын ажилтнуудын гомдол саналаар ажлаасаа халагдах хэмжээнд хүрч байсан. Бидний хувьд хүний амьдрал учраас ажлаас нь халалгүй харьяа газрын нягтлангаар шилжүүлэн ажиллуулсан. Одоо ажлаа хийж байгаа хүн гэсэн үг. Бид энэ талаар түүнээс тайлбар авах гэсэн боловч тэрээр эрхэлсэн ажлаа орхиод өөр ажилд орсон сурагтай. Түүний хувьд магадгүй МҮЭХ-ыг харлуулах гэсэн хүмүүсийн гар хөл болж, өөр ажилд орсныхоо “шанг” төлж, МҮЭХ-ыг гүтгэн бичиж өгч байгаа юм боловуу гэж харж байна. Энэ асуудлаар  бид хууль шүүхийн байгууллагад шалгуулахаар  тусгайлан хандсан. МҮЭХ-г гүтгэсэн 7-8 зүйл бүхий мэдээлэл дунд нягтлан Гэрэлмаагийн өөрийн нь будлиан хутгасан зүйл ч харагдана лээ. МҮЭХ-ны Их хурал болох гэж байгаатай холбоотой, энэ байгууллагын удирдлагыг  ямар ч хамаагүй аргаар, ямар ч хамаагүй үнээр авч, үүнийг эргээд улс төрийн зорилгоор ашиглая гэсэн бодолтой хэсэг бүлэг хүмүүсийн явуулга гэж харж байгаа.  Энэ асуудлаар бид хяналтын хороондоо хянаж шалгаж, дүгнэлт гаргаж өгөөч хандсан. Үнэн хэрэгтээ бид нийгмийн даатгал, сонин хэвлэл, цахилгаан дулааныхаа зардлыг чадан ядан төлж байна.

– Энэ байгууллагыг мөнгөтэй мэтээр ингэж харлуулан ярих сонирхолд хэнд байна вэ?

-МҮЭХ-оор дамжиж, үүгээр дөрөөлж улс төрд гарсан жишээг бид мэднэ. Одоо эргээд энэ байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах юм биш гэсэн бодол төрж байна.

МҮЭХ-ын удирдлагууд өнө удаан суугаад байна гэж юу байх вэ? Гол нь энэ байгууллагын удирдлага ажлаа мэддэг, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, ҮЭ-ийн байгууллагадаа тууштай ажиллах хүн байх нь чухал гэж боддог. Нэг зүйл хэлье. Нэг хүний өргөдлийг шийдэх гээд ҮЭ-ийн удирдлагууд зүтгэж  байхад өнөөдөр ҮЭ-ийн байгууллагыг нүүрээ нуучихаад муулаад сууж байгаа улсууд хаана байсан вэ? ҮЭ-ийн байгууллагыг хөл дээр босгох гэж, ҮЭ-ийн өмч хөрөнгийг өөд нь татах гэж  нойр хоолгүй, цалинтай цалингүй ажиллаж байхад тэр хүмүүс хаана байсан юм. Мөн ҮЭ-ийн гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан хийж явахад тэр хүмүүс хаана байсан юм. Магадгүй өнөөдөр ҮЭ-ийн үйл ажиллагаа тогтмолжоод тодорхой хэмжээний орлоготой мөнгөтэй мэт харагдаад олон хүний хүсэл шуналыг энэ байгууллага өөр дээрээ татаж байх шиг. Биднийг МҮЭ-аас идэж уудаг мэтээр гүтгэж байгаад харамсаж байна. Хүн бүтээсэн зүйлдээ хайртай байдаг юм. Бүтээсэн зүйлээсээ хулгай хийнэ гэж юу байдаг юм. Бидний хувьд МҮЭХ-ийн нэрийг ашиглаж улс төр хийхгүй гэдгийг батлан хэлье.

 –МҮЭХ-ны олон мянган гишүүдэд хандаж та юу хэлэх вэ?

-МҮЭ ийн холбооны тэмцэл хөдөлгөөнийг саармагжуулах цалин хөлс, тэтгэврийн насыг бууруулах зэрэг гол асуудлаас өөр зүйлд хандуулах гэсэн аливаа үйлдэлд бүү автаарай. Цаг хугацаа бүгдийг үнэн зөвөөр тайлах бизээ.ҮЭ-ийн байгууллагын хамгийн том дайсан бол хуваагдал, талцал. Ер нь ямар ч улс орон өрх гэр байгууллагад. Монгол улс маань улам л хар хор хэрүүл тэмцэл ихсээд хүмүүс тархины хувьд ч халаасны хувьд ч ядуураад байна. Үүнийг зориудаар хийдэг Хулгайч хулгайчийг бариарай гэж хашгирав гэдэг юм улс орон даяараа нэрвэгдээд ард түмэн ялгаж салгаж чадахгүй байна.

ҮЭ-ийн байгууллагад ажиллаж байгаа олон мянган хүний хөдөлмөрийг нэг хоёр хүний нэрээр дамжуулж олон нийтэд  буруу зөрүү ойлгуулах гэсэн явуургүй үйл хэрэг хэрээс хэтэрлээ. МҮЭХ ард түмний итгэлийг хүлээсэн байгууллага. Энэ байгууллагыг мөнгө босгох газар, улс төрд хүрэх шат, хэсэг бүлэг хүмүүсийн явуулга хийдэг талбар гэж бодож байгаа хүмүүст хандаж хэлэхэд цэвэр өрсөлдөхийг уриалах байна. ҮЭ-ийн гишүүд маань хар цагааныг ялгаж байгаа гэдэгт итгэж байна.

Ярилцсан Ц.Мөнх

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top