Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын албаны хүмүүс ХБНГУ-ын Хэссэн мужийн хуульч бэлтгэх тогтолцоо, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн мэргэжлийн талаар судлаад ирсэн билээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, судалгааны багийн ахлагч О.Зандраагаас тодрууллаа.
-Монголд "Шүүхийн коллеж” байгуулахаар судалж байгаа. Үүнтэй холбоотойгоор таны ахалсан баг ХБНГУ-д ажиллаж шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч бэлтгэх тогтолцоотой танилцаад ирлээ. Тэнд шүүхийн захиргааны албан хаагчаа хэрхэн бэлтгэдэг талаар товч танилцуулаач?
-Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 оны 128 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл”-тэй хамтран ажиллаж байгаа. Судалгааны баг төслийн хүрээнд ХБНГУ-ынХэссэн мужийн хуульч бэлтгэх тогтолцоо болон шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн бие даасан мэргэжил бий болсон шүүхийн туршлагатай өнгөрсөн сард танилцаад ирлээ.
ХБНГУ-ын хувьд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх хоёртөрлийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагчийн статустай ажиллах шүүхийн түшмэл (туслах шүүгч хүртэл дэвших боломжтой, дээд боловсролтой албан хаагч), дундаж түвшний төрийн албан хаагч-Justizfachwirt, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн хуягийг бэлтгэдэг тогтолцоо байна.
Хоёрдугаарт, тарифын гэрээгээр ажиллах шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-justizfachangestellte бэлтгэдэг тогтолцоо юм.
-Манайд эдгээрээс аль тогтолцоог нь нутагшуулах боломжтой бол?
-Манай баг төрийн дундаж түвшний албан хаагч-Justizfachwirt, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-Justizfachangestellte бэлтгэдэг тогтолцоо, тэдгээрийн онцлог, ялгаа, давуу болон сул талыг голчлон судалсан.Энэ судалгаа "Шүүхийн коллеж” байгуулах ажилд том түлхэц болно.
Justizfachwirt мэргэжлээр суралцагчид Шүүх дэх захиргааны мэргэшсэн албан хаагчийн мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу тухайн төрлийн сургалтыг дагнан эрхэлдэг сургуульд онолын хичээл үздэг болJustizfachangestellteмэргэжлээр суралцагчид суурь хичээлийг Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу Мэргэжлийн боловсролын төв дээр үздэг. Харин дадлагын хувьд аль аль нь мужийн Дээд шүүх дэх сургалтын хэлтсийн хяналт дор анхан шатны шүүхэд дадлагаждаг юм байна.
Анхан шатны шүүх шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах томоохон бааз болохын хувьд шүүхийн байрны нэг хэсэгт сургалтын заал, танхимыг бэлтгэж, суралцах орчныг маш сайн бүрдүүлжээ.
-Төрийн дундаж түвшний албан хаагч, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн ялгааг тодруулаач?
-Эрх зүйн хувьд Justizfachwirt нь Шүүх дэх мэргэшсэн захиргааны албан хаагчийн тухай хуулиар, Justizfachangestellte нь Мэргэжлийн боловсролын тухай хуулиар зохицуулагддаг. Эхнийх нь 2 жил, хоёр дахь нь 3 жилээр суралцана. Шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийг Мэргэжлийн боловсролын сургууль, сургалтын шүүхэд бэлтгэдэг. Ажиллах статусын хувьд Justizfachwirt төрийн албан хаагч бөгөөд заавал ХБНГУ-ын иргэн байх ёстой. Харин Justizfachangestellte нь тарифын гэрээгээр ажиллах бөгөөд иргэншил хамаардаггүй.
-Эдгээр албан хаагчид төгсөнгүүт шүүхэд ажиллаж, иргэдэд үйлчлэх үү?
-Бид үүнийг судлахаар Хэссэн мужийн Дармштат хотын анхан шатны шүүхэд ажиллаж"Юниор үйлчилгээний нэгж”-тэй танилцсан. "Юниор үйлчилгээний нэгж”-д шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагч-Justizfachangestellteнар ажилладаг. Гол онцлог нь эдгээр суралцагчдыг ажлын талбарт нь илүү ойртуулах, дадлагажин ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс шүүх дэх үйлчилгээний нэгжийн жижиг хувилбар байдлаар "Юниор” үйлчилгээний нэгж байгуулсанд оршино.
Тухайлбал, найман долоо хоногийн суурь мэдлэг олгох хичээл үзсэний дараа "Юниор” үйлчилгээний нэгжид ажиллаж эхэлнэ. Суурь мэдлэг олгох найман долоо хоногт зохион байгуулалт, ажлын урсгал, хавтаст хэрэгтэй харилцах, шүүгчийн захирамжийн дагуу хавтаст хэрэгт ажиллагаа хийх, шуудан хуваарилах, програм дээр ажиллах зэрэг хичээлийг судалдаг. "Юниор” үйлчилгээний нэгжид суралцагч багшийн удирдлага дор жинхэнэ хавтаст хэрэгт ажиллагаанд хийж, хянуулаад, шүүхийн үйлчилгээний нэгжид шилжүүлдэг. Дадлагажаад ирмэгц гүйцэтгэж буй чиг үүргийг өөрчилж, хэргийн оролцогчийн хүсэлт, гомдол тэмдэглүүлэх зэрэг өөр ажил хуваарилан өгдөг. Суралцагчид энэ дадлагын зэрэгцээ Мэргэжлийн боловсролын төв дээрх сургалт болон шүүх дээрх танхимын сургалтад хамрагддаг юм билээ.
Сэтгэгдэл ( 0 )