Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал ихэсч,  дугаарын хязгаарлалттай байсан ч түгжрэл үүссэн. Энэ өдрүүдэд  замын цагдаагийн 370 гаруй алба хаагч нийслэл хотын 160 уулзвар, гудамж замыг хариуцан ажиллажээ. Амралтын өдрүүдэд тус албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 593 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 11 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг  үзэхэд жолооч нар ихэвчлэн уулзвар гарц, нэвтрэх дүрэм зөрчих, тээврийн хэрэгслийн байрлалаа эзэлж явах  дүрэм зөрчдөгөөс осолд холбогдож байна. Зарим нэг соёлгүй жолооч өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавин эсрэг урсгалтай зам сөрж улам түгжрэл үүсгэж, зам тээврийн осол, хэрэгт өртөх явдал нэлээд гарчээ. 

Орон нутагт ч осол гарсан байна. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг асфальтан зам эвдэрч зогсож байсан "Mitsibushi Fuso" маркийн автомашины араас "Istana" маркийн автомашин мөргөж зорчигч 25-30 орчим насны эрэгтэй амь насаараа хохирсон ноцтой осол гарсныг шалгаж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн наймдугаар бүлэгт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулах бөгөөд ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ" гэхчлэн заасан байдгийг жолооч нар анхаарууштай. Хөдөө, орон нутгийн замд тэр дундаа харанхуй бүрэнхий үед жолооч нар дээрх дүрмийг баримтлаагүйн улмаас ноцтой зам тээврийн осол гарах нэг шалтгаан болж байна. Иймд жолооч та зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд ослын дохио болон ослын зогсолтын тэмдгийг дүрмийн дагуу байрлуулж жолооч нарт урьдчилан анхааруулж, гарч болзошгүй зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг ЗЦА-аас анхааруулж байна.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top