Сүрлэг Алтайн нуруу, ноён оргилуудын өвөр бэл, араар орших арван гурван ястны өлгий нутагт аяны дөрөө чилээж, Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой ярилцлаа.
-Тийн урвагч хэмээх нохой жилийн алтан босгон дээр тантай ярилцаж байна. Тэгэхээр олон ястны өлгий нутаг Ховд аймаг төдийгүй Баруун бүсийн зөвлөлийн даргаар ажилладаг хүний хувьд хөгжлийн бүсчилсэн бодлого ирээдүйн чиг хандлагаас яриагаа эхлүүлэх үү?
-Баруун бүс, ялангуяа алслагдсан аймгуудын хөгжил гарцаагүй бүсчилсэн хөгжлийн бодлого дээр суурилж байж цааш хөгжиж дэвшиж явна. Урьд өмнө “Бүсчилсэн хөгжлийн тухай хууль” гээд гайгүй сайн хууль байгаад түүний дагуу “Баруун бүсийн зөвлөл” албан ёсны Нарийн бичгийн даргатайгаар Ховд аймагт төвлөрсөн үйл ажиллагаа явуулж байсан цаг байсан ч хуульд өөрчлөлт орсноор энэ үйл ажиллагаа ёс төдий болжээ. Гэхдээ баруун бүсийн тулгуур төв Ховд хэвээрээ байна. Баруун бүсийн хурал зөвлөгөөн, эдийн засгийн форум гэх мэт томоохон үйл ажиллагаа Ховд аймагт болдгоороо болдог. Өнөөдөр Ховд аймагт бүсийн чанартай хурал зөвлөгөөн долоо хоногт 1-2 удаа болдог. Баруун бүсийн аймгууд нэгэнт ирээд дадчихсан, нөгөө талаас манай аймагт олон хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай зочид буудал, хоолны газраас эхлээд зам харгуй, бизнес, хил гаалийн худалдаа хөгжсөн гээд давуу тал ч байдаг. Энэ утгаараа тулгуур төв байсаар байна.
-Зам харгуй хил гааль гэснээс Ховд аймаг нь нэлээд бие даасан байдал ажиглагддаг. Орон нутгийн онцлог, дэд бүтцийн хувьд?
-Манай аймагт харьцангуй зам харгуй, хил гаалийн худалдаа, бизнес бүгд хөгжсөн. Увс, Баян-Өлгий аймгийн зорчигчид дамжин өнгөрөхийн зэрэгцээ Хятад, Оросын хилтэй хатуу хучилттай замаар холбогдоно, онгоц гэхэд долоо хоногт 4-5 удаа ирж байна. Ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүний болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ ч Ховдод төвлөрөн тогтдог. Энэ мэт бодит байдлаас үүдэж Ховдод төвлөрөл бий болчихсон. Өнөөдөр аймгийн төвд гэхэд 40 мянган хүн амьдарч, өдөрт зорчиж байгаа хүний тоо 5000 орчимд хүрчээ. Ингэхээр дэд бүтэц, ерөөсөө хөгжил талаасаа боломжийн гэж хэлэхэд болно.
-Ховд аймгийн хувьд зам харилцаа гээд дэд бүтцийн тал дээр чамгүй ахицтайг харлаа. Нөгөө талаас танай аймаг байгалийн ариун дагшин газар олонтой уулсын сүрлэг нутаг учраас аялал жуулчлал хөгжих бүрэн боломж бий. Энэ тал дээр Засаг даргын хувьд ямар бодолтой байна вэ?
-Аймгийн Засаг даргын Мөрийн хөтөлбөрт “Гурван цэнхэр төвтэй таван од” гэж аялал жуулчлалын тусгай хөтөлбөр тусгаж өгсөн. Манай аймгийн Манхан сумын нутаг гурван цэнхэрийн агуй гэж дэлхийд алдартай агуй бий. 60 мянган жил, магадгүй түүнээс цааш жилийн түүхтэй энэ гайхамшигт агуйн ханан дээр нь сийлж бус зосон будгаар зурсан бүтээл олон бий. Урласан байдал талаас нь харахад африкийн ан амьтан, арслан заан гээд зурчихсан байх жишээтэй. Энэхүү гайхамшигт бүтээлд суурилсан аялал жуулчлалын цогц хөтөлбөр боловсруулаад таван чиглэл бий болгосон. Тухайлбал, Зэрэг, Манхан сумын чиглэлд, аймгийнхаа төвөөс Цамбагарав, Мөнх хайрханы чиглэлд ч гэх юм уу таван чиглэлд маршрут гаргасан. Манай аймагт Сутай, Баатар, Хөх Сэрхийн нуруу гээд зургаан өндөр хайрхан байгаа учраас зуны цагт гадна дотны жуулчид маш их ирнэ, тэр тусмаа шувуу судлаачид бол хавар намартаа олон ирдэг. Үүнийг дагаад аялал жуулчлалын бааз чамгүй хөгжсөн. Гэхдээ дээд зэргээр хөгжсөн гэхэд хаашаа юм. Адал явдлын хэмжээнд морь тэмээ унаад байгалийн сайхныг үзчихдэг жуулчдад бол боломжийн хөгжсөн.
-Жуулчдыг татах арга хэмжээг орон нутгийн хэмжээнд өрнүүлж, хөгжүүлэх боломжоор хэр байна?
-Зөвхөн боломж хараад суугаад байвал бүтэхгүй байх. Тэгэхээр аймгийн Засаг даргын Мөрийн хөтөлбөрт тусгасан дагуу, бусад үйл ажиллагааны чиглэлд аялал жуулчлалыг анхаарч ажилладаг. Тиймээс бид жуулчдыг татах хүрээнд оновчтой тогтсон арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг зорьж байна. Үүний хүрээнд хоёр жилд нэг удаа болдог “Мөсний баяр”-аа энэ сарын 24, 25-нд Хар ус нуур дээр зохион байгуулна. Энэ бол гайгүй жуулчдыг татдаг, ирдэг тийм арга хэмжээ юм. Үүнээс гадна зургаадугаар сард олон үндэстэн ястныхаа урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ үеэр бас чиг гадна дотны жуулчид олон ирдэг болсон. Өнгөрөгч жилийн олон ястны бүжгийн наадмаа зохион байгуулсан бол энэ жил, ирэх долдугаар сард “Хөөмийчдийн баяр”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн “Жангар” наадам, Ойрдуудын баяр, Тод үсэг зохиосны 370 жилийн ой тохиож байгаа учраас энэ бүхий л онцлог баяруудад жуулчдыг татах тусгай арга хэмжээг уялдуулан зохион байгуулахаар ажиллаж байна. Жил бүр Баян-Өлгий аймагт “Бүргэдийн баяр” болдог, үүнтэй уялдуулан “Цайны зам” хэмээх хөтөлбөр боловсруулан жуулчдыг татах арга хэмжээ авна. Манай аймагт ч бүргэд байдаг учраас “Бүргэдийн баяр”-ын хүрээнд эндээ бага хэмжээний баярыг бас хийхийн зэрэгцээ “Сарлагийн баяр”, “Адуучин” тэмцээн гэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах замаар жуулчдыг татах төлөвлөгөө ч бий. Бас нэг жуулчид татах зүйл гэвэл манай аймгаас олдсон маш ховор олдворууд юм. Ер нь жилдээ л нэг ховор зүйл олддог. Сүүлийн үед шуугиад байсан “Адидас” фирмийн хувцастай бүсгүй хүн одсон шүү дээ. Харин энэ бүх үнэт олдворуудаа авчраад хадгалах үзүүлэх байрны хувьд боломжгүй. Манай музейн барилга гэхэд үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
Ховд аймаг нь аялал жуулчлал хөгжих хамгийн боломжтой нутаг
-Музайн барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Музейнд ховор олдворуудаас гадна олон ястныхаа онцлог, эдэлж хэрэглэж буй эд зүйлс тавиад гадныханд сонирхуулахад бас л нэг жуулчдын сонирхох зүйл мөн байх?
-Музейн барилга барих газрын асуудлыг шийдээд зураг төсөл нь бэлэн болчихсон ч хараахан төсөв хөрөнгө нь шийдэгдээгүй байна. Шинээр музейн барилгаа бариад ховор олдворуудаа тавьчихвал жуулчдыг нэлээд татах боломж бүрдэнэ. Манай олон үндэстний онцлогийг харуулсан эд зүйлс бол музейд бий. Харин үүнийг өргөжүүлэх хэрэг байгаа байх. Хамгийн гол нь тэр ховор олдворуудыг үзүүлэх нь чухал байна. Түүнийг хадгалж агуулна гэдэг тусгай камерын дор гэмтээж муутгахгүй байх, чийглэг тийм темпратурт байлгах талаас нь анхаарсан байр хэрэгтэй юм. Мөн Амарсанаагийн цэцэрлэгийг өргөжүүлж, цэнгэлдэх хүрээлэнг тохижуулахаар төлөвлөсөн. Ховд хот маань төлөвлөлтөө эртнээс нэлээд сайн гаргасан байдаг учраас энэ төлөвлөгөөний дагуу тохижилтоо хийгээд явна. Миний яриад байгаа энэ бүх зүйл нь аялал жуулчлалын талаас давхар анхаарч боловсруулсан төлөвлөгөө юм.
-Хоёулаа эдийн засагт чухал үүрэгтэй аялал жуулчлалын талаар ярьж байна. Тэгэхээр 13 ястан оршдог энэ нутгийн урлаг соёлын онцлог бол дэлхийд ховор зүйлийн нэг. Үүнд уяалдуулсан ямар бодлого байна вэ?
-Манай аймаг бол бусдаас ялгарах олон үндэстэн ястний өлгий болсон нутаг. Энэ хэрээр үндэстэн ястны урлаг соёл өөр өөрийн өвөрмөц онцлогтой. Жишээлэхэд Дуут, Мөнххайрханд тууль хайлна. Яг эх сурвалжаар нь мөн чанараар нь тууль хайлдаг хүн монголд бүү хэл дэлхийд байхгүй, ганхцан Дуут, Мөнххайрханд байна. Мөн энэ суманд цуур хэмээх хөгжим бий. Үүнийг хөгжмийн боловсролтой хүн бүр нотоор тоглож болох ч хөгжмийн өөрийнх нь онцлог зан үйлийг тэр бүрий хүмүүс мэдэхгүй. Мөн Чандмань сумын хөөмийчид, Цэцэг сумын уран нугараачдаас гадна өөр өөрийн онцлогтой ерөөлч магтаалчид, бие биелгээчид бий. Олон ястны онцлогийг харуулсан уртын дуу гэдэг бол маш том соёл. Энэ бүхнийг үзэж сонирхох хүсэлтэй гадна дотны олон хүн байдаг. Тиймээс жуулчдад яаж нэгдсэн зорилгоор үзүүлж сонирхуулах вэ гэдэг томоохон асуудал зүй ёсоор тулгарч байна. Бид үүнийг тогтсон өдөр судартай нэгдсэн арга хэмжээ болговол жуулчдын тоог өсгөх боломж харагдаж байна. Ерөөсөө Ховд аймаг нь аялал жуулчлал өсөх хамгийн боломжтой нутаг.
-Ховд аймаг байх бас нэг онцлог зүйл гэвэл орон нутгийн хэмжээнд үйлдвэрлэл гайгүй хөгжингүй талдаа байгаа нь анзаарагдлаа. Засаг даргын Тамгын газраас үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчтэйгээ хэрхэн хамтарч ажиллах юм?
-Манай аймаг тарианы, гурил, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний, эсгийний үйлдвэр гээд олон чиглэлд үйлдвэрлэл эрхэлдэг. Жижиг дунд үйлдвэр бол гайгүй хөгжсөн гэж болно. Тэр тусмаа эсгийний үйлдвэр бол олон суманд бий, энэ жил гэхэд 6000 метр эсгий үйлдвэрлэсэн шүү. Мөн оёдол, ахуй үйлчилгээ талдаа гайгүй хөгжиж байна. Засаг даргын зүгээс Жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх, урт хугацааны хүү багатай зээл олгох, “Жижиг дунд үйлдвэрийн сан”-гаас дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд хавар болгон “Хаврын өнгө” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Өнгөрөгч жил хийсэн бол энэ жил “Хаврын өнгө-2018” үзэсгэлэн худалдааг иргэд олон нийтэд дэлгэхэд бүх сумдаас 120 ААН оролцож 100 гаруй сая төгрөгийн орлого олсон.
-Өөрийн гэсэн онцог бүтээгдэхүүнтэй учраас танай үйлдвэрлэгчид зөвхөн Ховдын зах зээл дээр бус бусад аймгууд цаашилвал гадаад зах зээл сонирхох хэр боломжтой вэ?
-Олон шалтгаалах зүйлээс болоод энэ тал дээр тааруухан байна. Улаанбаатар гэх зэрэг цөөн газарт бараа бүтээгдэхүүнээ явуулдаг. Юуны өмнө тасралтгүй үйлдвэрлэж байж хэрэглэгч олны түнш болж, бренд болдог. Үүнээс гадна сав баглаа боодол гээд олон зүйл бий. Цагаан идээгээ хийж боловсруулаад Цагаан сар хүртэл зараад дуусчих жишээтэй байна. Төмс хүнсний ногоог зооринд хадгалж л байна. Гэтэл гадаад дотоодын түншүүдтэй уулзаад ярихаар их хэмжээгээр авах сонирхолтой байдаг. Мөн хэрэглэгч олон, түншлэх сохирхолтой хүмүүсийн тавьдаг шаардлага ч өөр өөр юм. Энэ мэтээс үүдээд гадаад дотоод зах зээлд борлуулах тал дээр тааруу байдаг. Гэхдээ манай аймаг бол жижиг дунд үйлдвэрлэл харьцангуй сайн хөгжсөн, тэр тусмаа төмс хүнсний ногоогоор бол алдартай. Цагтаа Улаанбаатар хотыг сонгино сармисаар хангаж байсан уламжлал ч бий. Ялангуяа тарвас, амтат гуа зэрэг нь намартаа гайгүй борлуулалт хийдэг хэвээрээ. Сүү цагаан идээний хувьд хамгийн чанартай гэж болох бүтээгдэхүүнийг манай иргэд гаргадаг. Цааш гадаад зах зээл сонирхоод хөгжүүлээд явах бүрэн боломжтой.
Ховд бол уул усаа хөндүүлэлгүй авч үлдсэн аймаг юм
-Ховд аймагт байх бас нэг онцлог нь ариун дагшин байгалиа хөндөөгүй авч үлдсэн цөөн аймгийн нэг. Хөшөөтийн нүүрсний уурхайг эс тооцвол тийм зүйл дуулдаагүй юм байна?
-Ховд бол уул усаа хөндүүлэлгүй авч үлдсэн аймаг гэж болно. Ганц том уурхай бол “Мон-Эко” компанийн Хөшөөтийн нүүрсний уурхай байгаа. Энэ компани байгаль орчинд ерөнхийдөө ээлтэй, авто замаа тавьчихсан. Нүүрсээ эхний ээлжинд хуурай аргаар боловсруулдаг. Нүүрс зөөвөрлөж байгаа компаниуд гэхэд Ховд аймгийн гаралтай компаниуд ажилладаг. Хөрс хуулалт, зам барилгын ажил гэхэд орон нутгийн компаниуд байх жишээтэй. Хөшөөтийн уурхайд 1100 хүн ажиллаж байгаагийн 75 хувь нь ховдчууд ажиллаж байна. Хүнсний бүтээгдэхүүн гэхэд заавал Ховдоос авах гэрээний дагуу өнгөрсөн жил гэхэд мах махан, сүү сүүн гээд хүнсний хэрэглээндээ Ховдоос 26 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг авсан байна лээ.
-Орон нутгийн үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд бол чамгүй хөрөнгө оруулалт байна. Тэгэхээр нутгийн бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдээс аймгийн төсөвт мөнгө төвлөрнө биз дээ?
-Тэгэлгүй яахав, өнгөрсөн жил манай бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид 300 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Үүнийгээ дотооддоо, Улаанбаатарын зах зээлд гээд гаргадаг, ялангуяа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бол сайн борлуулдаг.
-Ойрын ирээдүйд бараа бүтээгдэхүүнээ хил гаалиар гаргах, экспортлох боломж бий юу?
-Хилээр мал махан бүтээгдэхүүн борлуулах асуудлыг ярьж байгаа. Махны үйлдвэр бариад дулааны аргаар ямаа, адууны мах боловсруулаад гаргасан. Энэ бол цаашид хийж болох ажил юм билээ. Хамгийн гол асуудал нь бид малын өвчлөлийг зогсоох хэрэгтэй. Малаа эрүүлжүүлээд үйлдвэрээ ажиллуулаад махаа боловсруулаад экспортлоход боломж бий. Бид гадагшаа мал, мах борлуулах гээд бэлтгэж байтал хаанаас ч юм нэг өвчин гараад ирдэг нь хамгийн том зовлон. Бид хятадын нэг мужтай ярихад тэд ганцхан Ховд биш баруун таван аймгийн малыг бүрэн эрүүлжүүлье. Үүний тулд мал эмнэлгийн төсөл боловсруулж махны үйлдвэрээ байгуулж, малыг бордох зэргээр өөрийнхөө арга технологиор боловсруулаад хилээр гаргах зүйлийг ярьсан учраас бид Засгийн газарт танилцуулсан. Харин Засгийн газар асуудалтай танилцаад боломжийн гэж үзсэн. Мах боловсруулж хилээр гаргах ажил бол хэлэлцээрийн шатанд явж байгаа болохоос яг хийчихсэн зүйл алга. Гэхдээ энэ хавраас мал эмнэлгийн чадавхийг сайжруулах төсөл явж эхэлнэ. УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Өнөөдөр Мал эмнэлэг хувийн хэвшилд байна, үүнд Төр өөрийн зүгээс өндөр оролцоотой байхаар тусгагдсан.
Малчид тооноос чанарт шилжих тухай ярих болсон нь сайн хэрэг
-Мал, мах гэснээс Ховд аймаг мал сүргээ таван төрөл дээр өсгөсөн амжилттай нохой жилтэй золгож байна. Малчид, бэлчээрийн зохицуулалт гээд ямар бодлого барьж байна вэ?
-Манай аймаг энэ жил түүхэндээ хамгийн олон мал тоолуулсан. Мал сүргээ таван төрөл дээр 168 мянгаар өсгөж гурван сая 448.9 толгой мал тоолууллаа. Мал сүрэг яахав сайхан өслөө, мянгат малчид олон болж, Улсын болон аймгийн аваргууд олон төрлөө. Гэхдээ бид малын тоо толгой биш чанарт анхаарах цаг болжээ гэдгийг ярьж байна. Малчид ч өөрсдөө тооноос чанарт шилжих тухай ярих болжээ. Малчид бүгд л малаа өсгөөд бусдынхаа бэлчээрээр дамжин нутаглаад яваад байх нь зөв үү буруу юу гэдгийг ойлгож эхэллээ. Аймгийн Засаг даргын зүгээс залуу малчдаа дэмжих зорилгоор сургалт семинар зохион байгуулах, арга ажиллагаанд сургах, үүнээс гадна малжуулах аян өрнүүлж, үүний хүрээнд өнгөрсөн жил 9800 орчим малыг залуу малчдад өгсөн. Залуу малчид маань малаа өсгөөд явахад боломжтой зүйл, энэ ажилд гэхэд нийтдээ 270-аад сая төгрөг зарцуулсан. Малчдын амьдрах орчныг сайжруулах тал дээр анхаарч, мөн малчид аймгийн төвд орж ирээд түүхий эдээ борлуулж, өөрт хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ авдаг байх зохицуулалт бүхий “Нүүдэлчин” төв байгуулах төлөвлөгөө бий.
Дээрээ төртэй, засагтай ард түмэн биз дээ
-Арван гурван ястнаас бүрдсэн аймгийг удирдана гэдэг амаргүй байх. Тэгэхээр орон нутагт улстөрийн байдал ямар байна вэ?
-Орон нутагт улстөржилт бий, заримдаа их аятайхан байдаг ч заримдаа бас л хурцдана шүү дээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын эхээр аймгийн ИТХ хуралдаад Засаг даргаа ч огцоруулна, Хурлын даргаа ч огцруулахаар бөөн бужигнаан үүсгэв. Засаг даргын хувьд Ерөнхий сайдаас шийдвэр гардаг. Тиймээс Засаг даргыг жилдээ хоёр удаа огцруулах асуудал тавьдаггүй юм. Засаг даргыг ямар учраас огцруулах вэ гэдэг нь Засаг захиргааны нэгжийн хуулиар нарийн зохицуулагдсан байдаг. Тиймээс огцруулах үндэслэлээ тодорхой зүйлээс үүдэж тавихгүй бол хэн дуртай нь огцруулдаг ажил бас биш. Миний хувьд бол одоо ямар нэгэн асуудалгүй ажлаа хийгээд явж байна. Энэ үеэр Иргэдийн хурлын даргаа огцруулахаар санал хураасан ч тогтоолоо батлалгүй хурлаа орхиод явчихсан. Гэтэл бас нэг хэсэг нь хуралдаад даргаа огцруулаад Булган сумын Засаг даргаар ажиллаж байгаа Б.Амгаланбадрахыг сонгоод байгаа ч хуучин дарга нь ажлаа хүлээлгэж өгдөггүй, шинэ дарга нь ч ажлаа авдаггүй ийм байдалтай байна. Үүнээс үүдэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь эзэнгүй болчихсон. Засаг даргын хувьд бол Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг учраас орон нутгийн байгууллагын ажил руу хутгалдан оролцох эрхгүй байдаг. Тэгэхээр санал солилцох, хэлж ярих хүрээнд л харилцдаг. Энэ нь Иргэдийн хуралд суудалтай 41 төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал юм. Засаг даргын хувьд Иргэдийн хурлаар хэлэлцүүлж тогтоол шийдвэр батлуулдаг олон асуудал байдаг ч одоо энэ бүх зүйл саатаж эхэллээ. Үүнийг цэгцэнд нь оруулахгүй бол асуудал цаашид хүндэрнэ. Ингээд байлгаад баймааргүй байна. Тэгэхээр орон нутагт үүссэн улстөрийн нөхцөл байдлыг Засгийн газарт дуулгаж ага хэмжээ авах цаг нь болсон. Энэ чинь дээрээ Төртэй, засаг захиргаантай ард түмэн биз дээ. Сум тус бүрээс сонгогдсон төлөөлөл гэдэг чинь 13 ястнаас ИТХ-д орж ирж байна. Тэгэхээр Засаг даргын хувьд аливаа албан тушаалд томилохдоо үндэстэн ястны харьцааг зохицуулах үүднээс анхаардаг.
-Олон ястныг УИХ-д төлөөлдөг гишүүд бий. Тэдэнтэйгээ хэрхэн хамтран ажиллаж байна?
-Орон нутгийн ИТХ-д үүсээд байгаа нөхцөл байдлыг УИХ-ын гишүүдэд дуулгаж анхаарахыг хүссэн ч арга хэмжээ аваагүй байна. УИХ-ын гишүүдийн хувьд хавар намрын чуулган завсарлуулаад тойрогтоо ажиллаад буцдаг. Гишүүд маань төсөв батлахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Манай аймгийн энэ жилийн төсөв бол сайн батлагдсан. 12 тэрбум 700 сая төгрөгийн ажил хийгдэнэ. Автозам, Соёлын төв гээд олон төрлийн ажил хийгдэхээр тусгасан байгаа. Бидний хувьд хөлбөмбөгийн талбай гээд хэд хэдэн байгуулах зүйл байгаа ч санаан зоргоор болдоггүй. Засаг даргын хувьд дөрвөн жил зөвхөн алба залгуулахыг боддоггүй бодит хийсэн зүйл үлдээхийг зорьдог. Төсөв мөнгөнөөс гадна ИТХ дээр бодит ажлыг улстөрийн байдлаас нураадаг тал ч бий.
-Таны бүрэн эрхийн хугацаа тал дундаа орчихсон байна. Тэгэхээр ИТХ-аа албан ёсоор ажилд оруулж асуудлаа шийдэхгүй бол хугацаа бас л бага үлджээ?
-Цаг хугацаа их амархан шүү дээ. ИТХ-д хоёр намын бүлэг бий, энэ бүгд маань ойлголцох нь чухал боллоо. Орон нутагт амьдарч байгаа хүмүүс өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө л шийдэх хэрэгтэй. Өнгөрсөн намар УИХ дахь МАН-ын бүлэг 33, 32-оор хуваагдсан шиг манай ИТХ дахь МАН-ын бүлгийн 24 хүн 10, 14-өөрөө хуваагдчихсан, АН-ын 17 хүн гэхэд л дотроо хуваагдчихсан байх жишээтэй.
-Орон нутгийн хуралд байгаа энэ улстөржилт, талцсан байдал чухам юунаас үүдэлтэй юм бэ?
-Эрх ашгийн сонирхол байна уу гэж хардаг. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалт сайн, төсөвт чамгүй мөнгө суулгаж өгсөн. Тэр хэрээр тендер сонирхож байгаа бүлэглэл ч байдаг бололтой. Тендер бол дээрээсээ зарлагдаад ч ирдэг, орон нутагт ч эрхийг нь шилжүүлээд өгдөг. Энэ мэт зүйлс нөлөөлдөг тал байна. Тэгэхээр тойргоос сонгогдсон гишүүд маань энэ тал дээр бас анхаарч ажиллах нь их чухал.
-Бүтээн байгуулалтын ажилд зарлагдсан тендерүүдийг орон нутгийн компаниуд авч чадаж байна уу?
-Ер нь төвөгтэй шүү. Тун бага авна. Ихэнх тендер дээр зарлагдаж байгаа учраас орон нутгийн компаниуд тендер авна гэдэг хүнд болчихсон. Үүнийг ч ихээхэн шүүмжилж байгааг би зөв гэж боддог. Тендерийн маргаан гараад шүүхдэлцээд цаг хугацаанаас эхлээд олон зүйл алддаг байдал ч байсаар байна. Энэ нь ажлын чанар, хугацаа гээд олон зүйлд нөлөөлдөг.
-Өвөлжилт чамгүй хүндэрсэн аймгуудын нэг бол Ховд. Ийм чухал цаг үед ИТХ-аар оруулж шийдүүлэх асуудал олон байсан байлгүй?
-Засаг даргын зүгээс ИТХ-аар сард 3-4 асуудал хурлаар оруулдаг ч тэр байдал алдагдаж, ажил гацсан байдалтай байна. Цас зудны хувьд манай аймаг чангахан өвөл болсон, ойрын хэдэн жилд байгаагүй хүйтэн тохиож өдөртөө 30 хэм шөнөдөө 40 гаруй хэм хүрч хүйтэрсэн ч өвлийг хохиролгүй давлаа. Нийт 13 суманд өвөлжилт хүндэрч, өвс тэжээлийг өөрийн нөөцөөс, мөн ОХУ-аас тусламжаар гэх мэтээр авч малчиддаа хүргэсний ачаар хохиролгүй давсан. Тэр тусмаа зүүн талын сумдад зудтай их хүйтэн, Засаг даргын зүгээс зудтай сумдад эмч нарын баг гарган ажиллуулж, байнга эргэж тойрон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээс гадна Засаг даргын захирамжаар “Малчдаа туслъя” аян өрнүүлж 6000 гаруй иргэн малчдад тусламж үзүүллээ. Шадар сайдаар ахлуулсан Онцгой комиссийн баг бүрэлдэхүүн ч ирж ажиллалаа.
-Боловсрол, соёлын хувьд бас л баруун бүсийн тулгуур гэж болох аймаг мөн байх. Энэ талаар тодруулж ярихгүй юу?
-Манай аймгийн Ховд их сургууль хуучин цагт багш бэлддэг байсан бол өнөөдөр хүрээгээ өргөжүүлэн, эдийн засаг, уул уурай, хууль эрх зүй гээд олон чиглэлд боловсон хүчин бэлдэж байна. Мөн л баруун бүсийн аймгуудаас элсэлт авдаг. Манай сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтыг маш сайн өгдөг аймгуудын нэг учраас ихэнх залуус маань хот суурин газарт суралцаж, улмаар гадаадын олон оронд суралцахаар явдаг. Монгол Улсын топ 15 сургуулийн нэгд манай “Прогресс” сургууль орчихсон байх жишээтэй. Сургууль төгссөн сурагчид ерөөсөө маш өндөр оноо авдаг. Манай аймагт Ерөнхий боловсролын 24 сургууль, 33 төрийн өмчийн цэцэрлэг, 13 хувийн хэвшлийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Мөн Ховд коллеж буюу МСҮТ бий. Үүнийг төгссөн хүүхдүүд ажлын байраар гайгүй хангагдан ажилладаг. Соёл урлагийн хувьд бол манай аймаг нэлээд өвөрмөц учраас олон ястны урлаг соёлын өвийг хамгаалах хөтөлбөр бий. Энэ хөтөлбөрийнхөө дагуу жил нэг удаа томоохон арга хэмжээ зохион явуулдаг. Өнгөрсөн жил Бие биелэгээний улсын аварга шалгаруулах уралдааныг явуулсан бол энэ жил Хөөмийчдийн улсын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хамгийн гол ажил нь хүүхэд залуучуудаа зөв сургаж, тэдэнд өвлүүлэн үлдээх юм.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
-Танай хамт олонд ховдчуудынхаа өмнөөс талархал илэрхийлж байна. Мөнхүү олон ястны өлгий нутгийн зон олондоо айлчилан ирээд буй нохой жилдээ амжилт бүтээлээр дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 16 )
Эд нар аймгийг удирдаж чадахгүйн тодорхой боллоо. Дахин сонгууль явуулж ажлын хур туршлагатай часхийсэн хүнийг тавимаар юм.
Sangiin Hot oligtoi hugjihgui l baina da.
Одоо болиоч тэнэг авилгалчид аа ичиж амьдар бүгд огцор хэн хэнээ гэх юм нэг тэрэгний дугуйнууд аймгийн нэр нүүр түүхэн хуудас бузарласан балайнууд
Ene chadaxgui ee
Нутгийн нэр баастаад байгаарай мангарууд мин
Ene angiin tamgin gazrin bair gj neg Muslim hongil Hurgugch bnaa.hoorondoo hereldej tenegtej baihaar ajillah nuhtsul bololtsoogoo saijruulmaar yum.tamgin gazar chadbartai bolobson huchin uneheer bhgui yum bnaa.mungu shagaasan ulun nudtenuudeer duursen bn.
Нэг хонхорт амьдарч байж яах гэж ингэж бие бие рүүгээ давшилдаг юм болоо. Тэр Пүрэвганди нь огцорсон юм бол ажилаа өгөөд энэ хэл амнуудыг намжаамаар юм. Хувийн амбиц ихтэй ард түмнээ чихэн дүлий нүдэн балай мэт үздэг хүмүүсийг дахиж сонгомооргүй юм.
Ичих нүүр гэж бүр алгаа яанаа.
аймгийн төвд 40,0 мянган хүнтэй. УБ СХД, БЗД тус бүртээ 310-д мянган хүн амтай. нутгийн өөрийн удирдлагын зарчим их алдагдсан аймаг уу
Өвлийг хохиролгүй давлаа гэнэ үү хэдэн мянгаараа хорогдож бгаа мал яасан юм болоо
Баруун аймгийнхан ашигт малтмал гэхээр юм байхгүй .Тэгээд ихэнх нь хотод шингэсэн ш дээ. Хоосон газарт мөнгө цацаад хэрэг байна уу? Тэднийхэн тэгээд газар өрөм зоолгох ч дургүй мөртлөө Халхын хамаг газрыг эх орон гэж эзэмшинэ???