“Зохиогчийг нь урьж байна” цувралын Энэ удаагийн зочноор Бөхийн холбооны дэд тэргүүн, СГЗ яруу найрагч Д.Данзан уригдлаа.
-Дуун хэмээх увидаслаг бүтээлийн талаарх таны бодлоор ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
-Би “Дууны увидас” гэж томоохон өгүүлэл бичсэн хүн. Агаар усгүйгээр хүн хэд хонох билээ. Монголын фм, радиог хаагаад долоо хоноход нийгэм барайгаад л эхлэнэ. Хүний биеийн 70 хувь нь ус гэдэг биз дээ. Тэр усанд хамаг мэдээлэл хадгалагдаж байгаа. Тэрхүү усыг сайхан дуу сонсгохоор бүтэц нь сайхан болдог гэж Японы эрдэмтэй Ямото Мацумато батлачихлаа шүү дээ. Эд эсийг элж таалж массажлаж өгдөг зүйл бол дуу юм. Тийм ч учраас Монголын ард түмэн морин дэлэн дээр, найр хурим дээр дуулдаг байна. Дуу бол үнэхээр гайхамшигтай зүйл.
-Гавьяат Эрдэнэбатын дуулсан, Галмандахын хөгжим “Гэртээ ирлээ” хэмээх сайхан дуу бий. Энэхүү дууны бүтсэн түүхээс хуваалцна уу?
-Энэ дууны шүлгийг 1993 онд бичсэн юм. Харин 1994 онд хэвлүүлсэн “Эгшиглэнт нас” шүлгийн түүвэрт багтсан шүлэг л дээ. Галмандах найздаа өгсөн чинь 1995 онд уулзахад, -нөгөө шүлгэнд чинь аялгуу зохиочихсон гээд эхнэрээрээ дуулуулж сонсголоо. Чихэнд нэг л наалдсангүй. Би ч дууны сонсгол муутай л даа. Анх сурсан дуу бол “Гайхмаараа” дуу юм. 1996 онд Эрхэмбаяр начинд өгсөн байгаа юм. Тэгтэл арай өөр сонсогдож байна. Ер нь зүгээр ч юм шиг. Тэр ондоо мөн Эрдэнэбатад өг ч л дээ. Дуулагдсан даруйдаа л олонд хүрч, хүн хүний дуулах дуртай болсон байсан даа. Энэ дууны шүлгийг бас бичсэн түүх сонин л доо. 1990-ээд оны эхэн үед хүмүүс цагаачлах тухай их ярьдаг байлаа шүү дээ. Гадаадад цагаачлах сайхан байна, Монгол шиг муухай орон алга энэ тэр гээд л их ярьж байсан үе. Би их гайхаж, цагаачлах гэдэг үг чинь юу билээ. Монгол шиг минь сайхан орон хаа байна... гэж их эмзэглэж боддог байсан. Одоо бол хүмүүс мартаа биз. Би тэр үед Бөхийн холбоонд ажилладаг, Бөхийн өргөө барих хандивын мөнгө цуглуулах гээд ажил ихтэй. 1993 оны өвөл л дөө. Их хүйтэн байсан юм. Үдийн цайны үеэр ажил дээрээ ирсэн чинь сайхан дулаахан байна. Хоёр давхрын шатаад өгсөж явтал, ..халуу дүүгсэн ажилдаа ирлээ... гэсэн үг санаанд орлоо. Өрөөндөө ороод бодлоо. Халуу дүүгсэн ажил гэхээр нэг л буухгүй юм байна. Гэртээ ирлээ гэвэл зүгээр юм байна гэж бодоод л өнөөх цагаачилдагтай холбоод бичиж эхэлсэн дээ. Гэр орондоо хайртай байж эх орондоо хайртай байна биз дээ. Ер нь хайргүй хүмүүс л цагаачилдаг юм байна гэж бодсоны үүднээс бичсэн л дээ.
...Дэлхий чимсэн нутгаан дурсаад
Дэнж гоёсон гэртээ ирлээ... гээд эхэлсэн. Манай Эрхэмбаяр, Эрдэнэбат гадаадад явж их дуулна. Тэр хоёр нэг удаа хэлсэн юмаа. -Таны энэ дууг гадаадад дуулахаар дагаж их дуулах юм. Тэгээд нэг зүйл хүсэх юм. Аав ээждээ очлоо гэсэн бадаг хэрэгтэй байна, гээд байна гэж хэллээ. Тэгээд сүүлд дөрвөн бадаг болгосон л доо.
-2000 оны эхээр “Насны хайр” дууг тань Жавхлан, Баясгалан хоёр дуулж олонд хүргэсэн шүү дээ. Энэ дууны шүлэг хэрхэн бүтсэн бол?
-Нэг намар нөхдүүдтэйгээ гэр бүлээрээ Туулын хөвөөнд хоносон юм. Хагас бүтэн сайн өдрөөр л дөө. Өглөө эрт босоод алхаж явтал, Болжмор жиргэж шүүдэр сувдарсан өглөө... гээд мөр орж ирлээ. Тэр дороо л,
Бодол ариусж шүлэг дуншсан хайр... гэж мөр ороод ирлээ. Тэгээд л өнөө хэд дээрээ очоод ийм дөрвөн мөрт биччихлээ гээд уншиж өгсөн чинь, “яахав хөөрхөн хүүхдийн санаа байна” гээд тоосонгүй. Дууны шүлгэнд тансаг үг байх хэрэгтэй гэж боддог юм. Манай Жавхлан, Баясгалан хоёр хоёр ч үг буруу дуулчихсан. Тэр хэвээрээ л дуулагдаад хүнд хүрчихлээ.
Сэтгэл дэргэж
Сэмхэн бадарсан хайр байсан... гэснийг сэтгэл сэргэж гээд унтарчихсан байсан зүйл сэргэж байгаа юм шиг дуулсан. Бас өөр нэг үгийг сольчихсон байна билээ.
-Физикийн мэргэжлийн хүн яагаад бөхтэй холбогдох болов?
-Хүүхэд цагийн сонирхдог зүйл л дээ. Миний багад лам ах, аав хоёр өглөө оройд, өвлийн урт шөнөд бөх их ярина. Түүнийг сонссоор байгаад бөхөд их дуртай болчихсон. Сумын наадам гэж гайхамшигтай сайхан баяр байна. Морь унаж сураад л наадамдаа очиж бөхөө үзсэн. Хурдны морь унаж ирээд л наадмын талбай дээр бөхөө харна даа. Тийм л хүүхэд байлаа. Хожим их сургуульд ажиллаж байгаад эрдмийн зэргээ хамгаалсан, Ардчилсан хувьсгал ч гарсан. Тэгээд л Нямдорж бид хэд ярьж байгаад Бөхийн холбоог байгуулах нь зөв гэж үзсэн. Энэ том соёлыг Зах зээлийн нийгэмд хаячихвал сөнөж магадгүй гэж болгоомжилж бөхийн холбоогоо байгуулсан. Үнэхээр ч тийм юм байна. Өмнөд Солонгос гэхэд капиталист нийгэмд шилжихдээ урлаг соёл үндэсний бүх зүйлээ орхиод зөвхөн мөнгө хөөгөөд явж. Үндэсний бөхтэй юм байна. Одоо түүнийгээ сэргээх гээд чадахгүй байна. Манайхнаас ирж асууж сураад, сэргээх тухай гарц хайгаад явж байна. Бөхөө мэдэх хэдхэн хүн үлдчихсэн, хүн сонирхохоо больчихсон гэнэ. Ардын урлаг нь ч бас тийм болсон тухай ярьдаг л даа. Манайх хэдийгээр олон зүйл алдсан ч үндэсний соёлоо авч үлдэж байна. ЮНЕСКО-д соёлын өвөө бүртгүүлж байна. Саяхан үндэсний наадмаа бүртгүүлээд дэлхийд баталгаажуулсанд би туйлын баяртай байгаа.
-Бөхийн төлөө амьдралаа зориулж яваа хүний хувьд “Намхай аварга” гэж сайхан дууг олонд хүргэсэн. Энэ дууны түүх сонин байх болов уу?
-1993 онд Да хүрээ захаас эзэнтэй дууны уралдаан зарласан байлаа. Улаанбаатар сонин дээр гарсан тэр зарыг хайчилж авчихаад яваад байлаа. Эзэнтэй гэдэг нь юу гэж байгаа юм бол гэж бодоод л явлаа. Да хүрээ нь ч хаа байдаг юм бол утас шөрмөс чиг л алга. Бодитой хүнд л зориулсан байх нь гэж бодлоо. Тэгээд Хадаа аваргын тухай шүлэг биччихлээ. Тэр жил Хадаа аварга бурхан болчихсон байлаа. Их сайхан хүн байлаа шүү дээ. Нэг өдөр Лувсаншарав гуайнх руу зориглоод орлоо. Нэг байранд байсан юм л даа. Шүлгийг маань үзчихээд, шүлэг нь сайхан шүлэг байна. Гэхдээ амьдралдаа өө сэвгүй явчихсан хүн байдаггүй юмуу, энэ бөх дотор чинь гэж байна. Лувсаншарав гуайгаас санаа аваад бөхчүүдийн намтар түүхийг сөхлөө. Ер нь аль ч үед бөхчүүд урд хойноо ямар нэг толботой л байдаг юм байна билээ. Тэгсэн чинь Намхай аварга гэдэг хүн ёстой цав цагаан намтартай хүн байна. Би багаасаа шүтэж ирсэнийг хэлэх үү. Тэгээд л шүлгээ бичсэн. Ерөөсөө энэ дуу тэр хүний намтар түүх, амжилт гавьяаг харуулсан тодорхойлолт нь байг гэж бодсон л доо. Шашин төрийн даншигийн
Арван түрүүг авсан
Шагшин магтсан түмний
Ариун хайрыг даасан... гээд л эхэлсэн. Үнэхээр олны хайрыг даасан хүн. Өчигдөр хүртэл нэг хүн хэлж байна билээ л дээ.
Арван засгийн наадмын
Есөн түрүүг авсан
Алдар хүндийн оргилд
Ёсон зөвөөр хүрсэн... гэж хоёрдугаар бадаг. Есөн түрүү, ёсон зөв гэдэг үгний хувьд таарч байна. Гэхдээ алдар хүндийн оргилд ёсон зөвөөр хүрнэ гэдэг сайхан шүү. Ёс буруугаар хүрсэн хүн энэ амьдралд олон шүү дээ. Лувсаншарав гуайд өгюү гэж бодсоноо өмнө нь очоод гологдчихсон хүн чинь жаахан халираад, Мяасүрэн гуайд л өгье гэж бодлоо. Манай Дарвийн хүн, мундаг хүн гэнэ билээ л гэж би мэднэ. Радио дээр шүлгээ хармаалчихсан явж байсан чинь таарчихлаа. Сайн байна уу та?.. гээд уулзсан чинь,- чи хэнб... гэж байна. Сүртэй л дээ манай хүн, загнах л маягтай. Танай нутгийн хүн байгаа юмаа гэсэн чинь, аа нөгөө надад захиа бичдэг нялуун нөхөр үү гэснээ. Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж байсан л даа... Тэнд шүлгээ аваад хүрээд ир гэж байна. Шүлгээ аваачаад өгчихлөө. Маргааш нь, --гэрт хүрээд ир гэж байна. Очлоо. Тэгтэл аялгуу сонсгож байна. Манай 40,50, 60-аад оны бөхчүүдийн дэвээ шавааг харахад нэг л год шод гэж дэвхэрч цовхорсон юм байдаг даа. Яг тийм санагдаад болдоггүй. Хэллээ дээ. Бөх нь ч бөх юмаа. Гэхдээ арай л год шод хийсэн юм болчихож. Намхай аварга бол арай өөр лүс, лүс хийсэн хүн байсан болов уу... гээд тавьчихлаа. Аялгуу голдог чи хэн юмб. Яв, дуудна шүү... гэж байна. Маргааш нь ахиад дуудаж байна. Яваад очлоо. Энэ аялгууг тоглож байна. Би ч “за болж”, гэлээ. Энэ болсон шүү чамд хэлэх юм байхгүй, гэнэ. -Та болсоныг нь яаж мэдээв, гэлээ. Манай зээ банди нар энийг тоглож байтал гэнэт ард пижэгнээд эхлэхээр нь харсан чинь дэвээд л барилдацгааж байна билээ. Тэд нар тэгж үнэлсэн болохоор болсон доо, гэж байна. Энэ уралдаанд 120 гаруй дуу оролцсон том наадам болсон юм. Гурав дөрвөн шаттай болсон. Төгсгөлийн шат нь МҮЭСТО-д болоход очиж үзсэн л дээ. Эзэнтэй дууны уралдаанд түрүүлсэн дуу шүү дээ.
-МУГЖ Энхзулын дуулсан “Монгол эрийн жавхаа” хэмээх сайхан дууг мэдэхгүй хүн ховор. Энэ дуу хэрхэн төрөв?
-Миний бодож бичсэн дуу. Гаадангийн Алтанхуягийн хөгжим “Монгол бүсгүйн үзэсгэлэн” гэдэг дуутай арцалдсан дуу байгаасай гэж. “Монгол эрийн жавхаа” гэж нэрлэсэн нь бас тийм учиртай. Эрчүүдийг магтсан дуу ховор шүү дээ. Аавын тухай хэдэн дуу л байсан үе. Эрэгтэй голдуу яруу найрагчид байдаг учраас эмэгтэйчүүдээ хангалттай сайхан магтсан. Гаднаас нь харахад жавхаатай байх ёстой биз дээ. Дотроосоо ч мөн адил. Тэр бодлууд маань эвэлж өөрөө орж ирсэн л дээ. Өрхийн тэргүүн лойдор бол гэр орон лойдор, гэр орон лойдор бол улс орон ч лойдор шүү дээ. Тухайн үед би бас тоглолт хийх санаатай байсан юм. Түүндээ Энхзулыг ч оруулна гэж тооцсон байсан. Тэгээд шүлгээ Г.Эрдэнэ-Чулуун дээр аваад очлоо. Чи үүнийг Энхзул дуулахаар хийгээд өгөөч гэлээ. Би одоо хуралтай гэж байна. Хурал чинь хэзээ юм бэ гэсэн чинь. 15 минут дутуу байна гэнэ. -Хүүе чи наад хугацаандаа хийчихээч, гэлээ. Тэгж болох юм уу гээд аваад явлаа. Тэгээд л 15 минутын дотор хийчихээд надад аялаж өгсөн дөө. Наадах чинь болно, жаахан ажиллаад дуу болгочих гэчихээд би явсан. Маргааш нь нэг газар хүрээд ир гэж дуудлаа. Яваад очсон чинь ”Анир” студид Энхзулаар дуулуулаад бичүүлчихсэн байж байна. Тийм л хурдан хугацаанд бүтсэн дуу юм.
-Баярлалаа танд...
Ярилцсан Н.Болортунгалаг
Л.Ган
Сэтгэгдэл ( 2 )
Данзан гуай чаддаг ажлаа хийсэн нь дээрээ. Хэдэн халтар төгрөгний төлөө Нямдоржтой нийлж ыөх сонирхогчдоо гомдоогоод дэмий дээ. Олон түмний өнгө аясыг яагаад мэдрэх чадваргүй байна аа. Нөгөө өнгө мөнгө шүү. Ядаж маргаангүй шудрага барилдааныг олонд харуулж чадах аргуг сонгох хэрэгтэй. Энэ олон жил хийсэн юм байлгүй яахав. Гэхдээ имижгүй болсон шүү Судалж үзвэл энэ санааг нилээдгүй хүмүүс дэмжих болов уу.