“Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгийн нээл боллоо

2017 оны 11 сарын 10

 

З.Энхболд: Өвөг монголчуудын хосгүй үнэт эдлэлүүд нь манай өвөг дээдэс тухайн цаг үеийнхээ Евразийн эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлттэй энэ тэнцүү явж ирсний гэрч болж байна

Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейн хосгүй үнэт олдворуудын дээжсээс дэлгэн үзүүлсэн “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд болов.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Улаанбаатарын Их Сургууль байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд ЮНЕСКО-гийн шийдвэрээр тэмдэглэдэг Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан, Археологийн музейгээ олон түмэнд дэлгэн үзүүлж, сургалт-судалгааныхаа ажлын үр дүнг тайлагнаж байгаад баяртай байна.

Даяаршлын энэ цаг үед үндэсний өв соёлоо тодруулан батжуулах, өвлөн уламжлах, танин мэдүүлэх үүднээс түүх, археологийн судалгааг лавшруулж, өндөрт гаргах, судалгааны үр дүнг дэлгэх, нийтийн хүртээл болгон сурталчлан дэлгэрүүлэх нь үндэсний оршин тогтнохуйн дотоод аюулгүй байдалд баттай тулгуур болох нь дамжиггүй.

Археологийн тэнхимийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын үр дүнд илэрч олдсон өвөг монголчуудын хосгүй үнэт эдлэлүүд нь бид өвөг дээдсийнхээ оюуны сэтгэлгээний хязгааргүй чадамжаар бахархах баримт, тухайн цаг үеийнхээ Евразийн эдийн засаг, нийгмийн хөгжил цэцэглэлттэй энэ тэнцүү явж ирсний гэрч болж байна.

Та бүхэнд ололт амжилтаа улам бататган, судалгаа шинжилгээний ажлаа улам гүнзгийрүүлэн өргөжүүлж, тус сургууль нь дэлхийн нэртэй их сургуулийн зиндаанд хүрэхийг хүсэн ерөөе.

Монгол хүний эрдэм ухаан дэлгэрэх болтугай” гэлээ.

Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейг 2012 оны намар нээсэн бөгөөд Археологийн тэнхмийн судлаач, профессор багш нарын нийт 15 жилийн турш хэрэгжүүлсэн суурь судалгааны ажлын үр дүнд илэрсэн түүх, соёл, археологийн дурсгалуудаар сан хөмрөгөө байнга баяжуулсаар иржээ.

“Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнд 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн түүхэнд холбогдох чулуун зуулга иртэй ясан хутга, хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох “Чемурчекийн соёл”-ын чулуун аягууд, “Мөнххайрханы соёл”-ын хүрэл хутга, хүрэл зүү, ясан зүүлт, “Буган хөшөөт хиригсүүрийн соёл”, “Дөрвөлжин булшны соёл”-ын булшнаас гарсан том, жижиг чулуун шанага зэрэг олдворууд багтсан байна. Мөн Архангай, Булган зэрэг аймгийн нутаг дахь хүннүчүүдийн булшнаас олдсон сүйх тэрэг болон морины алт, мөнгө, хүрэл тоног, чимэглэлүүд болон хүннүчүүд алт, мөнгө, хүрэл, төмөр олборлон хийж байсан хүрэл тогоо, ваар, гүц, аяга, хундага, жадны гилбэр, сүх, хоёр талдаа иртэй шулуун сэлэм, тэдгээрийг ирлэж байсан билүү, гуранз зэрэг эдлэл хэрэглэлийг дэлгэжээ.

Бас Ромын эзэнт улсын үед үйлдвэрлэсэн цагаан, хөх өнгийн шил хольж хийсэн маш нимгэн шилэн аяга үзэсгэлэнд тавигдсан нь Ази тивд төдийгүй Монголоос олдсон хамгийн эртний шилэн эдлэлийн цор ганц хосгүй үнэт дурсгал ажээ. Үзэсгэлэнгийн хамгийн ховор үзмэрийн нэг нь халтар хашаар хийсэн 23 см голч бүхий сийлбэртэй чамин тансаг толь юм.

Үзэсгэлэнг энэ сарыг дуустал олон нийтэд үзүүлэх ажээ.

 


Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top