Утаан дотроо бүү бүгээд бай буюу Өндөр тэнгэрийн үүлэн зардас хэмээх бодрол

2018 оны 01 сарын 01

Монголын их эрдэмтэн, түүхч, гүн ухаантан Зава Дамдингийн хойд дүр, Монголын бурханы шашны томоохон зүтгэлтнүүдийн нэг Лувсандаржаа Ринбүчи "Утаан дотроо бүү бүгээд бай буюу Өндөр тэнгэрийн үүлэн зардас хэмээх бодрол"-оо олонтойгоо хуваалцсан байна.

Зава Дамдин Ринбүчи буюу Лувсандаржаа Ринбүчийн тухай товчхон: Эцэг, эхээс заяасан нэрийг нь Осгонбаяр хэмээдэг энэ ламыг анх Монгол ринбүчи Гүрдаваа тодруулсан түүхтэй. 1976 онд Улаанбаатар хотод төрж, 1990 оноос сахил хүртэн хувраг болж, Амарбаясгалант хийд, Булган аймгийн Вангийн хүрээний хийд зэрэгт шавилан сууж байгаад Швейцарь улсын Рекон хэмээх газарт байдаг Равданлин хийдэд шавилан сууж бурханы шашинд шамдан суралцжээ. Тэрбээр төвд гэвш лам Түвдэнпэрэнлэйг шүтэж бурханы гүн ухааны ном судалсан гэдэг. Равданлин хийдэд сургууль номоо дүүргэснийхээ дараа Монголдоо ирэн Амарбаясгалант хийдийн цорж ламаар сууж байхдаа Төвдийн Сэтав чойжонгийн лүндэнгээр Зава Дамдин ламын хойд дүрээр тодорч, Амарбаясгалант хийдийн хувилгаан ламын ширээнд залагдсан байна. 2005 оноос өмнөх дүрийн ламын байгуулсан Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Чойрын хийдэд хэсэг шавь нарынхаа хамт очиж, хуучин сүм дуганыг сэргээн засах, шинээр нэмж барих тэргүүтнээр дээрх хийдийг засварлаж, одоо тус хийдийн хамбаар заларч байгаа юм.

Зава Дамдин Ринбүчи: Мөхөс би Дэлгэрцогт ууланд суун ахуйдаа өглөө бүр Соёмбот орноос нар ургахад Нарны Охин тэнгэрт залбирч Уяхан Замбуу Тивийн Наран хэмээх уртын дууны утга, уянга лүгээ нэгэн адил хотол олноороо амар жимэр амьдран суухыг чин зүрхнээс хүсэж даатган байдаг юм. Харин энэ өглөө нар ургахын өмнө өндөр тэнгэрт гарсан үүлс нь Шамбалын үүлэн зардас мэт нэгийг бус нэлээн хэдийг өгүүлэх мэт. Басхүү нэг талаасаа Гэгээн Шамбалын цагаан морьт хан хөвгүүд нь өглөөх нарны туяанд гал улаан болж харагдах адил үзэгдэл сэтгэлд ургаад Монгол хүн бүр энэ ээрэм тал нутгийн гайхамшигт үзэгдлийг бодътойёо харсан ч болоосой гэх бодлоор ариуссан үзэгдлээсээ сэрж өнөө маргаашийн бус өдгөө бид болон, өнө хойчид хэрэгтэй хэдэн бодрол бичье гэснийг үл өгүүлэн өгүүлбээс;

Хөдөө аглагт суух нь амьдрах нөхцөл амаргүй боловч сэтгэлийн амгаланг эдэлнэ бас Дээдийн номыг анхааран авбал сэтгэлийг эрдэнэ болгох ч увидас бий. Ард нийтээрээ хотод суурьшин буг мэт болж бүгд улс төрийг зүхэн сууцгаана. Хотод амьдрахад бие амар боловч сэтгэлд олон буг үүсэж төрөөд тэр утаанаасаа илүү их хир бохирдолд автаж буйгаа өөрсдөө ч үл анзаарна. Зарим нэгэн өөрөө хийж бүтээхгүй байж бусдыг гутаан доромжлох, гүтгэн гуйвуулахыг унтаж идэхтэйгээ адил дадал болсон байна. Одоо байгаа төрийн түшээд ба нам засгийн албатан нар дээрдэх нь өнгөрсөн. Дараа үе боловсрон гарч ирэхдээ арай дөнгүүр байгаасай гэж дор бүрнээ хичээх нь зөв! Лам, хар, малчин гэлгүй бүгд бүү хотод бүгээд бай ! Лам нар бурханы ном сурч багшаас увидас авсан бол бусдад номлохоосоо өмнө хөдөө уул талыг шүтэж, дияан бясалгал бүтээлийн газар байгуулж бүтээл хий!Сэтгэлийг номтойгоо нийлүүлчихээд дараа нь бусдыг сурга!Ноён хутагтын сургаальд; “Номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй номч нар ичиг ичиг” гэж айлдсан байдаг биз дээ! Харчууд нь мөн адил тухай тухайн боловсролоо хөгжүүлж хажуугаар нь юм үзэж нүд тайл!

“Аавын биед хүнтэй танилц
Агтны биед газар үз”гэдэг биз дээ? Бүгдээрээ улс төрч болох ямар ч хэрэгцээгүй. Бас хоосон цөм авах мөрөөдлөө орхиод ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг амаараа бус бие хэл сэтгэлээрээ гарт баригдаж нүдэнд харагдахуйц ажиллаж бүтээн байгуулалт хий. Нэг төгрөг олж сураагүй байж сая саяын, зуун саяын, тэр бумын хоосон ам хэнд ч тусгүй. Эрдэм мэдлэг, ажил хөдөлмөрт оройтно гэж үгүй. Малчин ард нь байгаа хэдэн малаа бүгдийг зараад хотод очиж буг болох бус эрдэнэт малаа маллаваас бие, сэтгэлийн жаргалыг эдлэх буй. Б.Явуухулан гуайн “Би хаана төрөө вэ?”, Р.Чойном гуайн “Монгол”, “Монгол бүсгүй” шүлгэнд гардаг шиг л амьдарна! Бас эртний нэгэн судар дор “ Монголын малчин байгаа цагт Монгол улс оршино! Монголын малчин ард үгүй бол Монгол улс үл оршмуй! гэсэн байдаг. Тиймийн тул төр нийгмээрээ малчдаа нүүдэлчдийн соёлоор нь байлгахыг дэмжих хэрэгтэй! Мэдээж бүгдэд нь боловсрол хэрэгтэй! Улс орныхоо хөгжлийн төлөө сурахаар, боловсрохоор, ажиллахаар хаанаас ч ирж хотдоо сууж болно. Малчин ардын хүүхэд сансарт хүртэл ниссэн биз дээ? Хот, хөдөө гэж бүү ялгаад бай! Монгол хүн бүр хөдөөний гаралтай. Эрт дээр үеэсээ бүгд л анчин, малчин, баатар гаралтай, удамтай. Харин Өндөр Богдын хүрээ яван явсаар нийслэл хот болсон түүхтэй.

Явж явж та нарын адлах дуртай нөгөө л хэдэн лам нарын буянаар хоттой болсон ард түмэн шүү! Эрт үеийн Богд нар Метрополис буюу их хотын зохион байгуулалтын шинжлэх ухааны мэдлэгтэй байсан. Итгэхгүй бол архиваа уудла! Манай дарга нарт ийм боловсролтой хүн байхгүй. Ядаж 45 хоногийн курст явж суралц! Миний мэдэх ганц нэг зохион бүтээгч хотын яндан бүрийг утаагүй болгох арга технологийг хэдэн жилийн өмнө хийсэн. Лав 3 засгийн газар дамжин сайд нарт танилцуулсан боловч одоо болтол таг дуугүй! Япончууд шалгаж үзээд эрхий хуруугаа гозойлгож хүлээн зөвшөөрсөн. За ер нь малчин гэлтгүй хэн бээр ч байгалийн сайханд гарч зохих хэмжээний бүтээн байгуулалт хийгээд магнай тэнэгэр цээж дүүрэн амьсгалах эрх Монгол хүн бүрийн гарт бий шүү. Сайн бод! Мөхөс би Сүх Жанжинаа өөрийн настай ээж, лам хүүхдүүдээ бяцхан цагаан нохойтой нь хамт утаанаас аварч энд ирсэн. Одоо та нар Чингис хааныг минь хойч үеийн үр хүүхдүүдтэй нь утаанаасаа аварч аль!

Image may contain: sky, cloud, ocean, outdoor, nature and water

Image may contain: sky, cloud, ocean, twilight, outdoor and nature

Image may contain: sky, cloud, ocean, twilight, outdoor, nature and water

Image may contain: sky, cloud, ocean, twilight, outdoor, nature and water

Image may contain: sky, cloud, outdoor and nature

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтай(202.21.116.206) 2018 оны 01 сарын 02

Баярлалаа. Дэлгэр монголынхоо уул усанд эзэн сууж, тэгш шударга, сэтгэлээр амар амгалан, бүтээж байгуулж бололгүй яахав. Таны буян номын цагаан мөрт бишрэн дагамуй.

0  |  0
46 (104.185.116.129) 2018 оны 01 сарын 01

Утаан дотроо бүү бүгээд бай. хэмээн маш ухаалаг айлдсан Танд талархаж байна. Шинэ 2018 онд танд сайныг ерөөлийг өргөн дэвшүүлж байгааг минь болгооно уу. АНУ-ын Индиана

0  |  0
Top