Улстөрч, зуд хоёр сургууль, цэцэрлэг барих мөнгийг БАРДАГ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал Улаанбаатарчуудын, монголчуудын шүдний өвчин, сэтгэлийн зовлон болоод удлаа. Нэн ялангуяа нийслэлд. Ээж, аавууд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж өнжин хонон, майхан сав барьж бараг аялалаар яваа мэт дүр төрхийг цэцэрлэгүүдийн гадна үүсгэдэг байсан байдал сугалаагаар аз үздэг болсноор багассан. Энэ нь цэцэрлэг хангалттай болсон гэсэн үг биш. Дутмаг хэвээр байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиуд ч бий.

Төрийн эрх баригчид хэдэн арван сургууль, цэцэрлэг барих мөнгийг гарын салаагаараа урсгадаг. Төдөн сургууль, цэцэрлэг барих мөнгийг үргүй зарлаа гэж хэлдэг боловч хэзээ ч хүрэлцэхүйц хэмжээний сургууль, цэцэрлэг барьж байгаагүй нь мэднэ, ард түмэн. Ерөнхийлөгчийн хориг тавьсан алдарт 55.4 тэрбум төгрөг. Цэцэрлэг, сургууль барья гэдэг. Бараг 20 сургууль, 13 цэцэрлэг барих мөнгө шүү дээ гэв. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 2.2 тэрбум төгрөгөөр барина гэж тооцдог юм билээ. Багш нарт, төрийн албан хаагчдад “тараах”тухай анх яригдсан 55.4 тэрбумаар хэдэн цогцолбор барих боломжтой нь эндээс харагдана.

Ярьдаг боловч хэзээ ч барьдаггүй. Манай улсад байгалийн онц үзэгдэл болох тохиолдлууд бий. Жинхэнэ мичин жилийн өвөл одоо ирж байна. 2009-2010 оны зуд, байгалийн гамшгийн улмаас 560 тэрбум төгрөгийн хохирол учирч байжээ. Тухайн үеийн ханшаар тооцвол 130 цэцэрлэг, 220 сургууль барих хэмжээний мөнгө юм. Байгалийн гамшигт ийм мөнгө алдаж.

Тэгвэл улстөрчид 76 гишүүн ядаж өөрсдийнхөө тойрогт тэрбум төгрөг битгий аваасай билээ. 2009 онд Элбэгдорж Ерөнхийлөгч 76 тэрбум төгрөгийг олохгүй төсвийг бүхэлд нь хориглож байсан гэдэг. Ийм тохиолдолд дунджаар зургаан их наядын төсөлд ямархуу төслүүд нуусныг энгийн иргэн, сонгогчид мэдэхгүй шүү дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт сайд байсан зарим эрхэм тэрбум төгрөгөө авъя гэж шууд нэхсэн тухай хэвлэлээр хангалттай шуугисан. Эндээс 76 гишүүн маань тэрбум төгрөг авах яриа явсан юм биш үү гэсэн хардлага өөрийн эрхгүй төрнө. Сургууль, цэцэрлэг барина гээд гишүүн болсон эрхэм цөөнгүй.

Бодит байдал дээр УИХ-ын гишүүний хийх ажил, үүрэг бол хууль батлах. Сургууль, цэцэрлэг барих биш. УИХ-ын гишүүд ахуйн ажилд хэтэрхий оролцоод байсан учраас 2012 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулсан нь учиртай. Төсвийн мөнгийг 76 тойрог руу булаацалдаж барилгын засвар төдийхөнд зарцуулаад төсвийн хөрөнгийг, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зүйлд зарцуулаад байдаг гэм бий. Хэдий болтол иргэдийнхээ сэтгэл зүйгээр тоглох вэ? УИХ-ын гишүүд, улстөрчид иргэдийнхээ сэтгэхүйгээр 20 гаруй жил тоглож иржээ. Сургууль, цэцэрлэг барина, ажилтай, орлоготой болгоно. Биелсэн нь үгүй. Иргэдийнхээ ядуу, зүдүү байдлаар тохуурхаж иржээ гэж ойлгогдоно.

Хүүхдэд нь цэцэрлэг, сургууль барьж өгье гэж өөрөө гуйгаад ирсэн улстөрчид итгэсэн ээж, аавуудын буруу биш байх. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг 34 сургууль бий гэсэн судалгаа байдаг. Үүнээс 27 сургууль нь Улаанбаатар хотод бий. Энэ бүхнээс бодитоор сална гэвэл улстөрчид хэдэн арван тэрбум төгрөгийн үргүй зардал гаргадгаа болих шаардлагатай юм. 2018 оны төсвийн хэлэлцүүлэг хоёр дугаар шатандаа орж байгаа. 2017 оны төсвийн тодотгол ч хэлцэгдэж байна. Ерөнхийлөгчийн хоригт дурдагдсан 2017 онд шинээр барих барилгуудад тусгасан 170 тэрбум төгрөгөө 2018 онд сургууль цэцэрлэг барихад тусгах боломжтой гээд асуудал их байна. 40 гаруйхан хоногт багтаж тендер зарлаж шинэ барилга барина гэдэг итгэхэд хэцүү үлгэр. Сургууль, цэцэрлэг барина гэж ярих дуртай түшээдээс их зүйл хамаарах нь ээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэцэрлэг(103.57.93.150) 2017 оны 11 сарын 10

нийслэлд сургууль цэцэрлэг болгочихмоор соц-ын үеийн байшингууд маш их байна. Хувьчлалын хуудуугаар буруу аргаар хувьчлагдаж зальтай хүмүүсийн гарт орсон байна.

0  |  0
Top