Хөдөөгүүр бадарчилсан “БОЛОР ЦОМ”

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 16

Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг уламжлалт “Болор цом” яруу найргийн 35 дахь удаагийн наадам  Говь-Алтай аймагт зохион байгуулагдлаа. Энэ жилийн эгшиглэнт эхийн тэргүүн шүлэгчээр Ховд аймгийн Дуут сумын харъяат М.Отгонбаяр тодорлоо. Жил жилийн “Болор цом” шүүмжлэл дагуулж, жил жилийн тэргүүн шүлэгч, тэргүүн шүлэг хоёр шүүмжлүүлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг.  “Болор цом Балар цом боллоо”, “Болор цом бохир цом болов” гээд шүүмжлэл эхэлнэ. Энэ жилийн Болор цомын эргэн тойронд ч шүүмжлэл өрнөж байна.  Тэргүүн шүлэгч М.Отгонбаяр уг наадмын эхний шатанд шалгарсан 30 яруу найрагч дотроосоо олон нийтэд төдийлэн танил болоогүй гэдгээрээ нэг өнцгөөс шүүмжлэлд өртөж байна.  

Түүнээс өмнө Дуут сумын дуулиантай яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар олон жил дараалан Улаанбаатарт ирж уралдсаар  “Болор цом” өргөсөн удаатай. Тус сумаас төрсөн хоёр дахь “Болор цом”-тон нь М.Отгонбаяр болжээ.  Түүний ах М.Ганболд “Миний дүү энэ шүлгээ хүнд өвчтэй ээжийгээ сахиж асарч хонож байхдаа бичсэн юм даа. Яруу найрагч хүүтэй хүн үхдэггүй гэдэг үнэн ажээ. Бас ээжийгээ асарч тэвэрч олон хоногийг өнгөрүүлсэн сайн хүү ийм шүлэг бичих бизээ. Санаа нь байвч бичиж чадахгүй  нь  олон доо. Ээж минь хүүгээ яруу найрагч болно гэдэгт итгэдэг байлаа. Дүү минь ээжийнхээ гэрт ирж сан тавьж мөргөөд Улаанбаатар хот руугаа явна гэнэ. Өчүүхэн жижигхэн Дуут сумаас хоёр Болор цомын эзэн төрлөө шүү. Гэхдээ ганц Хөхбэлчир багийн Хөх бэлчирийн голоос “ гэж бичиглэсэн байна.

Тэргүүн шүлэгт зарим уншигч ам сайтай байхад мэргэжлийнхний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, шүүмжлэгч, зохиолч П.Батхуяг: Монгол яруу найргийн ертөнцөд моднууд нь бус бутнууд саглайх болсонд гүн эмгэнэл илэрхийлье. Үгийн урлаг, уран сайхны сэтгэлгээний хувьд дахин том ухралт хийж дээ. Хүний замаар гүйгчид унахын зовлонг мэддэггүй” гэсэн юм.  Энэ жилийн “Болор цом” тэргүүнээр Говь-Алтайн М.Билигсайхан, Завханы Б.Баттулга, О.Цэнд-Аюуш, Булганы Л.Ганзул, Говь-Алтайн Х.Нямхишиг нарын олонд танигдсан яруу найрагч  залуусыг нэрлэж уран зохиолын хорхойтнууд, уншигчид хүлээж байсан ч олны танил бус нэгэн тодров. Түүний сүүлчийн даваанд уншсан”Ижийдээ нас гуйсан” шүлэг “Хэлбэр талаасаа Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” найраглалын хийцийг дууриалгасан байна” гээд  шүүмжлүүлж байна.  Ахин дахин уншихаар тийм ч юм шиг. Тэгтлээ авьяас, мэрийлт ороогүй цагаан шүлэг.

Хөдөөгийн уншигчдад, үзэгчдэд  ойртуулах  нэрийдлээр аймгуудад “Болор цом” зохион байгуулдаг зуршлын эхлэлийг  Г.Мөнхцэцэг МЗЭ-ийн дарга байхдаа оршоосон юм. Өмнө нь Улаанбаатар хотод “Болор цом” болж,  хөдөө орон  нутгаас Хөөдөөгийн Эрдэнэбаатар тэргүүтэнгүүд ирж навс, үзэлцээд буцах нь  яруу найргийн наадмыг амттай болгодог байлаа.  Тухайн аймагт зохиогдоход тэр аймгийн яруу найрагч тодрох нь гэсэн хардлага дагуулдаг. Эрдэнэ хотод зохион байгуулахад Лхамноржмаа,  Архангайд Д.Болдхуяг, Өвөрхангайд нутгийн хүү Моломжамц, Төв аймагт Хөвсгөлийн Дархад Б.Мягмаржав, Дорнодод Сүхбаатар аймгийн Б.Батсайхан нар түрүүлсэн. Тэр жил Д.Ган-Очирыг түрүүлэх нь гээд бөөн үймээн болох дөхөж, мань эр оролцоогүй. Б.Батсайханыг Дорнодын Засаг даргын  хамаатан болгож байх жишээтэй. Мөн Д.Ган-Очирыг төрсөн нутагтаа Болор цомд түрүүлэх нь гээд. Энэ жил М.Билигсайханыг Говь-Алтайдаа түрүүлэхээр явлаа гэлцээд.

Бидний хардлага заримдаа хэтэрдэг нь үнэн. Зохиолчдын унаа, байрлах байрыг тухайн аймгийн ЗДТГ-аас даалгуулдаг. МЗЭ-ээс зардал бага гаргадаг гэсэн үг л дээ. Гэвч “Болор цом” хардлага дагуулсаар. Уншиж байгаа, түрүүлж байгаа шүлгүүд нь шүүмжлэгдсээр. Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, Ц.Чимиддорж нарыг түрүүлж байхад ийм шүүмжлэл гардаг байсан эсэхийг мэдэхгүй. Дуулддаггүй л байсан. Тэгэхээр шүлэг шиг шүлэг уншиж Болор цомоо гарддаг байж. Одоо бол  сувсан шүлгээр авах болсон нь үнэн. Хөдөө байгуулах гол шалтгаан МЗЭ хэмээх төрийн бус байгууллагад санхүүгийн нэг удаагийн амьсгаа авах боломж олгодогт бий.  “Болор цом”-ыг мөнгөөр авлаа гэсэн хардлага аль эртнийх биш 2000-аад оны дунд үеэс эхлэлтэй юм. Төрөөс  дэмжлэггүй, зохиолчдынхоо алдаг оног төлдөг татвараар Болор цом байтугай жижигхэн найргийн наадам ч зохион байгуулахад хэцүү. Тэр л зовлонгоор энэ жил Говь-Алтайг горьдож зорьсон хэрэг шүү дээ. Найрагчдаа автобусаар явуулаад, удирдлага, томчууд нь онгоц хөлөглөсөн гэхээр бас ч мөнгөтэй юм шиг.  Түрүүлсэн шүлэг, найрагч хоёрыг нь харахаар чамлалтай ч  юм шиг  Болор цом болдгоороо болж өнгөрлөө. Ирэх жил “Болор цом” маань дахиад бадарчилах байхдаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Америк яруу найрагч(202.179.24.152) 2017 оны 12 сарын 17

Орос Монгол хоёрт л яруу найрагчид гэж сүйд болдог.

0  |  0
kiuj(41.85.161.154) 2017 оны 12 сарын 16

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

0  |  0
Top