Ц.Пүрэвдорж: Аялал жуулчлалын салбарт даацтай бодлого үгүйлэгдэж байна

2017 оны 10 сарын 28

 

 

Монголынхоо үзэсгэлэнт байгаль, соёл уламжлал, зан заншлыг гадаадын жуулчдад танилцуулахад “Монгол аялал” компани онцгой хувь нэмрээ оруулж, сүүлийн 10 гаруй жилийн турш тууштай ажиллаж иржээ. Гадаадынханд Монгол Улсаа сурталчилаад зогсохгүй монголчуудаа гадаадын өндөр хөгжилтэй орнууд, үзэсгэлэнт газруудаар аялуулах хөтөлбөрийг тус компани чадварлаг зохион байгуулж буй юм. Энэтхэг, Солонгос, Сингапур, Герман, Франц, Итали, АНУ, Хятадын Хайнань, Бээжин, Хөх хот, Ордос, ОХУ-ын Байгаль нуур, Улаан үдийн Итгэлт хамба зэрэг дэлхийн шилдэг хотууд, үзэсгэлэнт газруудаар монголчуудаа аялуулж байна. Мөн 2006 оноос Австрали, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод аялуулж буй нь олны талархлыг хүлээж буй юм. Дээрх улс, хотуудад тус компани төлөөлөгчийн газраа нээн ажиллуулдаг нь аялал жуулчлалын хөтөлбөрүүд амжилттай хэрэгжих үндэс болдог байна. Тус компани сүүлийн гурван жилийн хугацаанд 5500 гаруй аялагч гадаад, дотоодын чиглэлд аялуулсан бөгөөд 1485 аялагч эрхийн бичгээр үнэгүй аялуулжээ. Монголын аялал жуулчлалын салбарт тэргүүлэх “Монгол аялал” компанийн ерөнхий захирал Ц.Пүрэвдоржтой аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй зарим асуудлын тухай ярилцаж, компанийнх нь ололт амжилтын талаар тодрууллаа.

 

Таныг “Зиндаа“ сэтгүүлийн “аялал жуулчлал“ буланд онцлон оролцуулж байна.

Баярлалаа. Та бүхний ажил үйлсэд ирмүүн амжилт хүсье.

Манай уншигчдад компанийнхаа талаар товч танилцуулна уу.

Манай компани 1999 онд гадаад, дотоод худалдаа үйлчилгээний чиглэлээр анх байгуулагдан. 2003 оноос аялал жуулчлалын салбарт орж гадаадаас жуулчид авч эхлээд, 2007 оноос монголчуудаа гадаадад аялуулж байна. Бид одоогоор гадаадын 20 гаруй оронд аяллаар явуулан, 10 гаруй орноос жуулчид хүлээн авч байна. Бид шинэ шинэ аяллын маршрутыг хамгийн түрүүнд гаргаж ирж байсан. Итгэлт хамбын маршрут, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот руу анхны аяллыг зохион байгуулж байлаа. Мөн Тайландад монголчуудыг анх аялуулж, өнгөрсөн жил гэхэд, Тэнгэрийн хаалга, Бэй-Дай-Хө гэсэн шинэ маршрутыг гаргаж ирсэн. Ер нь манай компани жилдээ 2-3 шинэ маршрут нээдэг.

2003 оноос хойш аялал жуулчлалын салбарт орсон гэхээр харьцангуй туршлагажсан хамт олон юм байна. Өнгөрсөн 2016 он аялал жуулчлалынхны хувьд ямархуу онцлогтой жил болов?

Өнгөрсөн онд ид аялал жуулчлалын сезон эхэлдэг үеэр Их хурлын сонгууль, АСЕМ-ийн чуулган болсонтой холбоотойгоор хил гааль хаагдах гэх мэт цаг үеийн байдлаас болоод гадаадаас ирэх жуулчдын тоо төдийлөн санаанд хүрэхүйц их байсангүй. Энэ 2017 онд гаднаас нэлээн олон жуулчин татаж авчрах зорилго тавин ажиллаж байна. Өнгөрсөн онд АСЕМ- ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гадаадын олон улс орны төрийн дээд хэмжээний албан тушаалтнуудад улс орноо сурталчилсан сайн үйл болсон. Энэ чуулга уулзалтын үр дүн тэр дороо гарахгүй хэдий ч манай орны аялал жуулчлалын амьдралд цааш цаашдаа ахиц дэвшил гарахад сайнаар нөлөөлнө гэж бодож байна.

АСЕМ-ийн үеэр танайх аялал жуулчлалын мэргэжлийн компанийн хувьд ямар нэгэн үүрэг хүлээж, үйл ажиллагаанд нь оролцсон уу?

Аялал жуулчлал эрхэлдэг компаниудаас шалгаруулалт явуулж, цөөн тооны хэдэн компанийг сонгож авсан. Түүнд манайх ороогүй. АСЕМ- ийн уулзалтыг зохион байгуулж буй хүмүүс гадаадын жуулчдад үйлчлэх хөтөч-тайлбарлагчаар хэдэн хүүхдийг богино хугацааны сургалтаар бэлтгэх үйл ажиллагаа явуулсан. Би хувьдаа үүнийг сайн ажил болсон гэж бодохгүй байгаа. Хэрэв мэргэжлийн байгууллагуудыг илүүтэй оролцуулсан бол сэтгэлд нь тодоор үлдтэл сайхан үйлчлээд явуулах байсан.

Гадаадын зочдод үйлчлэхэд зөвхөн хэлнээс гадна харилцааны ур чадвар, монголын түүх, соёлын мэдлэг асар их хэрэгтэй. Зөвхөн орчуулга хийж өгснөөр чанартай сайн үйлчилгээ болж чадахгүй.

Наад зах нь гэхэд, гадаадын зочид төлөөлөгчдөө нисэх буудал дээр угтаж аваад байранд нь хүргэх хооронд мэргэжлийн хөтөч бол түүхийн талаар нэлээн их мэдээлэл өгч чадна. Мөн ямар орны хүнд, ямар өнгө аясаар мэдээллийг хүргэх ур чадварыг мэргэжлийн хөтөч нар бүрэн дүүрэн эзэмшсэн байдаг.

Бид Итгэлт хамбын маршрутыг анх гаргаж ирсэн.


Манайхны хувьд гадаад хэл мэддэг л бол хөтөч хийнэ гэсэн ойлголт байдаг. Мэргэжлийн хөтөч болохын тулд ихээхэн ур чадвар эзэмших ёстой байх нь ээ?

Хөтөч бол нэгдүгээрт, хэлний мэдлэг чадвар, хоёрдугаарт ур чадвар. Гуравт, монгол орныхоо түүхийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Дөрөвт гэвэл, энэ түүхээ тэдгээр хүмүүст ямар арга замаар, хэрхэн хүргэж ойлгуулахаа маш сайн мэддэг, мэдрэмжтэй байх ёстой.

Манай орныг зорин ирэх жуулчдыг татахын тулд юунд илүүтэй анхаарах хэрэгтэй вэ?

Монголыг сонирхож байгаа маш олон хүмүүс байгаа ч ирж чадахгүй нь их. Манай онгоц, галт тэрэгний зардал харьцангуй өндөр. Ирсэн хойно нь аяллын хөтөлбөр бас их тааруу байна. Хөтөлбөр нь замбараагүй, цаг давчуу байх, морь унаад хамаагүй их явуулах зэргээс ядарч залхах тохиолдол гардаг. Бид гадныхныг илүү ихээр татахын тулд тусгайлсан хөтөлбөрүүдийг бэлтгэх шаардлагатай. Засгийн газраас Аялал жуулчлалын хөгжлийн төвийг саяхан байгуулж байна. Энэ байгууллагыг тухайн салбарын туршлага мэдлэггүй хүнээр удирдуулбал олигтой амжилтад хүрч чадахгүй. Мөн мэргэжлийн хүн тавилаа ч гэсэн аялал жуулчлалын салбарын зовлон, жаргалыг сайн мэддэггүй бол бас бүтэлтэй юм болохгүй.

Бид аялал жуулчлалын хөтөлбөр, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, рестораны хоол унд, зочид буудлын үйлчилгээ зэргээ маш өөр шинэлэг, жинхэнэ монгол үндэстний хэв маягт оруулж ирэх шаардлагатай байна. Жуулчдыг татах өөрийн гэсэн үндэсний бодлогыг заавал гаргаж ирэх ёстой. Жишээ нь, Тайланд гэхэд, зөвхөн Паттая арлаа үзүүлэх, Хайнаньд гэхэд, Сармагчны арлаа сонирхуулах гээд заавал нэг онцгойлсон хөтөлбөр байдаг. Манайд бол, нүүдлийн мал аж ахуйгаа сонирхуулж малчин айлаар очих, ердийн хөсгөөр нүүж яваа айлуудыг харуулах, малын сүү саалиар бэлтгэдэг цагаан идээг хэрхэн бэлтгэдгийг үзүүлэх зэрэг нь гадаадын жуулчдын сонирхлыг илүүтэй татах нь мэдээж.

Дэлхий ертөнцийн чиг хандлага одоо жинхэнэ натурал зүйлст их татагддаг болоод байгаа. Манай мах, сүү бол жинхэнэ органик бүтээгдэхүүн. Өвс ногоо гэхэд, янз бүрийн химийн бордоо хэрэглээгүй, байгалиараа байдаг. Бас тусгай сонирхлын аялал жуулчлалыг сайн хөгжүүлэх шаардлагатай. Цэцэгний, эмийн ургамлын, шувууны гэх мэтчилэн.

Шувууны чиглэлээр ирлээ гэхэд, ямархуу хүчин чадалтай зургийн аппаратаар манай шувуудын зургийг авч болох гээд сонирхолтой зүйлс их гарч ирнэ. Өнгөрсөн жил гэхэд, урьд өмнө бараг мэдэгдэж байгаагүй 2-3 төрлийн шувууг манай говиос олж зургийг нь дараад дэлхийгээр нэг цацах жишээний.

Ер нь манайхан өөрийн гэсэн онцлогтой зүйлсээ дэлхий нийтэд маш сайн түгээх шаардлагатай юм. Өдөр тутмын аж амьдралын онцлогоо аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно гэсэн үг.

Фэйсбүүкээр гэхэд, ботго угжиж байгаа монгол хүүхдийн зураг их сайн цацагдсан. Мөн гадаадын жуулчдад өрөм, тараг өгөхдөө өөрсөд шигээ санаад аяга аягаар нь өгчихдөг. Энэ бол бас анхаарууштай зүйл.

Манай орны аялал жуулчлалын салбарт тулгардаг түгээмэл бэрхшээлүүд хэр бол?

- Аялал жуулчлалын м э р г э ж л и й н компаниуд өөрсдийн шугамаар аялал зохион байгуулж байгаа хэдий ч зарим мэргэжлийн бус хувь хүмүүс өөрсдөө аялагчдыг авч, Итгэлт хамба, Манжуур гэх чиглэлүүдэд явж, баталгаагүй машин тэргээр аялагчдын амь нас, эд хөрөнгийг бүрэн гүйцэд батлан дааж чадахгүй байгаагаас аялал жуулчлалын нэр хүнд унах тохиолдол гардаг. Иймд аялал жуучлалын салбарт төр засгийн оновчтой бодлого, зохицуулалт ихэд шаардлагатай.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр дээд шатны байгууллагууд ихээхэн анхаарал тавьж, дэмжиж өгмөөр санагддаг. Аялал жуулчлалын салбарт томоохон даацтай бодлого бариад ажиллаж чадвал манай орон зөвхөн уул уурхай гэлтгүй, энэ салбараас асар их мөнгө олох боломжтой.

Өөрөөр хэлбэл, дэлхийгээр дүүрэн мөнгө байна, түүнийг л бид зөв бодлогоор улс орон руугаа татаж авчрах хэрэгтэй.

Танай компанийн аялал жуулчлалын үнэ ханш ижил төрлийн компаниудтай харьцуулахад арай үнэтэй санагддаг. Танай бусдаас ялгарах давуу тал юу вэ?

Аялагчдаа явуулдаг бүх улс оронд манай компанийн бие төлөөлөгч байдаг учраас заавал групп бүрдүүлнэ гэж хүлээлгэдэггүй, ганц аялагч байсан ч явуулдгаараа онцлогтой. Мөн аяллын үнэ, хоног, маршрутыг тухайн аялагчтайгаа зөвлөж сонгох боломжтойгоос гадна групп болон хугацаанаас хамаарч хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой. Үнэ дагаж чанар гэсэн үг байдаг.

Тиймээс бид аялагчдынхаа аюулгүй байдал, тав тух, чанартай үйлчилгээнд илүүтэй анхаардаг. Ялангуяа аялагчдын аюулгүй байдал маш чухал.

Жишээ нь, өвлийн улиралд Манжуур руу аяллаар явлаа гэж бодоход, найдвартай машин унаагаар л явахгүй бол эвдэрч саатаад, осгож үхнэ шүү дээ. Мөн аяллын зорьсон газраа хүрээд ямархуу хөтөлбөртэй, юу үзүүлж сонирхуулдаг талаар тухайн компаниа сайн судлах шаардлагатай. Олон удаа аялж байгаа хүмүүс үүнийг сайн мэддэг. Харин анх удаа аялж байгаа хүмүүс үнийн хямд төсрийг харж сонгоод гэнэдэх тохиолдол их байдаг. Манай монголчууд аяллын хөтөлбөртэй бараг танилцдаггүй сул талтай. Мөн хүний нутагт биеэ зөв авч явах талаар анхаарах шаардлагатай. Манайхан аяллаар гадаад оронд явж байхдаа архи дарс ууж, хэрэг түвэгт орох явдал хааяа гардаг.

Олон жил аялал жуулчлал эрхэлж байгаа туршлагаас харахад, манайхан аль чиглэлд аялахыг илүүтэй сонирхдог вэ?

 Өмнө нь бол Итгэлт хамба, Манжуур чиглэлд хүмүүс их явдаг байсан. Одоо харин хүмүүсийн хандлага өөрчлөгдөн, аль болох шинэ маршрутаар аялахыг эрхэмлэдэг болж.

Манай шинээр нээгдсэн Тэнгэрийн хаалга, Бэй-Дай- Хө чиглэлийг хүмүүс их сонирхож байгаа. Ер нь ямар ч үндэстний аялагч байсан, нэг аялсан маршрутаар ахин явах нь ховор.

Харин дараа дараагийн ирэх хүмүүст тус аяллын талаар сурталчилгаа хийж явдаг. Тиймээс аялал жуулчлалаар манай орныг зорин ирсэн аялагчдыг аль болох сайхан сэтгэгдэлтэй буцаах нь бидний зорилго юм.

Танай компани “99 Амжилт”, “Сити тур”, “Зүрхнээс зүрхэнд” гэх мэт олон шинэлэг төслүүд гаргаж байсан. Тэдгээрийн хэрэгжилт ямархуу байгаа бол?

Бид залуусын шинэ санаануудыг хүлээн авч ярилцах зорилгоор “99 Амжилт” төсөл санаачлан хэрэгжүүлсэн. Харамсалтай нь, залуус маань төдийлөн санаанд хүрэхүйц хангалттай байдлаар оролцоогүй. Тэд өөрсдөө бус, харин биднээр санаа гаргуулахыг оролдож байсан.

“Сити тур” аяллын маршрут батлагдсан байгаа. Ирэх зургадугаар сараас хэрэгжүүлэх санаатай. Дэлхийн олон улс оронд хоттой танилцах ийм аялал байдаг.

“Зүрхнээс зүрхэнд” аялал бол бас онцлогтой. Энэ аяллын гол зорилго нь ганц бие хүмүүсийг хооронд нь танилцуулах. Тийм учраас аялалд оролцож буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо тэнцүү байх шаардлагатай.

Энэ аяллыг Иркутск-Байгаль нуур чиглэлээр нэг удаа явуулж үзсэн. Дотооддоо өөрийн компанийн “Нарны орон” жуулчны бааз дээр хоёр удаа зохион байгуулсан. Нэлээд өвөрмөц аяллын төрөл болохоор бэрхшээл тулгарах юм билээ. Эмэгтэйчүүдийн хувьд ганц бие гэдгээ үнэнчээр хэлдэг бол эрчүүд жаахан асуудалтай. Тиймээс иргэний бүртгэл мэдээллээс гэрлэсэн эсэх лавлагаа авах шаардлага гарч байсан. Уг нь нийгэмд оршиж байгаа нэг ч болов асуудлыг шийдвэрлэхэд нэмэр үзүүлье гэж зорьсон юм.


Танай компани 2035 он хүртэл хэрэгжүүлэх аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулсан гэсэн. Гол бодлогоо хэрхэн тодорхойлсон бэ?

Бид 2035 он гэхэд жилд нэг сая жуулчин хүлээн авах чадвартай болох зорилго тавьж байгаа. Мөн дэлхий дээр байгаа монголын онцлогтой түүхийн асуудлуудыг түлхүү гаргаж өгөх, өөрийн орны экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг дэлхийд сурталчилахад анхаарах бодлого баримталж байна. Гэхдээ жилд манай улсад нэг сая жуулчин орж ирэхэд бас асуудалтай. Тэр олон жуулчдыг хүлээн авахад манай орны даацын асуудал яригдана. Зочид буудлууд, хөтөч гээд шийдвэрлэх асуудлуудыг бид судлан хэрэгжүүлэхээр тусгаж байна. Бид ирэх 5-6 сарын орчимд аялал жуулчлалын чиглэлээр Монголдоо форум зохион байгуулах бодолтой байна. Энэ үеэр амьдрал практик дээрх туршлага, санаа оноогоо хуваалцсан бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулахыг зорьж байна.

Аялал жуулчлалын талаар манай уншигчдад үнэтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танай хамт олны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Ярилцсан Д.Мягмарсүрэн

Дэлгэрэнгүй мэдээллийг:

www.facebook.com/mongoliantravel

www.mongolayalal.mn

"Зиндаа" сэтгүүл №2 /502/, 2017-01 сар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цоож(27.123.212.140) 2017 оны 10 сарын 29

Өөр шийдвэрлэх зөндөө асуудал байгаа шдээ

0  |  0
teever(122.201.24.99) 2017 оны 10 сарын 28

MONGOL SHG DAMJDAG ORON JUULCHILAL TOHIROMJTOI

0  |  0
Top