Ж. Дашдондог: Янжинлхам бурхан хүүхдийн дуу хуурт татагдаж, бууж ирээд надад хишгээ хүртээдэг юм болов уу

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 04

 

“Зохиогчийг нь урьж байна” цувралынхаа энэ удаагийн дугаараар Төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог агсаны ярилцлагыг толилуулья. Түүнтэй одоогоос арав орчим жилийн өмнө уулзаж ярилцаж байв. Түүний бидэнд болон бидний үр хүүхдэд бичиж үлдээсэн мөнхөд дуулагдах гэгээн дуунуудын түүх учир энэ яриа ч хуучраагүй бизээ.

-Таны “Сайн байна уу “ дуугаар мэндчилгээ болгож, ярилцлагаа эхэлмээр байна. Энэ дууны бүтсэн түүхээс эхлээд хуваалцна уу?

-1984 он шиг санагдаж байна. Би тэр үед “Пионерын үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байлаа. Цэдэнбал Фелатова гуай Найрамдал зусланд Хүүхдийн уран бүтээлчдийн ордонд “Брёзка” гэдэг орос нэр өгсөн байсан. Тэр ордонд хөгжмийн зохиолч Чимэддорж гуай оччихож. Тэгээд надруу ярьж байна. Хүүхдийн дууны шүлэг хэрэгтэй байна хүрээд ирээч, гэлээ. Би зав муутай байна, сонины ажлыг та мэднэ биз дээ... гэсэн чинь. Чиний тэр муу сонин үлдэх юм уу? Дуу үлдэх юм уу? Чи бодож үзээрэй, гэж байна. Нээрээ ч тэр том хөгжмийн зохиолч ярьж байхад очиод ирье байз гээд сониныхондоо хоёр, гурав хоног явчихаад ирье гэж хэлчихээд явсан. Очтол Чимэддорж гуай уран бүтээлийн байшингаас өөрөө тосож гүйж ирээд л, “Сайн байн уу” гэдэг дуу хийнэ, энд олон орны хүүхдүүд нөхөрлөөд л жигтэйхэн сайхан байдаг юм байна гэж байна. Би ч, “жалганы дуу хийхгүй ээ, газар газар дуулдаг дуу хийнэ” гэж хэллээ. Чимэддорж гуай, чи өөрөө л мэд гээд маш гоё дүрслэлтэй юм ярьж өгсөн л дөө. Нар гэрэлтэж байгаа юм шиг хүүхдүүд инээлдээд, чи харсан ч болоосой тэгвэл дор нь дуу хийнэ дээ гэлээ. Тэр болгоныг төсөөлж байгаад...

Цэлмэг тэнгэр шувуунд хэрэгтэй

Цэнгэг ус загасанд хэрэгтэй

Нарны туяа цэцгэнд хэрэгтэй

Найз нөхөд надад хэрэгтэй... гээд л биччихлээ. Дараа нь бадгуудыг нь зохиогоод л “Сайн байна уу” гэдэг үгийг нь оруулж бичээд өгчихөөд өрөөндөө ороод унтаад өглөө. Өглөө нь аялгуугаа зохиочихсон хүүхдүүдээр дуулуулаад намайг нойрноос сэрээсэн дээ. Надад тэндээс л сонин үлдэх юм уу, дуу үлдэх юм уу гэдэг үг санаанд орж байлаа. Одоо ч гэсэн үнэхээр уран бүтээл үлддэгийг мэдэрч явна.

-Таны  “Шинэ өглөө”  гэдэг дуугаар зуслангийн хүүхдүүд сэрдэг дээ. Энэ хоёр дуу зэрэг төрж байсан гэж дуулсан?

-Зуслан дээрээс би нэлээд хэдэн дуутай буцсан юм. Чимэддорж гуайтай хамт хөгжмийн зохиолч Пүрэвдорж гэж авьяастай хүн уран бүтээлээ туурвиж байсан юм. Чи Чимэддорж гуайтай уран бүтээл тууривчихлаа, одоо надад дуу хийж аль гэлээ. Одоо хоёулаа өглөө сэрдэг дуу хийе гээд...

Үүрийн шувуудын

Жиргээ шинэхэн... гээд л эхэлсэн. Манай Пүрэвдорж бол асар их авьяастай хүн. Маргааш өглөө нь зуслангийн бүх хүүхдүүдийг тэр дуугаар сэрээж байлаа. Түүнээс хойш бүх зуслангуудад өглөө бүр эгшиглэж байдаг дуу болсон байна билээ.

-Ер нь уран бүтээлч хүмүүс бие биенийхээ сэтгэлийг мэдэрч гар нийлж, уран бүтээл тууривахад бүтээл төрөх нь ч амархан байх. Мөн бүтээл нь сонсогчдын сэтгэлд он удаан хадгалагддаг болов уу. Хөгжмийн зохиолч Галмандах багш та хоёрын “Өрөөнд тагтаа орж ирлээ” гэж сайхан дуу бий. Энэ дууныхаа тухайд?

-Галмандах маань амьд сэрүүндээ надад, “бид хоёр 13 дуу бүтээжээ” гээд нотлоод, хуулаад өгсөн нь надад бий. “Өрөөнд тагтаа орж ирлээ” гэдэг шүлэг анх номонд орсон нь юм. Баримтат шүлэг гэх юм уу даа. Үнэхээр манай цонхоор нэг өглөө тагтаа ороод ирсэн юм. Салхивч нээлттэй байтал түүгээр орж ирээд, хөргөгчин дээр суучихсан. Би зургийг нь аваад, шүлэг бичсэн л дээ.

...Энхтайван гэж гарчиг тавьлаа

Эхний мөрийг үүсгэн бичлээ

Энэхэн дэлхийг тагтаа минь

Энхтайвны өргөө болгоорой... гээд дэлхий дахинд энхтайван болоосой гэдэг санаа оруулаад биччихсэн. Галмандах Өвөрхангай явах гээд Хэвлэх үйлдвэрээр орж л дээ. Тэгтэл миний ном хэвлэгдээд илүү гарсан хуудаснууд нь шалан дээгүүр хөглөрөөд байж байна гэнэ. Гэтэл “Өрөөнд тагтаа орж ирлээ” гэсэн гарчигтай шүлэг харагдахаар нь аваад өвөртөлчихөж. Тэгээд Өвөрхангайд зусланд очиж аялууг нь зохиогоод хүүхдүүдэд заасан юм билээ. Тэгж л тарсан дуу даа.

-Бидний яриа  маш гэгээн болж байна. Учир нь хүүхдүүдийн дуртай дуунуудын эзэн дууныхаа түүхээс хуваалцаж байна. Хүүхдийн зусланг түүдэг галгүйгээр төсөөлөхгүй. Энэ баярыг зохиолч маань орхилгүй дэвэргэж ирсэн?

-Түүдэг гал зуслангийн хүүхдүүдийн хамгийн сайхан баяр байдаг юм. Энэ дууг бол хүүхдүүд өөрсдөө зохиолцсон юм.

Ас ас бадран ас... гээд хүүхдүүд өөрсдөө дуулаад л, түүнээс санаа авч Пүрэвдорж бид хоёр хүүхдүүдтэй хамт галын наадамд орж байгаад зохиосон.  Найрамдал зусланд төрсөн дуунууд бол үг нь ч маш хурдан төрж, аян ч маш хурдаг зохиогдсон. Зөвхөн дуу ч биш  “Модон могой” кино, “Тэмүжин” дуурь, бас олон номоо тэнд бичсэн. Найрамдалд очихоор л ямар нэг онгод гэх юм уу, урам зориг төрөөд байдаг. Тэнд л Янжинлхам бурхан хүүхдийн дуу хуурт татагдаж, бууж ирээд надад хишгээ хүртээдэг юм болов уу, гэж бодож явдаг юм.

-Таныг сайхан дуулдаг гэж сонссон юм байна.?

-Би хүүхдүүдтэй уулзалт хийхдээ хамтарч дуулдаг юм. Учир нь нэгдүгээрт миний дууг мэддэг болов уу гэдэг сониуч бодлоос үүддэг. Хоёрт хүүхдүүд шүлэг уншаад яриад байх дуулах хоёр эрс тэс ялгаатай. Дуулж байгаа хүүхдүүдээс маш гоё эерэг эрчим хүч ялгардаг. Тэр нь надад шингээд байх шиг санагддаг юм. Тэрний хүчээр эрчтэй хүчтэй яваа мэт бодогддог. Би нүүдлийн номын сан ажлуулдаг юм штээ. 20 жил Монгол орноороо аялалаа. 108 000 км замыг туулж. Тэрний хүчээр хоёр ч машин эвдлээ. Ноднин Өмнөговь аймгийн Номгон суманд явж байтал зургаан настай хүүхдүүдтэй уулзлаа. Нэг нөхөр машинаа чирчихэж, гэтэл нэг нь гар дэрлээд унтаад өгөхийн. Нэг хүүхэд надаас та хэдэн настай вэ гэж асууж байна. Чи хэдтэй гэж бодож байна, гэлээ. Тэгсэн чинь, та 35-тай байхаа. Гэж байна. Надад сайхан санагдсан. Би ерөөсөө 35-тай юм шиг бодож сэтгэж, амьдрах ёстой болж таарч байнаа даа. Тэгтэл миний хань, 35-тай гэлээ гэж уярч уйлаад, бүх хүүхдүүдэд авч явсан номоо тараагаад, цаашаа уншуулах номгүй болоод эргэж ирсэн шүү дээ. Нэгэнт хүүхэдтэй уулзалт хийж байгаа бол ямар нэг хэмжээгээр тэднийг хөгжөөж сэтгэлийг нь хөдөлгөх хэрэгтэй гэж боддог. Цаашдаа би Нүүдлийн номын сангаа ажлуулж өөрийнхөө санаачлагыг үргэлжлүүлнэ.

- “Тавтай нойрсоорой” гэж сайхан дуу бий. Сарантуяа гавьяат дуулж, хүүхдүүд сонсож нойрссоор удаж байна шүү дээ. Мөн Пүрэвдорж гуайн хөгжим байхаа?

-Тийм. Өглөө нь сэрээчихлээ. Одоо унтуулдаг дуу хэрэгтэй байна гэж Найрамдал зуслангаас хүссэн. Тэгээд,

Тавтай нойрсоорой,

Алсын од оо... энэ тэр гээд нэлээн өргөн хүрээг хамарсан дуу хийсэн. Тэгтэл удалгүй ая нь “Улаанбаатарын үдэш” дуу болчихсон тууж явна. Найрамдал зуслангаас ч над руу ярьж байна. Ямар муухай юм бэ, нөгөө дууны маань ая “Улаанбаатарын үдэш” гэдэг дуу болчихсон байна штээ. Хүүхдийг баяруулчихаад, том хүний дуу болгочихож,  гээд. Би Пүрэвдорж руугаа ярилаа. Одоо нэгэнт “Улаанбаатарын үдэш” дуу чинь олонд түгчихсэн юм чинь шинэ ая хийж өгөхгүй бол болохгүй нь гэлээ. Пүрэвдорж маань дараа нь үнэхээр сайхан аялгуу зохиосон. Хурдан ч хийсэн. Бид хоёрыг очиход олон орны хүүхдүүд амарч байсан юм. Хамгийн түрүүд Унгарын багш ирж баяр хүргэсэн. Ямар гоё дуу вэ, бид ч гэсэн сурья гээд. Тэгээд л орой нь тойрог хийж дуугаа дуулаад унтдаг болсон доо.

-“Өнгөт зүүд” дууныхаа аяыг өөрөө зохиогоод өөрөө дуулсан байхыг цомгийг тань сонсож байгаад олж мэдсэн?

-Сайн байна уу гэж эхлээд, сэрээгээд, унтуулаад, зүүдлүүлээд дуусах нь дээ. Пүрэвдорж бид хоёр Найрамдалд их очно. Манай Найрамдлынхан ч их гоё хүлээж авна. Үнэхээр хүүхдүүд шигээ сайхан сэтгэлтэй хүмүүс шүү дээ. Нэг удаа дуу зохиох гээд очлоо. Гэхдээ бид хоёрт ямарч шинэ санаа байдаггүй. Тэгээд хүүхдүүдтэй уулзалт зохиолоо. Хүүхдүүдээс асуулаадаа. -За хүүхдүүдээ та нарт дуу зохиож өгье. Хэнд ямар санаа байна. Бид хоёр та нарын санаагаар дуу хийж өгье гэлээ. Гэтэл нэг хүүхэд, багшаа би урд шөнө дүүрэн чихэртэй агуйд ороод чихэр өвөртлөөд байна гэж зүүдэллээ. Тэгээд л агуйгаас гарах гэтэл сэрчихлээ. Ганцыг нь ч идэж чадсангүй. Мэдсэн бол агуйд байх даа л идчихдэг байж, гээд суучихлаа. Би ч яасан хөөрхөн санаа вэ, гоё шүлэг болно доо, гээд тэр дор нь биччихлээ. Пүрэвдорж маань ч хөгжмөө зохиогоод, зуслангийн хөгжмийн багш Халтар хүүхдүүдэд зааж өглөө. Тэгээд л өнгөрсөн. Түүнээс хойш хоёр ч жил өнгөрлөө.

 Би нэг цомог хийх боллоо. “Өнгөт зүүд” гэдэг нүүр хэвлүүлчихлээ. Пүрэвдоржоос нот-оо авах гэсэн чинь олдоггүй. Бүр ядаад Халтараас асуух гэсэн чинь гадаад явчихаж. “Сонор” студиэс утасдаад салдаггүй. Солонгост хэвлүүлэхээр болчихлоо, нэгдэх өдөр явуулна гэнэ. Хагас сайн өдөр байсан юм. Өглөө нь бачимдаад болдоггүй. Тэгтэл гэнэт надад нэг ая аялагдаад байна. Аялаад үзэн чинь, эхнэр, “яагаад хашхираад байгаа юм бэ. Хажуу хавирганы айлууд юу ч гэж бодох юм билээ” гэж байна. Тэгтэл үргэлжлээд ая орж ирлээ. Тэгээд Галмандахруугаа гараад явчихлаа. Очоод аяласан чинь, хэний ая юм бэ, сонин ая байна шүү, гээд нот-лоод  өгчихлөө. Би,” аа нэг хүний ая байгаа юмаа” гээд л аваад гарсан. Хүүхдийн ордонд очиж хөгжмийн багш Ганчимэгээр үндэсний хөгжмийн найрал хөгжмөөр бичүүллээ. Би дагаж дуулаад л байлаа. Гэтэл, хэнээр дуулуулах вэ? гэж байна. Хүн олддоггүй одоо яахав л гэлээ. Өөрөө дуулчих, хэнийг хайж явах юм бэ гэхээр нь өөрөө дуулчихсан. Ингэж л ёстой л өнгөт зүүд шиг төрсөн.

Ярилцсан Н.Болортунгалаг

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурхан(59.153.115.191) 2023 оны 10 сарын 25

Энэ хүн шиг хөдөлмөр хийчхээд хүн доромжлооч бурхныг үнүйсгэх тусам амьдралд чинь бурхнаас туслаач гэж гуйх нь олон байх вий дээ мухар сүсгээ

0  |  1
irgen(182.160.37.135) 2023 оны 10 сарын 25

bas l muhar suseg

0  |  1
Top