Соёл, урлагийн салбарынхан 36 сарын урамшуулал авах нөхцөл 2020 он

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 08

 

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийг гишүүдийн 76 хувийн саналаар баталлаа.  Д.Тогтохсүрэн нарын гишүүд хуулийг санаачлан өргөн барьжээ. Хуулийг батласнаар гадаад сургуульд төгсөөд ирсэн, хувийн хэвшилд ажиллаж байсан хүн төрийн албанд ажиллах боломжийг хаалаа гэх хэсэг байхад төрийн албыг улстөрөөс ангид байлгах шилдэг арга гэсэн тайлбар өгөх гишүүд ч байна. Манай улсын төрийн албанд 180 мянга орчим хүн ажилладгаас 3000 нь улстөрийн албан тушаалтан юм байна.

Төрийн нарийн бичгийн даргаар төрийн албанд 16 жил ажилласан  хүнийг томилно

Төрийн албаны халаа сэлгээнд хамгийн эхэнд өртдөг албан тушаалтан бол Төрийн нарийн бичгийн дарга. Ялсан намаас томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга мөнгө завшсан, мөрийтэй тоглосон зэрэг зөрчил гарч л байсан. Шинэ хуулиар яамны Төрийн нарийн бичгийн даргаар төрийн албанд 16 жил ажилласан, үүнээс найман жилд нь хэлтсийн дарга хийсэн хүнийг томилохоор зааж өгчээ. Мөн яамны ахлах түшмэл нь төрийн албанд наймаас доошгүй жил ажилласан байх, дэс түшмэл нь дөрвөөс доошгүй жил ажилласан байхаар заасныг дэвшилттэй гэж хууль санаачлагчид нь үзэв. Нөгөө талд төрийн албанд олон жил ажилласан, шинийг санаачлах, түргэн шуурхай үйлчлэх сэтгэлгүй, хүнд сурталтай хэдхэн хүний албан тушаал болгох нь гэсэн шүүмжлэл дагуулна.  Төрийн нарийн бичгийн даргын ажиллах хугацааг зургаан жил болгосон нь сонгуулийн дөрвөн жилийн үечлэлээс зөрүүлсэнтэй холбоотой юм.

Төрийн албан   хаагчдыг тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог. Харин соёл, урлагийн салбарын ажилтнуудад энэ урамшууллыг нэмж өгөхөөр болсон бөгөөд  2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр заажээ.

Төрийн албаны зөвлөл таван гишүүнтэй ажиллана

Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл хийж ирсэн ч дүр эсгэсэн томилгоонууд гаргадаг нь нууц биш болсон. Шалгалт явуулаад хэн нэгэн эрх мэдэлтний захиалгын хүнийг төрийн албанд  томилдог. Шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтаар хоёр хүн нэмж авдаг болсноор таван гишүүнтэй, ажиллах хугацаа зургаан жил байх зохицуулалт хийсэн. Төрийн албаны зөвлөлийн дарга нь гурван жил ажиллах бөгөөд дотроосоо өөрсдөө дараагийн даргаа сонгоно. Тус албанаас хийх томилгоонд Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдээс нөлөөлөх боломжийг хаана гэж үзжээ.  Төрийн албан хаагч хууль бусаар халагдсан тохиолдолд хариуцлагыг шийдвэр  гаргасан албан тушаалтан хүлээж, ажилгүй байсан үеийн цалин, хангамжийг хувиасаа гарган өгөх ажээ.

Хэдийгээр төрийн албыг улстөрөөс ангид байлгахаар сайн хууль баталлаа гэж байгаа ч “хуулийг өөрчлөхгүй” гэх баталгааг өнөөдөр өгөхөд эрт. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжих шалтгааныг Засгийн газар, Ерөнхийлөгч болон Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс нийт 38 журам гарахтай холбон тайлбарлаж байгаа юм. Япон, Канад зэрэг өндөр хөгжилтэй орны төрийн албанаас  туршлага судлах шаардлага ч бий гэнэ. Төрийн албаны хууль мөрдөгдөж эхлээд жил гаруйн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно.  Энэ сонгуулиар ямар үр дүн гарахаас Төрийн албаны хуулийн хэрэгжилтийн “хувь тавилан” шалтгаална.                                                     А.Эрдэнэ

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huvt(41.85.161.135) 2017 оны 12 сарын 08

БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Зээлээ зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.com

0  |  0
иргэн(202.179.25.37) 2017 оны 12 сарын 08

Одоогийн төрд ажиллаж байгаа дарга нарын хамаатан, хам хэрэгтэн, хамтран зүтгэгчид гээгдэх тэнэгүүдийн дархалсан хамгийн муу хууль

0  |  0
Top