Дотроо дажинтай МҮЭХ
Монголын хамгийн олон гишүүнчлэлтэй, хамгийн их хөрөнгө чинээтэй Төрийн бус байгууллагаар МҮЭХ тодроод байгаа бололтой. Хуучин нийгмийн үеэс хөл дээрээ тогтоод одоо өмчлөлдөө зочид буудал, Соёлын ордонтой, газартай, малтай, ногооны талбайтай. Мөн гишүүнчлэлийн татвар гэхэд сард хэдэн арван сая төгрөгөөр тоологдоно. Тус холбооны ХХ их хурлаас баталсан дүрмээр бол “МҮЭ-ийн Холбооны тусгай сангуудад орлого оруулж хуримтлал бий болгох” үүргийг гишүүн нь хүлээдэг юм билээ. Энэ бүхнээс их хэмжээний мөнгө эргэлддэг газар гэж харагдана. Ээлжит их хурал дөхөхийн хэрээр тус байгууллагыг чиглэсэн элдэв хэл ам нэмэгддэг гэж тус холбооны Ерөнхийлөгчийн ярьсан оргүй зүйл биш. Холбооныхоо удирдлагуудын хөрөнгө, мөнгө завшсан баримтыг дотроосоо нягтлан бодогч нь гадагш нь гаргасан юм даг уу. Х.Амгаланбаатар ч АСЕМ-ын өмнө “Альфа” зочид буудлыг хувийн байгууллагуудын дэмжлэгээр бариулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж , МҮЭХ-г дэмжихгүй, оролцохгүй байна гэж шүүмжлэх болсон.
Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооныхон
Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээс эхэлж шаардаж, 9 дүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй гэж байсан. Шаардлага үргэлжилж, улстөрийн байдал сунжирсаар өнөөг хүрсэн. Тухайн үед Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооныхон “МҮЭХолбоо бидний шаардлагыг дэмжихгүй байна. Гишүүдээсээ татвар авдаг, тэмцлийг нь дэмждэггүй байгууллагыг татан буулгах хэрэгтэй” гэсэн утгатай мэдээллүүдийг тарааж байсан. МҮЭХолбоо багш нарын мэдэгдлийг ташаа гээд бүх хүний цалинг нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа гэсэн. Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооныхны цаана улстөржилт байна гэдгийг ч нуугаагүй. Тухайлбал, Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг “Багш нарын төдийгүй соёл, шинжлэх ухааны ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх,нийгмийн халамжийн төлөө дуугардаг байгууллагыг татан буулгах улстөрийн сонирхол цаана нь нуугдаж байгаа юмуу гэсэн хардлага ч бий” гэж мэдэгдэж байлаа.
МҮЭХ-ны дотоод асуудалд МАХН яагаад хутгалдав
Нөхцөл байдлаас харахад МҮЭХ-ны удирдлагын хардлага бодит болж эхэллээ. Жинхэнэ улстөр ороод ирэв. Том намуудаас биш,МАХН-аас. Шалтгаан нь нүдэн дээр ил өрнөлөө. Х.Амгаланбаатарын хэлсэнчлэн ээлжит Их хурлаар Ерөнхийлөгчийн суудалд хэн суухыг нь МҮЭХ-нд Энхбаярын нам заах шинжтэй боллоо. Тус намыд дэд дарга С.Ганбаатар энэ холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Одоо бол Хүндэт ерөнхийлөгч гэж явдаг. Хүндэт Ерөнхийлөгч нь үүр рүүгээ эргэж дайрч байна. Гэхдээ нэлээд алсуур. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг шалгуулахаар АТГ, ЭЦГ-т хандуулаад. Өөрийн гэсэн гишүүнчлэлтэй үл хөдлөх хөрөнгөтэй, бэлэн мөнгөний урсгалтай энэ байгууллагыг МАХН улстөрийн гишгүүр болох уу. Энэ намаас тэнд хэн очих вэ. ҮЭ-ийн хэдэн зуун мянган гишүүнийг намдаа татах байдлаар 2020 онд улстөр хийх алсын санаархал ч яваа юу. Таашгүй. Нүдэн дээр өрнөх үйл явдал ийм бий.
Зочид буудлаар баллаж болдгийг тэд мэднэ
МҮЭХ-ны ээлжит Их хурал энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болж Ерөнхийлөгчөө томилно. С.Ганбаатар “Намайг МҮЭХ-ны Ерөнхийлөгчөөр очих байх гэж олон хүн итгэж, харж байгаа” гэлээ. Энэ холбоог дансандаа хэдэн төгрөг эргэлдүүлдэг, ямар хөрөнгө, хэдэн мянган гишүүнтэйг С.Ганбаатар гарынхаа арван хуруу шиг мэдэж байгаа. МАН олонх болсон улстөрд МАХН-д орон зай байхгүй. Улстөрд О.Баасанхүүгээс өөр түшиггүй учраас төрийн бус байгууллагыг онилсон байх магадлалтай юм. Тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар АСЕМ-ын өмнө “Альфа” зочид буудлыг бариулсан, МҮЭСО-ы хотын төвийн А бүсийн 700 кв метр газрыг МҮЭ-ийн одоогийн удирдлага “Макс” группт 500 сая төгрөгийн үнэ бүхий хивсэнцэрээр бартер хийж, “Альфа” зочид буудалдаа дэвссэн. Зочид буудлаар баллаж болдгийг МАХН-ынхан сайн мэднэ. Тэдэнд зочид буудлаас болж дарга нь авлигын хэрэгт орооцолдсоны горыг одоо ч амсч яваа гашуун туршлага, түүх бий.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )