Утаанаас салах найдвар !!!!

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 09

  

Утаанаас салах цаг айсуй гэхээр хэний ч санаанд урин цаг юу юуны өмнө буух байх. Түүнээс бус “утаанаас сална” хэмээн олон жил ярьсаар байгаад дасал болчихсон зүйлд иргэд хэзээ ч итгэхээ больж догширсон. Тэгэхээр урин цагийн салхиар бус монголчууд бидний өөрийн идэвхи санаачилга, төрийн бодлогоор, цаг үеийн шахалтаар утаанаас салах магадлал хамгийн өндөр цаг дор амьдарч байна. Хамгийн наад захын жишээ гэхэд улсынх нь Ерөнхийлөгч гамшигийн хэмжээнд хүрсэн утаанаас салгаж чадахгүй бол УИХ-ыг тараана хэмээн уурсаж байгаа нь маш том дохио шүү. Цаг цагийн Ерөнхийлөгч нарт УИХ-ыг тараах тухай Үндсэн хуулиар олгогдсон эрх нь байсан ч парламент тараах хүртэл утаанд бухимдаж явсангүй. Тэгэхээр утаанаас салах найдвар тавьж, бууриа засаж байгаа зарим зүйлийг дор дурдая.

Улаанбаатарын агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрснийг олон жил ярьж гадна дотны төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч өөдтэй шийдэлд хүрч чадсангүй өнөөдөртэй золгосон гэдгийг надаар хэлүүлэх юун. Тэгэхээр дурдахын ч хэрэггүй.  Харин цас мөсөөр гэхээсээ илүүтэй утаа угаараар хучуулсан энэ өвлийн сард чамгүй хүчээ аван утааны тухай хэлэлцэж байна. Үүнээс харвал утаатай тэмцэх асуудал шинэ шатанд гарах найдвар төрж сууна. Өчигдөрхөн МАН-ын бүлэг хаалттай хуралдахдаа утааны асуудлыг хэлэлцсэн тухайгаа дуулгаж байгаагаас харахад бас л найдвар төрнө. Хэзээ урьд өмнө намын бүлгүүд хаалттай хуралдаанаараа утааг арилгана гээд сууж байсан юм бэ. Тэгэхдээ бүр УИХ-ын хаврын чуулган эхлэхэд хамгийн эхний асуудал утааны асуудал байх болно гэсэн шийдвэр гаргасан байх юм. Уг нь тэд чинь хаврын чуулган эхлэх цаг дор утаагаа мартаад, наадмынхаа гоёлыг зүүдэлж сэрдэг биз дээ. Шийдвэр гаргах түвшинд ийнхүү хөл алдаж байгаа нь яагаад ч найдвар төрүүлнэ.

Энэ бүгдээс харахад утааны асуудал нэгэнт өөр тийшээ эргэсэн гэхэд болохоор харагдана. Хамгийн энгийн зүйлсээс дурдая. “Хас”, “Өлзий”-гөөс эхлээд зуух тавиад ч утаа арилдаггүйг ойлгож авав, утаа ярьсан бүхэнд мөнгө төгрөг өгөөд арилгаж болдоггүйг мэдрэв. Тэр ч бүү хэл утаатай тэмцэх нэрээр мөнгө завшсан хэсэг нөхдөө олон жилийн ял өгөөд шоронд явуулчихлаа. Эрх мэдэлтнүүдээсээ эхлээд утаа ярьж байгаад төрөөс мөнгө авдгийг олж харсан, тэгээд ч утаа нэмэгддэгээс хасагдахгүй байгааг олж мэдсэн учраас өнөөдөр өөрөөр үзэх нь ойлгомжтой харагдана. Үүгээр ч зогсохгүй улсынх нь Ерөнхийлөгч Х.Баттулга “147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг завшсан байна” гэх мэдээлэл хийсэн гэх зэргээс харвал утааны асуудалд ахиц гарч байна.

Аливаа зүйл хөдөлж ярьж байж л аль нэг тийшээ явдаг. Бодоод хэвтээд байх биш хаашаа хамаагүй үсчиж харайж байгаагаас харвал утааны асуудал зун болохоор намжихгүй, цааш үргэлжлэх магадлал өндөр харагдана. Энэ бүхнээс харж суухад утаанаас салах найдвар өөрийн эрхгүй төрнө.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочинзочин(139.5.218.93) 2018 оны 01 сарын 14

Шийдлээ олоогүй байхад утаанаас сална гэж гонж. Бусад улс орнууд хэрхэн салж байгаа жишээ бэлэн байхад л утаагүй түлш, зуухаа яриад суугаа улстай юу ч ярих билээ

0  |  0
Top