...Арчуг - Yнэнийг би бусдад харамлаж чадахгүй ч
Энэ эгшинд өөрөөсөө ч харамлаж байна
Хаан сэнтийд хоёр бөгс багтдаггүй юм
Харин нэг толгой л багтдаг юм
Балгахан жаргалтай шөнүүдийг
Нэгэн дэрэн дээр шатаасан
Бага хатнаасаа гарсан үрийг
Хаан ширээнд суулгана
Мичид дээр минь түгэхээ болиг яахав...
Энэ бол “Тамгагүй төр” жүжгийн жижигхэн “тасархай” юм. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Хөдөлмөрийн баатар, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гэх энэ эрхэм бол Монгол улсын гал голомт дээр унасан оч, гал голомтыг бадраах гэсэн сэтгэлийн гайхалтай нэгэн гэгээ билээ... Монголын сонгодгийн сонгодог тэрээр “Нарны домог” бүжгэн жүжиг, “Тамгагүй төр”... тэргүүтнээ өмнөө барин уран бүтээлийн дайллага хийх гэнэ.
Тоглолтыг нь чимж, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам “Зүүдний гуйлга”... зэрэг сайхан дуугаар нь, МУГЖ Г.Ариунбаатар төрсөн нутгийн дээдээ хүндэлж ая дууны мэнд өргөх юм. Мөн СТА “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, "Номин талст" хамтлагийн дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, дуучин н.Алтанжаргал... нарын уран бүтээлчид түрлэг өргөх аж. Уран бүтээлийнх нь үдэшлэгийг шавь нар нь хөтөлж, яруу найрагчид шүлгээ хэлж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэх юм.1990 оны ”Болор цом”-оор Монголын яруу найрагт дуулиан шуугианы салхийг дэвэргэж ирсэн яруу найрагч Б.Ичинхорлоо, отгон шавь нарынх нь нэг “Болор цом”-ын эзэн яруу найрагч Цэвэг-Очирын Эрдэнэбаатар нар багшийнхаа уран бүтээлийн цэнгүүнийг хөтлөх өндөр хариуцлагыг хүлээжээ... Ирэх сарын 3-нд Баянгол ресторанд “нүргэлэх” тус цэнгүүнд 200 үзэгч цуглаж, найрал хөгжмийн аялгуу, яруу, сонгодог урлагийн эгшиглэн дор үдшийг өнгөрөөх аж. Түүний нэгэн эрхэм шүлэг “Боржигны бор тал”-аар уншигч таныг дайлья..
Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь
www.zindaa.mn
Л.Ганзул
Сэтгэгдэл ( 0 )