МУУГЗ Ц.Мөнхжин : ЖИРИЙН УХААН ГЭЖ БАЙНА, МӨН ТӨРИЙН УХААН ГЭЖ БАС БИЙ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, УГЗ, Төрийн шагналт зураач Н.Цүлтэмийн ихэр хөвгүүдийн бага нь юм. Алдарт зураачийн үр сад Энхжин, Мөнхжин нар сурагч байхдаа Англи, Энэтхэг улсад болсон олон улсын хүүхдийн зургийн уралдаанаас олон удаа шагнал авч байсан гэдэг. Тэд хоёулаа зураач болжээ. “Зиндаа” сэтгүүл “Галерей” булангийнхаа хойморт ихэр ах дүүсийг урин залсан билээ. Өмнөх дугаарт Төрийн шагналт зураач Цүлтэмийн Энхжин уригдсан. Энэ дугаарын “Галерей” булангийн хойморт Урлагийн гавьяат зүтгэлтэн Цүлтэмийн Мөнхжин уригдаж уран бүтээлийн замнал, үзэл бодлоо бидэнтэй хуваалцлаа. Эрхэм уншигч та таалан соёрхоно уу.

 

Та зурахын зэрэгцээ нийтлэл бичдэг, телевизийн цуврал нэвтрүүлэг хийдэг. Та анх ямар сургуульд уран зургийн боловсрол эзэмшиж байв?  

Москвагийн урлаг үйлдвэрлэлийн дээд сургууль, одоогийн Строгановын академийн график зургийн ангид суралцсан.

График зургийн анги гэдгээ жаахан тодруулбал? 

 Нэг нь барлаж хэвлэдэг зураасан зураг, нөгөө нь хэрэглээний график буюу одоогийн ойлголтоор график дизайн гэсэн үг. Манайд бар зураг ордог ч хэрэглээний график голчлон үздэг байсан. Дипломын ажлаа аялал жуулчлалын таван зурагт хуудас хийж хамгаалсан юм. Оросууд Монголыг хоцрогдонгуй орон гэж үздэг байсан учир “Очоод Монголын урлагийг зад хөгжүүлэх хэрэгтэй” гэж надад хэлж байлаа. Энэ бүтээлийг маань Голландад хэвлэе гэж “Жуулчин” /дарга нь Доржнамжин гуай байсан/ санал тавихад дахиж хуулбарлаад авчирсан юм. Эх нь сургуулийн музейд үлдсэн. Гэтэл баахан бодлогын юм нэмнэ гэхээр нь тэр чигт нь орхичихсон. Сургууль төгсөөд ирэхэд Д.Амгалан багш Хот чимэглэлийн анги нээгээд хичээл заах ангийг маань хүртэл бэлдчихсэн байлаа. Амгалан багш их боловсролтой, ухаантай, дэвшилтэт үзэлтэй хүн учир би “График дизайныг хөгжүүлье” гэхэд их дэмжиж тусалдаг байсан. Тэгээд зурагт хуудсыг улс төр, аялал жуулчлал, байгаль орчин, эрүүл мэнд гээд олон чиглэлээр, мөн үсгийн урлагийн /шрифт/ хичээл заадаг байлаа.

Тухайн үед энэ чиглэлээр хамгийн сайн хөгжсөн ямар улс байв? Та олон улсын үзэсгэлэнд оролцож байсан биз дээ?  

Тухайн үед энэ тал дээр хамгийн их хөгжсөн орон бол Польш улс. Зурагт хуудсыг бүр урлагийн түүхийн түвшинд хөгжүүлсэн байдаг. Тухайн үед Польшид Варшавын биеннале, Чехэд Брногийн биеннале гэж болдог байлаа. Тэр үзэсгэлэнгүүдэд манайхаас М.Бүтэмж, Соосой нар амжилттай оролцдог байсан юм. Тэр үзэсгэлэнгүүдэд Японы зурагт хуудас хөгжлөөрөө ноёлдог байв. Тэндээс урилга ирэхэд оролцохын тулд хэвлэх шаардлагатай. МУЭ-ийн дэргэд Торгон хэвлэл гэж байсан, тэнд хэвлүүлээд, зарим үед эх зургаа явуулах байдлаар 1978 оноос эхлээд би хэд хэдэн үзэсгэлэнд оролцож байлаа. Миний бүтээлүүд Польшийн Варшав, Финляндын Лахти, Польшийн Брно хотын музейд байх ёстой. Москвад ч ах дүүгийн найрамдалт харилцааны хүрээнд хамтарсан үзэсгэлэн гаргадаг, улс төрийн сэдвээр зурагт хуудасны уралдаан явагддаг байсан. ЗХУ-д зурагт хуудасны уралдаан болохоор Ардын зураач Д.Амгалан багш олон улсын шүүгчээр явдаг байсан юм. 1980 оны Москвагийн олимп болоход түүнд зориулсан уралдаанд би “Прогресс” хэвлэлийн газрын тусгай шагнал авч байсан. Манай зарим зураачид ч тэр уралдаанаас шагнал хүртсэн. Манайд зурагт хуудас нэлээд хөгжих хандлагатай байсан юм шүү. “Мөнхжин гуай” хийхээ болингуут больчихсон юм / инээв/.

Таны хувьд уран бүтээлийн шинэ үе эхэлсэн гэсэн үг үү?  

Зурагт хуудас хийж байгаад, торгон хэвлэлийн дагнаас гэдэг технологид суралцаж, мэдэх юмсан гэж байсныгаа мэдэж авсан. Зурагт хуудасны талаар ойлгох юмаа ойлгож авсан байлаа. Тэр үед манайд хэвлэлийн технологи төдийлөн хөгжөөгүй байсан үе. Өнөөдөр бол компьютерээр эхийг нь бэлдээд чанартай хэвлэж байна. Гараар бараг зурдаггүй. Зөвхөн компьютер ашигладаг. Дүрслэхийн сургууль, ШУТИС зэрэг дээд сургуулиудад дипломын хамгаалалтанд нь орж, оюутан ч удирдаж байсан. Тэд нар бол ердөө зурдаггүй, дандаа компьютерээр хийдэг. Хэт орчин үеийн техникт дулдуйдах болсон л доо. Тийм учраас өнөөдрийн зурагт хуудсууд бол 70-80-аад оны үед гарч байсан Польшийн бүтээлүүд, Японы бүтээлүүдийн дэргэд уран бүтээл биш юм. Хэтэрхий нийтийн шинж чанартай, үйлдвэрлэлийн маягийн юм болж хувирсан. Тэр үеэс л би зурагт хуудас зурахаа больж номын чимэглэлийн зураг зурж эхэлсэн.

Танд номын чимэглэлийн ямар бүтээлүүд байдаг вэ?  

1989 онд Японы Фукуока хотод Азийн 15 орны зураачид цуглахад Монголоос би явсан юм. Тэр үед Монголын нууц товчооны 780 жилийн ойд зориулан хийсэн бүтээлээрээ бие даасан үзэсгэлэн гаргаж байлаа. Японд ном чимэглэлийн зургийн уралдааныг ЮНЕСКО-гийн Азийн соёлын төвөөс хоёр жилд нэг удаа зохиож /биеннале/ байсан юм. Тэр биенналед би таван удаа оролцож бүгдэд нь шагнал авсан. Миний таван зураг 2-р байрт орж байлаа. Нэгд өмнөд Солонгосын зураачийн бүтээл, хоёрт Мексик, Монгол шалгарсан юм. Мөн Азийн соёлын төв шинэ оны календарь хэвлүүлээд ЮНЕСКО-гийн гишүүн орнуудад тараахад миний зургууд орсон. Японы зурагт ном хэвлэдэг нэр хүндтэй Фүкүинкон-Шотен хэвлэлийн газарт миний зурсан зурагтай номыг хэвлэсэн юм. Энэ зургууд бол Английн монголч эрдэмтэн Онон Өргөнгөөгийн өгүүллэгт би зургийг нь зурсан бүтээл байлаа. Анх Онон Өргөнгөө гуай Токиогийн Сейбу их дэлгүүрт миний зургууд хэвлэгдсэн ил захидал олж аваад надтай холбогдож танилцаж байсан түүхтэй юм. Тэгээд л номынх нь чимэг зургийг би зурсан нь тэр.

Ховор боломж байна шүү.  

Онон Өргөнгөө гуай Монголын нууц товчоог “Чингис хааны түүх, амьдрал” гэдэг тодотгол нэртэй тайлбар сэлтийн хамт англи хэлээр орчуулж хэвлүүлэхдээ миний Нууц товчооны сэдэвт бүтээлүүдийн зургийг оруулж, хавтсыг нь миний зурсан зургаар чимэглэсэн байдаг. Энэ номын хувь нь Үндэсний номын санд бий.

 


Та өөр ямар номонд чимэг зургуудыг нь хийж байв? 

 Японд бас хоёр ном гаргасан. Кагюша гэдэг хэвлэлийн газраас Азийн 15 орны үлгэрийн ном хийе, Монголоос та үлгэрийн зураг зурж өгөхгүй юу гэдэг санал ирээд “Тааварч хөвгүүд” гэдэг үлгэрээр зураг зурж тэр нь хэвлэгдсэн юм. Би Японд хоёр ном, Англид нэг ном хэвлүүлээд олон улсын түвшинд номын чимэглэлийг ингэж зурах нь ээ гэдэг өөрийн түвшинг мэдэж аваад 1995 оноос уран зураг зурж эхэлсэн.

Та тэгвэл уран зурагт ороод хорь гаруй жил болж байгаа юм байна шүү дээ.  

Уран зураг бол номын чимэг зураг, зурагт хуудас, графикийг бодвол хязгааргүй өргөн боломжтой. Урлагийн түүхийн тулгын гурван чулууны нэг шүү дээ. Уран зураг зурж эхэлснээс хойш гадаад, дотоодын олон үзэсгэлэнд оролцож, аль алинд нь бие даасан үзэсгэлэнгүүд гаргаж, миний бүтээлүүдээс олон орны хүмүүс хувийн цуглуулгадаа худалдаж авсан байдаг. Нэг том үзэсгэлэн бол 1996 онд болсон Осакагийн триеннале. Тэр триенналед дэлхийн 111 орны 3000 уран бүтээлчийн 5000 гаруй бүтээл ирснээс 100-г нь шалгаруулж авахад миний бүтээл түүнд орсон юм. Тэгээд Осакагийн триенналед миний уран зураг эхэлж зурсны хоёр дахь зургийг маань худалдаж авч байлаа. Энэ зургийг зурахын өмнө би цонхоор их сонин үүл харсан юм. Тийм үүл дахиж ерөөсөө хараагүй. Бүр хүн хийчихсэн юм шиг. Үүлэн дээр нэг хүн доошоо хараад юм бодоод сууж байгаа зураг л даа. Японы Осакад байгаа нь уултай. Өнгө нь өөр. Багабанди ерөнхийлөгчийн гэрт байгаа нь уулгүй. Ийм хоёр хувилбар байна. Намайг сэтгэлгээний урлагийг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж 2005 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн.

 


АВЬЯАСЫГ ХҮН ЧАНАРААР ТОРДОЖ БАЙХГҮЙ БОЛ ЗЭВЭРДЭГ, ГУНДДАГ


Таны уран бүтээлийн хөгжлийн дараагийн үе шат нь юу байсан бэ?  

Дараагийн үе шат бол уран зурагт шинэ урсгал нээх явдал юм. Энэ чиглэлийг Зэрэглээ дүрст уран зураг гэж нэрлэж болох юм.

Таны зэрэглээ дүрст зургууд үнэхээр гайхалтай. Говийн хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлдэг байх даа. 

 Над руу Баяраа гэдэг залуу яруу найрагч утасдаад “Би таны зургийг 2005 онд анх харсан юм. Би говийн хүүхэд. Энэтхэгт сурч байхдаа нутгаа санахаараа би таны зургийг боддог байсан юм шүү. Их сонин зураг байсан. Одоо би өөрийн шүлгийн түүврийг гаргах гэж байгаа. Таны зургийг ашиглаж болох уу” гээд зөвшөөрөл хүсэж байсан. Тэр бол Улаанбаатар зочид буудлын ресепшиний хажууд байдаг зураг л даа. Ц.Балдорж агсан худалдаж авсан юм. Баяраа гэдэг залуу маань миний энэ зурганд зориулж шүлэг бичсэн байсан. Тэгээд энэ тайлбар номонд нь бас орно гэнэ лээ. Зэрэглээ дүрст зураг гэдэг маань энэ үеэс үндэслэсэн юм. Бас нэг хувилбар нь Хууль зүйн үндэсний төвд бий. Академич Ж.Амарсанаа зуруулж авсан юм.

Таны зургуудаас монгол домгийн гэмээр хэв шинж ажиглагддаг. Уран бүтээлд тань ийм өнгө аяс бүрэлдэхэд таны аавын бүтээлүүд нөлөөлсөн үү?  

Аав гэхээсээ илүү монгол нутгийн үзэсгэлэн нөлөөлдөг байх. Зэрэглээ Монголын тал нутагт зураг болон оршдог шүү дээ.

Одоо таны ямар бүтээлүүд гадаад, дотоодын үзэсгэлэнд тавигдаж байгаа вэ?  

Өвөрмонголын Бугат хотын Дуан гэдэг хүн “Энхжин, Мөнхжин” гэдэг урлагийн төв нээе гэсэн санал тавьж, тэр урлагийн төвийн шугамаар намайг уриад би тэнд долоон сар ажилласан. Мөн Бээжинд Энхжин бид хоёрын хамтарсан зургийн үзэсгэлэнг гаргаад байна. Бээжинд миний тухай “Монголын Матисс” гэж реклам сурталчилгаа хийсэн байна. Хятадад өргөн дэлгэр мэддэгээр нь францын зураачтай адилтгаж, зүйрлүүлж нэрлэсэн юм билээ. Тэр үзэсгэлэн дээр Энхжингийн 4 зураг, миний 20 зураг байгаа. Хятадын 500 сайтад Энхжин бид хоёрын уран бүтээлийн сурталчилгаа явагдсан. Тэр сурталчилгааныхаа линкийг вичатаар над руу илгээгээд харуулдаг юм. Монголиас Матисс буюу “Сэтгэлийн гүнээс шивнэсэн шивнээ” гэсэн утгатай сурталчилгаа хийж хятад, монгол хэл дээр тайлбарыг нь бичээд “Ц.Мөнхжингийн уран зургууд ба түүгээр аялах түлхүүр” гэж нэрлэсэн байсан.

 


Та залуу зураач, уран бүтээлчдэдээ хандаж та юу зөвлөх вэ?  

Уран бүтээлд тэр хүн ямар зан ааштай, ямар боловсролтой, ямар сэтгэлтэй хүн бэ гэхчлэн уг бүтээлч тэр чигээрээ буудаг. Авьяас байгалиас заяадаг. Харин тэр авьяасыг хүн чанараар тордож байхгүй бол авьяас нь зэвэрдэг, гунддаг. Иймээс уран бүтээлч хүн бол хүн чанараа гээж болохгүй гэсэн үг. “Ертөнц дээр мөнх юм гэж байдаггүй. Ганцхан мөнх юм бий. Тэр бол сайн нэр юм” гэж Өгөөдэй хааны хэлсэн үг бий. Өөрийн ард түмэн, Монгол үндэстэнг дэлхийд нэртэй болгосон Чингис хаан, их өвөг дээдэс дэлхийгээр нэр нь түгж байгаа биз дээ. Тэр үед ямар нэгэн телевиз радиогоор түүний тухай мэдээлэл дамжуулж байсан юм уу. Гэтэл хэдэн мянган жилээр түүний нэр мандан бадарч байдаг. Энэ чинь тэр аугаа хүний сайн нэр юм. Даравч далдайна булавч бултайна гэгчээр сайн нэр бол ямагт дурсагдаж явна. Сайн нэрээ үлдээ. Сайн юм хий.

Дэлхийн зураач болохын тулд ямар байх хэрэгтэй вэ?

Нэгдүгээрт уйгагүй хөдөлмөрлөх, эрдэм мэдлэг өргөн хүрээтэй байх, дээр дурдсан хүн чанар чухал. Өөрийн улсын үнэн түүхийг танин мэдэж авах хэрэгтэй. Тэгээд сэтгэл зүрхээ эх орондоо, хайрт бүсгүйдээ өгч байгаа юм шиг л уран бүтээлдээ сэтгэлээ өгч, хүч хөдөлмөрөө зориулж чадвал сайн уран бүтээлч болж чадна. Түүхэнд хэдэн сая живаа зураач байсан биз. Түүнээс хэд нь бидэнд мэдэгдэж үлдэж байна. Тэр хүмүүс чинь уран бүтээлдээ өгсөн сэтгэл, хүн чанараараа дандаа шинийг нээсэн байдаг юм.

 

 

Ц.Мөнхжин "Зураг 713"

145,5*97 Зотон,тос

2016 он

 

 

МАССЫН ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭЭГҮЙ ҮЗЭЛ СУРТАЛ ХЭРЭГТЭЙ


Таны хувьд амьдралын утга учир гэж юуг хэлэх вэ?  

Бүх л зүйлийг хүн эх оронтойгоо холбож авч үзвэл сайнсан. Би энэ эх орондоо хүчээ өгнө. Энэ эх орон минь мандан цэцэглээсэй гэж хүсэж боддог, Сүлд дуундаа ч түүнийгээ дуулдаг. Спортын тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг гаргах гэж, тугаа мандуулах гэж оролцдог биз дээ. Амьдралын утга учир бол эх орон юм байна. Өөрийнхөө хийж чадах зүйлээр эх орноо хайрлах нь амьдралын утга учир байвал сайнсан. Түүнээс гадна хүнд хайр сэтгэл гэж байна.

Дурлуулна гэхээсээ илүү тэр нэгэндээ өгч байсан сэтгэл нь насан туршдаа мартагддаггүй. Жаргал гэдэг бас энд явдаг. Амьдралын утга учрын нэг хэсэг нь энэ байх.

Уран бүтээлч хүний хувьд та үзэл бодлоо илэрхийлдэг. Энэ удаа та юу хэлмээр байна вэ?  

“Миний эх орон аажмаар үгүй болж байна” гэсэн миний нэг нийтлэл бий. Ер нь УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн энэ гурван субьект төрийн бодлогыг тодорхойлох ёстой юм. Үүнд: Баялаг бүтээх, Баялгаа хамгаалах, Баялаг хуримтлуулах бодлого. Ашигт малтмалыг хэрэглэхгүй биш хэрэглэнэ. Гэхдээ хамгаалж хэрэглэнэ шүү дээ. Хамгаалахгүй байсны уршгаар юу болж байна. Монголын хөдөө нутаг, ус, ой сүйдэж байна шүү дээ.

Та УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсны хувьд улстөрчдийн талаар ямар бодолтой байдаг вэ?  

Жирийн ухаан гэж байна, мөн төрийн ухаан гэж бас бий. Ард олны дунд “Төрөөс төрсөн тэрбумтан” гэсэн нэр томьёо гараад удаж байна. Энэ бол төрийн өндөр албан тушаалд байгаа хүмүүс өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө ухаанаа шавхаад л байдаг, харин улс орон, ард түмнийхээ төлөө ухаан зарж чадахгүй байгаад л гол агуулга нь байгаа юм. Товчоор хэлбэл гэр бүлийнхээ төлөө ажиллаад байгаа явдал бол жирийн л ухаан юм. Харин төрийн ухаан гэж зөвхөн улс эх орныхоо төлөө л сэтгэж, ард олныгоо баян чинээлэг болгож, амьдралыг нь байнга дээшлүүлдэг ухааныг хэлэх гээд байна. Жирийн нь хэчнээн удаа сонгогдоод ч, хэдий өндөр албан тушаалд очоод ч нэмэргүй. Төрийн ухаан дутаад л байдаг гачлантай. Цаашилбал ард олон хохирдог, улс орон будлидаг. Үүнийг л ялгахын тулд, дундаас нь онцолж сугалж гаргахын тулд “Сонгууль” явагддаг утга учиртай.

Та Монголчуудын түүхээр цуврал нэвтрүүлэг хийсэн. Тэр бүр хүмүүс мэддэггүй түүхийг өгүүлээд байгаа харагдсан шүү.

Телевизийн цуврал нэвтрүүлэгт Хүннү гүрнээс 1915 оны гурван улсын гэрээ хүртэлх үеийн түүхийг Монголын нэртэй түүхчдээр яриулж, энэ тухай нийт 29 нэвтрүүлэг хийсэн. Зүүн гарын хаант улс гэхэд л өнөөдөр тэр бүр мэдэхгүй шүү дээ. Зүүн гарын хаант улс бол хүчирхэг Халх Монгол, Өмнөд Монгол хоёр манжид дагаар орсны дараа ганцаараа үлдээд Манжтай, Хаант Оростой, баруун талдаа байсан Дундад Азийн орнуудтай тэмцэж газар нутгаа хамгаалж байсан түүхтэй юм. Ийм эрэлхэг Ойрд Монголчууд байлаа. Гүүш хаан Төвдийг эзлээд 60 гаруй жил оршин суулаа шүү дээ. Тэд бол Хөх нуурын монголчууд. Үүнийг өнөөдөр манайхан бараг мэдэхгүй.

Таны нэвтрүүлгүүд одоо аль телевизийн сувгаар гарч байгаа вэ?  

Энэ нэвтрүүлгүүд Соён гэгээрүүлэгч, мөн ТВ-10 телевизээр гарсан. Соён гэгээрүүлэгч телевизийнхэн миний албан ёсны зөвшөөрөлтэйгөөр гаргаж байгаа. Анх ТВ 10 телевиз хийсэн юм шүү дээ. Төр үнэхээр үзэл суртлын бодлоготой байж түүх, хэл соёлоо таниулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээрээ түгээж байх ёстой юм. Түүхэн үнэнийг гаргах ёстой гэдэг саналтай, дэмждэг хүмүүс байна л даа. Монголын аугаа их өвөг дээдсийн сэтгэл оюунд, зүрхэнд нь дэлхий багтаж байлаа шүү дээ. Өнгөрсөн ба ирээдүйг одоо үетэй нь сэтгэлдээ багтааж байсан байна. Манай түүхэнд ямар аугаа өвөг дээдэс байсан юм бэ. Тухайлбал, бид Чингис хааны нэр төрийг авч явж чадаж байна уу, үгүй юу? Аугаа их түүхийнхээ үргэлжлэл нь болж чадаж байна уу гэдгээ эргэцүүлэхийн тулд түүхийнхээ талаар харуулах ёстой юм. Чингис хаанаас өмнө ч бид ямар аугаа түүхтэй байв. Яагаад бид буурч мөхсөн юм. Үүнийг түүхээсээ харж сургамж авах шаардлага бий.

 


Та үйлдвэрлэл бизнесийн тухай цуврал нэвтрүүлэгтээ юуг ойлгуулахыг зорьсон бэ?  

Би 2011 онд “Болно, болохгүй юм. байхгүй” гэдэг 20 цуврал нэвтрүүлэг хийсэн. Л.Балхжав захирал, Баяраа /Уран сайхны удирдагч/ нар дэмжиж UBS телевизээр цацагдсан. “Болно. Болохгvй юм гэж орчлонд хаана байна” гэж М.Цэдэндорж яруу найрагчийн сайхан шүлэг байдаг. Энэ шүлэгнээс санаа авч нэвтрүүлгийн нэрийг өгсөн юм. Яагаад энэ нэвтрүүлгийг хийх санаа төрсөн бэ гэхээр өнөөгийн монголчууд юмыг болохгүй талаас нь дандаа ярьж байгаа харагддаг. Энгийн жишээ гэхэд, гуанз, хоолны газарт орсон ч зуны цагт хуурай сүүгээр цайгаа чанасан байна. Асуухаар “Үнэ хямд байдаг, дээрээс хэлсэн” гэдэг ч юм уу дандаа болохгүй талаас нь яриад байдаг. Тиймээс “Болно, болохгүй юм байхгүй” гэсэн нэвтрүүлэг хийсэн юм. Монголд ямар үйлдвэрүүд байж болох вэ. Гутлын үйлдвэрээс эхлээд Налайхын шилний үйлдвэр, Оёдлын үйлдвэр, Кино үйлдвэр гээд дандаа үйлдвэрийн сэдвээр нэвтрүүлэг хийсэн. Ингэж эдийн засгийг босгож болох юм шүү гэдэг санааг гаргасан.

Танд ямар нэгэн өөрчлөлт, нөлөөлөл харагдаж байна уу?  

Энэ нэвтрүүлгүүдээс санаа аваад манай мундгууд, төрд байгаа хүмүүс хийх ёстой юм. Гэтэл манайхан бүтээдэггүй. Энэ нэвтрүүлгийн сүүлийн хоёр нэвтрүүлгийг бид Парисаас бэлтгэж эдийн засаг, мөнгө санхүүгийн зээлийн тухай нэвтрүүлэг хийсэн. Манайх олон улсад бол ядуу оронд тооцогдоно. Гэтэл ядуу сэтгэлгээтэй хүмүүс үмхэхийг л бодоод байна. Өнөөдөр үнэтэй хаус, лексус машин, 9911-тэй дугаар гэдэг бодолтой хүн цөөнгүй. Бас зээл зээл... Энэ бол зөвхөн хувь хүний хэрэг хэдий ч харамсалтай нь би энэ улсын нэг хэсэг, надтай холбоотой юм шүү гэж бодохгүй, эд таваарын сэтгэхүйтэй болчихсон байна. Чи баяжиж болно, ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олж болно. Хамгийн гол нь эх орноо сөнөөж битгий баяж л даа. Эх орноо сөнөөж баяжна гэдэг гэр орноо, ирээдүйн үр хүүхдийнхээ бүх юмыг сөнөөж байна гэсэн үг. Энэ бол уг нь энгийн ухагдахуун. Гэтэл монголчууд гуйлгачин сэтгэлгээтэй болчихсон маань харамсалтай. Энэ сэтгэлгээг өөрчлөхийн тулд сэхээтнүүд манлайлан Монгол эх орныхоо төлөө үзэл суртлын ажлыг хийх шаардлагатай байна. Хийдэггүй юмаа гэхэд ядаж садаа болохгүй байх хэрэгтэй байна.

 

Танд баярлалаа. 

Ярилцсан: Ц.Оюунчимэг

2017- 04 сар "Зиндаа" сэтгүүл №04 /506/

 

 

 


  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gochoo(27.123.212.141) 2018 оны 01 сарын 25

Door bichsen durakt .end yamarch hujaa magtsan ug alga.mgloo magtsan hairlasan setgel zovson hunii ug bn.

0  |  0
Энхтайван(66.181.187.189) 2018 оны 01 сарын 18

ӨМХИЙ ЛУУХААН ХУЖААГАА МАГТААД МОНГОЛЧУУДЫГ МУУЛВАА. ИХЭР НЬ НЭГ МУУ ХУЛГАЙЧ. ЭДНИЙГ МАНАЙ ЗУРААЧ УРЧУУД БҮГД МЭДНЭЭ.

0  |  0
Top