С.Баатарсүх: ”Цэнхэр залаа”-гаасаа гоё болох юм байна гэж баярлаад гарсан даа...

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 31

 

“3охиогчийг нь урьж байна” цуврал үргэлжилсээр...  Дуучин Х.Галхүү, Л.Оюунчимэг нарын хамтран дуулсан УГЗ С.Баатарсүхийн хөгжим, Д.Батсүрэнгийн шүлэг “Дөрвөн улирал хоёр амраг”  гэж сайхан дуу бий. Энэ сайхан дууны аялнуунаас гадна, “Нүдэн нуур”, “Охин үр”, “Хүрээ байшин”... зэрэг олон сайхан дууны хөгжмийг зохиосон УГЗ хөгжмийн зохиолч Самбуугийн Батаарсүх уригдлаа.

 -“Дөрвөн улирал хоёр амраг” дуу зохиогдоод олон жилийг үджээ. Энэ дуу бол таны нэрийн хуудас болсон дуунуудын нэг шүү дээ?

-1971 онд зохиогдсон дуу юм байгаа юм. Тэр үед Хөгжмийн зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга байсан яруу найрагч, зохиолч, хөгжим судлаач Батсүрэн шүлгийг нь бичсэн юм. Нэг их урт шүлэг байсан л даа. Дуулахад их урт харагдаад байсан. Дунд нь модевляци оруулаад  хийчихсэн юм. Модевляци нь дуундаа зохимжтой болоод, эрэгтэй эмэгтэй хоолойг хооронд таналистыг нь салгаад хийчихсэн чинь шинэлэг дуу болсон л доо. Тэгээд Батсүрэн маань дуучдаараа дуулуулаад, сайхан дуу болсон л доо. Олон хүн дуулсан байна билээ.

-Таны анхны дуу ямар дуу юм бэ?

-“Нүдэн нуур”  юм штээ. Энэ дуу маань анх гитарын гоцлол байсан. Монголын радиод ажиллаж байхад, нэг ах орж ирэээд сонсоод байдаг байсан юм. Бусдыг нь яагаад сонсдоггүй юм болдоо гэж бодоод л өнгөрнө. Нэг удаа үдийн цайнаар нөгөө ах надтай уулзаад, нөгөө аянд чинь шүлэг биччихлээ. Чи нэг хараач, болмоор бол дуу болгочимоор байна  гэж хэлсэн. Тэр хүн маань Шажинбат гэж зохиолч байж таарсан. Тэр мундаг хүн намайг тоож шүлэг бичиж байна гэдэг сайхан. Тэгээд өрөөндөө ороод шүлгээ үзсэн чинь аялгуундаа яг таарсан байсан. Тэгж бүтсэн дуу байгаа юм.

-“Элс цас” романаар нь Шажинбат зохиолчийг Монголын ард түмэн мэднэ. Харин “Цэнхэр залаа” хөгжмийнхөө тухай яривал сонин болов уу. Цаг агаарын хөгжим гэдгээр нь сонсогчид маань сайн мэднэ?

-Анх зохиогдсон цагаас нь цаг агаарын мэдээ зарлахад ашиглаж ирсэн л дээ. Ер нь цаг агаарын хөгжим хайж байсан юм билээ. Тэгээд л “Цэнхэр залаа”- сонсоод, “... өө энэ байна шүү дээ...” гээд л авсан. Одоо дөч гаруй жил эгшиглэчихлээ.

- СГЗ яруу найрагч Загдын Түмэнжаргалын шүлэг “Цэцгэн зүйрлэл” дууг хэрхэн бүсэн түүхээс хуваалцвал?

-Түмэнжаргал анх “Цэнхэр залаа”-д зориулж бичиж ирсэн шүлэг л дээ. аялж үзүүлэв Ингэж дуулах юмуу хаашаа юм бэ тиймээ? Тэгээд би... "энэ арай болохгүй ээ. Өөр ая хийж өгье" гээд явуулсан. Түмэнжаргал ч дурамжхан гарсан. Дараа нь ая зохиочихоод дуудаж сонирхуулсан чинь,  өө энэ чинь “Цэнхэр залаа”-гаасаа гоё болох юм байна гэж баярлаад гарсан даа. Дуучин Гантулга маань сайхан дуулсан.

-Мөн Түмэнжаргал найрагчтай хамтран бүтээсэн “Халтар манан хөөрөг” гэж сайхан дуу бий. Энэ дууг Төрийн шагналт, МУГЖ Сосорбарам, Батжаргал гээд олон сайхан дуучин дуулж, Монголын радиогийн алтан сан хөмрөгт бичүүлсэн байдаг. Энэ дууг та өөрөө аавдаа зориулж, бүтээсэн гэж дуулсан юм байна?

-Яг тийм. Миний ааваас үлдсэн алгын чинээ халтар манан хөөрөг байдаг юм. Тэрийг хараад сууж байсан чинь самсаа шархираад байсан л даа. тэгээд Түмэнжаргалыг тэр орой дуудаад, ая сонсгоод, энэ хөөргийг харж байгаад “Халтар манан хөөрөг” гэдэг дууны гурван бадаг шүлэг бичээд өг гэлээ. Түмэнжарагл тэр дор нь бичсэн л дээ. Манай Түмээ чинь шуурхай шүү дээ. Ер нь хөөрөгний тухай анхны дуу байх шүү. Цагаан сар болгоноор дуулдаг, айл гэр хөдөө гадаа гэлтгүй дуулдаг дуу болсон л доо. Тэр ондоо Сосорбарам анх дуулсан. Харин 1994 онд миний тоглолтон дээр “Чандмань эрдэнэ”-ийг дуулдаг Мөнхбаяр анх дуулсан.

-Зохиогч хүний хувьд хэн нь илүү дуулсан гэж боддог вэ?

-Ер нь тэр нь илүү дутуу гэх нь хаашаа ч юм бэ. Хүн хүн өөр өөрийхөө араншингаар их аятайхан дуулсан байдаг юм.

-МУГЖ Эрдэнэбат, Бүрнээбаяр нарын хамтран дуулсан яруу найрагч Бямбажавын Энхтуяагийн шүлэг “Охин үр” сайхан дуу бий. Түүний “Охин үрээ хайрла” гэж бас нэг шүлэг бий?

-Тэр шүлгээ дараа нь дуунаасаа санаа авч бичсэн болов уу. Сайхан түүхтэй дуу л даа. Би ганц охинтой хүн шүү дээ. Охиндоо зориулж дуу зохиоё гэж бодоод л бүтээсэн дуу байгаа юм. Шинэ дуу гарсан даруйдаа хүнд хүрнэ гэж ховор л доо. Гэтэл миний дээрх гурван дуу төрсөн даруйдаа тайзан дээр гурваас тав дахиулсан дуунууд байгаа юм.

-Мөн нэгэн сайхан дуу бий. СГЗ яруу найрагч Дашнямын шүлэг “Хүрээ байшин” гэж дуу бий. Дуучин Лосолын Болдбаатар дуулсан шүү дээ. Энэ дууны тухайд?

-Би нэг удаа зурагт үзээд сууж байтал, хүрээ дууны тухай хүмүүс ярьсан юмаа. Жигтэйхэн мэдэмхийрцгээгээд байсан л даа. Миний гижиг хөдлөөд л. Хүн л бүтээсэн юм шүү дээ. Би ч хийж чадна шүү дээ гэж л бодогдоод байсан байхгүй юу. Тэгээд Дашнямд, Хүрээ дуу хиймээр байна. Чи нэг шүлэг бичээд өгөөч гэлээ. Тэгтэл их гоё шүлэг бичиж ирсэн. Яг л хүрээ дуу болсон шүү. Би нэг юмыг тайлбарлаад байгаа байхгүй юу. Хүний оюун сэтгэлээс юу ч гарч болно. Надад ч бас хүрээ дуу хийчих тэнхээ бий шүү... гэдгийг харуулсан.

-Дуучнаа бодож аялгуугаа зохиосон уу?

- Ер нь анх бодоогүй л дээ. Хүрээ маягийн маневртай дуучнаар дуулуулна гэж бодож хийсэн дуу. Баясгалан, Жавхлан хоёр анх гарч ирж байсан. Жинхэнэ шинэковууд байлаа. Энэ хоёрыг болох болов уу гэж бодогдоод дуулуулсан. Дараахан нь Лосолын Болдбаатар дуулаад зогсож байсан. Болохгүй юм гэж байхгүй шүү дээ тиймээ.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top