Ш.Анхмаа: Боловсролын салбарт 2018 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болно

2018 оны 01 сарын 30

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан  орлогч Ш.Анхмаагийн илтгэл:

Эрхэм хүндэт УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд,  НИТХ-ын Төлөөлөгчид өө!   

Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд ээ!

Хүндэт зочид оо!

Та бүхэнд  энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 45% нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 64%-ийг бүтээж, их дээд сургуулийн 95,8%, ерөнхий боловсролын сургуулийн 28%, хүүхдийн цэцэрлэгийн 46%-ийг тус тус эзэлж, улс орны эдийн засаг, нийгэм, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны төв болон хөгжиж байна.

Нийслэлийн иргэн бүрийн эрүүл, боловсролтой, амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэн хамтран ажиллаж байна.

Та бүхэнд нийслэлийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, 2018 онд шинээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний талаар товч танилцуулъя.

Нийслэлийн иргэдийн нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг оновчтой болгох, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, шинэ дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, барилга байгууламж, тээврийн хэрэгслээр үе шаттай ханган ажиллаж байна.

          Нийслэлд төрийн өмчийн 25 эрүүл мэндийн байгууллага, 142 өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн 2000 орчим байгууллага нийслэлийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Нийслэлийн харьяа төрийн өмчийн 25 эрүүл мэндийн байгууллага 59 барилгад үйл ажиллагаа явуулж байгаагаас 80 хувь нь 1940-2000 оны барилга байгаа бөгөөд үүний 34.1 хувь нь зориулалтын бус, ашиглалтын хугацаа дууссан  байранд үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламжийг орчин үеийн шаардлагад нийцсэн, иргэдэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэх үүднээс 2017 онд Баянгол дүүрэгт 120 ортой хүүхдийн болон ахмадын эмнэлэг, Чингэлтэй дүүрэгт жишиг Өрхийн эрүүл мэндийн төв, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг шинээр ашиглалтад оруулаад байна. Мөн Багахангай дүүрэгт 40 ортой Эрүүл мэндийн төвийн шинэ барилга барих ажлыг эхлүүлээд байна.

Эрүүл мэндийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл шинэчлэх ажлын хүрээнд Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасаг шинээр нээхэд 2.0 тэрбум, Баянгол дүүргийн шинээр баригдсан хүүхдийн эмнэлэг болон 5 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 792.0 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангасан.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудын их засварт 538.4 сая төгрөг зарцуулсан.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор 2018 онд нийслэлийн төсвөөс 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангайд 40 ортой эмнэлэг, Туул тосгоны эмнэлгийг барьж ашиглалтад оруулан, Шүд эрүү нүүрний төвийг зориулалтын байртай болгоно.

 

Улсын төсвөөс 10 тэрбум 628,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, өргөтгөлийг барьж эхлүүлэн, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад оруулж, эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварыг хийж, тоног төхөөрөмжөөр хангана.

Нийслэл хотод Азийн хөгжлийн банкны санхүүжилт болон Бүгд Найрамдах Турк Улсын Тика төслийн хүрээнд тус тус 10 Өрхийн эрүүл мэндийн төв баригдана.

Мөн дүүргүүдийн эмнэлгийг оношилгоо, эмчилгээний багаж, тоног төхөөрөмжөөр хангахад 1.0 тэрбум, эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашинаар хангахад 350.0 сая, яаралтай түргэн тусламжийн автомашиныг GPS төхөөрөмжөөр тоноглоход 90.0 сая төгрөг, эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн барилгын засварт 400 сая төгрөгийг тус тус зарцуулна.

Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад анхаарч багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжөөр хангахад 710,0 сая, барилгын засварын ажилд 780,0 сая төгрөгийг тус тус зарцуулна.

Одоо та бүхэнд нийслэлийн боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2018 онд шинээр баригдаж эхлэх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн талаар танилцуулъя.

 Улаанбаатар хотод төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 434, нийт 661 цэцэрлэгт 113,521 хүүхэд хүмүүжиж, өөрөөр хэлбэл цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалт 77.6 хувьтай байна.   

Төрийн өмчийн 227 цэцэрлэгийн нийт хүчин чадал 40,700 бөгөөд эдгээр цэцэрлэгт 83,897 хүүхэд хүмүүжиж, төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 2.1 дахин хүүхэд хүлээн авч хүмүүжүүлж байна. Үүнээс гадна 32,774 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чадахгүй гэртээ байна.           

Нийслэл хотод төрийн өмчийн 134, төрийн бус өмчийн 107 сургуульд 247,960 хүүхэд суралцаж байна. Төрийн өмчийн 123,276 хүүхдийн хүчин чадалтай 134 ерөнхий боловсролын сургуульд 220,495 хүүхэд суралцаж, ачааллын дундаж коэффициент 1.8 хувьд хүрсэн бөгөөд 20 сургуулийн 152 бүлгийн 6,154 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна.   

Улаанбаатар хотын 2012 – 2016 оны сургуулийн өмнөх насны хүүхдийн жилийн дундаж өсөлт 13124 байгаа бол ерөнхий боловсролын сургуулийн насны  хүүхэд жилд дунджаар 11678 - аар өсөж байна.

 Нийслэл хотод төрийн өмчийн цэцэрлэггүй 24 хороо, төрийн өмчийн сургуульгүй 50 хороо байна.

  Дээрх статистик тоо баримтаас нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал туйлын хүндрэлтэй байгаа нь харагдаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд 50 сургуулийн барилгыг өргөтгөх буюу шинээр барьж, сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлнэ”, “Хороо бүрд цэцэрлэг байгуулж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшнийг 85 хувьд хүргэнэ” гэж заасан.

2017 онд Улсын төсөв, концессоор хэрэгжиж буй 6 сургууль, 4 сургуулийн өргөтгөл 2017 онд ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 7480-аар нэмэгдлээ. Эдгээр сургуулиуд ашиглалтад орсны үр дүнд 2016-2017 оны хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэж байсан 31 сургуулийн тоо 20 болж буураад байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 8, Хан – Уул дүүргийн 2, Чингэлтэй дүүргийн 3, Сүхбаатар дүүргийн 1 сургууль 3 ээлжээр хичээллэж байна.

 Улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод 2017 онд шинээр төрийн өмчийн 7 цэцэрлэг, 9 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, цэцэрлэгийн хүчин чадал 1840–өөр нэмэгдсэн. Мөн 2017 онд төрийн бус өмчийн 46 цэцэрлэг шинээр байгуулагдаж, цэцэрлэгийн хүчин чадлыг 3640–өөр нэмэгдүүллээ.

 Дээрх хөрөнгө оруулалтын үр дүнд 2016-2017 оны хичээлийн жил эхлэхэд цэцэрлэгийн хамрагдалтын түвшин 69.0 хувьтай байсан бол өнөөдөр цэцэрлэгийн хамрагдалтын түвшин 77.6 хувь болж нэмэгдээд байна.

Боловсролын салбарт 2018 онд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болно гэдгийг цохон хэлэхэд таатай байна.  Нийслэлийн тулгамдсан асуудлуудын нэг болох сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар УИХ, Засгийн газраас ихээхэн анхаарал тавин ажиллаж байна.

Нийслэл хотод 2018 онд 20 шинэ сургууль, 34 сургуулийн өргөтгөл баригдаж эхэлнэ. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 сургуулийн шинэ барилга, 25 сургуулийн өргөтгөл;
  • Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2 сургуулийн шинэ барилга, 7 сургуулийн өргөтгөл;
  • БНХАУ – ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургуулийн шинэ барилга;
  • Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургуулийн шинэ барилга, 2 сургуулийн өргөтгөл

Баригдсанаар нийслэлийн сургуулийн хүчин чадал 31,480–аар нэмэгдэнэ.

       Мөн нийслэл хотод 2018 онд 47 цэцэрлэг, 27 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж эхэлнэ. Үүнд:

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 42 цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл;
  • Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 5 цэцэрлэгийн шинэ барилга, 17 цэцэрлэгийн өргөтгөл.
  • Улс, нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин

хэрэгжиж буй 12 цэцэрлэгийн шинэ барилга 2018 онд ашиглалтад орно.

    Дээрх цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулснаар нийслэлийн цэцэрлэгийн хүчин чадлыг 11,650-аар нэмэгдэнэ.

Цаашид 2020 он гэхэд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжид бүрэн шилжүүлж, хороо бүрийг цэцэрлэгтэй  болгон цэцэрлэгт хамрагдалтыг 85% хүргэх болно.

Та бүхэн 2018 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож нийслэл хотоо хамтдаа хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top