“Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлгийн анхны дугаараас “Уяач” апплейкшины төслөөрөө 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон Бямбадоржийн Артур гэх залууг Zindaa.mn сайт зочны цагтаа урьж ярилцлаа. Тэр бол нэвтрүүлгийн шүүгчид буюу Монголын толгой бизнесмэнүүд болох Л.Чинбат, Г.Амартүвшин, Н.Цэлмүүн, С.Түмэнгэрэл, Л.Ариунболд нараас санхүүжилт авах гэж төслөө танилцуулахдаа тун хэрсүү байр суурь баримталж, анхны саналаас нь “Бид адилхан л бизнес эрхлэгч” гэж хэвлүүхэн хэлээд татгалзаж чадсан нь олон нийтийн анхаарлыг татсан оролцогч билээ. Б.Артур 1992 онд төрсөн, дөнгөж 25 настай боловч аливаад тун буурьтай ханддаг нь ярилцах явцад илт анзаарагдаж байлаа. Мөн тэрбээр гурван орны хэлийг төгс эзэмшжээ. Ингээд түүний яриаг хүргэе.
-“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, “Хас” банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин хоёр хамтарч, төслийг нь санхүүжүүлэхээр болсон. Нууц биш бол 30 сая төгрөгөө авчихсан уу?
-Юуг нь нууцлах вэ дээ. Хөрөнгө оруулалтаа авчихсан, ажлаа эхлээд явж байгаа.
-Л.Чинбат захирал “Энэ бизнес төсөлд илүү их хөрөнгө оруулалт хийх, нэмэлт хөгжүүлэлт хийх шаардлагатай” гэж хэлсэн. Тиймд хөрөнгө оруулах мөнгөн дүнг нэмэгдүүлэх санал яригдсан уу?
-Ажил дөнгөж эхэлж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ эцэслэгдээд мөнгө нь ороод ирчихсэн. Ийм үед дахин хөрөнгө босгох шаардлага байхгүй л дээ. Яагаад гэвэл, бид бизнестээ яг хэрэгтэй гэж тооцсон хөрөнгө оруулалтаа л хүссэн. Магадгүй дараа дараагийн хөрөнгө оруулалт шаардагдаж болно. Гэхдээ одоогоор үүнийг тооцож эхлээгүй. Тэр нь дараа жилийн төлөвлөгөө гаргаад, санхүүгийн хэрэгцээнүүдээ тодорхойлсны дараа яригдах зүйл.
-Тэгэхээр өөрийн тань гаргасан төлөвлөгөөнд хоёр хөрөнгө оруулагчийн зүгээс өөрчлөлт оруулаагүй гэсэн үг үү?
-Өөрчлөлт ороогүй. Харин цаашид яаж улам хөгжүүлж, өргөжүүлж болох вэ гэдэг санаануудаа бид хуваалцсан.
-Тийм мундаг бизнесмэнүүд өөрчлөлт оруулаагүй гэхээр өөрөө их л сайн төлөвлөж тооцсон байж дээ, тийм үү?
-Тийм ээ. Гэхдээ зөвхөн миний төлөвлөгөө биш шүү. Хамтрагч бид хоёрын оролцоо бүх зүйл дээр адилхан.
-Нэвтрүүлэгт орсноос хойш бизнест нь ямар өөрчлөлтүүд бий болсон бэ? Хэрэглэгчдийн тоо нэмэгдсэн үү?
-Мэдээж нэвтрүүлэг олон нийтэд хүрэхэд хамгийн том нөлөө болсон л доо. Тэрнээс хойш одоогийн байдлаар манай “Уяач” апп 2500 хэрэглэгчтэй болчихсон явж байгаа. Бүртгэгдсэн адууны тоо 1500 орчим болж байна. Салбарын хүмүүс нэлээн их холбогдож эхэлж байна. Ар араасаа маш олон санал, давуу тал, хамтын ажиллагааны боломжууд орж ирж байгаа.
-Өөрийн чинь хувьд зөвхөн хөрөнгө оруулалт авсан энэ төсөл дээрээ төвлөрч байна уу? Эсвэл өөр юм бас хийж байгаа юу?
-100 хувь фокуслачихсан байгаа ажил маань энэ мөн л дөө. Хажуугаар нь хобби ч гэх юм уу, сонирхлоороо эхлүүлэх гэж байгаа ганц хоёр юм байгаа.
-Бас апплейкшн уу?
-Тийм ээ. Нэг нь апп.
-Та IT-гийн мэргэжилтэй хүн биш гэсэн. Ер нь яагаад апплейкшны бизнес рүү орчихсон юм бэ?
-Би “Жонон” дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Их сургуульд орохоосоо өмнө энэ салбарт ажиллаж байсан л даа. Дизайнераар ажиллаж байхдаа өөрийгөө энэ салбарт илүү амжилт гаргаж чадахаа мэдэрсэн. Гэхдээ программист болохгүй юм байна гэсэн дүгнэлт хийгээд сонирхлынхоо дагуу бизнес удирдлагын ангид элсэн орсон. Сурч байхдаа хажуугаар нь IT-ийн төсөл, дэлхийн чиг хандлага ямар байна гэдгийг их судалсан. Апплейкшн гаргах гэж гурван жил ноцолдсон доо.
-Монголд энэ төрлийн бизнесүүд шинэ тутам байгаа. Та яг ямар орон зайг олж харсан бэ?
-Надад IT дотроо арай дөхөм байсан салбар нь апплейкшн. Big data, хиймэл оюун ухаан зэрэг салбаруудад хүч үзэхэд миний хувьд боломжгүй. Апп хөгжүүлэлтийг яагаад сонирхсон бэ гэхээр хийхэд хамаагүй зардал багатай. Найзтайгаа нийлээд ямар нэг зардалгүйгээр хийх бололцоо нь надад байсан. Мөн шинээр юм эхэлж байгаа залуучуудын хувьд аль болох эрсдлээ бага байлгахыг хүснэ. Тэр утгаараа надад тохиромжтой салбар санагдсан л даа.
-Зах зээлд маш олон апп-ууд нэвтэрч байна шүү дээ. Хэт их өрсөлдөгчтэй, тэр хэрээрээ зах зээл багатай салбар санагдаагүй юу?
-“Уяач” апп-ыг гаргахаас өмнө дөрвөн ч удаа апп хийх гэж үзэж байсан. Тэр бүхэн дээр дутагдлууд байсан учраас амжилт олоогүй л дээ. Монголын зах зээлийг харах юм бол апп-ын бизнес маш жижигхэн. АНУ-ын хүн ам 300 сая. Тэнд ямар ч апп хөгжүүлсэн амжилт олох магадлал маш өндөр. Харин Монголын хүн ам гурван сая. Гэхдээ Монголын хувьд смарт гар утасны хэрэглээ харьцангуй сайн л даа. Тиймээс орон зай мэдээж бий. Харин ямар нэг апп гаргая гэхээр аль хэзээний гарчихсан байдаг байсан. “Уяач” апплейкшны санааг санамсаргүй олж авсан. Бид хоёрын санаа гэхээс илүү хамтран үүсгэн байгуулагчийн маань ахын хэлж өгсөн санаа. Уяач нар адууныхаа удмын сан, бусад мэдээллийг цаасан дээр хөтөлдөг. Гар утасны хэрэглээ нэвтэрчихсэн өнөө үед түүнийг нь апп байдлаар шийдээд өгчихвөл харьцангуй амар болно гэж хэлсэн. Бизнес бол хэрэглээг хялбарчлах, хүмүүст хэрэгтэй байх л үндсэн зарчим дээр тулгуурладаг. Тэгээд огт санаж бодож байгаагүй зүйлээ судлаад шууд хийхээр болсон.
-Ингэхэд “Шарк танк” нэвтрүүлэгт ороод санаагаа алдчихна гэж айгаагүй юу?
-Санаагаа анхнаас нь шууд олонд дэлгэчихсэн болохоор ямар ч айдас байгаагүй. Бид энэ санааг олсны дараа фэйсбүүкийн “Морь сонирхогчдын групп”-т удмын сан бүртгэдэг ийм апп хийвэл дэмжих үү гэсэн санал асуулга тавьчихсан. Тэр даруйд 1000 гаруй хүн “Дэмжинэ” гэж Like дарсан. Ингээд хамтрагч бид хоёрт шууд хийх бололцоо нь байсан учраас тухайн өдөртөө л эхэлсэн.
-Өмнө нь дөрвөн удаа апп хийгээд бүтэлгүйтсэн гэл үү?
-Тийн тийн. “Уяач” апп маань тавь дахь нь.
-Энэ удаа бас бүтэлгүйтэх вий гэсэн бодол байгаагүй юу. Алдаа бүрийн ард шантрах, урам хугарах бэрхшээлтэй нүүр тулж байсан байх?
-Өө, тэгэлгүй яахав (Инээв). Ерөөсөө өнөөдрийг хүртэл урам хугарч байгаагүй жил гэж надад байхгүй. Гэхдээ бүтэлгүйтэл бол сүйрэл биш. Хүн алдаанаасаа суралцдаг. Анх апп гаргаж байхдаа туршлага огт байгаагүй. Надад онолын буюу баахан уншсан мэдээлэл л байсан. Тэгээд уншсан мэдлэгээс илүү туршлага нь шал ондоо байдгийг мэдэрсэн. Урам хугаралт бүр минь туршлага болж үлдэж байгааг би анзаарсан. Хэцүү үе надад олон байсан шүү. Өмнөх дөрвөн апп маань 100 хувь нурсан л даа. Эхлээд хийгээд чадсангүй, хоёр дахиа хийгээд бас чадсангүй. Сүүлдээ “Би ер нь чадахгүй юм байна” гэх болтлоо урам хугарч байлаа. Гэтэл урьд хийсэн алдаа бүр минь одоо надад тус болж байна. Дахиж тийм алдаануудаа гаргах бололцоогүй болж ирж байгаа юм л даа.
-Та одоо хэдэн настай вэ?
-25-тай.
-Ийм залуу гэхэд маш буурьтай, суурьтай харагдаж, бас ярьж байна шүү?
-Ер нь би багаасаа тийм байсийм өө. Би багадаа гурван настайгаасаа ганцаараа усанд ордог, цэцэрлэгт ганцаараа явдаг байсан. Тэгээд бүүр багаасаа биеэ даачихсан.
-Айлын хэд дэх хүүхэд юм бэ?
-Айлын бага нь. Дээрээ нэг эгчтэй. Айлын багууд арай ондоо л байдаг юм гэсэн. Манай ээж Орос хүн байдаг. Багадаа Орос руу их явдаг байлаа.
-Залуу хүнээс мөрөөдлийг нь асуухгүй өнгөрч болохгүй. Артур яг ямар мөрөөдөлтэй залуу вэ?
-Дэлхийд гаргасан апплейкшнтэй болохыг зорьж байна. Амьдралын зорилго гэвэл би зөв амьдармаар байна. Амьдарсан хугацаандаа хүмүүст тустай, хэрэгтэй зүйл бүтээмээр байна. Надад А.Эйнштэйний хэлсэн “Зөвхөн бусдын төлөө амьдарсан амьдрал бол амьдрал мөн” гэдэг үг их таалагддаг. Нээрээ, би Ангараг руу аялах мөрөөдөлтэй юм байна. (хөгжилтэйгээр инээв)
-Нэвтрүүлэг үзэж байхад нэг бодол төрж байлаа. Хөрөнгө оруулагчид санаанд чинь гэхээсээ өөрт чинь илүү итгэж хөрөнгө оруулсан юм болов уу гэж. Танд нэвтрүүлгээс яг ямар сэтгэгдэл төрж үлдсэн бэ?
-Яг үнэндээ би “Шарк Танк” нэвтрүүлэгт орж байхдаа олон нийтийн дунд ярианы сэдэв болох хэмжээнд хүрнэ гэж бодоогүй. Оролцож байгаа бусад оролцогчтой огт уулзаагүй учраас өөрийгөө харьцуулж дүгнэх бололцоо байгаагүй. Харин нэвтрүүлэг гарсны дараа хүмүүс янз бүрийн л коммент хэлж байгаа. Тэдгээрийн дотроос хамгийн гоё сэтгэгдэл төрүүлсэн нь “Бид мөрөөдлөө биелүүлэх урам зоригийг чамаас авч байна” гэж хэлсэн үгс байсан. Би ч гэсэн хийж чадна гэдэг сэдлийг нь сэргээж өгсөндөө л хамгийн их баяртай байгаа.
-Та шүүгчдэд хандан “Би та нартай л адилхан бизнес эрхлэгч” гэж хэлсэн. Санхүүжилт хүсч байж тийм үг хэлж чадсан нь их том бие даасан байдлыг хүмүүст харуулах шиг болсон шүү?
-Тэр үгээ тайлбарлаж хэлэхэд бид ялгаагүй адилхан хүмүүс шүү дээ. Бизнесийн салбарт хүч сорьж буй адилхан л хүмүүс. Мэдээж бидний туршлага шал өөр. Гэхдээ бидэнд байгаа дүрэм, орчин, бизнесийн онолууд адилхан. Бүгд адилхан мэдээлэл авах боломжтой. Тэр талаас нь би хэлсэн юм.
-Магадгүй яг “Уяач” апп дээр Л.Чинбат, Г.Амартүвшин захирал нартай адилхан статустай, адил гараанаас эхэлж байгаа гэсэн үг, тийм үү?
-Тэгж хэлж болох л юм байна.
-Санхүүжилт хийх анхны саналаас татгалзсан нь эгдүүцэл, бас хүндэтгэлийг нь төрүүлсэн гэж Г.Амартүвшин шүүгч хэлсэн байсан. Энэ талаар?
-Ер нь анхнаасаа бид тавих саналаа бодож, хэлэлцээрийн стратегиа боловсруулсан байсан л даа. Нэг үгээр хэлэхэд төлөвлөгөөний дагуу л явсан.
-Гэхдээ та анхны саналаасаа бага зэрэг ухарсан шүү дээ?
-Тийм л дээ. Бидний хувьд тэр хүмүүсийн хөрөнгө оруулалтаас гадна хамтрах боломж нь буулт хийхэд хүрэлцээтэй байсан.
-Өөртэй тань адил шинээр бизнесээ эхлүүлэх гэж байгаа залууст юу зөвлөх вэ?
-Боломжууд бол зөндөө бий. Залуучууд бизнес эхлүүлэх гэж байгаа салбараа судлах, ойлгохоос л эхлэх хэрэгтэй юм болов уу. Шинээр бизнес хийх гэж байгаа бол урьд нь хийгдэж байгаагүй зүйлийг л бодож олох нь зөв. Шинэ гэдэг ядаж л өрсөлдөгчгүй гэсэн үг шүү дээ. Нөгөө утгаараа шинэ бүхэн хөгжлийг бий болгоно. Ямар ч тохиолдолд урагшаа нэг алхана.
-Урьд нь хэний ч туршиж, хийж байгаагүй шинэ зүйл гэдэг хэт их эрсдэлтэй биш үү?
-Тийм нь ч тийм. Гэхдээ тэр чинь л залуучуудын хийх ёстой зүйл биш гэж үү. Залуу хүн учраас л эрсдэл гаргах чадамжтай байна. Зүгээр суугаад, эсвэл байдаг л зүйлийг хийгээд суух нь залуу сэтгэл зүйн хувьд ч тохирохгүй. Ямар нэгэн шинэ зүйл бий болгох нь залуу хүний хийх хамгийн оновчтой зүйл юм болов уу.
Гэхдээ бизнес заавал шинэ байх алба ч бас байхгүй л дээ. Facebook-ийг хүртэл анх ижил өөр төрлийн санаануудаас хуулбарлаж гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, шинэ санаа байгаагүй. Тэгсэн хэрнээ өнөөдөр хамгийн том нь болчихсон байна. Тэгэхээр яг үнэндээ тухайн санааг хэрэгжүүлж байгаа хүнээс л их зүйл шалтгаалдаг.
-За, баярлалаа. Та бид хоёрын ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Амжилт хүсье.
Д.Дамдинжав
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 10 )
Shark tank mank ch geh shig hoshin shiguud ni tegeed taarsan yumandaa horongo oruulj bgagii ni harara elgiin yum.
Мэргэжлийн мэдлэгийн хувьд бол болоогүй л залуу байна
мундаг залуу байна..орос цус байгаа учир шазруун,махруу чанар байна
woww gaihalt zaluu baina amjilt ulam iluug hiij buteegeerEI
жижиг дунд бас мега үйлдвнрийг дэмжинэ гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа юм шүү дэ Тэрнээс биш хэдэн төгрөг аваад эсвэл танил таладаа өгөөд эсгий үнэг улавч тоорцог хийж аог болгон хаяхыг хэлдэггүй юмсан