Р.Энхбазар: Одоо ч яахав мөнгөөр л асуудлыг шийддэг болсон байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

 


 “Зохиогчийг нь урьж байна” цувралын энэ удаагийн дугаарт Хөгжмийн зохиолч, судлаач Г.Энхбазар уригдлаа. Тэрбээр, "Дэлхий ээж", "Ээжийн бүүвэйтэй хорвоо", "Сансрын нисгэгч ах аа"... зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын аялгууг урлажээ.


-Та уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байв. Ер нь олон сайхан шинэ дуугаар хүмүүсийн сонорыг мялааж байна уу?

-Миний хувьд их айхтар дуулиан тарьсан бүтээл хийсэнгүй. Ер нь дуу зохиох ажлаас хөндийрчихөөд байна. Монголын радиод ажиллаж байсан 1970, 1980-аад оны үе миний уран бүтээлийн оргил үе байлаа. Монголын радиогийн хөгжмийн редакци Монголын дууны уран бүтээлийг түгээх хамгийн том төв байлаа. Дэргэдээ студитэй, бичлэгээ хийдэг байлаа. Өнөөдрийн энэ олон дуу бичлэгиййн студиуд байхгүй байлаа. Тэр үед миний бүтээлүүд ялангуяа “Инээмсэглэл” чуулгатай холбогдож гарч ирсэн. “Дэлхий ээж”-ээс эхлээд нэлээд олон дуу бий. Инээмсэглэл чуулга ч бас Монголын радиог баазаа болгож, бичлэгээ хийлгэж, уран бүтээлээ ард түмэнд хүргэж байлаа. Мөн тухайн үед надтай уран бүтээлээр холбогдож байсан уран бүтээлчид, Мэнд-Ооёо, Сандуйжав, Шаравын Сүрэнжав... нарын уран бүтээлчид радиод ажиллаж байлаа. Би олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллаагүй. Энэ хэдэн уран бүтээлчдийнхээ шүлгээр цөөхөн хэдэн дуу зохиосон.

-Тэр сайхан уран бүтээлүүдийг хүргэж байсан хүн маань яагаад уран бүтээлээ орхих болов?

-Би боддог юмаа. Надад хоёр шалтгаан байгаа юм болов уу. Тэр бол зүгээр шалтаг болохоос том шалтгаан ч биш юм. Уран бүтээлч бол мөнхөд уран бүтээлээ хийж байх ёстой гэж ярьдаг. Миний үндсэн мэргэжил бол хөгжим судлаач. Би одоо бол үндсэн ажлаа хийж байна гэж бодож байгаа. Хөгжим судлалын ажил гэдэг дотроо хөгжмийн түүх судлал, шүүмжлэл, сурталчилгаа... гээд олон чиглэлтэй л дээ. Би одоо сурталчилгааны салбарт үндсэн мэргэжлийнхээ ажлаа хийж байна. Хувийн салбарт зөвхөн хөгжмийн ажлаа хий гэж шаарддаггүй. Өргөн хүрээний ажил шаарддаг. 25 дугаар сувагт ерөнхий редакторын албыг хаших энэ хугацаандаа телевизийн нэтрүүлэг хийж байна. Телевизийн нэвтрүүлэг хийж байхдаа хөгжмөө хаяагүй, Монголын хөгжмийн зүтгэлтнүүд, тэдний бүтээлүүдийн тухай нэвтрүүлгүүд бэлдэж явуулж байна. Мөн хөгжмийн зохиолчдын нийтийн дууны уран бүтээл ялангуяа хорьдугаар зууны түүхэн дуунуудыг сурталчилах ажлыг хийж байна. Ер нь нэг хэсэг манай дууны уран бүтээл зогсонги байдалд орсон. Энэ нь хөгжмийн зохиолчдыг бэлтгэх бодлого алдагдсанаас болсон болов уу? Ер нь л дуу чиглэлгүй болсон үе бий. Хот, хөдөөгийн дуу гэх шиг хуваагдаж байсан цаг үетэй давхцаад би телевизэд орж ирсэн. Хоёрдугаарт дуу гэдэг маань үнэ мөнгөтэй холбоотой болсон. Студи хөлслөх, дуучин хөлслөх, хөгжимчин хөлслөх гээд тэр бүх ачааллыг даах чадал надад байгаагүй. Надтай адилхан олон хөгжмийн зохиолч дууг орхисон байх. Одоо бол нэг үеэ бодвол шал өөр болж байна. Олон сайхан хөгжмийн зохиолчид гарч ирж байна, дуучид ч олон болж байна. Аль аль чиглэлээрээ хөгжиж байна шүү дээ. Надтай надгүй болж байх шиг байна. Одоо тэгэхээр надаас сайхан дуу гараа ч уу үгүй ч үү гэж боддог юм.

-“Дэлхий ээж” гэж сайхан дуу бий. Энэ дууныхаа түүхээс хуваалцна уу?

-Би нийтийн дуунд хөгжим судлаач шүүмжлэгч гэдэг үүднээсээ хандаж хэдэн дуу бичсэн юм. Тэр үед ээжийн тухай дууг санасан, хүлээсэн, үгүйлсэн, бачуурсан жаахан зовлонтой маягаар бичдэг байлаа. Тэгээд Мэнд-Ооёод хэлж  ээжийн тухай дууг арай өөр байж болдоггүй юм уу гэж хэллээ. Хоёулаа нэлээд ярьсаны эцэст “Дэлхий ээж” гэдэг санаагаар хийхээр болсон. Ээжийг байгаль дэлхийтэй холбож, арай өргөн цар хүрээтэй сэтгэж бичсэн байсан.

-Таны ээждээ зориулсан өөр нэгэн эрхэм дууг мэдэхгүй, соноогүй хүн үгүй байх. “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууныхаа дурсамжаас яривал сонирхолтой байх болов уу?

- Өмнө нь Мэнд-Ооёод захиалж, “Ээжийн бүүвэйтэй хорвоо”  дууны шүлгийг бичүүлж байлаа. Тухайн үед аялгууг нь түрүүлээд хийчихсэн байсан. Ээжийгээ харж байгаад нулимсны эгшиглэн маягийн юм цээжинд орж ирээд аяыг нь зохиосон юм. Мэнд-Ооёо өрөөнд орж аялгууг нь сонсож, нуруу үүрч, чимээгүй алхаж байгаад гарсан. Маргааш нь үгийг нь бичээд аваад ирсэн нь яг таарсан байсан. Удалгүй Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Баянмөнх дуулж би төгөлдөр хуур тоглож бичүүллээ. Тэр дууг радиогаар цацагдаад удаагүй байтал, нэг жаахан бор охин гитар барьсаар орж ирсэн нь Сарантуяа байлаа. Таны “Ээжийн бүүвэйтэй хорвоо” дууг дуулах гэсэн юм зөвшөөрөх үү? гэж асуусан. Дуулалгүй яахав, дуулбал дуул гэхэд би дуулж үзүүлье, бараг сурчихсан гээд гитартай дуулсан. Одоогоор бол зөвшөөрөл зохиогчоос нь авч яваа юм байна л даа. Өнөөдөр бол зөвшөөрөл гэдэг үг мөнгөний нэг тал болчихож. Тэр үед хариуцлагын л тогтолцоо байлаа. Тэгж анх Сарантуяа дуулсан. Энэ дуунаас хойш олон ч яруу найрагч ээжийн тухай дууны шүлэг өгсөн. Түүнийгээ давж хийж чадахгүйгээс хойш дэмий байх гэж бодсон ч байх. Би ээждээ зориулаад дуу хийчихсэн учраас олон дуугаар яахав дээ нэг л ээжтэй хүн гээд дахиж ээжийн тухай дуу бичээгүй. Олон дуу хийж болно л доо. Тэр бол мэргэжлийн хөгжмиййн зохиолчийн асуудал биз. Би бол мэргэжлийн хөгжмийн зохиолч биш шүү дээ.

-1981 онд Монгол хүн сансарт нисэхэд, Монголын уран бүтээлчдийн дунд дууны уран бүтээлийн уралдаан заралсан байдаг. Та мөн түүнд “Сансрын нисгэгч ахаа” дуугаар оролцож байсан уу?

-Тэр үед би Хөгжмийн редакцийн хариуцлагтай редактор байлаа. Тэр уралдаанд албан ёсоор “Од болон зүрхэнд хоногшлоо” гэдэг дуугаар оролцохоор бүртгүүлчихсэн байсан. Уралдаанд их олон дуу орсон байсан. Тэрний хажуугаар нэг орой гэртээ байж байтал, Гүррагчааг онгоцноос бууж ирэхээр яах бол, улаан бүч зүүсэн хэдэн хүүхэд гүйж очиж цэцэг бариад л үйл явдал өрнөнө дөө гэж бодогдлоо. Тэгсэнээ өөрөө, Сансрын нисгэгч ахаа

Сайн яваад ирэв үү... гэж үг бичээд л маргааш нь “Улаан бүч” чуулгынханаар дуулуулж бичүүлээд орхичихлоо. Миний гар дор хөгжимчид дуучид элбэг байсан үе л дээ. Албан тушаалаа ашиглачихаж байгаа ч юм уу даа. Тэгээд радиогийн фондод оруулчихаад томилолтоор явчихаад ирсэн чинь “Сансарын нисгэгч ах аа” нь түрүүлээд, зориулж бичсэн нөгөө дуу маань тусгай байранд орчихож. Тэгэхнээ намайг байхгүй хойгуур Хаянхярваа уралдааны шалгаруулалтын комиссынхонд сонсгочихсон юм байж. Тэр үед радиогийн дарга Мятав гэж хүн байсан юм. Намайг дуудаж, тэр хоёр хоёулаа л ээжийн хүүхдүүд, энэ санаагаар нэг дуу хиймээр байна гэлээ. Мятав дарга ч үгээ бичиж, “Ээжийн хоёр хүү” нэртэй дуу төрсөн. Ардын дууны маягтай болсон болохоор Түмэндэмбэрэл гуайгаар дуулуулж байлаа. Гурван сарын дотор сансрын нисгэгчдийг ирэхээс нь өмнө бичсэн. Тэгж сансарын нисгэгчдэд зориулж гурван дуу зохиож байлаа.

-Одооных шиг уран бүтээл хавтгайрч төрдөггүй. Нэлээд шалгуур цензурээр уран бүтээл төрж, Монголын радиогийн алтан фондод ордог байж. Тийм ч учраас уран бүтээлийн чанар сайн байсан уу?

-Одоо ч яахав мөнгөөр л асуудлыг шийддэг болсон байна. Зах зээлийн зарчим нь тэр юм байлгүй. Гончигсумлаа гуайн уран бүтээлд тавьдаг байсан зарчмыг хаа сайгүй баримталж байлаа. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн 60 дугаар тогтоол гарчихсан. Тэр тогтоолоор уран бүтээлийн шагнал олгодог байлаа. Тэр тогтоолоор шагнал өгдөг газрууд гэвэл урлагийн хэдэн байгууллага, Монголын радио байсан. Сайд нарын зөвлөлийн тогтоол дээр заасан түвшинд нь уран бүтээлийг шалгаруулж шагналыг нь өгнө.  Хэрэв чи уран сайхны зөвлөлд сонсгоно гээд баахан уран бүтээл авчихвал, цаг хугацаанаас авхуулаад өчнөөн ажил болно. Аялгууны талаас миний өмнө Чимэддорж гуай, түүний өмнө Гончигсумлаа гуай байлаа. Үгийнх нь талаас радиогийн уран сайхны редакцийн хүмүүс үзнэ. Эхлээд нот, үгээ үзчихээд, Уран сайхны зөвлөлийнхний шалгуурыг давна гэж үзвэл бичүүлдэг байсан. Дараалал ч их байдаг байсан. Цаг хугацаа хэмнэсэн шаардлага байсан юм болов уу даа.

-Ардын жүжигчин Долгорын дуулсан Лу.Дагвадоржийн шүлэг "Эр хүн" дууны аялгууг та зохиосон гэдэг. Олон ч жил дуулагдаж байна. Энэ дууныхаа тухай яривал?

-Лувсангийн Дагвадорж хоёр шүлэг авч ирж өгсөн юм. “Эр хүн”, “Бүсгүй хүн” гэдэг хоёр шүлэг. Амьдралд их шүүмжлэлтэй ханддаг. Нийтийн дууны шүлгэнд их шүүмжлэлтэй ханддаг хүн байлаа. “Эр хүн” дууны шүлэг үнэхээр гайхамшигтай. Аль, аль нь дуулагддаг юм. “Эр хүн” дууг Долгорт зориулж биччихээд, аваачиж өгсөн юм. Би анх мэргэжлийн талруугаа том дуу хийсэн минь тэр. Долгорт би их баярлаж явдаг. Энэ дууг үнэхээр амьдруулаад аваад явчихсан.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Ган

www,zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баттөр(103.229.120.246) 2022 оны 01 сарын 08

Жинхэнэ мужик. Гайхамшигтай уран бүтээлч

0  |  0
Бат(66.181.189.16) 2021 оны 04 сарын 24

Жинхэнэ эгэл даруу мужик шиг санагддаг

0  |  0
varan(103.229.123.10) 2017 оны 11 сарын 25

Сайхан хүн шүү. Энхбазар ахдаа баярласан шүү.

0  |  0
зочин(66.181.182.181) 2017 оны 11 сарын 25

Монголын хөгжмийн хороо нэртэй байгууллага юу хийдэг нь тодорхойгүй. Сураг сонсохнээ мөнгө архиар л угжуулдаг бололтой. Бямбадорж ч гэл үү нэг навтгар нөхөр өөрийгөө хөгжмийн орчин үеийн төлөөлөлийн билэгдэл гээд байгаа.Өөрсдийгөө л дөвийлгөж зурагт нтр-т ярилцлага өгч сайрхдагт нь авах ч юмгүй.

0  |  0
bibli(66.181.183.56) 2017 оны 11 сарын 24

MONGO HEZEE NEGEN TSAGT TETGEVERTEE GARNA

0  |  0
Top