Хувьцаа хувьцаа л гэх юм

2018 оны 01 сарын 10

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжиж ахуй цагт Монгол Улсын иргэд бидэнд цэнхэр ягаан тасалбар хэмээх зүйлийг эзэмшүүлж өгсөн. Тухайн цагт иргэд энэ хоёр өнгийн цаасны учрыг олоогүй нь үнэн. Тиймээс учрыг олж харсан хүмүүс худалдаж авах нэрийн дор иргэдийн гар дээрээс аваад улсын үйлдвэр объектыг хувьчилаад авсан. Үнэн хэрэгтээ энэ хоёр өнгийн цаасаар галаа ноцоохдоо тулж байсан учраас арга ч үгүй биз. Зарим учрыг нь хагас дутуу олйгосон нөхөд “энэ хоёр өнгийн цаас ирээдүйд асар их мөнгө юм гэсэн шүү хадгалаарай” гэж ч байсан. Түүнээс бус энэ цэнхэр ягаан цаас нь хэдхэн хүний баялаг болж үлдсэн учиртай. Тухайн цагт иргэдэд хувьцааны талаар ямар ч ойлголт өгөхгүйгээр канмпанит ажил өрнүүлж байсан даа.

Саяхан даа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа олгосон нь дансанд бий. Чухам ямар цагт хэзээ ямар хэмжээний ашиг өгснийг ойлгож байгаа хүн тийм ч олон биш байгаа нь харамсалтай. Гэхдээ цэнхэр ягаан тасалбараас хойш иргэдийн ойлголт харвьцангуй өссөн гэж болно.  Өнгөрөгч 2016 оны сонгуулийн кампанит ажлын дундуур буюу зургадугаар сарын эхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Тодотгож хэлбэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан шийдвэр юм. “Сайн хувьцаа” нэртэй 300 мянган төгрөг ийнхүү иргэдийн дансанд орсноор сонгууль дуусгавар болсон. 300 мянган төгрөг авсан иргэн дэлгүүртээ ороод торонд хийснээр хувьцааны ойлголт дуусч байна. Харин хувьцаа худалдан авагчиддаа үнэт цаас болж үлдсэн.

Гэтэл өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийг Ашигт малтмалын хуулийн 5.6-д заасны дагуу хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрээс иргэдэд олгогдох энэ хувьцааны хувь заяа хэрхэн хаашаа эргэхийг ёстой тэнгэр л мэдэх байх.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уурхайчин(139.5.216.252) 2018 оны 01 сарын 10

Монголчууд ч Үнэгүй юманд нугасгүй дээ?!?! Ер нь бол үнэгүй өгөх нь маш буруу?! Газрын дорхи баялаг бол ард түмний өмч гэдгийг болиод төрийн өмч гэмээр юм.

0  |  0
Зочин(103.26.193.67) 2018 оны 01 сарын 10

10 жил тэсэж чадвал эрдэнэтийн хувьцааг өгнө гэсэн юм бишүү

0  |  0
Top