Дэглий шиг цэмцгэр, шүлэг шигээ эрхэм Дэндэвийн Пүрэвдорж

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 18

Хаврын сүүл сар. Ёстой л гэрт сэтгэл тогтохгүй, муу үг хэлэмгүй тийм сайхан өдөр. Алс хангай нутгаас ирээд хэд хонож буй андаа дагуулаад Зохиолчдын хороон дээр байрлах “Монголын нууц товчоо” сургуулийг зорилоо. Гудамжинд модод гөлөглөж, жинхэнэ нялхаараа, охидын шилбэ нүцгэрээд төгс төгөлдрийн гайхамшиг болсон ийм өдөр автобусны мөнгөгүй ч хөл газраас хөндий явсаар сургууль дээр ирэв. Таван буудлаас Зохиолчдын хороо орох зам зуурт анд маань “Дэндэвийн Пүрэвдорж гэж аугаа хүн дээ. Ийм мундаг хүнээр хичээл заалгаж байна гэдэг чи ч азтай юмаа” хэмээн надад атаархах бас бахархах хоёрын дунд үглэж явав. Ийнхүү найзынхаа бахархах атаархах хоёрыг зэрэг гишиглэн туучсаар сургуулийн үүдэнд тавьж буутал Д.Пүрэвдорж багш хэдийний хээнцэр янзаараа өөдөөс алхаад халз туллаа. Би ч толгой дээгүүр сүрхий мэнд мэдтэл багш маань шилэн дээгүүрээ нэг сүрхий харчихаад дуугарах нь бүү хэл толгой ч дохилгүй өрөө рүүгээ яваад орчихлоо. Шилэн дээгүүрээ ийн цоргиж харахад өөрийн эрхгүй харц дальдирч байсан санагдана. Ингэнэ чинээ санаагүй миний хувьд нөгөө гэдгэр толгой, дээгүүр харц ч өөрийн эрхгүй шалан дээр буулаа. Газраас хөндий явж ирсэн хөл ч даагдахаа больж найзыгаа дагуулаад анги руугаа орсон юм даг. Найз маань ч гайхаж байгаа бололтой. Ямар багш маань дүлий юмаа ч гэлтэй биш.

 Тэр бол тийм л ихэмсэг, дэгжиний туйл байсан. Би энэ тухай Д.Төрбат багшид бяцхан гомдол мэдүүтэл “Хм чамтай байтугай надтай заримдаа мэндэлдэггүй юм” гэснээр энэ явдал мартагдсан даа. Энэ сард манай ангийнхны “Тамганы айраг” хэмээх жижигхэн цэнхэр ном гарлаа. Нэг ангийн хорин хэдэн залуусын шүлгээс бүрдсэн номыг сургууль маань хэвлэж өгсөн юм. Анх удаа ном гардаж байгаа бидний хэдэн хөөргөн нөхөд өөрсдийгөө яруу найрагч болчихсон чинээ л санаж хирдээ хөл болсон. Хичээл ордог багш нар цолтой цолгүй бүгд л баяр хүргээд их сайхан байлаа. Нэрт судлаач Х.Сампилдэндэв, Ч.Билэгсайхан, Ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, оруулагч Г.Аким, “Болор цом”-ын хошой тэргүүн Б.Ичинхорлоо гээд бүгд л баяр хүргэсэн. Ийнхүү “Цэнхэр ном”-ын баярыг “Цэнхэр ус”-аар хөгжөөгөөд хоёр гурав хоног хөөрцөглөж байтал Д.Пүрэвдорж багшийн хичээл орох цаг болж, тэрээр цоргисон харцаар нэвт шувт хараад л ангийн хаалгаар ороод ирэв. Бидний царай гэрэлтэж, юу ч хэлэхээс буцахгүй байсан болов уу, тэр өдөр. Тэрбээр бидэнд номын тухай юу ч өгүүлсэнгүй. Шууд л Омар Хайям гэж хаанахын яруу найрагч вэ хэмээх тэрхэн агшинд хариулт өгөх хүн олдсонгүй. Багш ч хариулт хүлээлгүй, та нар мэддэггүй юм уу манай Казакын яруу найрагч ш дээ. Баян-Өлгийнх юм. Хаяанд байгаа найрагчаа мэдэхгүй байж юун шүлэг бичих гэх зуурт бид “Персийн” гэж дуугарсан ч нэгэнт хожимдсон юм даг. Хичээл дундуур зарим нэг нь “Цэнхэр ном”-оо гаргаж хараад юм үзээгүй царайлахгүй юу. Багш гэнэт санаа авав бололтой. Шинэ ном гарахад үнэр нь хүртэл сайхан байдаг юм. Та нар ч үүнийг мэдрэхгүй л дээ. Мэдрэх шинжтэй шүлэг наад номонд чинь ганц ч алга байна лээ. Төрбат үгийг мөн харамгүй бичжээ. Хайран үг. Би бол тэгэж бичихгүй байсан. Ийм ч муу шүлэгтэй ном байх гэж гэхэд бидний номын баяр хөөр хаврын нээлттэй салхивчаар амьсгал давчдан чихэлдээд алга болох шиг л болов. Д.Төрбат багш бидний номыг редакторлаж өмнөх үг бичсэн юм л даа. Бид ч дор бүрнээ нусаа татан суух зуурт гаднаас “Хөдөөгийн” хэмээх Өвөрхангайн Баянголын Ц.Батбаяр хаалга тогшин орж ирэв. Хаврын шороонд алхасан муу оюутны гутал ямар олигтой юм харагдав гэж. Багш суух команд өгөлгүйгээр “Манай Өвөрхангайд нэг дарга байсан юм. Түүн дээр ажилтан нь ороод иртэл пэ Даш минь чиний наад гутал дээр чинь тариа тарихаар болж дээ” гэсэн гэдэг гээд “Чи суугаач. Та нарт ер нь хичээлийн цаг гэж зүйл байна уу.

 Хонины бэлчээрээс ирж байгаа юм шиг л...” хэмээвэл ширээ рүүгээ алхах Ц.Батбаярын хөл бараг гуйвсан байх. Ц.Батбаяр маань “Өндгөн настай ижий минь гэр дээрээ гарах тэнхэлгүй юм сан Өрхнийх нь оосор тасарчих вий” хэмээн өөрийнхөө шүлгийг уншаад уйлж суудаг тийм уяхан оюутан байж билээ. Сайхан ч шүлэгтэй. Зөөлөн ч сэтгэлтэй нэгэн. Ингээд дэлхийн сонгодог зохиолчдын тухай ярьж суутал “Цэнхэр ном”-оос хойш хичээлдээ ирээгүй С.Боргил, Д.Гомбосүрэн хоёр их л гэмшингүй хаалга тогшин бултагнахаар нь багш “Ороод ир” хэмээн дуудлаа. Уг нь тэр хоёр Д.Пүрэвдорж багшийг хичээл орж байгааг мэдсэн бол ирэхгүй байх нь харцнаас нь ойлгомжтой. Тэрээр С.Боргилд хандан “Өөрийгөө аугаа их гээд бодчихоор алс хэтдээ цааш явах газар олдохгүй чамд л хэцүү байна даа. Яагаад хичээлийн цагаар архи уусан хэрүүл гаргаад байна. Энэ өргөө чинь чам шиг хүн архи уудаг газар биш” хэмээлээ. Мань С.Боргил ч “Би уугаагүй. Ш.Цогт ахын шарыг нь тайлах гэж нэг шил архи авч өгсөн юм” хэмээн их л дориун байдалтай дуугарч байна. Өнөө “Ноднин ноёнтой уусан юм чинь яадгийм” гэдэг шиг л юм болов. Харин багшийн дуу өндөрсөж, “Чи Ш.Цогтод шил архи авч өгч байгаа юм бол Явуу, Гайтав нарыг амьд байсан бол ёмкосоор нь авч өгөх үү. Гомбосүрэн гэж нэг хөөтэй төлөг шиг юм. Одоо бүр эргүү хурга шиг боллоо. Хүний хөл гүйцдэг хүн тэр хүнтэйгээ явдаг юм” гээд буулаа. Ийн зуурт Дундговийн Ж.Сарантуяа эгч хамт суугаа охинтой шивнэлдэж, улмаар цаадхи нь инээд муутай хог инээчихгүй юу. Багш Сараа эгчийн зүг “Сарантуяа гэж нэг үрээ байдас дагуулсан зөнгөр гүү шиг... чамд ном сурах шинж байна уу” гээд л хандыг нь дарна. Тэр хэнд ч тохирсон, цаанаа утга учиртай үг хэлэхдээ гаргууд нэгэн байсан гэдэгт эргэлзэх хэн байх билээ. Ийнхүү хичээлд уван цуван орж ирсэн бурууг бид хамтдаа хүртээд хичээл завсарлав. Уг нь Д.Пүрэвдорж багшаас өөр багш хичээл орж байсан бол С.Боргил маань “Тэнгэрийн шувуу шиг эмнэг цагаан заяа Тэнгисийн салхи шиг зоргоороо Цыган бүсгүй” гэж, Д.Гомбосүрэн “Аяа миний хайр Авдрын ууланд аргалаа түүж яваа Асах галынхаа дөлийг Ар нуруундаа бадрааж яваа” гээд хичээл оруулахгүй ч байж мэдэх хүмүүс. Нөгөө талаас Хэнтийн Батхүү “Орчлонгийн гоёл магнайдаа байдаг Одод тэнд ч чуулдаг” гэснээр тэр цагийн хичээл уншлагын цаг ч болж мэднэ. Ийм явдал байнга л тохиолдоно. Би аанай л Д.Төрбат багшид хандан “Пүүжээ багш сонин хүн шүү. Оюутнуудын ном нь гарчихсан байхад нэг ч болов урмын үг хэлчихгүй. Тэр хэдэн охидуудын урам их хугарсан байх аа. Бид нар ч яахав” хэмээн өөрийгөө тодорхой хэдэн нөхөдтэй өргөвөл багш маань өөдөөс инээмсэрч, “За яахав ээ. Багш угаасаа хэзээ хэнийг тоож явлаа. Тоох болтол нь сайхан бичихгүй юу. Хавар болж байна, сайхан дурлаач” хэмээн дүйвүүлэн өнгөрөөлөө. Д.Пүрэвдорж багш хэдийгээр андын маань дэргэд надтай мэндлээгүй ч бас түүний сайхан ааштай тас тас инээн ярихыг олонтаа сонссон юм байна. Ер нь хүнийг барагтай бол магтахгүй. Харин 2000 оны байхаа, “Болор цом”-ын дараа “Танай нутгийн Эрдэнэ-Очир уг нь гайгүй шүлэгтэй. Цомд мөн тааруу байлаа. Догмид миний дэргэд суусан юм. Энэ хүүхэд яачихаа вэ гээд халаглаад байсан даа” хэмээн надад хандаж байсан нь цөөхөн үг сольсны нэг нь байх. Нөгөө талаар миний мэдэхийн хүнийг магтаж байгаа нь энэ. Харин нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн насны баярт оролцоод ирсэн багш маань “Лууяагийн насны ой дээр Түвшинтөгс, Эрдэнэбат хоёр шинэ дуутай ирж, хоёулаа хамтраад дууллаа. Бас л сайхан дуугарч байна лээ шүү” гэж бас нэг удаа хүн магтаж байхыг нь сонсчээ. Бидний хэдэн хөгшин оюутан өөрсдийгөө том яруу найрагч болчихсон мэтээр бодох нь энүүхэнд зарим нэгэнд нь бараг хэлж байсан биз. Тэр тусмаа манай Хэнтийн Батхүү хэлж байсан байхаа ч тоохгүй.

  Харин хэн нь ч Д.Пүрэвдорж багшийг харсан бол дуугаа хураана. Түүний өрөөнд орох завшаан хааяа олдоно. Аанай л мэндлэхгүй хэн нэгэнтэй яриад тас тасхийсэн инээдээр тамхиныхаа утааг сарниаж суух нь олонтаа. Саяхан л андыгаа дагуулаад хөөрч явахад модод гөлөглөж байсан ч нэг л мэдэхэд навчис шарлаад гудамжаар хөглөрөх шинж орчихож. Зуны амралтын дурсамж өртөөлсөн намрын тэр шаргал өдрүүдэд сургуулиас тойрохоо зуруулсан С.Боргилыгоо сургуульд нь буцаан суралцуулах санаа сэдлээ. Энэ үед Х.Батхүү, С.Боргил, Д.Гомбосүрэн бид дөрөв нэг гэрт амьдарч байсан юм. Амьдрах ч гэж дээ, ёстой л завхарсан юм болж байсан байх. С.Боргилыгоо олж ирээд, бүтэн сайн өдөр усанд оруулаад аль өнгөтэй өөдтэйг түүж өмсгөөд авлаа. Ингээд хэдүүл хоёр хүний зардлаар дөрвүүлээ автобусанд сууж аваад сургууль руу ирсэн. Бид амьдралдаа анх удаа шахам хүний төлөө ийн санаа тавьсан нь бараг тэр ч байж магад. Учир нь Д.Пүрэвдорж багшаас гуйх гэж тэр. Хоёрдугаар курст орж оны толгой дээр шахуу гарчихсан зоримог гэгч хаалгыг нь тогшлоо. Өнөөх л шилэн дээгүүрээ цоргисон харц янзаараа би шууд л “С.Боргил маань алдаагаа ухамсарлаад бидэнтэй хамт суралцах хүсэлтэй. Та зөвшөөрүүл сургалтын алба болно гэсэн” хэмээн дорой дуугарвал тэрээр өөдөөс сүрхий харлаа. Тэгээд “Нэгэнт ингээд явсан хүнд буцах зам бараг байдаггүй юм. Харин замд нь өөр сайхан зүйл байж магад. Түүнийг олж харах эсэх нь тэр хүний мэдрэмж, хичээл зүтгэл. Тэгэхээрээ эргээд ирнэ биз. Би зөвшөөрөхгүй. Чи өөрийгөө мэдэхгүй байж...өөртөө л санаа тавь” гэсэн нь өнөөдөр ч чихэнд сонсогдож байна. Аанай л бяцхан гомдол тээсээр хоёр гурван өдрийн хичээл тасалчихлаа. Хэнийгээ ч хохироож байгаа юм. Энэ тухайгаа бас л Д.Төрбат багшид ховлох маягаар хэлвэл “Цаад хүн чинь та хоёр битгий хэл олон аварга амьтдын унах босохыг биеэрээ туулж харсан хүн. Даанч тоохгүй. Муу Боргил өвгөнд тун болохгүй үг хэлсэн юм болов уу, яасан юм бол” гээд энэ явдал өнгөрсөн дөө. Би ийнхүү хоёр, гурван удаа Д.Пүрэвдорж багшийн тухай гомдлоо ангийн багш Д.Төрбатад зөөгөөд тусыг эс олсон. Магадгүй миний бяцхан гомдлыг барагдуулахаар орвол өөрөө загнуулахаар байсан биз ээ. Гэхдээ л багшийн тухайд бол би нэг хүйтэн хөндий гэж болох бодол тээнэ. Уг нь би Дорнын шаргал талд энэ хүний “Хөх даалимбан тэрлэг”-ийг хөөргөж бүслээд, Д.Нямсүрэнгийн “Хаврын урсгал”-д хөвж их утга зохиолд дурласан учраас бяцхан гомдол тээдэг бололтой юм. Одоо бодоход их л инээдтэй зүйл л дээ. Бодоход, Д.Төрбат багшид Д.Пүрэвдорж гэх их хүний тухай хов маягийн зүйл зөөгөөд байгаа шавь нь их л инээдтэй, бас эгдүүтэй санагддаг байсан биз. Хоёрдугаар дамжааны хагасаас Д.Пүрэвдорж багшийн хичээл орох цаг эрс багассан, хаа нэг хичээл заана. Нэг өдөр жигтэйхэн сайхан зантай, нэрт судлаач Ч.Билэгсайхан багшийг дагуулан ирээд биднээр шүлэг уншууллаа. Шүлэг тэрлэдэг бүхэн л уншсан. Насаар ч ахимаг, шүлгээр ч ахимаг Д.Гомбосүрэнг “Шүлэгтэйгээ өтлөж яваа юм, хөөрхий” гээд огт тоосонгүйд мань эр ч шалчийлаа. Хөтөлийн Ц.Бүдрагчааг “Юу ч уншихгүй, чи яаж шүлэг бичдэг юм” гээд урвайлгаж орхилоо.

 Эрдэнэтийн Д.Отгонбаяр /эмэгтэй/ шүлгээ уншихад “Чи айлын нөхөр харсаар яваад дуусч байгаа хүн үү” гэх зэргээр хэнийг ч тоосонгүй. Миний ээлж ирж “Намайг алдахын тоогоор чулуундаа цав авч зовсоор Намхан болсон толгод минь” гээд л автал “Тэр муу хөөрхий толгодод бүтэн чулуу үлдээгүй байх даа. Энэ Ууганбаярын байж байгаа царайг харахаар” гээд ер тоосонгүй. Харин Ховдын Х.Насанжаргал “Балчирхан байхдаа би халтархан жаал байсан Багана тэвэрч айлын боорцог горьддог байсан” гээд авч өгтөл “Ядаж өөрсдийнхөөрөө байж сур” гээд гарсан даа. Энэ уншлагад Х.Насанжаргалд хасах гурав авч, үлдсэн бүгд “онц муу” дүн авсан байх. Бүр хожмоо бас л ангийн багшид энэ тухай дуулгалаа “Энэ Пүүжээ багшид ер нь тоодог зүйл гэж байна уу” гээд ховлох өдөхийн завсарт багшид хэллээ. “Нэгэн насаараа авьяастнуудын дунд байсан хүн аргагүй. Чи боддоо Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнэ, М.Цэдэндорж, Н.Нямдорж гээд үеийнхэн нь байна, Д.Намдаг, Д.Сэнгээ гээд цааш явна ш дээ. С.Удвалд тоогдож, Улстөрийн товчоо хүртэл зарга үүсгэж явсан хүн. Бидэнтэй тоож үг сольж байгаа нь их юм” гээд бас л авч хэлэлцсэнгүй. Үүнээс хойш би ахин гомдол мэдүүлэхээ ч больсон. Магадгүй би тэр хүний мөн чанарыг гадарлаж эхэлсэн цаг хугацаа тэр байх. Он цаг гэдэг Д.Пүрэвдорж багшид таалагдах нэг мөр тавих нь бүү хэл ангийнхандаа ч таалагдах ч мөр тавьж амжилгүй гурав дахь хавартайгаа золголоо доо. Магадгүй бид тэр хүнд таалагдах мөр хэзээ ч тавихгүй байж мэднэ. Аав ээжээсээ ирсэн сургалтын төлбөрийн мөнгийг өөр салбарт оруулчихсан надад шалгалтын эрх өгдөггүй дээ. Ямар захирал багш Д.Пүрэвдоржоос гуйлтай биш. Ангийн багшид хандаад үзэв. Багш чимээгүй л захирлын өрөө рүү орж ирүүтээ л Сургалтын албанд хандаад “Ууганбаярын шалгалтын эрхийг өг” гэснээр би нэг юм гуравдугаар курс төгссөн. Чухам Д.Пүрэвдорж багшийн шийдэл байсан уу, Д.Төрбат багшийн зүтгэл байсан уу мэдэхгүй юм. Магадгүй би өөрөө захирал дээр орсон бол “Хаалгаа гаднаас нь хаа” гэх байсан болов уу. Тэгэхээр ангийн багшийн сэтгэл зүтгэл байжээ гэдгийг арван хэдэн жилийн дараа л тунгааж сууна. Дөрөвдүгээр дамжааны оюутан болчихлоо. Хамт сурч байсан зарим нөхдүүд замын дундаас ямар нэгэн шалтгаанаар буцсан учир заримдаа тэднийг үгүйлнэ. С.Боргил нутаг буцаж, Х.Батхүү, Х.Насанжаргал нар өөр сургуульд шилжиж, Д.Гомбосүрэн Богдын өвөр бараадаж, С.Мандал эгч сургах хүмүүжүүлэх ажилдаа, Ж.Сарантуяа эгч хөдөөд соёлын үр тарихаар, М.Отгонбаяр Эрдэнэт рүүгээ “айлын нөхөр харахаар” гээд нэлээд хүмүүс замын дундаас явсан юм. Миний хувьд тэр хэрээр нэлээд зөнгөр талдаа, Зохиолчдын хороон дээр ирсэн ах нартай хэнтэй ч хамаагүй дөрөө харшуулна. Нөгөө талаар өөрийгөө томд тооцох шинжтэй. Яг ийм цагаар хичээлдээ ирж яваад багштай үүдэнд таарлаа.

 Урьдын адил толгой л дохилоо. Мэндлээд дуугарах биш гэсэн бодол надад угаасаа суучихсан байв. Харин багш маань танай Дорноговийн Надмид гэж сайхан зохиолч байлаа. Та нар ч номыг нь хараагүй байлгүй гээд л доош хийнэ. Уг нь надтай үг сольж байгаа нь сайхан хэрэг ч биднийг өөд татсан нэг ч үг хэлэхгүй нь тухайн үедээ гачлантай. Харин өнөөдөр бодоход Пүүжээ багшийн тэр зан чанар биднийг үзэг түшиж үг холбоход ихээхэн тэнхээ суулгасан байж. Ийнхүү шат өгсөх зуурт “Ууганбаяр аа сургууль төгслөө шүү. Чухам юу сурав даа. Хаана юу хийх юм бэ гээд би чамаас асуухгүй ч хэн нэгэн, хэзээ нэгэн өдөр чамаас асууна даа. Утга зохиол, урлаг сонинд гарсан Б.Догмидын тухай хөрөг чинь аятайхан болжээ” гэснээр өрөө рүүгээ ороод явчихаж билээ. Ингэхэд л тархин дундуур татаад авах шиг болж байсан. Үнэндээ тухайн үед бид юу сураад, чухам хаана ажиллах тухай бодоогүй байсан байх шүү. Том л яруу найрагч болж байгаа тухай өчүүхэн бодлоосоо ч гараагүй явсан байж таарна. Магадгүй, чамд сонинд ажиллуул боломж байна гэсэн үг тэр байсан байх. Үнэндээ тухайн үед би ийн ухаж чадаагүй л дээ. Анх удаа л би ингэж Пүүжээ багшаас зэмтэй ч гэсэн магтаалын аястай үг сонссон нь энэ билээ. Төгсөлтийн хавар гэдэг угаасаа утга уянгын хөг айзам тэр чигээрээ л тийм гэж хэлэхийн аргагүй нэгэн сайхан цаг үе хойно доо. Үүнийг надаар хэлүүлэхийн хэрэггүй, үе үеийн оюутнууд дор бүрнээ дурсамж асгах байх. Бидний хэдэн оуютан дор бүрнээ дипломын ажил бичих, бэлдэх, материал цуглуулах гээд хэрдээ л завгүй. Миний хувьд ч оюутан байхдаа бичсэн шүлгүүдээ бэлдээд Ч.Билэгсайхан багшид өгчихлөө. Бүтээлээрээ диплом хамгаалах гэж байгаа “том” яруу найрагч юм байгаа биз дээ. Удирдагч багшаар Д.Төрбат, шүүмжлэгч багшаар Ч.Билэгсайхантай шалгалтад яваад орлоо доо. Уран зохиолын академийн өрөөний хоймор эзэлсэн аваргууд байна. Д.Пүрэвдорж багш хойморлож, нэрт судлаач Х.Сампилдэндэв, орчуулагч Г.Аким, Ардын уран зохиолч Д.Цоодол, Д.Чинзориг гээд суужээ. Миний муу “Гаслангуй үнэн” гэх номын бичвэрийг бүгд өмнөө тавьсан харагдана. Бүгд л болж байна, зарим нь бүр магтах аястай үг цухалзуулах нь өөрийн эрхгүй баярлуулна. Хамгийн сүүлд Д.Пүрэвдорж багш “Энэ Ууганбаяр заримдаа Р.Чойном шиг цуураад явна, заримдаа Д.Нямдорж шиг үлбийсэн юм явдаг. Өнөө эс болохнээ маргааш болно биз дээ” гэснээр би академийн өрөөнөөс гарсан юм даг. Дөрвөн жил өөрийнх нь сургуульд сурч, яг дэргэд нь өдрийн ихэнхийг өнгөрөөдөг ч би багштай маш цөөн үг сольж мэндэлсэн санагдаж байна.

 Хэдийний л хээнцэр Д.Пүрэвдорж багш бага залуугийн л ийм хүн байсан тухай би нэг бус хүмүүсийн дурсамжаас харсан байна. Амнаас нь ч сонсож байсан. Ингээд хонхны баяр ч боллоо. Хонхны баярын албан ёсны үйл ажиллагаа дуусаад бид амралтанд явах гэж байхад багш маань ирээд бүгдийг нь үнссэн юм. Үүнээс хойш ч би тэнгэр болтол нь ойр ойрхон таарч л байсан. Угаасаа өнгөрөгч оюутны жил миний мөр замыг ийм болгож өгсөн хойно таарахаас ч яахав. Тэр бүрийд өнөөх л байдаг янзаараа. Би хэдийгээр сургууль төгсөөд сонины сурвалжлагч болсон ч тэрээр хэдэн оны өмнөх оюутан шигээ л харьцсаар байсан. Харин Л.Хасарын түрүүлдэг “Болор цом”-ын маргааш Зохиолчдын хороон дээр таарсан. Тэгэхэд “Ууганаа шүлгээ уншиж сурахгүй бол...Уг нь муугүй юм. Чи даанч цацаж цалгихгүй байна. Тайз, ном хоёр ч өөр өөр хандлагатай золиг доо” гээд сүрхий яриа өрнүүлж билээ. Энэ бол багш бид хоёрын сүүлчийн уулзалт байсан даа. Хаврын их хуйсагнуур өдрөөр Монголын суут хөвгүүдийн нэг Д.Пүрэвдорж багшийгаа Алтан өлгийд хүндэтгэн залж ирээд би “Хөхрөгч тэнгэрийн орноо суудал тань бий, Д.Пүрэвдорж багш аа” хэмээн үгийн зул бүхий хөрөг бичээд сонинд хэвлүүлж байлаа. Тэр цагаас хойш он цаг олонтаа эргэжээ. Өдгөө нэгэн ангийн бид дөчин насны босгоор давжээ. Гэсэн хэдий ч шавь нар чинь танд тоогдох ганц боловч мөр бичихийн тулд утга зохиолын их замаас гажаагүй л явна даа.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.23.84) 2020 оны 07 сарын 27

40,50-д хүүхдээ салхинд гаргаад явж байхад настай хүн мөртлөө маш сайхан цэмцгэр хувцасласан, инээд алдсан Пүрэвдорж гуайтай тааралдаж байсан. Дотроо Сэгс цагаан богд-ыг бичсэн гэж мэддэг байлаа. Сайхан бичсэн байна Ууганбаяраа

0  |  0
Баяраа(202.70.34.38) 2017 оны 10 сарын 20

сайхан бичиж ээ. дэргэдээс нь харж байгаагүй би түүнийг бусдын амнаас яг л ийм хүн байсан гэдгийг ахархан дуулсаан.

0  |  0
Top