Д.Батсайхан: 700 жилийн настай шинэс мод олдсон

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 10

БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн Монгол үндэсний комисс хамтран “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийг  тэмдэглэж байна.  ШУА-ын хүрээлэнгүүд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэдэд судалгаа, шинжилгээний ажлаасаа танилцуулж байгаа юм.  ШУА-иас “Эрдмийн аян-2017”, Түүх, археологийн хүрээлэн “Манзушир хутагт С.Цэрэндорж:Амьдрал өв” эрдэм шинжилгээний хурал, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” сэдэвт олон улсын бага хурал, ЯпоныТохокугийн Их сургууль, МУИС-ийн судлаачид хамтран  “Сансарын бичил хиймэл дагуул” төсөл хэрэгжүүлсэн талаар ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн  байрандаа Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, эрдэм шинжилгээний ажилтнууд нь иргэдэд ажлаа тайлагнаж, танилцуулж байна.Мөн танилцуулга, уулзалт ярилцлага, оюутан, сурагчдад зориулсан мэргэжил сурталчлах, зөвлөгөө өгөх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байна. Газарзүй-геоэкологин хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгаалах салбары эрдэм шинжилгээний ажилтан Д.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Танай хүрээлэнгээс ой модны чиглэлээр ямар судалгаанууд хийж байна вэ?

-Ойн  сангийн нөөц тогтоох, нөхөн сэргээх, хамгаалалын талаар голчлон судалдаг. Жил бүр судалгаа шинэчлэгдэж байдаг.  Нөхөн сэргээлт гэхэд үр суулгацаасаа судалж, туршиж эхэлнэ. Ингээд ойжуулалт шилжүүлдэг. Ойжуулсаны дараа таримал ойн судалгаа хийдэг.

-Хамгийн сайн ойжуулалтын жишээнд Тужийн нарсны нөхөн сэргээлт ордог байх?

-Тужийн нарсний байгалийн цогцолборт газар сайн жишээнд орно. Таримал ойн онцлог, юу нөлөөлсөн зэргийг судалж байгаа. 1990 онд зах зээлийн нийгэмд шилжихэд хүмүүсийн амьдрал ахуйтай холбоотойгоор Тужийн нарс сүйтгэгдсэн. Тужийн нарс туждаа устсан үе бий. Засгийн газар, олон улсын байгууллагууд, иргэдийн хамтын ажиллагааны үр дүнд таримал  Тужийн нарс бий болж нөхөн сэргээгдсэн.   

-Манай орны ой модны эзлэх хувь хэмжээг нарийн тодорхойлсон уу. Зөрүүтэй тоонууд яваад байдаг?

-Ой модны эзлэх хувь хэмжээ зөрүүтэй гардаг.  Нийт газар нутгийн 11.8 хувийг ой мод эзэлдэг гэж үздэг. Заг модон ойг оруулахгүй шилмүүст ойн хэмжээ бол долоо  хувьтай гардаг.  Манай улсын хойд хэсгээр 140 гаруй төрлийн мод, бут, сөөг ургадаг. Ойгоор бүрхэгдсэн, ойгоор бүрхэгдээгүй гэж  ангилаад дотор нь ойтой талбай, ойгүй талбай гэж ялгаж судалдаг юм.

 -Ой модны насжилт өндөр гэдэг үнэн үү. Судалгааг бүсчилж  хийдэг үү?

-Харилцан адилгүй. Тухайн бүс нутгаасаа хамаарч өөр өөр байна. Суурь судалгааг гурван жилийн заагтай бүсчлэх байдлаар хийдэг. 2013-2016 онд Улаанбаатар хот орчмын ногоон  бүсэд судалгааны ажил явуулсан.  Түүнээс өмнө баруун Хэнтийд хийсэн. Хавсарга судалгааг ямар нэгэн тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд салбарын яам, байгууллагын захиалгар хийдэг.

-Хамгийн өндөр настай мод гэдэг ч юм уу сонин тохиолдол байдаг болов уу?

-Ойн өсөлтийн хөдлөл зүй,  ой модны насжилтыг нарийн  судална. Модны өсөлтөөс тухайн жилүүдэд үүссэн цаг уурын нөхцөл байдал ямар байсныг мэдэж болдог. Хортон шавьжийн тархалт, түүнд хэрхэн өртсөнийг модны насжилтын  цагаригаас тодорхойлно. Солонготын даваанд 700 настай шинэс мод  байсан  тухай МУИС-ийн Баатарбилэг доктор нар тодорхойлсон байдаг гэж ярилаа.

Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр хүрээлэн буй орчны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудаас “Шилдэг оюутан”,  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Хүн ба Байгаль” сэдэвт гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулсан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top