Өөрөө өөртөө гэрэл бол

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

Сэтгэлийн огторгуй нь цэлмэсэн хүн хорвоогийн эд баялаг, тансаг сайхны дунд амьдравч тачаал шуналд баглагдахгүй. Ядуу зүдүү, бохир буртаг дунд оровч уур бухимдалд автахгүй. Утга чанарыг танисан учир мунхаг харанхуйд үл төөрнө. Агшин бүрийн урсгалыг сэрэн мэдэрч, сэхээлэг амьдрах тул сансрын хүрднээс гэтэлж, мөнхийн оршихуйд нэгдэнэ.

НАГАРЖУНА

Монголын буддын философи судлаач, орчуулагч. “Агнистийн гэгээ” цуврал, Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” зохиолыг түвд хэлнээс орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлж, олны хүртээл болгосон

Будда бол нойрноос сэрсэн гэсэн утгатай үг. Үнэний эрэлхийлэл олон боловч гадагшаа чиглэх, үзэгдэлд уягдах, би буюу эгогийн аль нэг хэлбэрт хашигдах, эгэл ертөнцийн зүүднээс салавч сүнслэг зүүдэнд автах гэхчлэн төөрөгдөл үргэлжилдэг. Тэр бүх зүүд нойрноос сэрж, жинхэнэ эрх чөлөөнд хүрэх замыг Будда заажээ. “Бясалгал нь хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон цагт л таныг хувиргаж чадна” гэж Будда хэлдэг. Буддагаас өмнө бясалгалыг ямар нэгэн тусгай ажил, тодорхой цагт хийх дасгал маягаар хүмүүс ойлгодог байв. Бясалгал бол амьсгалах мэт энгийн бөгөөд тасралтгүй үйл явц байх учиртайг Будда заажээ. Хүн төрөлхтөнд түүний хийсэн хамгийн агуу үйлс бол Випассана. (Випассана нь пали, Випашяна нь санскрит дуудлага) Энэ бол ажиглах буюу гэрчлэх гэсэн утгатай үг. Тэрээр ажиглалтыг гурван төрөлд хуваажээ. Энэ нь энгийнээс нарийнд шилжихшинжлэх ухаанч арга барил. Эхнийх нь биеэ ажиглах. Алхаж байхдаа алхаагаа мэдэр. Хооллож байхдаа түүндээ л орш. Өөр зүйлд битгий сатаар. Гараа хөдөлгөлөө гэхэд анхааралтай байж, хөдөлгөөнийг нь мэдэрч дагавал өвөрмөц таашаал, нам гүм аяс, хайрыг мэдрэх болно. Хэрэв анзааргагүй, зуршмал үйл төдийгөөр хөдлөх юм бол юу ч амсахгүй. Будда явахдаа маш алгуурхан алхдаг байсан. Хүмүүс гайхаж, учрыг нь асуухад “Энэ бол миний бясалгалын нэг хэсэг. Өвлийн зайрмагтсан гол дээгүүр алхаж байгаа шиг сэрэмжтэй, алхам бүрээ ухамсарлаж байвал чи үнэн мөрөөс гажихгүй” гэж хэлдэг байжээ. Үйлдэл үгүй үед амьсгалаа ажиглах нь хамгийн дөхөм туршлага. Амьсгалын орох, гарах урсгалыг ажиглаж суугаад л энэ дэлхийн хаад ноёд, саятан баячуудын эд мөнгө, эрх мэдлээр авах гээд чаддаггүй эрх чөлөө, тансаг жаргалыг хүртэх болно. Ажиглалтын удаах алхам нь бодол сэтгэлээ ажиглах. Бодол бол үл үзэгдэх долгион боловч чиний биеийн эд эстэй адил бодит зүйл. Агаар гарт баригдахгүй мөртлөө мод, чулуутай л адил бодитоор оршдог шүү дээ. Бодол санаа ч түүнтэй адил. Бодлыг ажиглахдаа түүнийг сайн, муу гэж шүүх хэрэггүй. Шүүгээд эхэлмэгц чи өөрөө бодлын нэг хэсэг болж, хөндлөнгөөс ажиглах боломжоо алдана. Замын хөдөлгөөнийг ажиглагч биш хөдөлгөөнд оролцогч нэгэн болно. Бодол санаагаа салхинд туугдаж буй үүлийг харах мэт ажигла. Хар үүл нь муухай, цагаан үүл нь сайхан гэхчлэн бүү бод. Үүл бүхэн уг чанартаа ялгаагүй. Бодол бол үүлтэй адил бидний дотуур урсан өнгөрөх долгис юм. Шүүж тунгаалгүйгээр ажиглах юм бол чөлөө учрал тохионо. Ажиглах тусам бодлын үүл сэмэрнэ. Тухайлбал, анхаарлын 50% а ж и г л а л т а н д чиглэх үед бодол 50% байна. Бодол, ажиглалт хоёр урвуу харьцаатай гэсэн үг. Хэрэв оюун санааны дийлэнх хувь ажиглагч болох юм бол хөдөө хээрийн замаар хааяа нэг машин өнгөрөх шиг бүүр түүрхэн бодол ургаад замхарна. Шүүж цэгнэхгүйгээр зөвхөн гэрч болсон үед толь мэт цэвэр ухамсар болно. Толь янз бүрийн дүр тусгавч өөртөө нялзаахгүй, тунгалаг чанараа хадгалдаг. Энд л бүх нууц бий. Уг нууцыг ойлгосон бол амьдралын хамгийн нарийн ширийн хэсэг дээр турш. Энэ бол мэдрэмжээ ажиглах явдал. Ажиглаагүй үедгунигийн мэдрэмж төрмөгц чи өөрөөгуниг зовлон болж хувирдаг. Уурлалаа гэхэд уур уцаарбүх биеийн чинь эд эсэнднэвчих жишээтэй. Зүрхээрээ ажиглаж чадах юм бол тэр бүхэнд автахгүй. Үүсээд л замхрах түр зуурын үзэгдэл өөрийн дотоод мөн чанарт үл нялзахыг харна.

ӨӨРИЙН СЭТГЭЛ БИЛГИЙН СУРВАЛЖ ТУЛ БУРХАНЫГ БУСДААС БҮҮ ХАЙ.

НӨГЧИХ ЦАГИЙН БИЛИГ СУДРААС

Жаргах, зовох чинь бусдаас хамаарч явдаг хөөрхийлөлт боолын амьдрал дуусгавар болно. Мэдрэмжээ гэрчилж чаддаг болсон үед л хүн хувь заяаныхаа эзэн болдог. Үйлдэл, бодол, мэдрэмжээ гэрчлэх энэ гурван алхмыг төгс хийсэн үед дөрөвдэх нь аяндаа тохионо. Зүгээр л гэрчлээд, хүлээж бай. Цаг нь болохоор өөрөө биелдэг түүнийг хүчээр хийх боломжгүй. Тэр бол зүрхний төвөөс оршихуйн мөн чанар луу хийх үсрэлт юм. Түүнийг гэгээрэл, туйлын эрх чөлөө, бодь хутаг гэхчлэн юу ч гэж нэрлэж болно. Эрэл хүслийн тойргоос бүрэн ангижирч, өнө мөнхийн амгалан жаргалд уусахуй юм. Нэгэн түүх ярья. Будда зуны халуун өдөр нэг тосгоноос нөгөө тосгон руу аялж явжээ. Тэрээр дэргэдийн шавь Анандад хандаж: “Ананд минь уучлаарай. Чи буцаж явахгүй бол болохгүй нь. Миний ам цангаад байна. Түрүүн хоёр, гурван бээрийн өмнө бид нэг голоор гарсан даа. Чи эргэж яваад тэндээс ус аваад ир” гэжээ. “Танд хүчин зүтгэх нь миний баяр бахдал шүү дээ, багш минь” гээд Ананд эргэн явжээ. Тэр гол уулнаас эх авдаг их цэвэр цэнгэг устай гол байж. Харин Анандыг эргэн очиход булингартай, бохир харагджээ. Ийм бохир ус Буддад өгч болохгүй гэж бодоод Ананд эргэн ирж. “Би ус авчирч чадсангүй. Гэхдээ санаа зоволтгүй. Эндээс дөрвөн бээрийн цаана өөр нэг том гол бий. Би тэндээс ус аваад ирье” гэжээ. Будда түүнд “Чи юу ч ойлгохгүй байна. Би тэр голын уснаас л уух гэсэн юм. Цаг зав, эрч хүчээ чи дэмий үрж. Ус авчирсан бол дээр байсан юм” гэж хэлжээ. “Тэр ус их муухай бохир, элдэв хог саг хөвж байсан шүү дээ” гэхэд нь “Дахиж яваад ус аваад ир” гэж  Будда хэлжээ.

ҮЙЛДЭЛ, БОДОЛ, МЭДРЭМЖ ХИЙГЭЭД МӨН ЧАНАРЫГ АЖИГЛАН ГЭРЧИЛСНЭЭР ГЭМ ӨӨРӨӨ АРИЛЖ, ЭРДЭМ АЯНДАА ДЭЛГЭРНЭ.

ДУРЬДЛЫГ АГУУЛАХ СУДРААС

Багшийн зарлиг тул Ананд дуртай, дургүй эргээд явжээ. Түүнийг очиход түрүүхэн хөвж байсан хог саг арилж, ус тунгалаг болсон байлаа. Ананд голын эрэг дээр суугаад багшийн хэлэх гэсэн санааг сая ойлгожээ. Хэрэв тэр өмнө нь ирэхдээ жаахан тэвчээртэй хүлээсэн бол урсгал аяндаа цэвэршихийг харах байж. Ананд цэвэр ус аван эргэн ирэхэд Будда “Чи миний юу хэлэх гэснийг ойлгов уу?” гэв. Ананд нулимсаа арчин “Тийм ээ, би ойлголоо. Өмнө нь очихдоо би голын усанд хөвөх хог сагийг арилгах гэж оролдоод улам булингартуулж орхисон юм. Тэгэхийн оронд зүгээр л эрэг дээр суугаад, ус өөрөө цэвэршихийг харах ёстой байжээ. Урсгалд хог саг аяндаа туугдаж, булингар зөнгөөрөө намждаг юмсанж. Сая би голын эрэг дээр урсгал ширтэн сууж байхдаа сэтгэлийн урсгалаа ойлголоо. Өнгөрсөн үетэйгээ зууралдсан, үхэл зовлонгийн айдас, элдэв хог саг, буртаг булингарт автсан миний сэтгэл яг л тэр голын урсгал шиг. Би сэтгэлээ хүчээр намжаах гэж зогсоо завгүй оролддогоос болж улам булингартуулж, “Хэзээ ч би Буддагийн төвшинд хүрэхгүй юм байна” гэсэн дорд үзэлд автдаг юм байна. Харин өнөөдөр голын урсгалыг ширтэн суугаад өөртөө итгэх итгэл минь сэргэлээ. Би тайван ажиглах юм бол сэтгэлийн гол минь аяндаа цэвэрших болов уу?” гэж өчжээ. Будда “Тийм ээ, чи зөв ойлгосон байна. Би үүнийг ойлгуулах гэж л чамайг усанд явуулсан юм. Хоёр үхэр тэрэг уул даван ирэхийг хараад, гол гатлах цагийг нь тааруулж чамайг явуулсан юм. Үнэн хэрэгтээ миний

НОМЫГ ГОЛ ГАТЛАХ ХЭРЭГСЭЛ АДИЛ УХААРСАН ХҮН НОМД /ЗӨВД/ Ч УЯГДАХГҮЙ БОЛ НОМ БУС /БУРУУ/-Д ЯАХИН УЯГДАХ ВЭ... ИЛБЭ, ЗҮҮД, ЭГШИН ЗУУРЫН ГЯЛБАА, ТЭНГЭРТ ХӨВӨХ ҮҮЛ МЭТЧИЛЭН ҮҮДСЭН БҮХНИЙГ ТИЙНХҮҮ АЖИГЛА.

ОЧИР ТОГЛОГЧ СУДРААС

ам цангаагүй, харин чиний зүрх цангасан байлаа” гэж хэлжээ. Будда энэрэл нигүүлслийн чухлыг хүн төрөлхтөнд ойлгуулсан их багш билээ. Тэрээр бясалгал хийх үедээ хүртэх амар амгалан, баяр цэнгэлээ дотроо хадгалалгүй бүх ертөнцөд түгээхийг сургадаг. Бусдад түгээснээрээ та нар хоосрохгүй, харин ч улам баяжих болно. Гэхдээ нигүүлсэгч өөрийгөө бусдаас илүүд тооцох ёсгүй. Эс бөгөөс энэрэнгүй дүр үзүүлсэн бардам зан, бусдыг басамжлах эго үүснэ. Гаднаа адилгүй ч дотоод ухамсар сэрсэн цагт бүгдээрээ адилхан бурхад гэдэг талаас нь бодгаль бүхнийг хүндэлж үзэх нь энэрэл хайрын үндэс юм. Буддагийн сургаалыг сонссон нэг хүн “Би бясалгалын адис, дотоод баялгаа бүх ертөнцөд түгээе. Ганцхан хөршдөө л өгч чадахгүй. Тэр бол үнэхээр зэвүүн муухай хүн” гэхэд нь Будда “Чи тэгвэл бүх ертөнцийг мартаад хөршдөө л илгээж бай. Тэгсэн цагт ертөнцтэй харьцаж чадна” гэжээ. Хариу нэхэхгүй, болзол тавихгүйгээр хамаг оршихуйг хайрлах үедээ хүн өөрөө ариусан гийдэг жамтай. Зам мөр, жам ёсыг таних тусмаа чи амар амгаланг хүртэнэ. Хэдий чинээ амарлиж жаргана, төдий чинээ зам мөртэй зохилдоно. Зам мөрөөс гажсан тохиолдолд гуниг зовлонг мэдэрнэ. Гуниг зовлон бол зам мөрөөс гажсаны дохио. Амар жаргалан бол зам мөрт зохилдсоны тэмдэг. Хэр зэрэг зовж, жаргаж байгаагаараа хэмжүүр хий. “Зам мөрийг өөрөө дагасан хүн буянтай. Гэхдээ бусдын замналд даган баясах ч үлэмж буянтай” гэж Будда хэлжээ. “Энэ буян шамшигдах уу?” гэж нэгэн хувраг асуужээ. Өөрөө бясалгаж байж л өнө мөнхийн буяныг эдэлнэ. Бусдын бясалгалд даган баясаад түр зуурын буян хүртэх байх даа гэж хувраг эргэлзсэн байна. Будда “Нэг бамбарын галаас хэчнээн ч хүн бамбараа асааж, ашиг тусыг хүртэж болно. Гал дөлөө хуваалцлаа гээд уг бамбар унтрахгүй, урьдын адил ноцсоор байна. Зам мөрийн зол буян ч түүнтэй адил” гэжээ. Чи бол үр юм. Бусдын хөгжин цэцэглэлтэд даган баяссанаар чиний үр задарч эхэлдэг. Өөрт л ургаж гараагүй болохоор цэцэг ерөөсөө байхгүй гэж битгий үгүйсгэ. Итгэл найдвар, урам зориггүй амьдрал үнэхээр уйтай. Нас л элээхээс биш ургаж хөгжихгүй. Нас элээх нь хэвтээ тэнхлэг, ургаж хөгжих нь босоо тэнхлэгт хамаарна. Хэвтээ тэнхлэгээр хэчнээн ч явсан тэр л хавтгайдаа үлдэнэ. Ургаж цэцэглэж буй бүхэнд баясч гэмээнэ өөрийн ургах заяа дэлгэрдэг. Хэн нэгэн Будда болно гэдэг нь бүгдийн дотор оршигч Буддагийн илэрхийлэл билээ.

Амьтан бүхэн угтаа бурханлаг,  

Алив гэм нь зуурдын төдий.

Гэмийн үүлс хэчнээн хөшиглөвч

Гэгээн огторгуйд уурлах зохисгүй.

Шантидэва

П.БАДРАЛ

2017-12 сар. “Зиндаа” сэтгүүл №1 /501/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top