Г.Жуков: Сталинд Германыг ялна гэсэн бүрэн итгэл байгаагүй юм

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 19

Домогт маршал Георгий Жуковтай нэрт зохиолч Константин Симоновын 44 жилийн өмнө хийсэн ярилцлагыг саяхан Оросын олон нийтийн телевизийн “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгээр ялалтын баярыг тохиолдуулан нэвтрүүллээ. Уг ярилцлага баримтат киноны нэг хэсэг болох ёстой байсан ч архивт 40 гаруй жил хэвтжээ.

1966 онд дөнгөж байгуулагдсан уран бүтээлийн туршилтын кино студид Москвагийн дэргэдэх тулалдааны 25 жилийн ойд зориулсан “Хэрэв чи орон гэртээ хайртай бол” гэдэг кино хийж байжээ. Энэ кинонд Зөвлөлтийн алдарт маршалууд Конев, Рокоссовский, мэдээжээр хамгийн алдартай Жуков нар оролцон зураг авахуулсан байна. Түүнээс гадна Жуковаас зохиолч Константин Симонов нэмэлт ярилцлага авчээ. Уг кино 1967 онд гарсан. Тэгэхдээ Зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флотын улс төрийн ерөнхий газар дургүйцсэн учир арай ядан гарсан байна. Тухачевский, Блюхер, Егоров, Якир нарыг шүүхээр шийтгэсэнтэй холбоотой бүх зүйлийг аргагүйн эрхэнд хассан байна. Гэвч кино ямар ч гэсэн гарсан юм. Маршал Жуковын ярилцлагын тухайд бол кинонд ороогүйгээр барахгүй улсын киноны хэрэг эрхлэх газрын асуудлаар гарсан тог­тоолд түүнийг дахиад хэзээ ч байлгахгүйн тулд хальснаас арчиж хая­хаар заасан байжээ. Уран бү­тээлийн туршилтын сту­дийг байгуулагч “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгийн хөтлөгч В.Познерын эцэг Владимир Александрович Познер тэр хальсийг хулгайлан авч ярилцлагыг монтаажлан өөр студид өгч, дараа нь түүнийгээ архивт хадгалуулсан байна. Тэр тэнд өнөөг хүртэл хадгалагджээ. Одоо та бүхэнд аугаа их маршалын эх орны дайны тухай хэзээ ч, хаана ч гарч байгаагүй ярилцлагыг хүргэе.



Зөвлөлт Холбоот Улсын мар­шал Г.К.Жуков Москвагийн дэр­гэдэх тулалдааны тухай ярьсан нь:

-К.СИМОНОВ: Георгий Константинович, яриагаа эхлэх анхны асуулт. Москвагийн дэргэд хүнд нөхцөл байдал бүрэлдсэн тухай Та хэзээ, яаж мэдсэн бэ?

-Г.К.ЖУКОВ: Есдүгээр сарын эцэс, аравдугаар сарын эхээр би Ленинградын фронтын цэргийг командалж байлаа. Тэгээд фронт командлагч, Дээд ерөнхий ко­манд­лалын газрын гишүүний хувьд миний бие есдүгээр сарын эцэс, ялангуяа аравдугаар сарын эхээр бүрэлдсэн байдлын тухай хангалттай мэдээлэлтэй байсан. Аравдугаар сарын 6-ны үдээс хойш Иосиф Виссарионович Сталин над руу утасдсан юм. Тэр фронтын ажил хэрэг, нөхцөл байдал ямар байгааг сонирхоод онцгой даалгавар биелүүлэхээр Москвад даруй нисч ирэх хэрэгтэй гэж хэлэв. Маргааш гэхэд очно гэж би түүнд хэл­сэн. Аравдугаар сарын 7-нд фронт командлагчийнхаа ажлыг фронтын штабын дарга генерал Хозинд хүлээлгэж өгөөд Москва руу нислээ. Москвад орой тийшээ ирж, шууд Кремль дэх Сталины гэрийг зорилоо. Сталин ханиад хүрчихсэн боловч ажиллаж байв. Толгой дохин мэндчилээд газрын зураг үзнэ гээд: “Баруун чиглэлд ямар нөхцөл байдал бүрэлдсэнийг хар л даа. Одоо юу болж байна вэ? Дайсан хаана байна, манай цэргүүд хаана байна? гэдэг тухай ойл­гомжтой илтгэл авч чадахгүй байна. Хэрэв та чадмаар бол Баруун фронтын штаб руу даруй явж, тэнд нөхцөл байдлын учрыг олоод шөнө ч байсан хамаагүй над руу утсаар ярь, би хүлээж байна” гэсэн юм.

Би жанжин штабаар оров, тэнд надад Борис Михайлович Шапош­ников нэмэлт товч мэдээлэл өгөв. Иван Степанович Коневын ко­ман­далж байсан Баруун штаб руу тэр дарай явж билээ. Тэгэхэд Гжевскийн орчимд байрлаж байсан фрон­тын штабт би ирлээ. Бүр үдэш орой болсон хойно, тэр ч байтугай шөнийн нэг цаг хагас орчим болж байхад нөхөд ажиллаж байв. Би яав гэвэл гол төлөв бүслэгдсэн ан­гиудын үйл ажиллагааны тухай нэмж тодрууллаа. Тэр үед тэдгээр­тэй фронтын штаб холбоо тасар­сан байв.
Өөр юуг онцлон тэмдэглэх нь чухал вэ? гэвэл энэ нь баруун чиг­лэлд, ялангуяа Баруун фронтын хэсгүүдэд туйлын аюултай байдал бүрэлдсэн, Москва хүрэх бүх зам үнэн чанартаа нээлттэй болсон явдал байлаа. Яагаад гэвэл Можайн шугам дээр байсан манай жижиг ангиуд хэрэв дайсан цэргээ Москва руу хөдөлгөвөл түүнийг зогсоож чадахааргүй болсон байв.

-К.СИМОНОВ: Өөрөөр хэлбэл энэ шугам эзлэгдээгүй байсан юм уу?

-Г.К.ЖУКОВ: Эзлэгдсэн бай­сан… Үнэндээ Суворовын ангиуд дөн­гөж байгуулагдаж байлаа. Бас маш ялихгүй цэргийн бүлгүүд бай­сан. Энд бий болсон цорын ганц хожоотой байдал гэвэл германчууд, тэдний гол бүх хүч Вязьмаас баруун хойш манай бүслэгдсэн ангиудын үйл ажиллагаанд боогдон баригдсан явдал байв. Тэгээд би Москва руу, Сталин руу утасдаж, түүнд нөхцөл байдлын мөн чанарыг илтгэв. Хам­гийн гол нь Можайн хориглолтын шугамыг аль болох түргэн эзлэх явдал гэж хэллээ. Яагаад гэвэл Ба­руун фронтын хэсэгт үнэндээ цэрэггүй болсон байв. Зэргэлдээ хэсгүүдээс, зэргэлдээ фронтуудаас, Дээд ерөнхий командлалын газ­рын нөөцөөс татаж болох бүхнийг Можайн шугам руу татаж, тэд­гээ­рийг хориглолтын байдалд даруй оруулах хэрэгтэй байна гэв. 16, 19, 20 дугаар фронтын ангиуд, Ба­руун фронтын Болдины бүлэг хаа­на байна? Нөөцийн фронтын 24, 32 дугаар арми хаана байна? гэж тэр асуусан. Бүслэгдээд Вязьмаас баруун тийш үзэлцэж байна гэлээ. “Та юу хийх бодолтой байна?” гэж Сталин асуулаа. Нөхцөл байдлыг тодруулахын тулд даруй Буденный дээр очих хэрэгтэй гэж би хэлэв. “Түүний штаб хаана байгааг та мэ­дэх үү? Буденный хаана байгааг мэдэх үү?” гэж тэр асуув. “Үгүй ээ, мэдэхгүй. Буденныйтэй холбоо та­сарсан учир Конев бас мэдэхгүй байна” гэж би хэллээ.

-К.СИМОНОВ: Нөөцийн фронтын штабтай юу?

-Г.К.ЖУКОВ: Тийм ээ, нөө­­цийн фронтын штабтай. “Хайхаар явна, Малоярославецын орчимд байх ёстой. Бүхий л шинж тэмдгээс үзвэл тэр тэнд байх ёстой”. “За, явж үз. Учрыг ол. Тэгээд даруй надад илт­гээрэй” гэж Сталин хэлсэн.
Малоярославецаар дайран фронт руу ойртон явлаа, нөхцөл байдлын учрыг удахгүй олно гэж бодож байв. Малоярославецаар дайран явж байтал машинууд харагдав. “Хэний машинууд вэ?” гэж асуухад “Семен Михайлович Буденныйх” гэв. Би ч Семен Михайловичийг олсондоо баярлалаа.

Семен Михайловичийн байрлаж байсан Районы гүйцэтгэх захиргаа­ны байранд оров. Тэр зогсоод газрын зургуудаа анхааралтай үзэж байв. Мэнд усаа мэдэлцээд юу болж байгаа тухай түүнтэй ярилцлаа. Конев дээр очоод ирлээ гэж би хэлэв. “Коневын ажил ямар байна?”, “Ажил тийм ч сайн биш байна” гэлээ. “Манай энд ч дээрдэх юм алга. Малоярославец, цаашлаад Москва орох замыг халхлах юм юу ч үгүй болсон” гэж байна. Энэ бол маш аюултай чиглэл. Семен Михайловичтай ярилцлаа. “Штаб руугаа буц” гэв. Штаб хаана байрлаж байгааг түүнд хэллээ. “Одоохон Ерөнхий рүү утасдаж, өөрийн хэс­гийн байдлыг илтгэ. Намайг Юхновын тийш явсан гээрэй, дараа нь Калугийн чиглэлд явна, тэнд юу болж байгаагийн учрыг олохыг хүсч байна” гэв.
Калугийн орчимд намайг нөө­цийн фронтын штабын офицер гүйцэж ирээд Борист Михайлович Шапошниковын цахилгаан утсыг гардуулав. Түүнд “Дээд ерөнхий командлал таныг Баруун фронтын командлагчаар томилж байна. Та Баруун фронтын штабт даруй очвол зохино” гэсэн байв. Би буцаж, 10-ны өдрийн өглөө эрт Баруун фронтын штабт ирлээ.

-К.СИМОНОВ: Команд­лаг­чийн хувиар уу?

-Г.К.ЖУКОВ: Үгүй ээ, би ко­мандлагчийн хувиар ирээгүй. Ко­мандын ажилтай танилцаж, командын бүрэлдэхүүнд орохоор ирсэн. 10-ны өглөө Конев командалсан хэвээр байсан юм. Энэ үеэр тэнд Улсын батлан хамгаалах хорооны комисс ажлаа дуусгаж байлаа. Удал­гүй Сталин штаб руу утасдав. Баруун фронтын командлалыг надад даалгаж байгааг би түүнээс өөрөөс нь мэдсэн юм.

-К.СИМОНОВ: Георгий Константинович, таныг фронт командлагчаар томилогдсон эхний өдрүүдэд үйл явдал хэрхэн өрнөсөн бэ?

-Г.К.ЖУКОВ: Тэр үед Можайн шугам бидний хувьд шийдвэрлэх ач холбогдолтой байсныг би нэгэнт хэлсэн. Тэгээд ч бид юуны өмнө мэдээжээр хориглолтын энэ шу­гамыг хүчтэй болгохыг хичээсэн юм. Дээд ерөнхий командлалын газар өөрийн нөөцөөс, зэргэлдээ хэсгүүдээс буудлагын нэгтгэлүүд, их бууны болон танкийн ангиудыг аль болох түргэн өгөхийн тулд ихээ­хэн чармайлт гаргаж байв. Бо­гино хугацаанд нааш нь өгч болох бүхнийг өгсөн. Дээд ерөнхий ко­мандлалын газар үүнийг хийсэн. Гэхдээ энэ шугам руу өгсөн зүйл, тэнд хориглолт зохион байгуул­сан зүйл мэдээжээр туйлын хангалт­гүй байсныг шууд хэлэх хэрэгтэй. Аравдугаар сарын 15 гэхэд бидэнд дөнгөж 90 мянган идэвхтэй цэрэг­тэй байв. Эндээс бүрэн хориглолт хийх бололцоогүй байсныг та өө­рөө ойлгож байгаа. Ийм учраас Цэр­гийн зөвлөл юуны өмнө үндсэн чиг­­лэл болох Волоколам- Можай- Малоярославын чиглэлийг баттай хаахаар шийдэв. Жанжин штаб, Дээд ерөнхий командлалын газар энэ шийдвэрийг бүрэн зөвшөөрч, фронтыг бэхжүүлсээр байв. Можайн шугам дээр хориглолт зохион бай­гуулах ажил үүнээс л эхэлсэн юм. Одоо энэ шугамыг тогтоон барьж, Можайн шугам дээр дайсныг зог­соож чадна гэдэгт бид, фронтын командлал, штаб итгэлтэй байсан уу? гэдэг асуулт гарна. Мэдээжээр бидэнд бүрэн итгэл байгаагүйг шууд хэлэх ёстой. Дайсны тэргүүний ангиудыг саатуулж болох байсан. Гэхдээ дайсан гол бүлэглэлээ түр­гэн хөдөлгөвөл мэдээж түүнийг зог­сооход хэцүү байсан даа. Гэхдээ тэр үед Вязьмаас баруун тийш бүс­лэлтэд тулалдаж байсан цэргүүд бидэнд үнэлж барашгүй тусламж үзүүлс­нийг шууд хэлье. Тэдний эрэл­­хэг зоригт баатарлаг ажиллагаа үнэлж барашгүй юм. Можайн шугам дээр хориглолт зохион байгуулахад цаг хожих зайлшгүй шаардлагатай бүрэн бололцоог тэд бидэнд олгосон билээ.

Бид дайсныг Можайн шугам дээр тогтоож чадна гэдэг бүрэн итгэлгүй байсан учир ар талд Ново-Завидовский-Клин-Истриний усан сан-Дорохово-Нара-Алексиний ар талын хориглолтын шугам бай­гуу­лахаар шийдсэн юм. Бид­ний энэ санааг дээд ерөнхий команд­лал баталсан. Можайн шугамыг хамгаалж чадахгүй бол­сон то­хиол­­долд энэ шугамыг хэрэг­лэх бай­­лаа. Ар талын энэ шугам руу ин­женерийн олон анги ирүүлж, москвачууд тэнд ажиллан, өдөр шөнөгүй газар ухаж байв. Можайн шугамыг хориглоход шууд зориу­лагдаагүй ангиуд нөөц хүч болон ар талд байрлаж байлаа. Дайсныг Можайн шугам дээр тогтоож ча­­дах­гүй бол ар талын шугам руу зо­хион байгуулалттайгаар, төлөв­лөгөөтэйгөөр ухарч, хориглол­тын хүчтэй ангиуд, нисэх хүчний цохилтоор ухралтаа халхавчлахыг заасан онцгой нууц тушаалыг ар­мийн командлагч нарт өгсөн байв.

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
пүрэвжаргал(203.91.117.8) 2017 оны 10 сарын 19

айдаа тэр дайн ч орсын ард түмнийг нэгтгэж,их гүрэн босох замыг нээсэн,,агуа их ялалт мөн дөгөө,,,дайны дараах он жилүүд бүтээн босголт,хөжгжил,дэвшлийн хөдөлмөрийн их давалгаа болж орос орон нэн их хөгжих замд тогтоносон юм билээ,,,тэр их шуурганы хүчээр манай орон ч бас их өөрчилөгдөж бас ч муугүй хөгжил ,соёл игэншил дэвшлийг олсон шүү дээ,,,орос орныг бид муулж болохгүй ээ,,өөрсдөө бид ажиллах шаардлагатай ,,бид зүгээр л хүнээс вм аваад суух хүсэлтэй болсон байгааг өөрчлөх ,,

0  |  0
C(202.179.25.134) 2017 оны 10 сарын 19

GERMANCHUUD ZUVLULT ULS MASH IH HUCHTEI BOLJ BAISAN BOLOHOOR DARUULAHAASAA UMNU GENEDUULJ DAIRSAN BAIDAG

0  |  0
Top