МҮЭ Засгийн газартай зиндаархав

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31

Сүүлийн жилүүдэд чимээ анирхан үйл ажиллагаа явуулах болсон Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос мэдээлэл хийж, хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх, Төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэврийг энэ онд нэмэгдүүлэх хэлэлцээрт орно хэмээн мэдэгдсэн нь Засгийн газар уу, Үйлдвэрчний эвлэл үү хэмээн андуурахад хүргэлээ. Тус холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нар Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, өндөр настны тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлж, цалин хөлсийг 2019 он хүртэл царцаах, Төрийн албанд нөхөн томилгоо хийхгүй байх шийдвэрүүдийг гаргаснаар Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж буйгаа дуулгалаа.

Тиймээс МҮЭХ-ноос тухай бүрт мэдэгдэл шаардлага хүргүүлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Гэвч тэд тэмцлээ илэрхийлсээр 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндсэний хорооны хурлаар хэлэлцэж тэтгэврийн нас, хувь хүний орлогын албан татвар, төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн аж. Тиймээс иргэдийн өмнө тулгамдсан дөрвөн асуудлыг шийдлээ хэмээн мэдэгдэв.

Үүнд, хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа эмэгтэй 50, эрэгтэй 55 настай тэтгэвэрт гарах, хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтан өөрөө хүсвэл 55, эргэтэй 60 настай тэтгэвэрт гарч болох өмнөх хуулийн хэрэгжилтийг хэвээр үлдээх нөхцөл бүрдүүлсэн. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхаар болсон, Төрийн алба хаагчын цалинг 2018 онд нэмэгдүүлэх хэлэлцээр хийнэ, өргөн хэрэглээний АИ 92, АИ80 шатахууны үнийг тогтвортой байлгах, төсвийн байгууллагуудын төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогоор ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж болон нийгмийн хамгааллын бусад асуудал шийдвэрлэгдэх боломжтой боллоо хэмээсэн.

Үүнээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тал дээр ч анхаарч ажиллана хэмээн яг л Засгийн газар, УИХ-ын түвшний мэдэгдлийг хийв. Үүнээс харвал МҮЭ шуудхан л Засгийн газартай зиндаархаж, УИХ-ын түвшинд шийдвэрлэх асуудлыг өөрийнхөө байранд хэвлэлийн хурлаар шийдсэн явдал болж өндөрлөлөө. Энэ үеэр цалин тэтгэвэр нэмэх, татвар хөнгөлөх нь эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх тухайд үг цухуйлгасангүй.

А.Толбо

www.zindaa.mn

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.182.149) 2018 оны 02 сарын 01

амгаланбаатар гэж нэг тэнэг нөхөр зайл

0  |  0
Top