"Зохиогчийг нь урьж байна" цуврал үргэлжилж байна. Энэ удаад, дууны олон сайхан уран бүтээлээр нь бидний мэдэх УГЖ дуучин, ая зохиогч Нанзадын Чулуунхүү уригдлаа...
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дуучин хүний хувьд хааяа ганцаар дуулмаар санагдах уу. Ер нь дууны тухай тодорхойлж хэлбэл?
-За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сэтгэл сайхан үед, эсвэл жаахан гутруу үедээ дуулмаар санагддаг шүү дээ. Тэгэхээр дуу бол сэтгэлийг тэтэгч юм даа.
-“Ээжийн бор аяга” хэмээх сайхан дуунд ая данг та тааруулж. Энэ дууныхаа түүхээс хуваалцах уу?
-Миний анхны дуу бол “Настан буурал эмээ” дуу юм. Олонд их сайн ч хүрсэн. Нэлээд хэдэн дуу зохиочихсон байсан үе л дээ. Яруу найрагч Сайннямбуу надтай уулзья гэлээ. Тэгээд “Ээжийн бор аяга” гэдэг шүлэг барьчихсан хүрээд ирж байна. Очиж, очиж аяганы дуу байх даа ч яахав дээ гэж бодлоо. Тэгтэл хамт яваа залуу нь ээжийнхээ дурсгалд зориулж бичүүлсэн болж таарлаа. Шүлэг нь сайхан болсон байгаа биз, уншаад үз дээ гээд байх юм. Уншаад үзсэн чинь
Эрихээ барьж мааниа хэлсэн
Ээж тандаа очмоор байнаа... гэсэн мөрүүд нь таалагдлаа. Миний муу ээж одоо ч гэсэн эрихээ бариад маанта хэлээд сууж байгаа даа гэж бодохоор сайхан санагдана даа. Тэгээд л зохиосон. Би өөрөө анх дуулж байсан юм. Гэтэл нэг өдөр дуучин Цэрэнчимэд ирээд, би “Ээжийн бор аяга”-ыг чинь дуулья гэлээ. Чи дуул дуул, би ч бас дуулна гээд өгсөн. Удалгүй л олонд хүрсэн дээ.
-Яруу найрагч Сайннямбуу гуай та хоёрын хамтарсан дууны бүтээл олон. Бүтээлүүдийнхээ тухай ярьвал?
-Бид хоёр Завханы хүмүүс. Нэг сумын, нэг голын нэг үеийхэн дээ. Сайннямбуутайгаа би “Хүнгүйн гол”, “Цэцэн сартуул нутаг”, “Ээж таныгаа үгүйлнэ би”... гээд их олон дуу хийсэн. Юмны учир их сайн ойлгоно. Ахуй талруугаа сайн бичнэ. Хойно цэргийн дээд сургуулийг онц төгсөж, дараа нь Техникийн их сургуулийг алтан медальтай төгссөн хүн. Аливаад их чамбай хандана. “Хулжийн гол” дууны шүлгийг Сайннямбуу бичиж, засварыг нь Энэбиш дарга хийсэн юм. УИХ-ын сонгуулиар Булганруу МАХН-ынхантай явсан юм л даа. Тэр үед Энэбиш дарга МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Нэг өглөө эрт Энэбиш дарга гараад ир гэж дуудлаа. Хоёулаа голын эрэг дээр очиж суулаа. Тэгсэнээ, танай “Завхан гол” мөн сайхан дуу юмаа. Миний өсөж төрсөн нутагт Хулжийн гол гэж сайхан гол бий дээ. Хоёулаа энэ нутгийн тухай нэг дуу хиймээр байна. Завхан гол шиг дуу хийж болох болов уу? гэж байна. Бололгүй дээ, гэлээ. Чи хүнд захиалаач гэж байна. Би Сайннямбуугаа хэллээ. Өөрийн хүү нь Хулжийн голоос бэртэй болсон хүн. Энэ хүн хийнэ дээ гээд орхичихлоо. Сайннямбуудаа очоод захиаллаа даа. Сайннямбуу би мэднэ гэж байна. Бэр нь тэр нутгийн хүн, мөн Лхагвасүрэн заан гэдэг нь тэдний удмын хүн болж таарлаа. Тэгээд шүлгээ бичүүлж, аяа зохиочихоод Энэбиш даргын өрөөнд орлоо. Яг тэр үед УИХ-ын дарга болчихсон байсан юм. Шүлгээ үзээд, мөн ч сайхан шүлэг болсон байна. Гэхдээ би нэг бадаг нэмчихье, гэж байна.
...Баавайн голдоо ирэхээрээ
Буурлын удмаа дурслаа даа...
...Хусан шугуйтай хангайдаа
Санааны зоргоор цэнгэлээ дээ... гээд л нэмсэн дээ. Хоёр бадаг нэмж бичсэн юм. Дуурийн театрын Оюунчулуун анх дуулсан. Сүүлд Бямбажав, Мөнхжаргал хоёр ч дуулсан. Бүр хожим УГЖ С.Жавхлан дуулсан даа. Энэбиш дарга хожим нэг номондоо, “Сайннямбуу гуай ийм сайхан дуутай болгосонд баярлалаа” гэж тэмдэглэсэн байдаг. Сайннямбуу түүнийг олж үзчихээд, үгүй мөн эгэлгүй сайхан хүнээ... гэж уулга алдаж байлаа. Уг нь Сайннямбуу, Энэбиш хоёрын шүлэг юм. Гэхдээ Энэбиш дарга болохоор, би яахав ээ, Сайннямбуугийн шүлгээрээ яваг, гэсэн.
"ВАНЛИЙ" ЧУЛУУНХҮҮ ИРЛЭЭ ГЭДЭГ БАЙЛАА ШҮҮ ДЭЭ
-Таны дуунуудаас Монголын радиогийн алтан сан хөмрөгт цөөнгүй бий. Тэр сайхан дуунуудын тань нэг “Ханийн дуу”. Үүний өмнө “Ханийн дуу”-ны түүхээс сонирхуулбал?
-Монголын радио л дууг түгээж байна шүү дээ. Намайг МУГЖ болгосон газар бол Монголын радио гэж бодож явдаг. Намайг олон түмэнтэй танилцуулж, олон түмэнд хүргэсэн нь Монголын радио, Үндэсний телевиз, тэр дундаа “Хүсэлтийн хариу” нэвтрүүлэг. Би тухайн үед ямар нэг театр чуулгад харьяалагддаггүй байлаа. Тэгэхээр радио л намайг олонтой маань уулзуулсан. Намайг “Ванлий”-г дуулдаг байхад, өдөр шөнө өглөө оройгүй явуулж байлаа. Ямартаа л “ванлий” Чулуунхүү ирлээ, гэдэг байлаа шүү дээ. Ханийн тухай би олон дуу хийсэн. Гэхдээ энэ дуундаа илүү хайртай байдаг юм.
Цайныхаа дээжийг тандаа барья даа
Цамцны чинь товчийг бөхлөөд өгье дөө
Цагаан дарь эх шиг сайхан ээжийг чинь
Цайлган сэтгэлээрээ асраад явья даа
Дэргэд та минь байгаа болохоороо
Дээшээ тэнгэр алсгүй еэ
Хажууд та минь байгаа болохоороо
Хатан дэлхий ч хатуугүй еэ... гэсэн сайхан шүлэгтэй дуу. Эрдэнэт хотын театрын дарга Дашдондовын шүлэг. Би нэг удаа тоглолтоор явж байгаад, Эрдэнэтэд таарч энэ шүлгийг авсан юм. Шүлгийг нь утсаар авч байсан л даа.
...Дэндүү дэврүүн ааш нь бол доо хө
Дэрэн дээрээ шивнэж хэлье дээ... гэж байгаа юм шүү дээ. Эр хүн чинь, би энэ амьдралыг авч явж байгаа юм чинь... гэдэг шүү дээ. Гэхдээ гэнэхэн, цагаахан хүмүүс шүү дээ. Чинийхээ л хүчээр энэ амьдралыг авч явж байна шүү дээ, гээд хэлчихэд л уяраад явчихна шүү. Тэрийг л олж харсанаараа энэ дуу олонд амархан хүрсэн болов уу гэж боддог доо.
-Та олон аавын хүүд команд өгч байсан цэргийн хүн. Тийм ч учраас “Халагдах цэргийн вальс” дууг зохиосон байх?
-Командлуулж ч байсан. Байлдагчаас хурандаа хүртлээ цэргийн амьдралаар амьдарсан даа. Цэрэгт очоод гурав дөрөвхөн сарын дараа бага дэслэгч цолоор шагнуулж, офицер болж байлаа. Надтай цэрэгт хамт байсан хүмүүс гэвэл УИХ-ын гишүүн байсан Ша.Батбаяр, кино найруулагч Сэлэнгэсүрэн агсан, СГЗ яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар... гээд нэг үеийн олон хүн байна. "Улсын агаараас эсэргүүцэн хамгаалах цэрэг" гэж байгуулагдаад би тийшээ очсон. Тэгээд сүүлд нь Цэрэг эдийн засгийн академи, түүний дээд курсыг суралцаж төгссөн хүн. Яруу найрагч Цэндийн Чимэддорж нэг өдөр ажил дээр маань "дэл" үсээ хийсгээд ороод ирлээ. Тэгсэнээ өрөөнд байсан төгөлдөр хуурын товчлуур дарж үзсэнээ, та цэргийн дарга хүн мөн үү? гэж байна.
-Тийм яасан? Гэвэл. Энэ шүлгэнд ая хийсугай... гээд нэг шүлэг өгч байна. Тэгтэл...
Одоо ингээд халагдана гэхээр
Оройн тоондоо жагсаад л байна даа... гэсэн дахилттай. Үнэхээр гоё шүлэг байнаа. Шууд л таалагдлаа. За эргээд орж ирэхэд дуу бэлэн болсон байна шүү. Би танай Цоодолтой уулзаад ирье гээд гараад явчихлаа. Тэгтэл удалгүй Цоодолыг дагуулчихсан ороод ирлээ. Цоодол гараа хөдөлгөөд л ямар сайхан дуу болж байнаа гээд л... Энэ дуу дахилтнаасаа л ая нь орж ирээд арваад минутын дотор бүтсэн дуу. Штабын дарга Чимэддорж, ангийн дарга хурандаа Очирбат... нар орж ирээд энэ дууг анх сонсож байсан. Яг тухайн үед манай 013 дугаар ангийн ой болж, Ананд гэдэг дэд хурандаа анх цэргүүдтэй дуулж, Ардын армийн 70 жилийн ойн уралдаанд оролцож байлаа. Тэр уралдаанд түрүүлж байлуу, хоёрт орлуу, их л дээгүүр байрт шалгарсан юмдаг. Цэрэг армийн том дуу болж чадсан даа. Хөгжмийн зохиолч, удирдаач Хаянхярваа багш маань энэ дууг их үнэлдэг юм.013 дугаар анги гэдэг бол “Тусгай салаа” кинонд бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон хамт олон шүү дээ.
Ярилцсан Н.Болортунгалаг
Л.Ганзул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )