“Tv cocktail” хамтлагийн жүжигчин, авьяаслаг залуу Цоомоо буюу Э.Цолмонбаяртай ярилцлаа.
- Тун удахгүй шинэ жилийн баяр тохиох гэж байна. Энэ үеэр урлагийнхан нэлээдгүй ачаалалтай байдаг. Захиалгад хэр их дарагдаж байна?
- Завгүй улирал эхэллээ. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд гэрээтэй компаниуд захиалгаа өгөөд эхэлсэн. Ер нь албан байгууллага, ресторанууд эрт захиалгаа өгдөг болсон байна. Шинэ жилээр бид бараг амардаггүй гэхэд болно. Ялангуяа хүлээн авалтууд оройны 7, 8 цаг гэж эхэлнэ. Баярын үеэр энэ цагуудад зам түгжрэлтэй байдаг. Аливаа байгууллагын шинэ жилийг зүгээр очоод хөтөлчихгүй. Тухайн шинэ жилээ хөтлүүлж байгаа байгууллагын үйл ажиллагаанаас эхлээд, олон зүйлийг судалсан байх шаардлагатай. Уулзаж амжаагүй уран бүтээлчидтэйгээ хүлээн авалтууд дээр л уулзалддаг гэхэд болно. Тэднийг тайз руу гаргаж, үдэж өгнө. Хошиноор хэлэхэд “микрофоноор намайг ярихад үзэгчид хүлээж авч чадахгүй” болсон цагт л миний ажил дуусна даа. Мөн зарим компанийн шторк, баярын бичлэг, клипний монтаж дээр ажилладаг. Харин өдөр нь цаг гарвал амарна.
- Хөтлөгчийн ажил нэлээдгүй хэцүү байх нь?
- Ер нь баяр ёслолын үеэр их ачаалалтай байж, ядардаг. Орой болгон үсээ гельдэж лакддаг болохоор үс их муудна. Шоуны хөтлөгчийг хүмүүс харахдаа аз жаргалтай, амархан ажил хийж байна гэж боддог. Гэвч ажил болгон өөр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Хөтлөгчийн ажилд их энергиэ зарцуулдаг. Хүмүүсийг яавал хөгжөөх вэ гэж бодно. Орой нь хөтөлбөрөө авчхаад маргааш юу ярихаа бэлтгэнэ. Асар хурдтай байхыг шаардана. Гараа болгоныхоо яриаг бэлтгэнэ. Мөн хөтлөлтүүд давхардах үе гарна. Тухайлбал, гэрээтэй компаниуд болон найз нөхдийн хүсэлт давхцах гэх мэт. Монголчууд үгүй гэж хэлж чаддаггүй. Танил найзууд “арга хэмжээ чинь 4 цагаас эхлээд 8 цаг гэж дуусах юм байна. Дуусаад манай байгууллагын арга хэмжээг хөтлөөд өгөөч” гэж санал тавина. Харин миний хөтөлж буй хүлээн авалт цагтаа эхлэх нь ховор, цагаасаа хожимдож эхлэх нь олон. Дуусах цагтаа дуусахгүй, сунжирна. Тараад нөгөө хүлээн авалт руугаа явахдаа түгжирнэ. “Байна уу. Яг орж байна” гэдгийг жинхэнэ утгаар нь хэлнэ. Хоцорсондоо уучлалт гуйж үнэнээ хэлж, бараг л амьдарлаа тоочно доо. Яарах үе маш их гардаг.
- Хөтлөгч хүн олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг. Та ер нь ном хэр их уншдаг вэ?
- Хэрэгтэй номнуудаа бол уншчихна. Уран зохиол, жүжгийн роман гэх мэт адал явдалтай ном уншдаг. Мөн кино хийх гэж байгаа бол кинотойгоо холбоотой бараг л хэд хэдэн боть унших шаардлага гарах үе ч бий. Тухайн зохиолоо ойлгож, дүрдээ орно гээд л. Багаасаа үлгэр уран зохиолын ном уншдаг байсан. Харин одоо бол хүмүүсийн санал болгосон, унших хэрэгтэй гэсэн номуудыг уншдаг болсон гэхүү дээ. Зав гарвал номоо уншина. Зав гарахгүй бол уншиж чадахгүй л байна. Эхнэр, хамтлагийнхан маань “чи наад номоо дуусгачхаач” гэдэг болсон /инээв/.
- Арга хэмжээ хөтөлж байхад гацах тохиолдол гарах уу. Энэ үед та яадаг вэ?
- Заримдаа ярих зүйлгүй болж, дуучид байхгүй үед хөтлөгчийн жинхэнэ чадвар гарч ирдэг. Үзэгчдийг уйдаахгүй, хөгжөөнтэй байлгахын тулд өөрт тохиолдсон явдал, онигоо, зохиож ярих шаардлагатай байдал үүснэ. Фэйсбүүкээр маш олон лаяктай, уншихад пэр хийтэл инээлгэхээр онигоонуудыг хуулаад хадгалчихдаг. Тухайлбал замтай холбоотой ажил хийдэг хүмүүсийн онигоог замын компанийн хүлээн авалт дээр ярих жишээтэй. Тайз руу гарна гэдэг хөтлөгч бидний хувьд галт тэрэг хөдөлсөн л бол зогсоож болохгүйтэй адил маш их хариуцлага шаарддаг. Энгийн хүнээс хэд дахин илүү хурдан ажиллах хэрэгтэй болно. Ер нь олон жил аливаа арга хэмжээг хөтлөөд ирэхээр гарт орчихдог. Эхний хэсэг буюу мэндчилгээгээ сайн хийж, үзэгчдийг хөгжөөж чадвал онгод ороод, яриа хөврөөд явчихдаг болдог. Дуучид гарч байх үед дуучдаа хэрхэн танилцуулахаа бодно. Сунжирсан урт яриа огт хэрэггүй. Тухайлбал, Хишигдалайг зарлалаа гэхэд юу гэж хэлбэл хүмүүст таалагдах, бас Хишигдалайг уурлачихгүй байгаа гэж бодох гэх мэт. Тухайн мөчид хурдан, уран сэтгэх шаардлагатай. Энэ бол уран бүтээлч хүнд байх ёстой чанар. Аливаа нэг зүйл дандаа дардан байна гэж байхгүй. Эхлээд арга хэмжээ хөтлөхдөө гацна, сандарна, компанийн нэр буруу хэлнэ. Хичээж ярьж байгаад гацаад, шоконд ороод буцаж орох тохиолдол ч байна /инээв/. Гарахын өмнө өвдөг чичирнэ. Хэт их сандарвал ам шүлсгүй болж, хуурайшч, үг гарахгүй болно. Энэ бүхнийг туулсны эцэст сандрах нь багасна. Болж байгаа хүлээн авалтыг мэдэрч, өөрт тохирсон арга хэмжээгээ хөтөлж эхэлнэ. Мөн хүний амьдралд ганц тохиох хурим, аливаа арга хэмжээ дээр хөтлөгч маш сайн бодож очих ёстой. Мөнгө нь хэрэгтэй гэдэг ч юм уу, эсвэл арга хэмжээ хөтлөхийн түүс болсон байдаг ч юм уу бүх зүйлд за гэж хэлэх хэрэггүй. Хүн чадах зүйлээ л хөтлөх хэрэгтэй.
- “TV cocktail” хамтлаг олон амжилттай уран бүтээлийг хийсэн. Гэвч сүүлийн үед чимээгүй байх шиг?
- Энэ тухай хүмүүс их асууж байгаа. Бидний хувьд анх “Хот Чинжүү” хөтөлбөрийг толилуулж телевизээр гарч байсан. Бидний зорилго бол “TV cocktail” гэдэг нэрийг брэнд болгох байсан. Үүнийгээ ч хийж чадсан. Одоо биднийг уран бүтээл хийхгүй байгаа ч гэсэн “TV cocktail” хамтлагийн тэр гишүүн явж байна гэж таньдаг. Бидний нэвтрүүлэг долоо хоногт хоёр удаа гардаг байсан. Олон цагийн бэлтгэл ажил ордог байлаа. Тухайн үед ганц бие байхад ажил дээрээ хонох нь асуудалгүй байсан. Гэтэл хамтлагийнхан маань эхнэр, хүүхэдтэй болоод ирэхээр ажил дээр бөөндөө байх цаг хугацаа багасч, гэр лүүгээ яарах нь ихэссэн. Тиймээс бид нэвтрүүлэг хийж үзсэн юм чинь тайзны жүжиг, кинонд хүчээ сорих шийдвэр гаргасан. Бидний төлөвлөсөн бүх зүйл амжилттай болсон. Хамтлагаараа Монголын рекламны орон зай руу ороход “Рекламны мангас” гэсэн хочийг хүртэл зүүж байлаа. “Хаан бууз”, “Юнител” зэрэг газруудын рекламыг хошин, түүхэн үе рүү оруулж хийсэн нь ч үзэгчдэд хүрч чадсан. Түүнээс хойш хошин инээдмийн рекламууд их гардаг болсон. Үүний дараагаар A-Capella болон Guys хамтлагийн залуустай хамтран “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-ийг байгуулж “Сайн уу амьдрал минь” хэмээх гурван хэсэгтэй киног бүтээсэн. Энэ кино нь Монголын киноны түүхэнд гурван хэсэгтэй, өөр өөр үйл явдлуудыг харуулсан онцлог уран бүтээл болж чадсан. Киноны хэсэг бүрийн үйл явдал, дуу нь хүмүүст хүрч, амжилттай болсон юм. Хүмүүс инээдмийн киног үзэх дуртайг манай хоёр дахь уран бүтээл болох “Намрын Синдром” кино харуулж чадсан. Үүнээс хойш инээдмийн кино олон хийгдэх болсон юм. Бид 5, 6 кино хийсний дараагаар олон ангит сериал, жүжиг хийж үзэхээр шийдсэн. Энэ нь ч амжилттай болж “Гэрлэн дохио”, “Хөгжилтэй гэр бүл” зэрэг кинонууд маань үзэгчдэд хүрсэн. Жүжигчин хүн бүрийн мөрөөдөл тайзны жүжиг тавих байдаг. Бид 2012 онд Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзэгчдэд толилуулсан. Бид УДБЭТ-т 10 хоног л тоглосон. Тус жүжгийг үзсэн хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулахаар сайн жүжиг болсон. “Гэгээн Муза”-аас ч тус жүжгээр олон шагнал хүртсэн. Драмын театрын тайзан дээр Драмын акулуудтай манай Энхбаяр, Аюуш хоёр цом барьсан байх үеийн мэдрэмжийг үгээр өгүүлшгүй. Харин өнөөдөр бид өмнөх уран бүтээлээсээ илүү сайн уран бүтээлийг гаргаж, үзэгчдийнхээ мэлмийг баясгах зорилготой байгаа. Манай продакшинтай цуг, туслах хийгээд явж байсан дүү нар маань өнөөдөр маш сайн байна. “Зүрхний хилэн” гээд киног нь очиж үзсэн, бахархахсан. Сүүлийн үед киноны цензурыг өсгөсөн сайн уран бүтээлүүд төрж байна. Одоо бол өмнөх шиг яарч уран бүтээл хийдэг үе өнгөрч. Хамтлагийнхаа эрчүүдийг дагаж олон жил нойр хоолгүй явсан Аюуш маань хүүхэдтэй болж, хоёр жилийн чөлөө авсан. Магадгүй энэ нь бидний бүтээмжид нөлөөлсөн байх. Аюуш бол хамтлагийн ганц ээж нь. Аюуш байхгүй болохоор бидний ажил бага зэрэг суларсан ч байж болох юм. Гэхдээ одоо Аюушийн маань хүүхэд нь том болсон, уран бүтээл рүүгээ эргэн орох боломжтой. Мөн он гаргаад “Хоёр ертөнцийн буудал” жүжгээ илүү олон хүнд хүргэхээр, олон хоног тавина. Өнөөдөр хүмүүс хэтэрхий цаг завгүй, хэт мөнгийг үнэлэх байдалтай байгаа. Тэгвэл энэ жүжгийг удирдах албан тушаал хашиж байгаа бүх хүмүүст үзүүлэхээр төлөвлөж байна. “TV cocktail”-ийн хувьд байгаа шүү /инээв/
- “Мөнгөний гахай” уран сайхны киног хүмүүс нэлээн сул болсон гэж шүүмжилсэн. Үүнтэй холбоотойгоор танай хамтлагийг уран бүтээл гаргахгүй байгаа гэж бодох хүмүүс ч байна?
- Бид “Сайнуу амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай,” “Аморын эрэлд”, “Босуул” гээд олон кино хийсэн. “Босуул” кино нь 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийг харуулсан. Бид өвөл ууланд зураг авалтаа хийсэн. Яахав байнгын инээдмийн кино хийдэг байсан бид гэнэт өөр утга агуулгатай кино хийхээр хүмүүс сонирхоогүй байх. Нийгэм нь ч өөрөө хөнгөн зүйл үзэх сонирхолтой болсон. “Мөнгөний гахай” киноны хувьд санаа нь маш зөв гэж боддог. Өнөөдрийн нийгэмд худлаа баян хүний эсгэж байгаа маш олон хүмүүс бий. Эсвэл баян залуу, эмэгтэйтэй суух, тэднийг дэгээдэх сонирхолтой хүмүүс ч байдаг. Үүнийг л киногоороо харуулахыг зорьсон. Мөнгөний гахай кинонд ах нь дүүгээ баян эртэй суулгах, нэг залуу найзыгаа баян эмэгтэйтэй суулгах гэж байгаа тухай гардаг. Гагцхүү энэ кинонд бид мөрөөдлөө дагасан нь алдаа болсон байж болох юм. Өөрсдөө кинондоо тоглож, өөрсдөө найруулсан нь. Энд л алдсан байх. Жүжигчин нь өөрөө кинондоо дүр бүтээгээд, найруулсан тохиолдол түүхэнд байдаггүй юм билээ /инээв/. Монголд нэг продакшн байлаа гэхэд бүх зүйлээ өөрсдөө хийдэг. Маркетинг, зохиол, зургийн дарга, талбайн зохион байгуулагч гээд бүхнийг хийнэ. Би нүүрээ будуулаад зогсож байхдаа л нөгөө объект руу гүйж, талбайн зохицуулагчийн ажлыг давхар хийж байх жишээтэй. Ингэх нь дүрдээ орох байдал орхигдох гэх мэт олон зүйл алдагддаг. Харин зургийн дарга, талбайн зохицуулагч гээд хүмүүс тус тустаа, өөрт ноогдсон ажлаа хийвэл илүү үр дүнтэй гэдгийг ойлгосон. Бид энэ тал дээр анхаараагүй болохоор найруулгын алдаа гарч, өгүүлэмжтэй санаатай киногоо дутуу хийчихсэн. Өөрөөр хэлбэл халтуурны бүтээл болчихсон доо. Үүнд би бага зэрэг хямарсан. Маш сайн утга агуулга санаатай киног, хүнд хүрэхээр хийж чадаагүй гэж боддог. Үүнээс хойш болгоомж үүссэн. Уран бүтээл гаргах болгондоо анхааралтай хандаж байгаа. Бид хүлээлттэй байж чаддаг. Ямар ч кино, реклам хийсэн хүмүүсийг хүлээлгэдэг. Аливаа зүйл болгонд уналт босолт гэж байдаг. Үүний дараагаар “Аморын эрэлд” гээд кино хийсэн. Тус киног драм найруулдаг чадварлаг Сэнгэдорж найруулагчаар найруулуулсан. Тус киноны тавилт хийц нь өндөр түвшинд хийгдсэн. Инээдмийн кино ихэвчлэн чадварлаг жүжигчнээрээ хөтлөгдөөд явчихдаг. Харин “Аморын эрэлд” кино нь зураг авалт, тайз, план гээд бүхий л талаараа инээдмийн киног өөр түвшинд гаргаж ирсэн гэж боддог. Гагцхүү хүмүүсийг бага л инээлгэдэг байх. Одоо бидний хувьд аливаа зүйл рүү яаравчлан орохгүй. Хүмүүс хүлээж байгаа гээд Өөскө, Энхбаяр, Аюушийнхаа чадварт найдаад яарч бүтээл гаргахгүй. Бид илүү чансаатай нийгэмд шинэлэг санаа дэвшүүлсэн жүжгүүдийг гаргах болно. Залуусыг жүжигт уруу татах бодол байгаа.
- Та нарыг хамтлагаараа уран бүтээлээ туурвихгүй болохоор янз бүрийн л яриа гарсан. Тухайлбал, “Tv Coctail” мөнгөнөөс болоод хагарч бутарлаа гэдэг ч юм уу?
- Хүмүүс ч мэддэг, урлагийнхан ч хэлдэг. Бид бөөндөө харагдахгүй байгаа болохоор тараад бутарчихлаа гэж бодож байх шиг байна. 1980-аад оны хамтлагийнхнаас залуугаараа хамтлаг байгуулж, хамгийн удаан эв нэгдэлтэй байгаа хамтлаг бол манайх. 2003 оноос хойш “Хот чинжүү” шоунаас эхлээд л 14 жил уран бүтээл туурвисан. Биднийг анх тус шоуг зохион байгуулж байхад нэг явдал тохиосон юм. Намайг автобусанд кондуктор чимхээд “Балиар юм чинь олны танил хүн байж, автобусны мөнгөө өгөхгүй. Ичдэггүй юм уу. Телевиз рүү чинь ярина” гээд маш чангаар олон хүний өмнө загнаж байсан. Би ч бүүр ичээд нүүр улайгаад, сандраад бууж байлаа. Тэгээд нөгөө хоёртоо автобусанд гүрийж болохоо байсан байна гэж хэлж байсан /инээв/. Тэр цаг үеэсээ л өнөөдрийг хүртэл бид хамт байна. Өнөөдөр Өөскө маань эхнэртэй гурван хүүхэдтэй, Энхбаяр маань эхнэртэй хоёр хүүхэдтэй, Аюуш маань нөхөртэй нэг хүүхэдтэй, би хань ижилтэй болчихсон. Бүгд л өөрсдийн гэсэн орох орон, ойчих аяга, унах унаа, үнэлэмжтэй болсон. Энэ бүхнийг цогцлоохын тулд бид маш их хөдөлмөрлөж, хүсэж, тэмүүлж, эвтэй байсан. Бидэнд энд хүрэх зам дардан байгаагүй. Саад бэрхшээл олон тулгарч байлаа. Аюушийг маань олон хамтлаг урьж, гол дүрд тоглох санал тавьж байсан. Тэгэхэд Аюуш маань биднийг орхиогүй. Аюушаараа маш их бахархдаг. Мөн манай хамтлагийг олон жил зангидсан гар шиг атгаж ирсэн хамтлагийн захирал Өөскөгөөрөө бахархаж байна. Хамтлагийн менежер Жавхлан маань бидний арын бүх ажлыг амжуулж ирсэнд баярладаг. Олон хүний хүчээр өнөөдөр энд ирээд байна. “TV Coctail” хамтлаг мөнгөнөөс болоод салах байсан бол аль эрт салчих байсан. Гэхдээ бас муудалцуулах хэмжээнд хүртэл мөнгө олоогүй байх /инээв/. Амьдрал цаашид ямар шалгуур тавихыг мэдэхгүй. 30,40 жил ханилсан гэр бүл салж байна.Тиймээс амьдралд ам гарах дургүй. Залуу байхдаа бол амладаг л байсан. Харин одоо бол цаг хугацаанд л итгэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд “насан туршдаа хамтдаа” гэдэг үгийг “Tv Covtail” хамтлагийнхандаа л хэлж байсан. Сүүлд ханьдаа хэлж байсан байх. Өнөөдөр бид дөнгөж 30 гаруй насыг зооглож байна. 50, 60 нас хүртлээ идэвхтэй уран бүтээл хийнэ. Би хамтлагаа бутарч, тарна гэж хэзээ ч бодож байгаагүй. Бидний хувьд бол одоогоор бага уулзалдаж, уран бүтээл гаргахгүй байгаа нь л асуудал болж байгаа байх.
- Таны амьдралын хамгийн эрхэм зүйл Tv covtail мөн үү?
- Тийм. Миний эрхэм хүмүүс бол Өөскө, Аюуш, Энхбаяр нар. Учир нь би хэн ч биш зургаан буудлын нэг хүү байхдаа л энэ хамтлагт орсон. Бид хамтдаа кино бүтээж ашиг олж, шатсан. Бидний бүх зүйл нэг болсон. Өөскөгийн баяр бол миний баяр. Миний баяр бол Өөскөгийн баяр гэсэн үг. Надад тохиолдсон зовлон бүрт хамтлагийнхан минь хамт байсан. Мөн миний хань, гэр бүл минь надад үнэтэй. Би эх орон, анд нөхөд, тангараг өргөсөн ханиасаа урвахгүй байхыг хичээдэг.
- Та хошин урлагт чамгүй авьяастай нэгэн. Танд хошин урлагийн продакшнууд санал тавьдаг уу?
- Тавьж байсан. Одоо ч тавьдаг. “Tv Coctail” тайзны тоглолт хийдэггүй. Бидэнд хувь хувьд нь болоод, хамтлагаар ч санал ирж байсан. Бидний анхны гарал үүсэл “Шинэ үе” продакшн. Тухайн үед Өөскө “Шинэ үе” продакшнд тайз засдаг байсан. Би Өөскөтөй хамт тайз засдаг байлаа. Тэр үеэс л би бусадтайгаа танилцаж, хамтлагаа байгуулж байсан. Бид телевизийн салбарт шинэчлэлт хийж, яагаад онигоогоор нэвтрүүлэг хийж болохгүй вэ гэж бодсон. Хийж ч чадсан. Бүүр долоо хоногт гурав гардаг нэвтрүүлэг хийж эхэлсэн. Бид инээдмийн нэг төрөл нь төрөл. Гэхдээ арай өөр жанарыг гаргаж ирсэн байх гэж боддог.
- Таныг хамтлагийнхаа Аюуштай үерхэж байсан гэсэн яриа байдаг?
- Эхнэртэйгээ суухаасаа өмнө ямар ч тохиолдлоор юм Цэнд-Аюуш гээд бүсгүйтэй үерхэж байсан. Тухайн үед хүмүүс “чи Аюуштай үерхээд байгаа гэсэн үнэн үү” гэж байсан. Нэр давхацсанаас л ийм яриа гарсан.
- Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. 100 төгрөгийн ундаа зарж байсан гэдэг. Ер нь хөдөлмөрийн амтыг хэр их мэдэрсэн бэ?
- Миний хүүхэд нас зургаан буудалд өнгөрсөн. Ээж минь Монголын тэргүүлэх үсчдийн нэг. Их дэлгүүрийн 20-р салбарт ажилладаг. Ээжээрээ их бахархдаг байлаа. Үсчид нэг төрлөөр л дагнасан байдаг бол манай ээж эрэгтэй, эмэгтэй үсийг хоёуланг нь засна. Тиймээс өглөө орой ээлжид аль алинд нь гардаг байсан. Олон хүний үс засч их буян хийсэн. Би бага байхдаа их хөдөлгөөнтэй, юм юм хийдэг байлаа. Бага байхад юм бүхнийг сэтгэлийн хөөрлөөр хийнэ. Самар ч түүж зарж үзсэн. Талх, хар цай цүнхэнд хийгээд найзуудтайгаа ууланд очоод самар түүнэ. Мөнгө олохдоо гол нь биш. Найзуудтайгаа хамт явах л гол нь байсан. Мод савлуулаад л нэг модноос нөгөө рүү шилжинэ. Гар урагдана. Түүж ирсэн самраа гэртээ авч ирээд тогоонд чанана. Тогоогоо давирхай болгоод ээждээ загнуулна. Ээж минь “Би та нарыг өлсгөөд байна уу. Самар зарах гээд балай юм хийгээд байх юм” гэнэ. Би ч зүгээрээ л гэдэг. Хоёр дүү охиндоо чанасан самраа өгөөд хашааны буланд заруулна. Гэхдээ самарнаасаа мөнгө олж байгаа юм байхгүй. Дүү нар найзуудтайгаа цөмөөд л дуусчихдаг. Тэгээд самарны улирал дуусна. 100 төгрөгийн ундаа зарж байсан тухайд бол манай тэр хавьд тэргэн дээр хэдэн авдар түрээд явдаг хүүхэд байсан. Би ч сахилгагүйг хэлэх үү нэг өдөр тэр хүүхдийг дуудаад “юу хийгээд байна” гэж асуусан юм. Тэгсэн чинь “ундаа зардаг, дээд авдарт нь интоорын ундаа байгаа” гэж байна. Би ундаанаасаа хоёрыг өгчих гэсэн чинь “Болохгүй тоотой. Ээж зах дээр хүлээж байгаа” гэсэн. Би худлаа яриад бай гэхэд “Худлаа ярьж байна гэвэл. Намайг дагаад яваад үз” гэсэн юм. Тэгээд зах дээр очиход найзын маань ээж ундаа сайн зарвал цалин өгнө гэлээ. Тэгээд л найзыгаа дагаад явлаа. Манай нөгөөх ч маш сурамгай гэгч нь цехээс 50 төгрөгөөр ундаа аваад л зах дээр очоод 100 төгрөгөөр зарж эхлэв. “Интоорын ундаагаа уугаарай” гээд ориллоо шүү. Би ичээд л. Тэгсэн намайг ч бас орил гэсэн. Анхандаа ичиж байснаа “Ундаа аваарай” гээд орилсон чинь нээрээ хүмүүс авч байх юм. Бидний хажууд хоёр хүүхэд бас ундаа зарж байсан. Тэд нар ч ундаагаа маш сайн зарж байхыг хараад миний шар хөдлөөд л зараад эхэлсэн. Кантнейрууд дээр очоод ундаа аваарай гэхэд хүмүүс ч өхөөрдөөд авдаг болсон. Энэ нь надад мөнгө олж болмоор санагдсан. Нэг авдарт 24 ширхэг ундаа багтана. Ээжээс ундаа, авдарны мөнгө гуйж аваад зах дээр нэг авдар ундаа зарж, ахиж нэг авдарны мөнгө босгосон. Манай 6, 7 буудлын хүмүүс зах дээр наймаа хийнэ. Зах дээр худалдаа эрхэлдэг нэг ахынхаа машинд өглөө эрт түрдэг тэрэг, авдраа хийгээд ачуулаад зах руу хүргүүлнэ. Худалдаа хийж байгаа хүмүүсийн ихэнх нь манай тэндхийнх болохоор намайг сайн танина. Надаас ундаа аваарай гээд захичихна. Надад 2, 3 авдар ундаа зарах асуудал биш болсон. Нэг өдөр дөрвөн авдар ундаа зараад л гэртээ харилаа. Тэгээд олсон орлогоо ээждээ өгсөн. Ээж минь ч уйлаад л. Миний хүү чинь тэжээх нь гэж байсан юм. Тухайн үед ундааны цехүүд олон байсан. Нэг удаа ундаагаа авах гээд цех дээр очсон чинь манай үеэл ажиллаж байна. Үеэлээ дагаад л ундааны цехэд ажилладаг боллоо. Ундаа авдаг байсан хүн чинь зардаг хүн нь болчихсон юм даа.
- Та их хөдөлмөрч хүүхэд байж ээ?
- Магадгүй. Олон ажил хийж үзсэн. Ундаа зарсны дараагаар 100 айл дээр ачаа буулгадаг байлаа. Зуны амралтаараа барилга дээр ажиллаж байсан. Барилгын ажилдаа мэргэшээд дотор засал хүртэл хийдэг болсон. Сургуулийн засварын ажлыг хүртэл авч байх жишээтэй. Худалдаа үйлдвэрийн гадна талыг будаад зогсож байлаа. Өндөр байшинд тороосоор гарч оохор түрхэнэ. Тороос нь бороо орохоор тог цохино. Ажиллаж буй газар бүртээ найз нөхөдтэй болно. Найз нар маань ч хайрга буулгах гэх мэт ажил гарлаа гээд дуудна. Тухайн үеийн хүүхдүүд утасгүй хэрнээ л уулзчихдаг байсан юм.
- Тухайн үед залуус ажлыг голдоггүй байсан юм шиг ээ?
- Нийгэм хаашаа ч эргэх магадлалтай байсан. Би дээрээ ах байхгүй айлын том хүүхэд . Над шиг хүүхэд олон байсан юм. Зарим нь дээрэм ч хийж байх жишээтэй. Хүүхдүүд чулуугаар байлдана. Энд тэнд хамаагүй явж болохгүй, өөр газрын хүүхэд байна гээд зодуулна. Ээж энэ тухай мэдэхгүй. Миний хүү Ард кино театр очоод тэр байрнаас тийм юм аваад ир гээд явуулна. Би ч за гээд л байнгын гүйж явна. Нэг буруу замаар орбол тэгээд л орчих үе байсан даа. Амар хялбар аргаар мөнгө олоод эхэлбэл тэгээд л амташчих үе. Хүүхдүүд шилжилтийн насны үедээ л найз нөхдөө зөв сонгон нөхөрлөх нь чухал байдаг юм билээ. Мөн гэр бүлийн хүмүүжил чухал. Намайг ээж минь л зөв хүмүүжүүлсэн гэж боддог. Байнга л олонтойгоо, зөв бай гэж үглэдэг байсан. Зөв хүмүүжлээр өссөн хүүхэд аяндаа зөв найзтайгаа нийлдэг.
- Ээж тань юуг хамгийн их захидаг байв?
- Олонтойгоо явж бай, хүнд битгий муу сана. Насан туршдаа цуг амьдрахгүйгээс хойш гэдэг байсан. Бага байхад ойлгогдохгүй их олон зүйл ярьдаг байлаа ээж минь. Одоо бодоход тэр бүхэн нь миний толгойд суусан байх. Нэг удаа хүүхэдтэй зодолдоод хамраа хугалуулчихаад гэртээ, зодолдсон хүүхдийнхээ аав ээжтэй хамт орж байсан юм. Гэтэл ээж минь намайг загнасан “Чи яах гэж зүгээр байсан хүүхэдтэй зодоон үүсгэж байгаа юм. Би чамайг ингэж хүмүүжүүлсэн үү” гэж хэлээд нөгөө хүүхдийн хажууд намайг цохисон. Ээж намайг муудалцсан хүүхэд болгонтой минь найз болгочихдог байлаа. Чи одоо очиж энэ хүүхдэд ус авахад, түлээгээ хагалахад нь тусал гээд цуг явуулчихдаг. Эхэндээ түлээг нь хөрөөдөж байхдаа за гайгүй дээ чамайг гээд л дотроо бодно. Тэгж байсан хэрнээ нэг л мэдсэн сайн найз болчихсон байдаг. Нөгөө хүү маань ч “Цоомоо гараад ир тоглоё” гэнэ. Найзууд маань “Яагаад энэ хачин хүүхэдтэй нийлээд байгаа юм” гэдэг. Харин би “Энэ чинь хөөрхөн ааштай хүүхэд. Та нар харин найз бол” гэж хэлнэ. Тэгээд л миний найзууд хоорондоо найзалж эхэлдэг. Ер нь хүмүүсийг нэгтгэхдээ би сайн байх /инээв/. Тэгсээр байгаад бид олуулаа найзалдаг болсон.
- Таныг ер нь хүмүүс их атаман байсан гэж ярьдаг юм бил ээ?
- Атаман бол огт биш. Биднийг бага байхад нийгэм нь өөрөө их хэцүү байсан. Гэрээсээ гараад явахад л ах нар хамгийн үнэтэй бөглөөнүүдийг бариад зогсоно. Тэгээд л гайгүй сэргэлэн хэн билээ гэж асууна. Хүүхдүүд Цоомоо гэж хэлнэ. Өөр хэн байдаг вэ гэж асууна. Урд гудамжны Мөөгий гэнэ. Тэр хоёрыг дууд гэж хэлдэг. Тэгээд л ах нар дуудаж байна гээд нэг нь ирж хэлнэ. Хүүхдүүд тойроод зогсчихно. Ах нар “та хоёр зодолдох уу. Ялсанд нь энэ бөглөөг өглөө” гэнэ. Тэр үед үгүй гэж хэлж болдоггүй үе байсан. Том биетэй хүүхэд байсан ч зодолдохгүй бол айсан болдог байлаа. Тэгээд л айсан бол айсан гээд ойлгочихно. Нөгөө нөхөр ч гэсэн “чи надаас айсан биз дээ нааш ир” гээд л дууддаг болно. Тиймээс яаж ийж байгаад л үзэлцэх хэрэгтэй. Бас тэр үнэтэй бөглөөг авбал гоё санагддаг байсан юм. Ямар ч бурхан нь тусалдаг байсан юм ялаад л гараад ирдэг байлаа. Би их шартай байсан юм шиг байгаа юм. Намайг бага байхад надаас гадна манай тэнд бас нэг Цоомоо байсан. Хүүхдүүд хооронд нь ялгах гээд нөгөө Цоомоог маань “шулга” гээд нэрлэчихсэн. Намайг “догшин” Цоомоо гээд хочилчихсон. Энэ тухай мэдээлэл фэйсбүүкээр тараад нэг хэсэг намайг атаман гэж ярьж байсан. Миний хувьд бол огт атаман байгаагүй. Олонтойгоо явдаг, сэргэлэн л хүүхэд байсан байх. Найзуудыгаа дагуулаад л урд нь гарч тэнд очиж тоглоё гэж уриалдаг. Бага байхдаа бөхийн секцэд явдаг байсан болохоор үеийнхнээсээ арай л илүү хөдөлгөөнтэй байсан байх. Өөрийнхөө дийлж чадахгүй хүүхдүүдийг найзаа болгочихдог байсан /инээв/. Том биетэй хүүхдүүд зодолдох гэвэл нөгөө найзууд маань зодолддог. Би өөрөө хүнтэй хурдан дотносч, найзалж чаддаг байсан. Хүүхдүүд ч надтай найзлах дуртай байсан юм. Тэгээд л найзуудыгаа дагуулаад явна даа.
- СУИС-д таныг “жагсаадаг” Цоомоо гэж хочилдог байсан гэсэн?
- СУИС-д сурч байсан хүмүүс бүгд мэдэх байх. СУИС-д курсын ялгаа ихтэй, дарамттай сургууль биш. Гагцхүү диктатуртай. Миний хувьд жагсаадаг гэхээсээ илүү доод курсынхэн маань бусдын л адил намайг хүндэлдэг л байсан байх. Нэг удаа СУИС-ийн Цоомоо тэргүүтэй хүмүүс сургууль дээрээ очиж оюутнуудаас татвар хураадаг гэсэн яриа гарсан байсан. Энэ тухай хүртэл сонин дээр гарсан юм. Тухайн үед энэхүү мэдээлэл цацагдсан даруйд хүмүүс над руу “Чи одоо хөгширч үхэх гэж байж болиоч” гэх мэтээр ярьж, бичиж байсан. Үнэн хэрэгтээ надтай адилхан нэртэй залуу л тэгж байсан юм билээ. Намайг сургуульд ороход Баярмагнай ах, Драмын Төмрөө ах, Ганцэцэг эгч дөрөвдүгээр курст, Төөтөө ах, Наран-Солонго, Ундрал эгч нар гуравдугаар курст сурч байсан. Харин хоёрдугаар курст Батаа, Өөскө, Миеэ-Гомбо нар сурч байсан юм. Харин би нэгдүгээр курст суралцаж байлаа. Манай доод курст Пүрэвсүрэн, Уугнаа байсан. Түүний доод курст Мөрөөдлийн театрын Шагай, Ганбаа, Отгоо, талийгаач Билгүүнээ нар суралцдаг байлаа. Манайхан ч намайг бүгд мэднэ. Би СУИС-д сурч байхдаа олонтойгоо л байсан гэж боддог. Доод курсынхэн минь намайг хүндэлж, найзалж, нөхөрлөдөг л байсан. Дээд курсынхэн маань намайг туслуулах ажилдаа туслуулна. Бид ч хичээлээ шалгуулж зөвлөгөө авна. Би сургуулийнхаа жижүүртэй сайн харилцаатай байсан болохоор сургууль дээрээ хонох үе ч байсан. Дүрслэх урлаг болон дуулаачийн ангийнхантай бүгдтэй нь найзалж, нөхөрлөдөг байлаа. Харин нэг жижигхэн нөхөр жагсаагаад л, номхон гэж байгаагүй. Яахав зарим нэг хүн хүндлэлийг хийдүүлж, хэтрүүлэг болгодог хүмүүс мэр сэр байсан. Олон дунд зорилгоо тавиагүй, архи нэхэж хүүхэд дээрэлхдэг хүмүүс байдаг. Миний хувьд иймэрхүү зүйл огт байгаагүй. Би хүнтэй амархан, дотносож нөхөрлөж, арга эвийг нь олчихдог байсан. Драмын ангийнхан маань ч гэсэн амь нэгтэй байсан юм.
- Та гаднаа хүмүүсийг хөгжөөдөг ч дотроо аливаа зүйлд их нухацтай ханддаг юм шиг ээ. Та ер нь жүжиглээгүй үедээ, бодит байдал дээрээ ямархуу хүн бэ?
- Би ямар нэгэн зүйл рүү шууд за гэж ордоггүй. Аль болох сайн бодно. Надад нэг зан байдаг. Би энэ зангаа өөрийнхөө сул тал гэж боддог. Тэр нь хүнд үгүй гэж хэлж чаддаггүй явдал юм. Ямар нэгэн аргаар л болгож, хийж бүтээе гэж боддог. Ядаж байхад би өөрөө их нийтэч болохоор нэг л мэдэхэд олон найзтай болчихсон байдаг. Олон хуурай дүү, ах эгч нартай болчихдог гэхэд болно. Шинэ жил дөхөөд ирэхээр хүмүүс утастаад “Эгчдээ нэг туслаач” гэнэ. Тэр өдөр нь төлөвлөгөөтэй байж таарна. Би үгүй хэлж чадалгүй болгох гээд үзье л гэнэ. Болгох гээд хичээхээр зарим нь бүтэхгүй байх тохиолдол бий. Шууд л үгүй гээд хэлчих зүйл дээр болгохыг хичээснээс болоод мартаж эсвэл бүтээж чадахгүй болчихдог. Сүүлдээ “хөгийн бацаан” болж хувирдаг даа. Улмаар их зан суусан болно. Нэг удаа яараад явж байтал гурван хүүхэд тааралдаад цуг зургаа даруулъя гэсэн юм. Надад хэдэн минут ч гэсэн үнэтэй байтал би үгүй гэж хэлэлгүй зургаа даруулсан. Миний зан л тийм юм даа. Эсрэгээрээ харин надад хүн үгүй гэж, татгалзсан хариу өгвөл би ойлгоно. Өөрөө ойлгодог боловч, үгүй гэж хэлж чаддаггүй. Энэ зангаа засах гээд дөрвөн жил болж байна. Гэхдээ бага багаар засч байгаа. Энэ ярилцлагыг уншиж байгаа бол иймэрхүү зүйл болдог шүү гэж хэлмээр байна. Мөн аав, ээжээс мэдрэмж, зөн совин заяасан гэж боддог. Яагаад ч юм хийх хэрэггүй гэж бодсон зүйлээ хийдэггүй. Болно гэсэн зүйлээ бол яаж ч байсан бүтээдэг. Таалагдаагүй хүнтэйгээ нөхөрлөдөггүй. Гэхдээ хүнтэй муудалцдаггүй юм. Найзалсан хүнтэйгээ муудалцсан ч хэрэлдэж үзэн ядаж, юм санаад байдаггүй. Сүрхий муудалцаж байсан хүнтэйгээ дараа нь таарсан ч юу байна гэж мэндэлж чаддаг. Нөгөө хүн маань “уучлаарай” гэж хэлнэ. Би ч “чи дэмий юман дээр тэгсэн байхгүй юу” гэж хэлдэг. Намайг гомдоосон хүмүүс ч гайхдаг байх. Ингэж гомдоогоод байхад мэндэлдэг гэж. Энэ бол миний ээжийн надад мэдэгдэхгүйгээр миний ухаанд суулгаж өгсөн зүйл байх.
- Танд ер нь уурлаж бухимдах үе хэр их гарах уу. Хамгийн сүүлд таны тухай “Инээдэг Цоомоо хөмсгөө зангидаж, их зан суух болжээ” гэсэн мэдээг уншиж байсан?
- Тэр үед би “Гурван охин” хамтлагийн Анхмаагийн киноны нээлтийг хөтлөх гэж байсан юм. Тухайн үед зам түгжрэлтэй байсан. Тиймээс машинаасаа буугаад, циркийн урдаас дугуй түрээсэлсэн юм. Арга хэмжээ хөтлөх гэж байсан болохоор гоонжтой явж байсан. Салхи сөрөөд л дугуй унаад жирийчихсэн. Тухайн үеийн салхи сөрж явсан зургийг “paparatsi.mn” сайт аваад тавьчихсан байсан. Миний их зан суусан үгүйг найз нөхөд маань хэлэх байх. Тэр үед их зан суух нь битгий хэл хүнд туслах гээд явж байсан юм. Уурлахын хувьд урлагийнхан бид байнга хүмүүсийг хөгжөөдөг ажил хийдэг. Гэвч өөрсдөө их стресстдэг. Орой бол кино зохиол бодчихвол унтахгүй. Ном их уншвал донтдог гэдэг шиг мэргэжилдээ донтож байгаа хэлбэр юм. Байнгын ямар нэгэн зүйл бодохоор тархи амардаггүй. Сүүлийн үед бага зэрэг ажиглагдаж байгаа. Нэг уурлахаар дүрс хийж уурлах ч юм уу. Энэ бол хүн бүхэнд байдаг л ажил мэргэжлийн онцлог. Гэхдээ урлагийнханд стресттэх үе байдаг ч, хийж буй ажлаасаа шалтгаалаад уян, цагаахан хүмүүс юм. Стрессээ дороо мартдаг гэхэд болно. Манай эхнэр хүртэл “Чи их стресстэй ажиллах хэрнээ дороо мартах юмаа. Яаж ингэдэг байна” гэдэг. Ямар нэгэн зүйл бүтэлгүй болоод л сайт дээр янз бүрээр бичүүлэхээр стресстэнэ. Харин маргааш нь амжилттай тоглолтоо хөтлөөд л, хүмүүстэй цуг зургаа авахуулж “Таныг чин сэтгэлээсээ хүндэлдэг, дэмждэг шүү” гэсэн үгийг сонсоход нөгөө утгагүй яриа мартагдаж, сайхан санагддаг. Машинаа бариад явахад хүртэл урамтай. Энэ л урлагийн хүмүүсийн онцлог байх.
- Таныг хэвлэлүүд янз бүрээр бичдэг. Үүнд та эмзэглэдэг үү?
- Бүх л салбарын хүмүүс янз бүрээр хэлүүлж, бичүүлдэг. Гэхдээ урлагийнхан арай илүү янз бүрээр бичигддэг. Бидний хийж буй үйлдэл бүхэн хүний нүдэн дээр ил байдаг учраас. Энгийн хувцастай алхаад явж байсан ч сонин, сайт дээр юу өмсчхөв гээд л бичигдэнэ. Жишээ аваад ярихад хэн нэг олны танил хүн энгийн иргэнтэй муудалцаж байлаа. Тэгвэл нөгөө хүнийг нь яасныг мэдэхгүй хэрнээ олны танил хүнийг нь л буруутгадаг. Энэ нь бидэнд ирж байгаа шалгуур, тэвчих ёстой зүйл гэдгийг ойлгодоггүй байх үедээ их стресттдэг байсан. Тэр тусмаа би их зөөлөн хүн болохоор сөрөг коммэнтуудыг уншаад л стресттдэг байсан. Урлагийн хүн бол урмаар амьдарч, бурмаар тэтгэгддэг. Одоо бол ийнхүү ярьж бичүүлэх нь байх ёстой л зүйл юм байна гэдгийг ойлгосон. Хүн гэдэг төгс биш. Заримдаа алдаа гаргана. Тэрийг яг олоод шүүмжилж хэлсэн коммэнт байвал маш сайн тусгаж авна. Энэ нь ч намайг хурцалж өгдөг. Улаан цайм атаархсан коммэнт байвал түүнийг нь тоохгүй орхино. Эерэг, урмын үгтэй сэтгэгдлүүдээс сайхан энергиэ авна.Үүнтэй адил шүүмжлэл, магтаал хоёрыг зэрэг дааж явна даа.
- Хамгийн сүүлд та “Яг түүн шиг шоуг” хөтөлсөн. Таны хувьд энэхүү шоу нь шилдэг шоу мөн үү?
- Мөн. Шоуны багийнхан ярилцаж байгаад л хөтлөгчөө сонгосон байх. Надад санал тавьсан. Би хүлээж авсан. Хоёр жил хөтөллөө. Шоуны хувьд ачаалал өндөр. Хөтлөгч бүх зүйлийн төвд байгаа. Оролцогчид, шүүгчдээ яриулна, зиретлээ ч гэсэн барина. Бүх зүйлийн голд байж, маш сайн хөтлөх хэрэгтэй. Хэрэв хөтлөгч муу байвал шоуны рейтинг бас багасах магадлалтай. Надад том шоунд итгэл хүлээлгэсэнд талархдаг. Миний хувьд өөрийн хэмжээнд маш сайн хичээсэн гэж боддог. Нэлээдгүй ачаалал өндөртэй шоу болсон.
- Та өөрийгөө сайн хөтлөгч гэдэгтэй санал нийлэх үү?
- Сайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ надад дуулах, жүжиглэх, найруулах гэхээсээ илүүтэй хөтлөгчийн мэдрэмж байдаг гэж боддог. Ажил маань ч надад таалагддаг. Өөрт таарсан арга хэмжээг эвтэйхэн хөтлөөд явчихдаг гэж боддог. Одоо ч гэсэн хүмүүс ярьж, арга хэмжээ хөтөлж өгөөч гэсэн санал тавьдаг. Магадгүй миний өнөөдөр завгүй байгаа нь үнэлэмжийг минь харуулж байгаа байх.
- Өнөөдрийн амжилтандаа сэтгэл хангалуун байдаг уу?
- Амжилтандаа сэтгэл хангалуун байхаас өөр аргагүй. СУИС-ийг жилд миний сурсан мэргэжлээр 20 гаруй хүүхэд төгсдөг. Түүнээс мэргэжлээрээ ажилладаг нь гарын 10 хуруунд багтана байх. Юм бүхэн цаанаасаа учиртай байдаг. Би Шинэ үе продакшны Бооёо ахтай учирсандаа баярладаг. Сургуулийн “дэвжээ” наадам дээр Бооёо ахыг манай Намбал багш урьж авчирсан юм. Улмаар Бооёо ахтай танилцаад, найзалж нөхөрлөсөн. Ээждээ энэ тухай хэлэхэд биднийг ах дүү болгож өгсөн юм. Шинэ үе продакшнд орсондоо баярладаг. Тэнд Өөскө, Аюуш хоёртой уулзсан. Эндээс л бүх зүйл эхэлсэн. Улмаар уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийг байгуулж байсан. Энэ хорвоод надад тохиосон учрал бүхэндээ талархдаг. Хамгийн гол нь өдийг хүртэл цуг байгаа хамтлагийнхаа найзуудаараа бахархдаг. Биднийг амжилт гаргаагүй гэж өнөөдөр хэн ч хэлэхгүй. Батсүмбэрийн Аюуш гэдэг охиныг өнөөдөр танихгүй хүн гэж байхгүй. Энхбаяр, Өөскөг ч гэсэн хүмүүс мэднэ, танина. Бид өнөөдөр бүгд л өөрсдийнхөө өмнөх ажлаа барахгүй, ажиллаад л байгаа. Үүнд маш их сэтгэл хангалуун байдаг. Тиймээс сэтгэл хангалуун байгаа амжилтаа илүү олон жил яаж хадгалах вэ гэдэг нь биднээс л шалтгаална.
- Соёл урлаг өнөөдрийн нийгмийг арай илүү гэрэл гэгээтэй болгож байх шиг?
- Урлаггүй бүтэх зүйл гэж нэгээхэн ч үгүй. Би маш олон спортын найзтай. Тэдэндээ хэлэхдээ “Та нар хэдий мундаг бахархалтай ч, та бүгдийн оролцдог Олимпыг юугаар нээгээд юугаар хаадаг вэ” гэж асуудаг. Мэдээжийн хэрэг урлагаар нээгээд, урлагаар хаадаг. Дунд нь спортынхон хүмүүсийн бахархлыг түрүүлдэг. Өнөөдөр нэг айл шинэ байранд ороход жавар үргээх морин хуурч хэрэг болно. Нэг компани шинээр байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахад хөтлөгч, дуучид хэрэг болдог. Бүхий л баяр ёслол, сонгуульд хүртэл урлагийнхан байж л байдаг. Өнөөдрийн энэ бухимдалтай, хүмүүсийн стрестэй байгаа үед урлаг, шашин байхгүй байна гээд төсөөлөөд үз. Бүх зүйл хар бараан санагдана. Урлаг өнөөдрийн нийгмийг зөөллөж байгаа хамгийн том салбар. Тиймээс урлагаа хайрлах хэрэгтэй. Илэн далангүй ярихад Олимпын тамирчдаа дэмждэг шиг урлагийнхныг ч мөн дэмжих нь чухал. Тухайлбал, олон жил болсон “Хурд”, “Камертон” гэх мэт хамтлаг, Сарантуаяа, Ариунаа гээд дуучдыг, чадварлаг хөгжмийн зохиолч, зураач, сонгодог урлагийнхан гэх мэт хүмүүст улсаас хангамж туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Урлагийнхан бол байнгын орлоготой хүмүүс биш. Ихэнх нь чөлөөт уран бүтээлчид. Чөлөөт уран бүтээлчид л урлагийг чирж явж байна. Урлаг байж өнөөдрийн ядуурал бухимдалтай нийгмийг гэгээрүүлж байгаа юм. Гадуур явж байгаад уурлаад гэртээ ирэхэд хөгжим сонсоод тайвширдаг. Хамт олноороо стресстэй байсан бол хошин шог үзэхэд кайп авч, коллективтой болно. Энэ бүхнийг бид улсаас, татвар төлөгчдийн мөнгөнөөс авч хийгээгүй гэдгийг нийгмийг харлуулж буй хэсэг бүлэг хүмүүс ойлгох хэрэгтэй. Хандивын тоглолт гээд л эерэг зүйл болгонд урлагийнхан уриалдаг юм.
- Соёл урлаг улс төртэй холбоотой юу. Урлагийнхан хэн нэгэн улс төрчийн сурталчилгаанд явдаг. Таныг ч гэсэн явж байхыг харж байсан?
- Соёл урлаг улс төрд ч гэлтгүй нийгмийн бүхий л зүйлд оролцдог. Ерөнхийлөгчийн сонгуулиар л гэхэд хүмүүсийн нүдэнд хамгийн их “баалуулсан” хүн нь би байлаа. “Бөгс долоогч”, “пялдага” ч боллоо. Намайг өмөөрөх нь өмөөрөөд л, давшлах нь давшилж л байсан. Юм гэдэг их сонин. Намайг хүзүүгүй, хужаа гэж бичиж байсан хүмүүсийн ихэнхтэй нь би сонгуулийн дараа таарсан. Намайг бүүр яг тэгж бичиж байсан хүний дүүгийнх нь хуримыг хөтөлсөн юм. Бэр талаас нь намайг урьсан. Би ямар нэгэн мөнгө авалгүй хөтөлж өгсөн. Тухайн нэг халамцуу нөхөр надтай мэнд мэдээд л байна. Нэг л харсан царай. Хаана харлаа гээд бодоод байсан чинь. Нөгөө сонгуулийн үеэр намайг хамгийн их доромжилж, чат бичиж байсан нөхөр байна. Тэгсэн тэр нөхөр “Хурим ёстой сайхан боллоо. Чамд их баярлалаа. Найз нь чамаас нэг уучлалт гуйя. Сонгуулиар би чамайг хамгийн их турхирч, доромжилсон хүмүүсийн нэг байна. Миний хаяг энэ. Би нөгөө талд ажиллаж байсан. Тэр яахав сонгууль шүү дээ” гэж хэлж байсан юм. Тэгээд би нүд рүү нь харсан чинь жинхэнээсээ уучлалт гуйж байсан. Намайг “Чи яагаад тийм сонголт хийсэн юм бэ” гэж байсан. Тэгэхэд нь би “Чиний яагаад тэр талыг сонгох болсон шалтгаантай чинь л ижил. Хэн нэгний үзэн бодлыг битгий тэгж муухай доромжилж бай” гэсэн юм. Бид бол реклам, сурталчилгаагаар л амьдардаг хүмүүс. Ялангуяа саяын ерөнхийлөгчийн сонгууль маш хар болсон. Нийгэм ч үүнд их бухимдсан. Бидний дэмжиж байсан хүмүүс ч юу болж орхив. Итгэхийн арга алга байна. Харин сонгууль дуусаад л бүх зүйл мартагдсан. Энэ тал дээр ганц л зүйл хэлье “Улс төр урлагаар дутна уу гэхээс. Урлаг улс төрөөр хэзээ ч дутахгүй”. Урлаг бол улс төрд хэрэгтэй. Шинээр гарч ирж байгаа хүмүүс өөрсдийгөө таниулж чадахгүй. Харин бид тэднийг нийгэмд таниулдаг. Хэдий бид улс төрийн нүүр царай болоод муулуулсан ч гэсэн. Аль нэг намд орохгүй шүү дээ. Харин нийгмийг зөөллөх уран бүтээлээ хийгээд л байж байна. Магадгүй аль нэг чадварлаг улс төрч гарч ирээд урлагийг хөгжүүлж, эерэг хууль батлахыг үгүйсгэхгүй. Саяны сонгууль бол зүгээр ажлаа хийгээд явж байсан олон хүнд сөрөг нөлөө үзүүлсэн.
- Та урлагийн хүн болъё гэж багаасаа боддог байсан уу?
- Би урлагт дуртай байгаагүй. Их ичимхий хүүхэд байсан. Гуравдугаар ангид ээжийн минь найз “Би эндээс явахгүй” гээд киноны дүрд намайг шалгуулсан. Азаар би тэнцсэн. Тус кино нь Монголын анхны видео хуурцагтай кино байж таарсан. Дархны Ганбаатар гээд олон сайн кино найруулсан найруулагч байдаг. Тус найруулагчийн найруулсан кинонд алтан үеийнхэнтэй хамт дүр бүтээх боломж надад олдсон юм. Тухайлбал, “Энэ хүүхнүүд үү” киноны Мандах эгч, “Сэрэлт” киноны Даваа гээд л. Кинонд тоглосон хүмүүсийн хамгийн залуу уран бүтээлч нь үндэсний телевизийн Цоодол ах, хамгийн жижиг нь би байсан юм. Энэхүү кинонд тоглосон нь хувь тавилан гэж боддог. Намайг кинонд тоглож байсан гээд сургуулиас аливаа арга хэмжээг хөтлүүлнэ. Магадгүй энэ үеэс л ээж минь намайг урлагийн хүн болгоно гэж шийдсэн байх. Би бол хувьдаа бөх болохыг хүсдэг байсан. Гэтэл ээж минь урлагийн сургуульд ор гэдэг байлаа. Ээжийн заасан замаар явсан. Ээжийнхээ үгээр явахад буруу зүйл огт байхгүй. Бидэнд заяасан бурхан бол ээж хүн юм.
- Та гэнэт л 2013 онд хуримаа хийчихсэн. Эхнэртэйгээ хэрхэн танилцсан бэ. Юу нь таныг хамгийн их татав?
- Хүнийг хамгийн түрүүнд татах зүйл бол ерөнхий царайны төрх байдаг. Зарим хүмүүс нүд гэж хэлдэг. Гоё нүдтэй хэрнээ эвгүй хамартай хүн ч бий. Ерөнхийдөө нийтлэг итгэж болохоор царайтай хүн байдаг даа. Хүмүүс зүрх сэтгэл гэж ярьдаг. Гэвч зүрх сэтгэлийг шууд уудлаад харж болохгүй болохоор, маш удаан хугацааны дараа таньдаг. Жүжигчний мэргэжил нь хүн судлалын мэргэжил юм. Тухайлбал, тогооч, эмч хүний дүрд тоглолоо гэхэд эмч, тогооч хүнийг маш сайн судлах шаардлагатай болно. Энэ талаараа ч олон талын дүр бүтээхээр их гярхай болдог. Надад хүнтэй гар бариад, хэдэн минут ярилцаад, дуу хоолойг нь сонсоход тухайн хүнийг мэдрэх чадвар байдаг. Эхнэрийн минь хувьд миний хамгийн анхны харсан төрх бол муухай, хөөрхөн ч биш байсан. Нэг л тийм миний толгойд тийм эмэгтэй хөөрхөндөө гэсэн бодолд яг нийцэж байсан. Харьцаад үзэхэд ч зан ааш нь таалагдаж эхэлсэн. Зан ааш таалагдахгүй бол бас хэцүү. Бид олон жилийн турш бие биедээ шохоорхож байсан. Хоёулаа хоёр талд өөр өөр хүнтэй үерхдэг, найзууд байсан үе ч бий. Суух гэж байгаа хүмүүсээ хүртэл хоорондоо ярьж байсан. Харин сүүлдээ ярьж байсан хүмүүстэйгээ ч суугаагүй. Хоёулаа ганц бие болчихсон. Манай эхнэр тухайн үед гадаадад сурч байлаа. Аливаа зүйлийн цаг нь ирэхээр хурдан юм билээ. Нэг амралтаар ирэхэд нь л бэр гуйсан. Тэр жилдээ л хуримаа хийсэн дээ. Яахав тухайн үедээ цаг нь болоогүй байсан болов уу гэж боддог. Бас нэг зүйл их сонин. Ээжийгээ байхад ганцхан эмэгтэй хүнийг танилцуулж байсан нь манай эхнэр байдаг юм. Манай эхнэр чинь Аюушийн найз байсан. Аюушаар дамжуулж анх танилцсан. Нэг удаа Аюуш бид гурав оройтоод цуг манайд очиж хоносон юм. Ээжийгээ байхад эхний бөгөөд эцсийн удаа гэртээ эмэгтэй хүн дагуулж орж байсан тохиолдол нь тэр болсон. Бид гурав шөнөжингөө буу халж хоносон. Тэгээд өглөө нь ээж маань цай хоол хийгээд л. Дүү нар ахын найз охин ямар охин байна гэж шивнэлдэж байгаа нь сонсогдоно. Тэгсэн ээж “Хурдан Батбаярын дэлгүүр лүү очоод хиам зээлээд аваад ир” гээд дүүг явуулж байгаа юм. Ээж нар хүүхдийнхээ найз охин юм уу залууд нь хөл алддаг шиг л байсан. Бодвол таалагдсан байх. Би ч ичиж санаа зовоод л. Оюутан байхдаа эхнэрийнхээ зургийг аваад түрийвчиндээ хадгалдаг байсан. Дүү нар ээжтэй “нөгөө түрийвчинд зураг нь байсан эгч мөн үү, биш үү гээд” шивнэлдэж байгаа юм. Түүнээс хойш маш олон жил өнгөрсөн. Бид хоёр салсан. Ээж минь ч бурхан болсон. Гэвч болох ёстой зүйл болдгоороо болсон. Би Архангай аймгийн Булганых. Нэг удаа нутагтаа очиход эмээ минь нутгийнхаа уулан дээрээ хүссэнээ гуй гэсэн. Гэхдээ мөнгө төгрөг битгий гуйгаарай, сайн хань ижил гуй гэсэн юм. Би ууландаа гараад л “намайг ойлгодог, тусалдаг сайн хань заяагаач” гэж гэсэн. Бэр гуйхаар очиход манай хадмууд маань Архангайн хүмүүс болж таарсан. Хамаатан саднууд маань хүртэл бие биенээ таньдаг, нэг газар ажилладаг байж тохиосон юм. Би тэгэхэд л уул ус амьтай гэж үнэн юм байна гэж бодсон.
- Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?
- Гараад байвал гаргаад л байхыг хүснэ. Би өөрөө эхээс гурвуулаа. Олуулаа байгаа найз нөхдүүдээ харахаар сайхан байдаг. Энэ талаараа хүн чадал байвал хүүхэдтэй болох хэрэгтэй боддог. Гэхдээ хүний хүссэнээр болохгүй юм. Хүн болж төрнө гэдэг их хувь заяа гэдэг. Зүүний үзүүр дээр арвай тогтохтой адил гэж ярьдаг. Миний хувьд хүүхэдтэй болохыг маш их хүсэж байгаа. Ирэх цагтаа ирэх байх.
- Ярилцсанд баярлалаа
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Хуулбарлан нийтлэхийг хориглоно
Сэтгэгдэл ( 30 )
ene muu chatsaga odoo yu ve uuriiguu yu gej boddin bol do muu har hoshnogo chin bandi lalar heleh ch muu ug oldohgui muu pizdaa
Ugaasaa pyldaga daldaga pizda sde bas nutgiin nereer ovoglood bga nutggui bj hol bgaarai atsaa
76 gishuud olon jil TV geer idsen uusan negniigee bulihaig elchilj bhad ard tumen bidnii ulaan tsaim nuuren deer yarjil bdag ard tumen bid ch gj hoorhii odoo arai dendee bga yum bishvv ard tumen minee odoo bugdeeree niilj bgad boslogo gargah heregtei uls turiig tseverleh tsag n negent boljee anhaarah tun!!!
zarim urlagiin humuusiin yarij bgaagaar n tsoomog ih atman l gdg yum bn lee getel iim hun bugs doloogch pyaldag bh ch gj dee harin ch zaluu hoich uyedee ulger duirailal bolj unen zuv shudraga bhiig zaaj zuvulmuur yumdaa araichdee heleh ch ug alga yaatsan horvoov dee ene monogol ulsad chin ezen geh hun bn yy taminee ain ard tumen bid bugd l bososhgui yum bol mongol gdg uls chin muhuh gd bn shvv dee!!!!
Өөскө та хоёр Энхболдын хүүхдүүд шүү дээ.Үнэхээр муухай харагдаж байсан шүү.
амжилт гоё шүүү. Таныг үргэлж дэмждэг. Мундаг залуу шүү
Alt aminii garztai shuu gazar uhahaa bolioroi
Ахха ха удам сударгүй муу алиалагч чамаар улс төр юугаа хийнээ алиалагч юм байж юу вээ муу хужаагийн шээс гэнүү мэдэх хүмүүс нь.мэдээд бичиж бгаан байлгүй дээ. Чиний сонгуулийн үер пялдагдаал бөгс долоогоол гүйж явсан бичлэг чинь үлдсэн бхд юу гээл бгаан чи хэн юм. Энхболд бол чам шиг юманд муулуулах хүн биш
Saixan unshuurtai yriltslaga bn Amjilt xvsii
hujaa
hujaa
hujaa
авьяаслаг хөөрхөн эгдүүтэй дүүдээ амжилт хүсье. Чамд их ирээдүй бий шүү Цоомоо
Чиний дэмжиж байсан Энхболд л балиар юм их хийж байсан .. 60 тэрбумаар албан тушаал заралцаж мөнгөжсөн нь зүгээр үү тэ чинийхээр?
ккк.цоомоо гэж 6н буудлын пацаан юмуу.ахыгаа таниж байна уу.Чингэс ах нь бна.
эцэг чинь
Ээ хээ ямар онгироо хог вэ? Догшин хар л гэж сонссонийн байна. Юу юу гэнэ вэ муу физда чинь одоо хэмх нүдээд өгье л дөө. Цагдаа шүүх болоод яаж гүйх бол нэг ийм өвчтөй юмнууд олон аавын хүүхдүүд дунд өөрөөсөө илүү байхгүй гэж бодоод онгироод байдийн өөрөө хүн зодчихоороо онгироод лөөрийг гусчихаар новшроод байдаг амьтасыг энэ фэска мэддэггүй юм шивдээ. Чамтай нэг уулзанаа хөө битгий нус шиг нялцаганаад байгаарай
MUU BIEE UNELEGCH PYLDAGA PIZDUUUH, NAIZ NUHUD EEJEESEE URVEHGUI GENEE, CHI HARIN 60 TERBUMAAR ULSAA HUDALDSAN HUMUUST URVASAN EH ORNOOSOO URVASAN PYAZDAAK SHDEE, PYAZDAAKAAA URVAGCHID NUTAQG BHGUI SHUU BITGII ARIIN SAIHAN HANGAIG MIN DOROMJIL, CHI BOL YANHAN, UYAHAN SETGELTEI SULHAN BUGSTEI FUUUUUUK
bogs dolooson bol tegeed bogs doloogch l gene sh xexe
Haha..ene tom duhtai pyldaga batsaan uuriiguu bas dogshin gechijee...kk
AAN BITGII HUTSAAD BGAARAI MUU NOVSHOO LUUHANII HUUHED BSAN CH YADGIIN CHAM SHIG GUDAMJIND LAAJ HOSHIGLOJ YAVAAGUI KOMNII ARD AMNIIHAA TSANGAAG GARGAAGUI,CHINII HAJUUD BOL 100 HIVI SAIHAN AMIDARCH BNA MALANTSAR MINE.MGOLIINHOO TOLOO ZUTGEED TATVARAA TOLOOD YAVJ BNA.UHAANTAI BNA EEJ HUN BOL BIDEND NEGEL OLDONO,TSAASHDAA ULAM SAIHAN ZOV BODOLTOI SAIHAN AMIDRAARAI ENE MUULAAD BGAA NOVSHNUUDIIG ATAARHAAD UHTELEN SAIHAN AMIDRAARAI.
ЗХУ-ын алдарт найруулагч Сергей Бандарчук өөрөө киноныхоо гол дүрд нь тоглоод өөрөө найруулдаг байсан. Тийм хүн байхгүй гэж бүлтэрч болохгүй л дээ. Ер нь хоосон талдаа толгойтой нөхөр шиг санагддаг. Гэхдээ ажил хөдөлмөр нь өөдрөг ихийг хийж бүтээж залуу хүнд амжилт хүсье дээ
амжилт гоё шүү цоомоо ах
7 Буудлын луухааны хүүхэд гэдэгсэн. Одоо ч гжсэн адилхан даа хөөрхий. 5,6 Буудлын хужаанууд андөхгүй манай хүн манай хүү гээд л байдаг.
amjilt
6 н буудлын халуун усны үсчинд ээжээр нь мөн ч их үсээ үнэгүй засуулсандаа. Буянтай тусархаг сайхан хүн байж билээ. Нараа эгч гээд тэр хавийнхан андахгүй
MUU PYLDAGA BATSAAN
сайхан хөтлөгч дэмждэг шүү
chaawaas haagaa oloh geel yariltslaga ogchdee