Яасан танилцаж дуусдаггүй юм бэ !!!

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Яасан ч танилцаж дуусдаггүй утаа вэ. Ихэс дээдэс маань лавтай сүүлийн 30-аад жил утаатай танилцаж байна. Анх утаатай танилцаж явсан ихэс дээдсийн зарим нь тэнгэр бурхны оронд утаагаа үүрд орхин одсон бол зарим нь утаа, манан хоёроо ялгахааргүй өтөлсөн байна. Өнөөдөр бас л зуугийн талыг давж одсон Су.Батболд тэргүүтэй нөхөд утаатай танилцсаар явах зуурт дэлхийн олон хот утаанаасаа салчихлаа. Гэтэл  4,704.4 квадратметр газар нутагтай нийслэлийн утаатай танилцаж амжилгүй 30 жил өнгөрч байна. Бүр хэдэн үеийн дарга сайдууд танилцаад бардаггүй. Сүүлдээ утаатайгаа танилцаж амжаагүй “жанч халсан” Байгаль орчны сайд асан нь нийслэлийн иргэдийг шөнөөр гал түлж болохгүй хэмээсэн хүйт даасан мэдэгдэл хийчихээд унтаад өгөв.

Утаатай танилцах явцдаа хөлгүй баян болсон хүмүүсийн жагсаалт гаргавал чамгүй урт цуваа болно. Гэтэл утаатай танилцаж яваад “Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх тэргүүтэй нөхдүүд тус бүртээ 5-8 жилийн ял авсан гээд утааг тойрсон наян асуудал бий. Утаа нь ганц манай Улаанбаатарт байгаа зүйл биш л дээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар дэлхийн 2100 орчим хотод агаарын бохирдол хэвийн түвшнээс давж одсныг нэрлэсэн. Эдгээр хотууд өнгөрөгч хугацаанд болон өнөөдөр бүгд утаатайгаа дотно танилцаад шалтаг шалтгааныг нь тодруулчихсанд л хамаг учир бий. Хөрш зэргэлдээ Хятадаас эхлээд арга хэмжээ аваад утаанаас салчихсан жишээ ч олон байх. Харин манай улсын ихэс дээдэс л утаатайгаа танилцаж амжилгүй олон жил боллоо.

Манай “Азийн цагаан дагина” маань агаарын бохидлоороо дэлхийд аман хүзүүнд эрэмбэлэгдэх болжээ. Иран улсын Ахваз хотын дараа жагсдаг. Дэлхийд бөхөөрөө алдартай хоёр улс агаарын бохидлоороо тэргүүлж байгаагийн цаана ямар учир шалтгаан байдгийг бүү мэд. Уг нь гуравхан жилийн өмнө манай улс хятадын Бээжин хотын дараа гуравт жагсаж байв. Гэтэл хятадууд утаатайгаа танилцаж дуусаад дэлхийд тэргүүлэгч утаатай хотуудын жагсаалтаас хасагдаж манайх хоёрт эрэмбэ эдлэх завшаан тохиосон нь энэ. Айргийн тавд Пакистан улсын Лахоре хот зүй ёсоор нэрлэгдэж байсан ч энэ оны статистикаас харвал айргийн таваас уруудсан үзүүлэлттэй байна. Үнэн хэрэгтээ Хятад, Пакстины бохирдолтой гэх хотууд нь Хүнд үйлдвэрүүд олонтой. Улс орныхоо эдийн засгийг авч явдаг, экспортын бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүд олонтой. Түүнээс үүдсэн агаарын бохирдолтой хотууд.

Харин манай улсын хувьд нэг ч экспортын бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр байхгүй. Улс орныхоо эдийн засагт өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд экспортонд гаргачихдаг үйлдвэр нэрлээд өгье байхгүй. “Говь” гэх мэт багахан экспортын бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдтэй жиших зүйл учраас ийн хэлсэн хэрэг. Төлөвлөөгүй бодлого, үе үеийн эрх баригчдын мулгуу алхамаас үүдсэн агаарын бохирдол л бий. Өөрөөр хэлбэл, хот төлөвлөлтийн эмх замбараагүй байдал, шилжилт хөдөлгөөнөө хязгаарлаж орон нутагт амьдрах боломжоор хангаагүй, утаа арилгах нь бүү хэл хот байгуулах хэмжээний мөнгийг утаанд төсөвлөж гаргасан ч түүгээрээ бизнес хийсэн гээд олон алдааг үе үеийн эрх баригчдад тохож болох. Түүнээс бус амьдрахын эрхээр зах зээлээ бараадаж ирсэн иргэдийг буруутгах аргагүй. Дэлхийд бохирдлоороо айргийн тавд багтдаг Энэтхэг улсын Нью-Дели хот бол 10 гаруй сая орчим хүн амтай. Агаарын бохирдлынх нь 80 орчим хувийг 40 гаруй нүүрсний цахилгаан станцаас гарч буй утаа эзэлдэг бол, үүнийг айргийн тавд орж ирэхэд нөлөөлдөг нэг зүйл гэвэл 3.5 сая автомашин бас бий аж.

Нэг тэрбум давсан хүн амтай улсын 10 гаруй сая хүн амтай Нью-Дели хотын дэргэд манай Улаанбаатар хот 1.5-хан сая хүн амтай, Нью-Делигээс арав дахин бага автомашинтай, гарын таван хуруунд багтах цахилгаан станцтай гэхээр жиших ч юм биш. Тэгэхээр одоо ахиад утаатай танилцаад байх боломжгүй юм. Ахиад танилцана гэвэл дэлхийн хэмжээнд агаарын бохирдлоороо нэгд жагсаад зогсохгүй цөөн хүн ам нь утаанаас үүдсэн өвчлөлд баригдаж, энх цагт баймгүй дайны байдалд шилжих нь байна шүү.

С.Ууганбаяр

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа(66.181.188.163) 2018 оны 01 сарын 14

Энэ УИХ-ын гишүүдэд хийх ажил байхгүй тул огтмэдэхгүй, огт ойлгохгүй юманд комисс болж ажиллаа, танилцаж байна гэж явахаасаа ичээчээ. Үүнээс чинь ямар ч үр дүн гардаггүй шүү дээ.Та нар үүнийгээ гайхуулаад ТВ, ХМХ-ээр гаргах юм, үзэгчид доог тохуу хийж шоолоод л сууж байна. Ийм юмыг бид сонгохоо бльж УИХ-н гишүүдийн тоог 21-31 хүнтэй болгож, маьдралдаа дэм болгоцгооё

0  |  0
иргэн(103.229.122.68) 2018 оны 01 сарын 14

Утаа тэртэй тэргүй ойлгомжтой мэдлэг чадвар нь дутаж байна одоо нэг номер ядууралтайгаа тэмцмээр юм да гадаадын орнуудын бүх л юмыг дуурайдаг хүмүүс одоо дуурайж утуу ядуурлаас гарах арга замыг хайх хэрэгтэй.

0  |  0
Иргэд(202.9.41.32) 2018 оны 01 сарын 14

Цагаан гартангуудын засгийн хурлыг гэр хороололд -утаан дунд хиймээр байна. Дарга нар чинь тэнгэрээс бууж ирэхгуй хачин хачин юмууд яриад газарт-утаанд байгаа ард тумнийхээ доого болоод,гайхаад байх юмаа.

0  |  0
Иргэн(172.58.139.245) 2018 оны 01 сарын 13

Уншвал ойлгогдохоор зөв бичжээ. Даанч тэд уншиж ойлгох болов уу.

0  |  0
Шахаад өг(103.229.121.216) 2018 оны 01 сарын 13

Бүх нүх сүв рүү нь утаа шахаад өг. Тэгэхээр наадууул чинь танилцах нь битгий хэл бие махбодиороо ойлгоно

0  |  0
аагий(66.181.160.103) 2018 оны 01 сарын 13

эд нар утаатай танилцаж цаг авч байхгүй юу утаатайгаа танилцаж балайрч явтал бид урин цаг хүртэл гүрийж дээ

0  |  0
Top