Биткойныг хууль бус наймаанд ашиглахад ямар ч саадгүй
Сүүлийн үед хүч түрж байгаа биткойн буюу цахим мөнгөний талаар иргэд төдийлэн сайн ойлголтгүй ч манай улсад аль хэдийнэ хэрэгжээд эхэлжээ. Биткойн зах зээлийн ханшаар авна, зарна гэсэн зар үзэгдэх боллоо. Энэ зарын дагуу 9529.... дугаар руу залгаж холбогдсон юм. Утас авсан залуу “Хүмүүс энэ талаар төдийлэн ойлголтгүй байна. Бид биткойныг зах зээлийн ханшаас таван хувийн хямд зарж байгаа” гэсэн хариулт өглөө.
Дэлхийн олон улсад биткойныг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй гэсэн байдаг юм билээ. Найдваргүй гэсэн үг. АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон хар тамхи, мөнгө угаадаг сайтыг хаасан бөгөөд биткойноор гүйлгээ хийдэг байснаас үүдэлтэй аж. Эндээс харахад биткойныг хууль бус наймаанд ашиглахад ямар ч хориг саадгүй нь мэдэгдэнэ. Биткойны ханш
Биткойн буюу цахим мөнгөний талаар иргэд төдийлэн ойлголтгүй байна. Цахим ертөнцөд биткойн худалдаж авна, зарна гэсэн зар бүхий утасны дугаарууд үзэгдсээр.
Энэ талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл: Олон хүн Биткойныг сонирхож байгаа нь ерөөсөө л үнийн огцом өсөлттэй холбоотой. Нэг Биткойны үнэ жил хүрэхгүй хугацаанд дөрөв нугарсан шүү дээ. 5000 ам.доллар давсан нь нэг унци алтнаас даруй дөрөв дахин үнэтэй болчихсон гэсэн үг. Иймд Биткойныг мөнгөө богино хугацаанд хялбар аргаар өсгөчих боломж гэж харж буй хүмүүс цөөнгүй байв. Биткойн үнэхээр баталгаатай төлбөрийн хэрэгсэл байж чадах уу, үнэ цэнээ хадгалж чадах хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж чадах уу гэдэг эргэлзээ ч бас хөндөгдөж байна. Биткойн буюу, криптовалютыг хэдийгээр “электрон мөнгө” гэж нэрлэж байгаа ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэх хэцүү. Учир нь эдийн засагт юуг мөнгө гэх вэ гэдэг тодорхойлолтыг одоохондоо бүрэн хангаж чадахгүй байгаа” гэжээ. Бикойны зах зээл дээр худалдах үнэ манай улсад 30 сая орчим төгрөг гэсэн мэдээлэл ч гарч байна. Ямар боловч Монголбанкны Ерөнхийлөгч биткойныг мөнгөн тэмдэгт гэжүзэхгүй хэмээн мэдэгдэл гаргасан нь цагаа олсон олон хүн хууран мэхлэгдэхээс аврагдах гарц ч байж магадгүй юм.
Н.Баяртсайхан: Монголбанк биткойныг мөнгө гэж үзэхгүй
Ингээд Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сүүлийн үед Монголбанкинд ирж буй мэдээллийг дэнслэн үзэж дараах мэдэгдэл гаргахаар шийдэв.
Цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч буй зарим иргэдийн талаар надад сонсогдож эхэлсэн нь миний сэтгэлийг ихэд зовоож, түгшүүр төрүүлж байгааг нуухгүй хэлье.
Криптовалют гэдэг нь нэгдсэн нэг удирдлагагүй зохицуулалтгүй, бие даасан байдалтай, цахим хэлбэрийн тооцооны хэрэгсэл юм.
Монголбанк нь криптовалютыг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй болохыг юуны өмнө мэдэгдье. Тэр нь төлбөр тооцооны хууль ёсны бодит хэрэгсэл болж чадахгүй юм. Мөнгөн тэмдэгтийг зөвхөн улс орны Төв банкууд л гаргах, хэвлэх эрхтэй. Монгол Улсын Төв банкны баталгаатай хууль ёсны мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл бол төгрөг юм.
Криптовалютын эрсдэлийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг Монголбанк дээр байгуулан судалгаа хийлгэв. Судалгаанд үндэслэн блокчейн технологид суурилсан криптовалютыг хөрөнгө оруулалт хэлбэрээр худалдан авахаас сэрэмжлүүлж байна. Иргэд хохирон үлдэхээс болгоомжлуулах нь миний үүрэг.
Улс орон, Төрийн байгууллагын хяналт шалгалтаас хол, зохицуулалт байхгүй бүтээгдэхүүн болох криптовалют худалдан авахдаа эрсдэлээ сайтар тооцон үзэж, долоо хэмжиж байж нэг огтлох зарчмаар хянуур, хашир хандахыг уриалж байна. Өөрийнхөө сайн мэддэг, чаддаг зүйлдээ эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.
Хэрэв улс орнуудын төрийн холбогдох байгууллагаас криптовалютын хэрэглээг хязгаарлаж эхэлбэл биткойн зэрэг криптовалютын үнэ цэнэ маш хурдтайгаар унах эрсдэлтэйг анхааруулъя.
Учир нь криптовалютаар дамжуулан татвараас зайлсхийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна хэмээн нотлогдвол түүнийг хориглох магадлал өндөр юм. Энэ талаар Монголбанк урд нь удаа дараа байр сууриа тодорхой илэрхийлж байсан болно.
Хятадад биткойныг хориглов
Манай өмнөд хөршид биткойны гүйлгээ нэмэгдэх хандлагатай болсон нь эрх баригчдынх нь анхааралд өртжээ.
БНХАУ-ын “Ардын банк”-ны зүгээс цахим орчинд нэлээд хүчирхэгжээд байгаа цахим валют буюу “Bitcoin”-ийг санхүүгийн байгууллагуудад хэрэглэхийг хориглолоо. Манай Төв банкны Ерөнхийлөгчийн байр суурьтай ижил зүйл эндээс анзаарагдана. “Энэ бол бодитоор ямар нэгэн төлбөрийн хэрэгсэл эсвэл валют болж илэрхийлэгдэх хууль зүйн үндэслэлгүй” гэж Хятадын Ардын банк үзжээ. Одоогоор олон нийтийн зүгээс интернэт шилжүүлэг, гүйлгээ хийхдээ энэ хэрэгслийг ашиглах бүрэн боломжтой байгаа нь иргэдэд эрсдэл учруулж болзошгүй гэж БНХАУ-ын “Ардын банк” болгоомжилжээ. “BitCoinCharts”-ийн мэдээлснээр дэлхийн зах зээлд өнөөдрийн байдлаар нийт 12 сая гаруй “BitCoin” гүйлгээнд байгаа ажээ. Ингэснээр нийт зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбумыг давсан юм байна. Биткойныг өнөөдөр албан ёсоор луйвар гэж зарлаагүй ч бас мөнгөн тэмдэгт гэж гүйлгээнд оруулахыг хуулиар зөвшөөрөөгүй улс орон олон байгаа нь анхаарал татаж, болгоомжлоход хүргэж буй.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
олон улсын шинжтэй юм арай шударга байхаа. Хэдэн дампуу банкаа л анхаар...