Л.Саруултөгс: Асар хурдацтай хөгжлийн үед амьдарч байгаа бидэнд заавал сурах ёстой чадвар бол ЭМХ ЦЭГЦ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 01

Одоогоос жил гаруйхны өмнө дөө, монголчуудын оюун ухааны саруул ертөнцөд  гэгээ татуулсан нэгэн ном хэвлэлтээс гарч байлаа. Тэр номын гол дүр хэн нэгэн зохиомол баатар байсангүй, тэр номын зорилго аар саар ашиг хонжоо ч байсангүй. Харин  эсрэгээрээ энэ номын гол дүрийн баатар нь уншигч өөрөө байж, энэ номын зорилго нь хүний зөв хэрэглээ, дадал зуршлыг Монгол түмэндээ буй болгоход чиглэгдсэн байлаа. Уг ном бол. “Амьдралыг цэгцлэх эмх цэгц ба түүний ид шид” юм. Нэрнээсээ л нэгийг бодуулж, нөгөөг тунгаах сэдлийг төрүүлэх эл номын орчуулагч Л.Саруултөгсийг Zindaa.mn сайт “Хойморын зочин”-оороо урьж, ярилцлаа. “Эмх цэгц” хэмээх үгийн утга учир хийгээд “Эмх цэгцтэй хүн” байхын тухай хүүрнэх ярилцлагыг маань таалан болгооно уу.  

-Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсанд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

-Баярлалаа.

-Таны хувьд  цэгцлэх “урлаг”-ийн хамгийн алдартай мэргэжилтэн, Тайм сэтгүүлийн дэлхийн нөлөө бүхий 100 хүний нэг, 40 гаруй хэл дээр орчуулагдсан номын эзэн Мари Кондог монголчуудтайгаа “уулзуулаад” багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд “Амьдралыг цэгцлэх эмх цэгц ба түүний ид шид” номын мянга, мянган уншигчид салан замбараагүй байдлыг сөрөн тэмцэгчид болцгоосон гэдэгт итгэлтэй байна?

-Тийм ээ. Энэ ном маань 2016 оны 12 дугаар сард хэвлэлтээс гарсан цагаасаа хойш нэг ч удаа бестселлерээсээ буугаагүй. Борлуулалтаараа  эхний гуравт өдийг хүртэл эрэмблэгдсээр байгаад орчуулагчийнхаа хувьд маш их баяртай байгаа. Номын гол санаа эмх цэгц гэдэг ер нь юу юм. эмх цэгцтэй амьдрал гэж юуг хэлдэг, эмх цэгцтэй байснаар ямар үр дүн, ид шидийг хүн өөртөө буй болгож болдог тухай өгүүлдэг. Энэ бүхнийг монголчуудынхаа амьдралын хэв маягт хэвшүүлэхийг зорьж номоо орчуулж байлаа. Харин өнөөдөр “Амьдралыг цэгцлэх эмх цэгц ба түүний ид шид”-ийг шимтэн уншиж, суралцаж байгаа маш олон монголчууд төрөн гарч байгаа нь номын гол зорилго биелэж эхэлсний илрэл юм даа.

-“Эмх цэгц” гэдэг их л энгийн юм шиг боловч ухаад үзэхээр асар өргөн хүрээний ойлголт юм л даа.  Та ч өөрөө хэлсэн байдаг “Гадаад орчны эмх цэгц хүний дотоод сэтгэлийн эмх цэгцийг буй болгодог” гэж. Энэ ухагдахууны талаар ярьж өгөөч?

Тийм шүү. Энэ номын маань хамгийн гол утга санаа үүнд л оршиж байгаа юм. Хүн орчин тойрноо эмх цэгцтэй байлгаснаар аяндаа биеэ эмх цэгцтэй авч явна, эмх цэгцтэй хооллоно,  эмх цэгцтэй хувцасладаг болно. Өөрөөр хэлбэл, “Эмх цэгц”-ийн тухай ойлголтыг авсан хүн цогцоороо өөрчлөгддөг. Тийм боломж, хүч чадал, ид шид “Эмх цэгц”-ийн ухаанд нуугдаж байдаг. Гагцхүү  хүн болгон / эрэгтэй эмэгтэй, хөгшин, залуу байхаас үл хамааран/ өөрийн амьдралдаа энэ яриад байгаа “Эмх цэгц”-ийг хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй. Тэр арга зам, технологийг л энэ номонд өгүүлсэн байдаг л даа.

-Тэгвэл “Эмх цэгц”-тэй байхын хамгийн эхний алхам юу байж болох вэ?

-Нэгдүгээрт, элдэв эд хогшил, илүү хэрэглээнээс хүн татгалзах хэрэгтэй. Ер нь хүмүүст хэрэглэдэггүй мөртлөө хураагаад хадгалаад л байдаг зүйл их байдаг. Хуучин нойтон хувцаснаас эхлээд янз бүрийн “новш”-ийг хуримтлуулаад байх хэрэггүй. Тиймээс хэрэггүй гэсэн болгоноо хаяж сурах хэрэгтэй. Яг л өөртөө таалагдсан зүйлсээ авч үлдэх ёстой. Тэр зүйлсээ л гамтай хэрэглэж, хадгалж, хамгаалж явах нь таны амьдралыг улам хялбар болгоно.  Бүх талаараа эмх цэгцтэй байгаа хүн стресс бага, ажлын үр бүтээмж өндөр, цаг ашиглалт сайн, товчхондоо Амьдралаа амжилттайгаар авч явах үүд хаалгаа нээсэн байдаг. Эмх цэгцийг өөртөө буй болгосноор хувь хүн талаасаа ч хөгжиж, цаашлаад хүрээлэн байгаа хүмүүстэй, бүр цаашлаад нийгэмдээ эерэг дадал зуршил, үлгэр дууриалыг үзүүлдэг. Эмх цэгцтэй байх дадлыг өөртөө буй болгох нь олон ном уншиж, олон зүйлийг судлаад буй болдог зүйл биш. Хамгийн гол нь хүн энэ бүхний мөн чанарыг ойлгоод өөрийнхөө өдөр тутмын хэмнэлд хэвшүүлэх нь л чухал.

-Анхнаасаа замбараагүй сурчихсан, тэр нь хэвшил болчихсон хүмүүс “Эмх цэгц”-д суралцах боломжтой болов уу?

-Боломжгүй зүйл байдаггүй гэдэг мэргэн үг бий. Эмх цэгцтэй хүн болж өөрчлөгдөхийн тулд өөрөө  хичээх л хэрэгтэй. “Энэ бол санаснаас хамаагүй хялбар зүйл юм байна лээ” гэдгийг би өөрөө хэрэгжүүлж байгаа хүний хувьд бусаддаа итгэлтэй хэлж чадна. Маш амархан. Магадгүй хүмүүсийн дунд нэгэнтээ “Би нас биед хүрсэн, өчнөөн олон жилийн туршид замбараагүй сурчихсан,  өөрчлөгдөх нь юу л бол...” гэсэн эргэлзээ байхыг үгүйсгэхгүй. Тэгэж бодож байгаа бол яг одоо энэ бодлоосоо салах  хэрэгтэй. Энэ номыг уншаад “Эмх цэгц”-тай байя гэсэн бодол таны сэтгэлд төрсөн л бол энэ нь “Эмх цэгцтэй хүн”  болох эхний алхам чинь болж байгаа юм. Ингээд өөрийн гараар бүхнийг хийж, өөрийнхөө дотоод ертөнцтэйгээ ярилцаж, үйлдлээрээ хэрэгжүүлэх нь чухал юм. Дахин хэлэхэд, надад юу хэрэгтэй байна, өдийг хүртэл цуглуулсан эд хогшил, хувцаснаас аль нь хэрэгтэй, хэрэггүй юм гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Энэ бол өөрийнхөө буруу хэв зуршлаас ангижрах, эмх цэгцтэй байхын чухал алхмуудын нэг л дээ. Ингээд хүн өөрийнхөө оюун ухаанаар, өөрийнхөө гараар эмх цэгцийг буй болгосон цагт дахиад хэзээ ч замбараагүй, эмх цэгцгүй байхыг хүсдэггүй.

-Монголчууд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд нийгмийн хувьсгалын “тоосонд” дарагдаж байна. Бид төлөвлагөөт эдийн засгийн нийгмээс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр эд бараа элбэгшиж, асар их хэрэглээний эрин зуунд амьдрах болсон . Яг энэ цаг дор таны ярьж байгаа “Эмх цэгц”-ийн тухай ойлголтыг олон хүн ухаарч, олон хүн амьдралдаа хэвшүүлээсэй гэж бодож сууна...

-Тиймээ, өнөөдөр монголчууд маань оюун санааны хувьд ч, хэрэглээний хувьд ч асар их эмх замбараагүй орчинд амьдарч байна. Ийм цаг үед “Эмх цэгц”-тэй байхын утга учрыг ухуулсан энэ номыг орчуулж хүргэсэндээ баяртай явдаг. Олон нийтэд өнөөдөр энэ ойлголтын орон зай өгүүлэгдэж байгаа нь харагдаж байна. Тиймдээ ч ном маань орчуулагдаж гарснаасаа одоог хүртэл бестселлерээсээ буугаагүй явж байгаа байх гэж би хувьдаа боддог. Тэгэхээр энэ ном маань хэдий олон хүнд хүрнэ, төдий чинээ Монголын нийгмийн оюун санааны орон зайд энгийн боловч их чухал өөрчлөлтийг авчирна гэдэгт би итгэдэг.

Гэртээ хэрэггүй хог новш бүү цуглуул!

- Орчин цагийн монголчуудад тун хэрэгтэй ойлголт юм даа...

-Асар хурдацтай хөгжлийн үед амьдарч байгаа бидний өмнө заавал дадаж мэдэж сурах ёстой зүйлийн нэг бол ЭМХ ЦЭГЦ юм. Өнөөдөр сонголт маш өргөн болсон. Энийг ч авчихмаар, тэрийг ч авчихмаар толгой эргүүлсэн их сонголтын дунд бид зөв сонголтыг хийж сурах хэрэгтэй. Энэ байдалд маш цензуртэй хандаж, авсан зүйлдээ эзэн болж, хэргийг нь гаргаж дуусаад хаяж сурах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, илүү багийг хэрэглэж, илүү ихийг бүтээдэг ийм УХААЛАГ хэвшлийг л “Эмх цэгц” гэж яриад байгаа юм.

-Тийм шүү. Амьдрал бол сонголт ч гэж ярьдаг. Зөв сонголт хийж сурснаар тухайн хүнд наанадаж эдийн засгийн хэмнэлт хийгдээд ирж байгаа юм шүү дээ?

-Тэгэлгүй яахав.  “Эмх цэгц”-ийн мөн чанарыг ойлгочихсон хүн хүчээр бус өөрийн эрхгүй л тоо бус чанарыг эрхэмлээд явчихдаг.  Жишээ нь болсон болоогүй, өмсдөг өмсдөггүй хувцсаар шүүгээгээ дүүргэхгүй харин өөрийн стиль имижийг харуулах, бас чанартай цөөхөн тооны хувцас хэрэглэдэг болдог. Ингэснээр өглөө босоод шүүгээ дүүрэн хувцаснаас алийг нь өмсөх вэ гэж? Шийдэж ядан цагаа ч үрэхээ байна. Тэр хэмнэсэн цагтаа өөрт хэрэгтэй баялаг тэжээлтэй хоол хүнсээ бэлдээд цайгаа уугаад гарчих жишээний. Өглөө унд цайгаа уугаад гарсан хүний тухайн өдрийн ажлын бүтээмж ч өндөр байна биз дээ. Ийм энгийн боловч их чухал ойлголт зөвлөгөөг л би монголчууддаа хүргэхийг хичээсэн. Миний орчуулсан бүтээл нэг уншаад орхичихдог ном биш  юм. Айл болгонд  байж байдаг хааяа нэг сөхөөд харчихдаг, хүүхдүүд нь том болоод уншчихдаг тийм л хүмүүжлийн том сургаалийн судар  байгаасай гэж хүсдэг шүү.

- Таны орчуулсан номын зохиогч Мари Кондогийн хувьд жаахан хүүхэд байхаасаа л эмх цэгцийн тухай бясалгаж, бодож боловсруулж, түүний гайхалтай ид шидэд суралцаж явсан тухайгаа өгүүлсэн байдаг. Япончууд тэгэхээр хар багаасаа их цэгцтэй хүмүүждэг ард түмэн байх нь ээ...

-Тиймээ, Өндөр хөгжилтэй Япон орны иргэдээс бид үлгэр дууриал авах хэрэгтэй. Монголчууд” Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж ярьдаг. Тэгэхээр эцэг, эхчүүддээ хандаад зөвлөхөд үр хүүхдээ багаас нь эмх цэгцтэй хүн болгосноор ирээдүйн амьдрал нь төдий чинээ амжилттай байх болно гэдгийг итгэл төгс хэлэхийг хүсч байна. Энэ бүхний хамгийн тод томруун жишээ бол номын маань зохиогч Мари Кондо юм шүү дээ. Түүний хувьд багаасаа л эмх цэгцтэй байж чадсан. Тэр эмх цэгцийнхээ тухай ном гаргасан нь дэлхийд түгэж, хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг ном болж, сая сая хүний амьдралд сайхан үр дүнг авчирч байна шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд үр хүүхдээ эмх цэгцтэй хүн болгохын тулд өөрсдөө үлгэрлэн дууриах хэрэгтэй. Өөрөө та эмх цэгцтэй байснаар үр хүүхдийн тань амьдралын дадал зуршил аяндаа буй болно.

Хүүхэд ч гэсэн бага гэлтгүй хэрэглээтэй байгаа. Тэр эдэлж хэрэглэж байгаа  зүйлсээ эмхэлж цэгцэлдэг зуршлыг та хүүхэддээ буй болгох хэрэгтэй. Жишээ нь, тоглосон тоглоомоо хайрцаг савандаа хураачихдаг, өмссөн хувцсаа эвхэж цэгцлээд тавьчихдаг тийм зуршлыг хүүхэддээ сургачих. Мөн эцэг эхчүүд хүүхэддээ олон янзын тоглоом худалдаж авч өгөхөөсөө илүүтэй байгаа тоглоомных нь учир утгыг  нь ойлгуулж, тоглоомдоо гамтай хандах ёстойг  ухааруулах хэрэгтэй. Ийм дадал зуршилтай хүүхэд аливаа эд зүйлдээ ариг гамтай хандахаас гадна юмны үнэ цэнийг мэддэг болж өснө шүү дээ.

- Таны ярьж байгаа бүхэн маш энгийн зүйл юм шиг хэрнээ их аугаа ойлголт, амьдралын хэв маягийн тухай яригдаад байна. Жишээ нь, гэртээ хэрэггүй хог новш бүү цуглуул, хэрэглэдэггүй зүйлээ хая гээд л... Яахав сүүлийн үед иймэрхүү ойлголтын талаар олон лекц суртал ухуулгууд явж байна. Жишээ нь, “Гэртээ тийм юм аваад тавьчихбал сайн” ч гэдэг юмуу. Энэ бүхэнд олон нийт их хошуурдаг л даа. “Мухар сүсэг” , “Мулгуу ойлголт”гээд хэлчихбэл, зарим нэг хүний дургүйг хүргэх л байх. Харин таны  наад ойлгуулах гээд байгаа санаа яг л хүний оюун ухааны, хийж хэрэгжүүлэхэд бодит үр дүн гарах зүйл юм гэдэг утгаар нь олзуурхаж байна л даа?.

-Сүүлийн үед “Та гэртээ ийм юм аваад тавьбал, ажил төрөл чинь бүтнэ, амжилтад хүрнэ” гэсэн ухуулгууд их л явж байна. Миний ярьж байгаа “Эмх цэгц”-ийн тухай энэ ойлголт бол харин ч эсрэгээрээ. Ямарваа нэг юм худалдаж ав гэхгүй, харин ч хэрэггүй зүйл бүү ав, элдэв янзын зүйл бүү цуглуул, ашигладаггүй зүйлээ хая гэж байгаа юм. Маш энгийн ялгаа бол энэ. Нөгөө талаар хэн нэгэн хүнийг хий хоосноор дагаж явахаас илүүтэй өөрөө өөрийнхөө оюун санаанд эзэн нь байж, өөрөө өөрийнхөө амьдралын хэв маягийг өөрийн гараар буй болгох хэрэгтэй гэдэг санааг л хэлэхийг хүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, таны амьдрал таны л гарт байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Элдэв янзын хэрэгтэй хэрэггүй зүйлээс татгалзсанаар эдийн засагт ч гэсэн хэмнэлтийг авчирна шүү дээ.

Сар шинээс өмнө гэр орноо зад цэгцэлж, цэвэрлэцгээе!

-Өнөөдөр хүмүүс хэт их материаллаг зүйлийг шүтэж, хошуурч байна. Эцэстээ энэ бүхэн хий хоосон хүний амьдралд үр өгөөж өгөхөөсөө илүүтэй стресс бухимдлыг л нэмж байгаа юм шиг ээ?

-Тийм шүү. Иймээс ч энэ ойлголтыг улам олон хүн ярьж зөвлөж, ухааруулъя гэж хичээж байна.

-Та тун удахгүй “Сар шинийн өмнө гэрээ бүрэн цэвэрлэхэд бэлэн үү?” гэдэг сэдвээр лекц зохион байгуулахаар болсон гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч. Хүмүүс маш их сонирхож байна?

-Ном маань орчуулагдаад хүнд хүрсний дараа надад лекц тавих санал их ирсэн л дээ. Маш олон хувь хүн, албан газраас хандсан. Ингээд би хүссэн хүсээгүй хүмүүст лекц уншдаг хүн болж хувирсан л даа. /Инээв/.  Эргээд бодоход энэ номны маань л ид шид надад нөлөөлөөд би өдий зэрэгтэй явж байна гэж хувьдаа боддог. 

Цөөнгүй байгууллагаар явж, “Эмх цэгц”-ийн ойлготын талаар лекц уншсан. Харин энэ удаад олон хүнийг хамруулъя гэсэн үүднээс лекцээ зохион байгуулахаар шийдсэн. Удахгүй Монгол түмний маань сар шинийн баяр болох гэж байна. Монголчууд энэ баяраараа оюун ухааны хийгээд ахуй орчноо хүртэл цэвэр цэмцгэр байлгаж, бүх зүйлийг шинэ сэргэгээр бэлгэдэж бэлддэгээрээ онцлог. Сар шинэ гэдэг үгийн утга нь хүртэл тийм. Иймээс сар шинээ угтаад энэ сарын 3-ны өдөр буюу энэ бямба гаригт лекц зохион байгуулна.

-Лекц уншаад орхих нэг өөр. Харин тэр ярьсан зүйлээ өөрөө үлгэрлэн зааж сургах нь илүү ач холбогдолтой болов уу. Та лекцэнд ирсэн хүмүүст зориулж практик хичээл заах уу?

- “Эмх цэгц”-тэй байх арга ухаанд суралцаасай гэх үүднээс энэхүү лекцээ зохион байгуулж байна. Лекцэнд ирсэн хүмүүстээ зориулж, номон дээр гардаг зөвлөгөө зөвлөмжөө бодитоор зааж сургана. Лекцний маань хамгийн гол онцлог нь зөвхөн зөвлөж хэлээд орхих бус бодитоор хийж үзүүлэхэд оршиж байгаа юм. Тийм учраас  номыг уншсан ч бай, уншаагүй ч бай бүх хүмүүст зориулагдсан гэдгээрээ онцлог.

-Лекц хаана хэдэн цагаас болох вэ?

-МУИС-ийн шинээр баригдсан Номын сангийн чанх ард байрлах Монгол-Японы төвийн нэг  давхрын их танхимд 15-16.30 цагийн хооронд болно.

-Лекцийн билетийг яаж авах вэ?

-Лекцэнд маань ирэхийг хүссэн хүн бүр 99109238  утсаар холбогдоод билетээ захиалж , суудлаа баталгаажуулах боломжтой. Үргэлжлэх хугацаа 90 минут байгаа. 90-хэн минутыг өөртөө зарцуулаад ойр дотныхоо хүмүүсээ дагуулаад ирээрэй.

-Удахгүй та шинэ номоо худалдаанд гаргах гэж байгаа гэж сонссон. Нууц биш бол энэ номынхоо агуулгаас манай уншигчидтай хуваалцаач?

- Америкийн нэгэн эмэгтэй зохиогчийн бичсэн ном байгаа. Энэ ном Америкт төдийгүй Японд бестселлер болсон. Гол агуулга нь “Эмх цэгцтэй эмэгтэй хүний өөрт буй болгох ёстой зуршил юу байх ёстой.  Жишээ нь таарснаа иддэггүй байх,  өөрийн гэсэн стиль имиждээ тааруулсан шилмэл хувцсыг өмсдөг байх, хямдралын замаар явдаг бус хэрэгтэй бараа таваараа сонгодог байх, гэр орныхоо интерьер дизайныг өөрийнхөө хүссэнээр буй болгох гэх зэрэг  хувь хүний хөгжил тал руу чиглэсэн тийм номыг уншигчиддаа хүргэхээр зорьж байна...

Бестселлер номын орчуулагч Л.Саруултөгс бидний дунд ийм яриа өрнөлөө. Тэрбээр “Хүн амьдрахад тийм ч их зүйл шаардлаггүй. Амьдрал ямар богинохон билээ дээ. Хэрэглээ их байх тусам л алтан цагаасаа хумслаад байдаг гэдгийг хүмүүс анзаараасай. “Эмх цэгц”-ийн ухаанд суралцаж,  амьдралынхаа цаг мөч болгоноос аз жаргалыг мэдэрсэн өөрийн туршлага мэдлэгээсээ бусаддаа хуваалцахыг маш их хүсч байна” хэмээн ярих. Түүний үг бүрээс үнэнхүү чин сэтгэл  мэдрэгдэж, Монгол түмэнд минималист үзлийг үлгэрлэж яваа нь харагдлаа.

Магадгүй зарим хүмүүс “Минималист үзэл” гэж юу яриад байна вэ гэж гайхаж магад. Тэгвэл өдгөө амжилттай, алдар хүндтэй явж байгаа хүмүүс бүгд минималистууд байна. Тэд элдэв эд хогшил, илүү хэрэглээнээс татгалзаж, материаллаг зүйлс болон тэдгээрийг худалдаж авахын тулд ажилладаггүй. Харин тэд алтан цагаа илүү ухаалгаар өнгөрүүлэхийг эрхэмлэгчид юм. Хүн төрөлхтөний түүхэнд домог болон мөнхөрсөн Мартин Лютер Кинг, Сесар Чавес, Нельсон Мандела зэрэг хувьсгалчид минималистууд л байсан. Мөн Стив Жобс, Марк Зукерберг, Сергей Брин зэрэг технологийн салбарын тэргүүлэгчид ч энэ ангилал хамаардаг гээд бод. Тэд аж ахуйн асуудал, хувцас хунарт цаг үрэхээс илүүтэй  жинхэнэ ажил үйлсдээ  илүү цаг гаргах ёстойг ойлгосон хүмүүс. “Хойморын зочин” Л.Саруултөгс энэ л ойлголтыг монголчууддаа ухуулж, ухааруулахын төлөө хичээж явна.

Saruul Tugs-н зураг.

Ярилцсан:  С.Өлзийбаяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Туяа(103.57.94.150) 2018 оны 02 сарын 03

Шинэ цагийн цамаан монголчуудад амьдралаа дүгнэн ухаарах боломж олгосон цаг үеэ олсон сайн ном шүү.

0  |  0
Туяа(103.57.94.150) 2021 оны 09 сарын 04

Шинэ цагийн цамаан монголчуудад амьдралаа дүгнэн ухаарах боломж олгосон цаг үеэ олсон сайн ном шүү.

1  |  0
БАТ(202.21.106.134) 2021 оны 09 сарын 07

Талархав.Сайхан зөвлөгөө,цаг үеэ олсон зүйл шүү.Амжилт хүсэе.

2  |  0
Зочин(103.229.123.194) 2021 оны 09 сарын 07

Номыг уншсан орчуулга нь сайн биш нуршуу давтагдаад байсан сүүлдээ залхсан. Анужин энэ 2 адилхан ч юм шиг санагдлаа

0  |  1
М(150.129.140.217) 2021 оны 09 сарын 07

Нүүдэлчин өвөг дээдэс маань энэ тал дээр ч харин нэг жинхэнэ professional шдээ айлаас эрхээр авдараа уудал гэж

0  |  1
Хмм(146.199.72.223) 2021 оны 09 сарын 07

Зvгээр нэг ном орчуулчихаад еерее бичсэн юм шиг еерийгее рекламдах юм. Инээдтэй ч юмдаа

0  |  1
өөөөөөө(202.179.30.194) 2021 оны 09 сарын 07

шал хэрэггүй юм сурталчилж явах юм. хувь хүний л зохион байгуулалт ш дээ. энгийн юмыг нэг их онол философи болгох гээл амбицлаад шоудаад далжигнаада байж яанаа.

0  |  1
Top