Т.Сэр-Од: Ер нь хүнд дурлах, дурлуулах чинь ”там”-ын юм шүү дээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 03

 

Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн тод мөртэй, нэрлэгдэх олон дуутай яваа хүн бол УГЗ хөгжмийн зохиолч Тогтохын Сэд-Од юм. Түүний уран бүтээлийн цэнгүүн энэ сарын сарын 11-нд Бөхийн өргөөнөөс олонд хүрэх аж. Т.Сэр-Одтой уулзахаар зорьж очиход, "Монголын үнэртэй салхи" дууныхаа шинэ клип, дуучдын тухай яриа дэлгэсээр угтав. Уг дууг дуулсан дуучин МУГЖ С.Жавхлан УИХ-ын гишүүн болсон учир цэнгүүнд дуулахгүй аж. Харин цэнгүүнд оролцож, дуулах дуучдын төлөөлөл "Монголын үнэртэй салхи"-ийг "дэвэргэжээ".  

 

 -Уран бүтээлийн цэнгүүнээрээ үзэгч, сонсогч олонтойгоо уулзах сураг дууллаа. Энэ удаагийн тоглолтынхоо талаар эхлээд ярих уу?

-Энэ миний арван гурав дахь удаагийн бие даасан тоглолт.  Бас ямар нэгэн ээлжит тоглолт биш юм. Миний бүтээлээ туурвиж эхэлсэний хорин таван жил өнөө жил тохиож байгаа юм. Хорин таван жил гэдэг хүний насаар бол нэг мөчлөг шүү дээ. Тиймээс дуугүй өнгөрч болохгүй гэж бодлоо.Тэгэхээр төдийгөөс өдий хүрсэн энэ 25 жилийн ойг тэмдэглэх хэрэгтэй гэж санасан. Энэ хугацаанд би амьдралынхаа дийлэнх хэсгийг дууны бүтээлд зарцуулж. Тиймээс би дуунаасаа хорин таван бүтээл шилж, дөрвөн үеийн хамарсан хорин таван уран бүтээлч оролцуулахаар төлөвлөсөн. Тоглолтын маань нэр “Миний бүтээл-25”... Билетийн үнэ хүртэл 25 000, мөн 25 дуутай хос цомог худалдаанд гарч  байгаа.

-Тоглолтонд дуулагдах уран бүтээлүүдээ хэрхэн сонгосон бэ?

-Ерөөсөө миний энэ л дуу мундаг уран бүтээл шүү, гэдэг үүднээс хандаагүй. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сүлжээгээр санал асуулга аваад, үзэгч сонсогчидтой санал нийлсэний эцэст энэ хорин таван дуугаа сонгож тоглолтын агуулга хөтөлбөрөө бүрдүүлсэн л дээ.


-Хэчнээн дуунаас сонгосон бол. Цаана нь хүмүүсийн сонсох дуртай олон дуу бий дээ?

-Надад 600 гаруй дуу байна шүү. Тэндээс 400 орчмыг нь хүмүүс ямар нэг хэмжээгээр мэдэж байна. Тэр 400-гаас 25 дуу гарч ирсэн. Энэ ой нэг талаар Сэр-Од гэдэг хүний бүтээлийн ой юм шиг мөртлөө өргөн утгаар нь авч үзвэл миний уран бүтээлийн нөхөдтэйгөө бужигнаж өнгөрүүлсэн цаг хугацааны баяр юм л даа. Бүтээл хийнэ гэдэг нэг хүний ажил биш л дээ.

-Биднийг орж ирэхэд. “Монголын үнэртэй салхи” дууныхаа тухай ярьж байсан. Шинэчлээд, олон уран бүтээлчдийг хамруулаад дуулуулчихсан юм байна. Мөн сонсогчид янз бүрээр хүлээж авч байгаа бололтой?

-Уг нь хорин таван дуучнаараа дуулуулчихья гэж бид үзсэн. Гэтэл зарим нь гадагшаа амин хувийн болон албан ажлаар явсан байлаа. Тухайлбал Лосолын Болдбаатар гавьяат маань гадаадад. Түвшинтөгс гавьяат маань хөдөө орон нутагт чухал ажилтай явж байх жишээтэй. Мөн Баясгалан гавьяат гэхэд бичлэгийн үеэр ирсэн ч яаралтай ажил гараад буцаад явчихсан учир дуулж амжаагүй. Энэ мэтчилэн асуудлаас болоод арав гаруй дуучин дууллаа. Гэхдээ бүгд тоглолтондоо ирж оролцоно. Маш хурдан шийдвэр гарч хийгдсэн болохоор аргагүй л дээ. Харин энэ дууг яагаад олон хүнээр дуулуулах шаардлага гарсан бэ, гэхээр тоглолтонд орж байгаа дуучид маань бүгд гоцлол дуучин байхгүй юу. Миний санаа бол 25 ертөнц “Монголын үнэртэй салхи” гэдэг нэг санаан дээр нэгдээд, өөр өөрийн ертөнцийг илэрхийлэг гэж л бодсон.

-УИХ-ын гишүүн маань хэрхэн хүлээж авсан бэ. Дурамжхан байсан уу, үгүй юу?

-Жавхлан уу?.. Маш гоё хүндэтгэж хүлээж авч байгаа юм. Төрийн ажил хийж байгаа хүн гүйж орж ирээд л “Болдог бол би дунд нь ороод дуулчихмаар байна...” гэж хэлж байна л даа. Өөрөө тоглолтон дээр ирж дуулж болохгүй шүү дээ. Төрийн ажил хийж байгаа учраас тэр. Нөгөөтэйгүүр “ангийн нөхөд” нь юу гэж бодоо билээ тиймээ хө. Энэ санааг анх төрүүлэлцэж, өлгийдөлцсөн хүн юм. Энэ дуу 13 жилийн өмнө хийгдэж байсан байна шүү дээ... Гүрбазар ах маань, Жавхлан маань, “Нью Стар” студийн хөгжмийн найруулагч Гантөр, саунд инженер Ядгаа шавь минь байна. Тэгээд мөн клипжүүлсэн “Логик филм”-ийнхэн гээд “Монголын үнэртэй салхи”-ийг тухайн үед босгож ирж байж. Энэ бүх уран бүтээлчид шинэ клипэн дээр ажиллаа. Жавхлан дуучин маань энд гарахгүй ч сэтгэл зүтгэл санаа нь яваа юм шүү.


-Ер нь Сэр-Од гэдэг хүн анх хэдэн онд Багшийн сургуулийн хөгжмийн ангид орж суралцаж байсан юм бэ?

-Би 1990 онд Хөвсгөл аймгийн Ханх сумаас ирж байсан. Наймдугаар анги төгсөөд ирж байлаа. Тэгэхээр би муу сурлагтай даа Хөгжмийн сургуульд орсон юм биш. Хөгжимд дуртайдаа ирж суралцсан хүн. Баянхуураа нот хараад тоглочихдог л хүүхэд ирсэн. Бас ч гэж гайгүй сурлагатай хүүхэд байлаа. Багш нар маань болохоор аймаг руу арван жилд оруулах сонирхолтой байсан. Би зүтгэсээр байгаад ирсэн хүн. Тэгээд, 1992 оноос өөрийн анхны уран бүтээлийг эхэлсэн түүхтэй. Анхны уран бүтээл бол нутгийн ах яруу найрагч Долгорын Паашкатай хамтарсан “Нутгийн уулс, ээж хоёр минь” дуу юм. Бүрнээбаяр эгч дуулж, Монголын радиогийн Алтан сан хөмрөгт бичүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш 25 жил дуутай нөхөрлөсөн байна даа.

-Хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг хэмээх агуу хүний шавь гэдэг. Хэрхэн багш шавь барилдаж байв?

-Хоёрдугаар курсын оюутан байхдаа хадаг барьж шавь орж байлаа. Манай ангиас хоёр хүүхэд хоёр мундаг хөгжмийн зохиолчид шавь орсон юм.  Нэг нь одоо АНУ-д амьдарч байна. Биднийг зуучилж өгсөн хүн бол алдарт хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Баттөмөр багш минь юм. Нэг удаа ирээд, -та хоёр нэг нэг хадагтай нэг нэг “юм” бэлдэж бай. Би та хоёрыг багштай болгоно гэлээ. Манай ангийн нөгөө нөхөр бол Ваанчигийн Мөнхбат гэж Дарханы залуу бий. Гэр бүлээрээ Америкт байгаа гэж дээр хэлсэн. Шарав багшид хадаг барьсан хүн л дээ.

-Хөвсгөлийн Ханх сумаас зорьж ирээд, Хөгжмийн ангид орсоныг бодоход, наашаа хөтөлсөн хүн байж таарах нь дээ. Өөрийн чинь авьяасыг нээсэн хүн ч гэдэг юм уу?

-Байлгүй яахав. Мэдээж хамгийн түрүүнд би аав, ээжийгээ нэрлэнэ. Миний аав, ээж өөрсдөө багш урлаг, уран сайхны талын авьяастай хүмүүс байлаа. Аав бол бүжиг дэглээч хөгжмийн нэлээд гүнзгийн боловсрол эзэмшсэн хүн байлаа. Надад айхавтар сүйдтэй зааж байгаагүй. Миний багш нар ер нь сонин хүмүүс байсан л даа. Надад хөгжим заагаад, шахаж шаардаж байсан юм бол байхгүй. Манай ээж бол намайг Политехникийн дээд сургуульд ороод инженер болоорой гэж зөвлөдөг, би болохоор офицер болох сонирхолтой, мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Надад хөгжим ийм байдаг, тийм байдаг тухай ярьдаг ч хөгжмийн хүн болоорой гэж ерөөсөө хэлж байгаагүй. Манай номын сан хэр барагтай хөгжмийн сургуулийн номын сангаас дутахааргүй номтой байлаа. Хөгжмийн онолын, соноршуулгын, утга зохиолын гээд... Тэр номын сан надад их тусалсан. Нөгөө талаас тухайн үеийн дунд сургуулийн сурах бичиг маш сайн хийгдэж байсан. Дуу хөгжмийн номонд орсон хүмүүсийг би цээжээр мэддэг байлаа. Бетховен гэдэг хүн “Сарны сонат”-аа хэрхэн бичсэн тухай, Бах, Моцарт гэж хэн байсан тухай... дуу хөгжмийн номноос мэдчихсэн байлаа шүү дээ. Төгөлдөр хуур гэдгийг хараагүй. Тэр номноос л анх харсан. Харин баянхуурыг харин сайн мэддэг байсан. Өөрөө Оросод хүртэл очиж тоглодог байлаа шүү дээ. Урлагт авьяастай хүүхдүүдээ дагуулаад багш нар Оросруу, өөрийн аймгийн сумдаар явдаг байлаа. Долдугаар ангиа төгсдөг жилээ Ренчинлхүмбэ суманд тоглолтоор явж байгаад, төгөлдөр хуур харсан. Ер нь миний хөгжмийн хамгийн анхны багш бол аав, ээж дээрээс нь номын сан маань юм даа. Багшийн сургуульд ирсэн чинь өнөөх сурах бичиг дээр байсан хүмүүс чинь бүгд миний багш байгаа юм чинь. Отгонбаатар, Чагнаа, Бүдхүү, Галхүү... гээд. Гоё байна уу?..

-Одоо харин нутагтаа очихоор ямар мэдрэмж төрдөг бол?

-Сайхан шүү дээ. Манай нутаг их сайхан хүлээж авна. Аав, ээж минь амьд сэрүүн байгаа мэт, үнсээд угтах шиг.  Их сонин содон угтана шүү дээ. Надтай хамт олон найз, нөхөр очиж амарч байсан. Тэр жил сургуулийн минь ойгоор хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат, “Болор цом”-ын эзэн Эрдэнэбаатар нар маань очиж амарсан. Дараа нь хөгжмийн зохиолч Баасандорж очсон. Баасандорж бид хоёрыг Ханхын тал дээгүүр үдэш давхиад ороод очтол битүү үүлс босоод, яах ийхийн зуургүй хуй тавиад л бороо асгарсан. Гэтэл тэр харанхуйд Бүрэнхаан уул тодоос тод, мэлмийгээ нээчихсэн угтаж авч байгаа юм. Далай ээж хачин өндөр давалгаалаад л... намрын давалгаа эхэлчихсэн тэгж угтаж байгаа юм. Очих үед минь хэзээ ч царай зүсээ нууж угтаж байсангүй, миний нутаг. Энэ бол яриа төдий зүйл биш юм. Бид бол байгалийн бүтээгдэхүүн. Одоо ч гэсэн миний нүдэнд өндөр Бүрэнхаан уул аав шиг минь, далай ээж ижий шиг минь л үзэгддэг.

Одоо болтол би нутгийхаа тухай олонд хүрсэн сайхан дуу зохиож чадаагүй л байна


-Таны нүдийг нээсэн өөр нэг газар бол Шанхайн хөгжмийн сургууль гэж би хувьдаа боддог. Магадгүй миний бодол буруу ч байж мэдэх?

-Тийм шүү. СУИС-ийн хөгжмийн зохиолч, хөгжим судлаачийн ангийг дүүргээд 1999-2001 онд Шанхайд очиж суралцсан. Гэхдээ Шанхайн сургуульд бол би курс ахьсан, зөвхөн ганц хөгжмийн зохиолчоороо мэргэшсэн. Шанхай өөрөө их өвөрмөц хот. Өөрийн гэсэн бие даасан онцлогтой. Олон жилийн турш гадны мэдэлд орж Европчуудад клоничлогдож, Японы дарангуйллын бай болж байсан гээд хамгийн хүнд хүчрийг даван туулсан хот л доо. Тиймээс олон янзын соёлын нэгдмэл чиг хандлага бий болсон байсан. Мөн Хөгжмийн сургуулийнх нь онцлог Бээжингийн төв Консерватураас тэс өөр. Бээжингийн төв сургууль бол  Азийн үндэсний хөгжмийн уламжлалыг дагнасан маягтай байхад Шанхайн сургууль харьцангуй гадаад ертөнцийн гэх юм уу, орон орны дэг сургуулиудын огтлолцол болж байх жишээтэй. Тэнд очиж нүд нээх гэдгээс гадна өөр нэг эргэлт хийгдсэн. Юув гэхээр миний орчин солигдсон. Хоёр том хөгжмийн наадамтай юм. “Намрын баяр”, “Хаврын баяр” гэж. Зуныхаа амралтыг өнгөрөөчихөөд яваад очиход “Намрын баяр” эхэлчихсэн байна. Гурван сар хэртэй үргэлжилнэ дээ. Бид нарт харин билет энэ тэр ном шиг зузаан, үнэгүй хүрээд ирчихнэ. Түүнээс биш дэлхийн том хөгжмийн тэр наадмуудын үнийг дийлэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл сурахын хажуугаар гадны томчуудыг дэргэдээс нь хараад, хөгжмийг нь амьдаар нь сонсоод судлаад, заримдаа бүр гар барьж, зураг авхуулаад авч байгаа юм. Тэр гэхдээ хөгжмийн зохиолч, удирдаачийн ангийн оюутнуудад л олддог байсан боломж шүү. Азтай байгаа биз. Дуурийн тоглолт жирийн хүн үзье гэхэд хоёр сарын өмнө л билетийг нь захиалбал олдвол олдоно. Харин бид нарт үнэгүй хүрээд ирж байгаа юм. Тэгэхээр цэвэр тийм орчныг бүрдүүлээд өгчихөөр нүд нээгдэлгүй яахав. Өдөр нь албан ёсны хичээлдээ суулаа... орой хаанав, театр эсвэл Шанхайн филармонид сууна. Гоё байгаа биз дээ... Гадны аль ч орны уран бүтээлчийн хөгжмийн тоглолт байж болно. Тэдний сургуулилтыг үзэх гэж л бөөн юм болно шүү дээ. Тусдаа үнэлгээтэй гээд л бод доо.

-Одоо харин дууны уран бүтээлийнхээ тухай яриа руу эргээд оръё. Ер нь хамийн олон удаа хамтарч ажилласан уран бүтээлч хэн бэ. Яруу найрагчдаас?

-Надад энэ талын тооцоо гарч ирж байна л даа. Хамгийн олон дууны шүлэг бичиж өгсөн, дуулуулсан хүн бол яруу найрагч Нямбуугийн Баянмөнх байна. Тэгээд Гүрбазар ах, Цогдоржийн Бавуудорж, Намсрайн Лутбаяр, Сүрэнгийн Оюунчимэг... гээд л үргэлжилнэ дээ.

Миний хувьд бол шүлгэнд ач холбогдол өгөөд байдаг юм. Учир нь дууны уран бүтээл гэдэг чинь үг, аялгуу, дуучин гурвын хамтын бүтээл ч гэсэн үгнээс нь ойлгож аялгуунаас нь сэрэх гоо зүйн том суврага юм шүү дээ. Дан хөгжим биш, дан шүлэг биш дуу шүү дээ... Үггүй дуу гэж байна л даа. Вакалистын хэмжээнд дуулдаг. Гэхдээ манайд дэлгэрээгүй л дээ.

-Хүний захиалгаар ч гэх юм уу, хүсэлтээр бүтээсэн дуу бий юу?

-Бий л дээ. Гэхдээ сэтгэл зүрхээ зориулаад өөрийн мэдрэмжээр хийдэг л дээ. Ямар ч дууг би өөр дээрээ татаж ирж байж зохиодог. Жишээ нь миний “Дарьганга нутаг” гэж дуу байна.

Айлынх нь хойморт хүү төрж хүч нэмсэн

Адууных нь бэлчээрт гүү унагалж хурд нэмсэн... гэсэн үгтэй. Тэр дууг зохиосон мөртөө одоо болтол Алтан овоондоо очоогүй л явна. Магадгүй дэргэдээс нь хараад бичсэн бол тийм дуу төрөхгүй ч байж мэднэ л дээ. Бүрэнхаан, Далай ээж гээд л яриад байна. Одоо болтол би нутгийхаа тухай олонд хүрсэн сайхан дуу зохиож чадаагүй л байна. Үзэсгэлэн төгөлдөр уул усаа сайн мэддэг болохоор олонд хүрчихээр сайхан дуу төрөхгүй байгаа байх л даа.

-Зарим хүн хэн нэгэнд зориулж танаар дуу зохиолгож байв уу. Байвал ямар дуу байна вэ. Эзнийг нь нэрлэхгүй байж болно шүү дээ?

-Бий. Тэр хүмүүсийн сэтгэлийг ойлгож өөрөө мэдэрч аялгуу зохиодог л доо. Хайрын тухай өчнөөн л дуу байна. “Зөвхөн чамдаа”, “Санах тусам” ч... гэдэг юм уу... тиймээ. Олон дуу бий л дээ.

-“Зөвхөн чамдаа” дууны шүлгийг өөрт чинь зориулж бичсэн гэж сонссон, үнэн үү?

-Өө би тухайн үед нь мэдээгүй л дээ. Сүүлд, хэзээ хойно дуу  болсон хойно нь тэгж мэдсэн. Гэхдээ тухайн үед нь мэдсэн бол тийм гоё дуу төрөхгүй ч юм билүү. Аягүй бол болгоомжлоод аялгуу хийхгүй дарчихна шүү дээ. Ер нь хүнд дурлах дурлуулах чинь “там”-ын юм шүү дээ. Урианхай ах тэгээд байгаа юм, -Сэрээ!.. аятайхан юм хийе гэвэл дурла, хаягд... яадгийм гэж өдөж байх шиг. Ер нь хүний амьдралын эмзэглэлүүд их нандин бөгөөд эцсийн эцэст мөнхөрч үлддэг талтай юм шиг санагддаг.


-Гэргийдээ арай дуу зориулаагүй юм биш биз дээ?

-Хүүе тэгж яаж болдог юмб. Хайрын тэр олон дуунуудыг чинь гэргийгээ бодон байж л зохионо шүү дээ. Бодит жишээ гэвэл Чимэдравдангийн Мягмарсүрэн агсаны шүлэг., Энхзул гавьяатын дуулдаг “Бүсгүй ааль” дуу байна. Ах болохоор эхнэртээ зориулж шүлгийг нь зохиосон байх, би мөн л эхнэртээ зориулсан дуу. Энэ мэтчилэн яриад байвал олон зүйл байна.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа

Ярилцсан Л.Ганзул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
намжилмаа(202.179.31.67) 2017 оны 11 сарын 06

Монголын үнэртэй салхи аргагүй л Уавхлан юм байнаа

0  |  0
Д.Мөнхбат(66.181.177.140) 2017 оны 11 сарын 04

Миний найз Сэрээ энэ цаг үедээн ховорхон төрөх л сайн хөгжмийн зохиолч. Дээр нь найз нөхөддөө үнэхээр л сайн найз. Уран бүтээлд нь амжилт хүсье

0  |  0
mongol bysgyi(5.48.252.91) 2017 оны 11 сарын 04

Tanii zoxioson olon saixan duunuudaar sonoroo myalaaj setgeliin taashaal erch xych tamir tenxee zorigiig olj avdag shyy Uran byteeliin ender amjitl xysie

0  |  0
Амараа(27.123.214.115) 2021 оны 11 сарын 18

Хайртай Аавдаа зориулж Гүрбазар гуайн шүлгээр Сэр-Од танаар аялгуу хийлгүүлж байлаа Үнэхээр сэтгэлээ шингээж сайхан бүтээл болсон шүү

1  |  0
аа(202.5.196.171) 2017 оны 11 сарын 03

Ийм олон дуучид дуулаад Жавхлангийн дуулсанд хүрэхгүй байна.

0  |  0
Top