Н.Лутбаяр: “Завхан гол” бол согтуу хүн дуулдаг дуу биш

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

 

“Зохиогчийг нь урьж байна” цуврал үргэлжилж байна. Энэ удаад яруу найрагч Намсрайн Лутбаяр уригдлаа. Тэрбээр Монгол түмний аялах дуртай олон сайхан дууны шүлгийг зохиосон хүн юм.


-“Завхан гол” дуу Завхан нутгийн сүлд дуу болсон. Энэ дууны түүхээр яриагаа эхэлбэл ямар вэ?

-Төрөөд 20 гаран жил болж байна. Бараг 25 жилийнх нь ой болох гэж байгаа байх. Их сонин дуу шүү дээ. Хүсэл сэтгэлээрээ, сайн дураараа хийсэн шүлэг. Ая зохиогдоод дуу болсон. Дуу яаж төрдөг билээ. Яг л тэр хувь зохиолоор төрсөн.  Харин дөнгөж төрөөд, хайр энхрийлэлд багтаж, хамгаалалтанд орсон дуу.  Аймгийн засаг дарга Очирбат гэж хүн байлаа. Одоо “Мах маркет”-ийн захирлаар ажиллаж байгаа хүн. Долоо хоногийн хоёрдох өдөр аймгийн албан газрын дарга нарын хурал болдог байлаа. Тэр хурал дээр албан байгууллагын дарга нарыг загнаж байлаа. Нэг удаа загнасан юм ч биш, хэд хэдэн удаа хэлж байсан. Би “Туяа” сонины эрхлэгч, үйлдвэрийн газрын дарга байлаа. Тэгтэл, -“Завхан гол” гэдэг дуу бол согтуу хүн дуулдаг дуу биш. Цаагуур чинь согтуу дуулаад явна.  Та нар ах дүү нар, авгай хүүхэд, ажилчиддаа хэл... гэж загнаж байлаа.

 Би уран бүтээлчийн хувьд учиргүй их баярлаж байсан. Аймгийн дарга нар тэгж л уран бүтээлийг хамгаалалтанд авч байсан. Завханы Батсүх гэж нэрлэгдэхэд “Завхан гол” дуу үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан байгаа гэж боддог. Энэ дууг задлахад бадаг болгонд нь юм байдаг л даа. Сүүлд одоогийн УИХ-н гишүүн Балдан-Очир, “Мандал” интэрнейшнлийн захирал байхдаа Батсүх бид хоёрыг өрөөндөө дуудаад, “Завхан гол” дуу бол ардын дуу болжээ. Ардын дуу олон бадагтай байдаг шүү дээ, бадаг нэмээч, гэж хэлсэн. Би гурван бадаг нэмж зургаан бадагтай болгосон.  Завханы зургаан Гавьяатаар бадаг бадгаар нь дуулуулж клипжүүлсэн. Ер нь юм нэмэхээр түрүүчийнхээсээ сул болчих гээд байдаг тал бий. Гэхдээ энэ дуу сулраагүй. Ганц усны нэрмэл гэдэг шиг л чанга байгаа. Би Завханы ард түмэнд нэг зүйлд баярлаж явдаг юм. Батсүх хэлсэн.

 Завханыхан талх авах мөнгөөрөө уран бүтээл үздэг болсон гэж. Завханы ард түмэн бол уран бүтээлд үнэхээр элэгсэг. Онцгой элэгтэй. Хэн нэгэнд чи тийм шүү... гэж хэлэхгүй мөртлөө цаагуураа дэмжээд байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа “Завхан гол” дууг хэлэлцээд, сүлд дуу болгохоор зуун хувь дэмжсэн байна билээ. Хөшөө дурсгалыг босгосон байна билээ. Тэрэнд нь жаахан атаархуу ч гэмээр хандсан байна билээ. Лутбаярт биш л дээ. уран бүтээлд тэгж хандсан. Өвгөнтийн архи шиг жоохон юм шомбойлгоод аймгийн төвийн захиргааны урд модон дунд барьчихсан байна билээ. Завханы ард түмнийг тэгж доромжилж болохгүй л дээ. “Завхан гол” дуу бол он цагийг элээнэ. Завхан аймгаар тогтохгүй уран бүтээл болсон гэж уран бүтээлчид бид үздэг шүү.


-Сүхбаатар аймаг бол тал хээр. Тэнд өсч өндийчихөөд амьдралын мөр хөөгөөд Завхан нутгийг зорьж. Завхан аймаг болохоор уул усны тогтоцоор тэс өөр. Тэр нутагт очоод энэ сайхан уран бүтээлүүдээ туурвих шалтаг гарсан болов уу?

-Тэгсэн. Миний ханийг Алимантуяа гэдэг. Тэр хүнийг дагаж, Завхан нутгийг зорьсон. Хань минь намайг энэ бүхнийг бичүүлэх гэж авч явсан байна. Миний охин биднийг оюутан байхад гарсан. Найман сартай байсан. Охин маань бас авч явсан. Өөртэй чинь адилхан Болортунгалаг гэж нэртэй. Тэнд очоод дэндүү гоё уран бүтээлчидтэй нөхөрлөсөн л дөө. Дагвын Цэвээнравдан, Жамьян багш, дуучин Батсүх, яруу найрагч Бавуудорж, мэргэжлийн хяналтын Батсайхан, Хасвайн Лхасүрэн, зураач Батзориг, Хасын Бат-Өлзий, Пэрэнлэй, Дагвадорж,  Алтангэрэл гээд Завханы маш олон уран бүтээлч тэнд ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан. Олон хүн нэг дор байхад бүтээлч атаархал их явагдна. Бороохойн Батхүү гэж, ...Болдог болдоггүй хүн байдаг

Болж өгвөл нэг газар удаан байлтгүй... нөхөр байдаг шүү дээ. Өглөө болгон 12 мөнгөний дэвтэр дүүрэн шүлэг биччихсэн ирж, алив чи шүлэг унш гэж зовооно. Би бол удаан бичнэ. Бичихээрээ их хурдан. Юун арван хоёр мөнгөний дэвтэр шүлэг жилдээ нэг шүлэг бичдэг шахуу юм чинь. Тийм хүний дэргэд байхаар чинь бичихээс өөр аргагүй болж байгаа юм. Ядаж ойр, ойрхон нэг шүлэг уншиж баймаар санагддаг юм байгаа биз дээ. Тийм гоё нөхцөл орчин бүрдээгүй бол Завханы тухай сайхан дууны шүлгүүдээ бичихгүй байсан.

-“Бадар хундага” дууны шүлгийг Очирваань уулыг харж, Бадархундагаа үзэж байж бичсэн үү?

-Завхан аймгийн 70 жилийн ой 1993 онд болох гэж байсан. Ойн баримтат кино хийж, дууны уралдаан зарласан байсан. Тэгээд нэг бадаг шүлэг бичээд Цэвээнравдан багшид өгөөд орхичихсон. Нөгөөдөр уралдаан болно гэж байхад Цэвээнравдан багш дуудаад, дуугаа гүйцээ, гэсэн. Тэгээд л гүйцээж өгсөн дөө. Дуучин маань Бадархундага үзээгүй хүн байсан. Гайхаад ...Эр уулын бүсгүй хүйсээ... гэж юу гэж байгаа юм бэ? гэж асууж байлаа. Тэгээд тэр хоёрыг дагуулж явж Очирваань уулыг харуулсан. Байгаль өөрийгөө яаж урласаныг бид тайлах аргагүй шүү дээ. Байгаль л тийм юмыг хийж чадна. Байгаль л Бадархундагыг хайрлаж чадна. Тэд ч бас тэгж бичихээс өөр аргагүй юм байна гэж хүлээн зөвшөөрсөн. Би Шилийн Богдоо ч үзэлгүй, Алтан овоон  дээрээ ч гарч чадалгүй Завханд очиж байсан. Тэгээд,

...Араг шиг намхан нутгийн минь ууланд

Аавын минь төрх бүтэн байна

Альхан талдаа ч нөмөртэй

Аав минь та хүн уулаа... гэж бичиж байлаа. Байгалийн байршил хүнд тэгж айхавтар нөлөөлж байгаа юм. Тэр нь Зотолхан уул минь юм шүү дээ. Дараа нь нутагтаа оччихоод тэнгэр ниргэх вий гэж айж байлаа. Ирэн иртлээ айсан. Ер хүн хүүхдээ бага залууд нь нутаг орон байгаль газар устай нь танилцуулж байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Эрт үзэж, харсан бол тэр байтугай юм хийх байж гэж боддог.

-Их айсан гэлээ. Нутаг усаа аргадаж, шүлэг бичиж байв уу?

-Бичилгүй яахав.

...Яваад байхад дагаад байдаг

Яасан сонин уул вэ хө... гэж Зотолханыхаа тухай шүлэг бичсэн. 70 км дагадаг уул шүү дээ. Тийм хол явсаны дараа далд орно. Сэтгэлээс бол далд орно гэж байхгүй шүү дээ. Байнга дагаж явна л даа. Тэгж хадгалж чадахгүй бол ниргэх байтугай юм болно л доо. Айна гэдэг бол ухаан. Ухаан суулгаж байна шүү дээ надад. 1989 онд  Очирваань уулын анхны тахилга болсон. Монголын долоон зохиолч очсон. Тэгэхэд Данзангийн Нямсүрэн, Нямбуугийн Нямдорж, Очирбатын Дашбалбар, Пүрэвжавын Пүрэвсүрэн, Ламзавын Мягмарсүрэн, Гомбожавын Мэнд-Ооёо, Бямбаа гуай  нарын зохиолчид очсон юм. Тэр хүмүүсээс Завханы тухай, Очирвааны тухай олон бүтээл гарсан юм шүү дээ. Түүнээс хойш цаг үеийн байдлаас болоод тэр бүр явж чадаагүй. Ер нь бол уран бүтээл оргилох боргилох тухай асуудал биш Явуухулан гуайн “Би хаана төрөө вэ?” гэдэг асуултанд хариулт олох, эх орноо мэдрэх, бахархах асуудлууд байна.

- Дуучин Үнэнхүүгийн дуулсан Сэр-Одын хөгжим “Янзган хүрээтэй нутаг” гэж сайхан дуу бий. Энэ дууны түүхээс хуваалцвал?

-Цогтбаатар гээд одоо Төрийн өмчийн хорооны дарга хүн бий дээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хүн. Бид сайхан найзууд. Тэгээд надад, чи нутгийн тухай сайхан уран бүтээл хийгээч гэлээ. Миний аавын талынхан ч хэлмэгдэж явсан, ээжийн талынхан ч хэлмэгдэж явсан. Тэрэнд өширхөөд байх юм алга, цаг үе нь тийм юм чинь. Хүний нутаг ус гэдэг сэтгэлд байгаа буртгийг юу ч үгүй арилгачихдаг юм. Ямар ч үед нутагтаа ирэхэд би их тайвширдаг. Тийм учраас миний нутгийн тухай сайхан дуу хийгээд өгөөч, ямар дуу хийх нь чиний асуудал. Уран бүтээлийнх нь зардал мөнгийг би гаргая гэлээ. “Янзган хүрээтэй нутаг” гэж шүлэг бичээд ТСэр-Одод өгсөн. Маш хурдан аялгуу нь төрсөн дөө. “Морин хуур”-т дуулагдаж их гайгүй давхисан дуу л даа. Таван жилийн өмнө гарсан дуу. Жавхлангаар дуулуулах гэсэн чинь, таалагдаагүй ч юм уу, яагаад ч юм бэ, дуулаагүй. Үнэнхүү үзээд би дуулья гэсэн л дээ. Дуугаа таван жилийн дараа симфони оркестортой бичүүлсэн. Амьдралын 50 насны босгон дээрээс халиагаад харсан ухаарлын дуу юм. Янзган хүрээ гэдгийг дуулсан байх. Тал нутгийнхан бол мэднэ. Мэднэ гэдэг маань бас хязгаартай. Янзган хүрээ болдог юм гэнээ... гэдгийг дуулаагүй хүн бол байхгүй. Харин яг үзсэн хүн бол ховор. Могойн чуулгантай таарвал хормойгоо дэвсээд суудаг гэдэг шиг бэлгэшээлтэй үйл явдал л даа. Зээр хотлоод, тойрог үүсгээд, янзаганууд нь тоглодог юм байна л даа. Тэгээд тоглож дуусаад хандсан хандсан зүгрүүгээ хаашаа ч хамаагүй явцгаадаг юм гэнэ. Тэгэхээр хүний амьдрал адилхан ч юм уу даа. Аав ээжийхээ гар дээр дунд сургууль төгстлөө байж байгаад, их дээд сургуульд явж, тусдаа гарцгаадаг. Зарим нь амьдралд хөлөө олж, зарим нь хөлөө алдаж,  зарим нь яаж байгаагаа ч мэдэхгүй явсаар хорвоогийн явдлыг дуусгаж байна. Түүнийг бодож, сэдвэлж бичсэн. Зарим хүн бол орчин үеийн сонгодог уртын дуу ч гэдэг. Хуурчид дангаар нь тоглоё гэж байдаг юм. Хэлмэгдсэн ах дүүдээ зориулсан хүний хувьд ганданд буян бодож гороо эргэж байгаатай адилхан гэж бодсон тэр хүний сэтгэлд нийцэх байх. Түүгээр ч тогтохгүй олон хүний сэтгэлд хүсэн дуу болсон гэж бодож байна. Би энэ дуундаа их хайртай.

-Та хурдан морь уяж, хийморийн тоос өргөлцөж явдаг хүн. Лутбаяр найрагчийн маань сүүлийн үеийн уран бүтээл Сэр-Одын хөгжим “Улс зээрд” гэж дуу байна. Энэ дуу хэрхэн төрсөн бол?

-Монгол хээр гэж цуутай хурдан азарга байна. Цэцэн ханы унага, их ч өндөр үнэд хүрлээ. Мон ураны Наранхүүгийн хүлэг. Түүнийг хоёр тэрбум төгрөгөөр ч зарахгүй гэж ярилцлагдаа дурдсан байна билээ. Би түүнийг жинхэнэ монгол эр хүн гэж бодсон. Хүмүүс машинд мөнгө их хаяж байна. тэр хүн тэгсэнгүй 500 саяар морь авч байна шүү дээ. Монгол хүн л Монголынхоо үнэлэмжийг дээшлүүлэх ёстой. Тэр хүн “Амгалан төрийн ажнай шарга” азарганы эзэн, хөшөөг нь саяхан босголоо. Эдгээр хурдан хүлгүүдээс дутахааргүй хурдан, Улс зээрд гэж 80, 81 жилийн ойгоор түрүүлсэн, Сэцэн Ханы унага байна.  Эзэн нь ажнай корпорацийн захирал УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ. Бид хамтарч ажилладаг. Манай компани “Оюуны бүтээлийн онцлоё, онцолсоноо сорчлоё!” гэдэг уриатай. Улс зээрд гэдэг азарганд зориулж нэг ийм дуу бүтээсэн. Эзнээс нь асуугаагүй. Асуух ч албагүй, миний уран бүтээл учраас. Таалагдвал хамгийн сайхан бэлэг. Улс, хувьсгалын  82 жилийн ойгоор ямартаа ч нэг ийм бэлэг барьж байлаа.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Балбан(73.221.181.240) 2017 оны 11 сарын 08

Согтуу хүний дуу л гэж боджийнээ

0  |  0
Балбан(172.58.40.22) 2017 оны 11 сарын 08

Согтуу хүний дуу шд

0  |  0
БӨБӨӨ НЬ(182.160.3.45) 2017 оны 11 сарын 06

ЭРҮҮЛ ДУУЛАХААР ТЭНЭГ ХАРАГДДАГ.УХААНГҮЙ СОГТУУ ДУУЛАХАД ЯГ ТААРСАН ДУУ.БАЯРЛАЛАА АЛДАРТ ЗОХИОЛЧ ТАНДАА

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 11 сарын 06

САЙХАН ДУУ ШҮҮ. ТЭНЭГҮҮД ХУЦАЖ Л БАЙГ

0  |  0
Eruul jor(66.181.177.101) 2017 оны 11 сарын 06

Sogtuu humuust zoriulsan duul gej oilgood baigaash dee duuldag duuchin n arhichin duulj baigaa humuus orchin dandaa sogtuu arhidaltiin nair naadmiin orchin baidag bolohoor uuchlaaraa

0  |  0
нийтийн дуучин(66.181.189.15) 2017 оны 11 сарын 06

Нэг муу нийтийн дуугаа ихэд бодож Согтуу маанаг улсын дуулах дуртай л дуу биз

0  |  0
kk(202.179.26.63) 2017 оны 11 сарын 06

ugaasa sogtuu aetai bizdee

0  |  0
ккккккк(203.91.118.180) 2017 оны 11 сарын 06

Муу алаг нүүртэй урвагч

0  |  0
Top