Жендэр ярих болсон цагаас хойш парламентад олон эмэгтэй гишүүд бий болохын зэрэгцээ Төрийн бүхий л шатны албан тушаалд ч эмэгтэйчүүдийн оролцоо их болсон. Харин парламентад болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор байх нь зөв үү буруу юу гэдгийг эргэж харах цаг болсон хэмээн зарим судлаачид үзэж буй. Нөгөө талаас эмэгтэйчүүдийн оролцоог дорвитой нэмж, эрчүүдийн квотод дөхүүлэх нь зөв гэж үзэх нь ч бий. Уг нь хуулиараа эмэгтэйчүүдэд чамлахааргүй 30 хувийн квот тогтоож өгсөн байдаг.
Тэгэхээр төрд оролцож байгаа эмэгтэйчүүдийн тухайд сайн муу ажиллалаа гэхээсээ илүүтэй тэдний улстөрийн нөхцөл байдал анхаарах нь зөв зүйтэй болов уу гэсэн санааг нэгэн шинжээч гаргасан нь зөв санаа байх. Тодотгож хэлбэл, улстөрд олон жил ажиллаж, тэндээ дархлагдсан эрчүүдийн бүлэглэлийн өмнүүр орж шийдвэр гаргана гэдэг үнэндээ бэрх. Тэгэхээр шинэ тутам эмэгтэйчүүдийн үзэл бодлыг чөлөөтэй уралдуулдаг тийм боломжийг олгох нь зүйн хэрэг байх. Бидэнд олон харагдаад байгаа ч яг үйл хэрэг дээрээ цөөдөж цөхрөөд байдгийг үгүйсгэх аргагүй. Өнөөдөр тогтоож өгсөн 30 хувийн квотоо голж байгаа эмэгтэй ч бий. Төрт ёсонд эртнээсээ эмэгтэйчүүдийн квот гэж байгаагүй бөгөөд зөвхөн хатдын эрх мэдэлд төр улсын үйл хэргээс оролцох оролцохгүй зүйл л гэж байжээ.
Манай улс байнгын ажиллагаатай парламент үүссэн цагаас хойш 28 жилийн нүүрийг үзэж долоон удаагийн сонгууль явуулжээ. Энэ хугацаанд ердөө л 36 эмэгтэйг төрд төлөөлүүлсэн байна.
Анх 1990 онд пропорциональ системээр явуулсан Улсын Бага хурлын сонгуульд хуульч Б.Бямбажав, сэтгүүлч Э.Алтангэрэл нар эмэгтэйчүүдийн төлөөлөл болж гарч ирсэн цагаас хойш эмэгтэйчүүдийн мөр дуу тасраагүй байна. Энэ цагаас хойш 26 жил өнгөрөхөд 2016 онд монголчууд бид түүхэндээ хамгийн олон буюу 13 эмэгтэйг УИХ-д төлөөллөө болгожээ. Өнөөдөр парламентад таван удаа сонгогдож дархлагдаад байгаа ч сонгогдон ажилласан 20 жилд юу ч хийгээгүй хэмээн гоочлуулж суугаа ч гишүүн байна. Гэтэл ганцхан удаа сонгогдож ажиллахдаа чамгүй олон хууль тогтоомж дээр ажиллаж, тэр нь өөрийнх нь нэрээр овоглогдон үлдсэн ч хүн бий. Өнгөрөгч парламентийн түүхэнд хамгийн олон удаа сонгогдон ажилласан хүнээр Д.Оюунхорол, С.Оюун хоёр тус бүр таван удаа сонгогдон ажиллажээ. Харин дөрвөн удаа сонгогдон ажилласан түшээгээр Д.Арвин, Т.Ганди нар тус бүр дөрвөн удаа, Б.Бямбажав, Д.Сарангэрэл, Д.Туяа нар тус бүр хоёр удаа сонгогдон ажилласан байна. Хамгийн сүүлд буюу 2016 оны ээлжит сонгуулиар хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн орж ирсэн ч тэдний 11 нь нэн шинэ, анх удаа парламентад орж ирж байна.
Тэр хэрээр эмэгтэй гишүүд олон болсон ч тэдний зүгээс дорвитой ажил зохион байгуулж улстөрд бүү хэл нийгэмд нөлөөлөх зүйл хийхгүй байна гэх шүүмжлэлийг байнга дагуулах боллоо. Нөгөө талаас “Олдоод өлдөнө” гэгч энэ болж байна гэх нь ч бий. Энэ удаагийн парламентад суусан эмэгтэй гишүүдийн 90 гаруй хувь нь шинэхэн гишүүд учраас олон жил улс төр хийсэн туршлагатай эрчүүдийн өөдөөс сөрж улс төр хийх нь үнэхээр хүнд байгаа. Тиймээс эрчүүдтэйгээ хэл амаа ололцох хугацааг л их улс төрд өнгөрүүлж байгаа гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Ямартай ч өнөөдөр тогтоож өгсөн квотоо чамлалгүй өмнөө байгаа ажлаа амжуулахыг л захих байна. Тиймээс 1990 оноос хойш парламентад сонгогдсон эмэгтэйчүүдийг танилцуулж байна. Үүнээс он цагийн дараалал, тухайн цагийн байдал, улстөр, хэн нь хэдэн удаа сонгогдож вэ гээд ихэнх зүйл нь тодорхой болно. Тэгэхээр уншигч та улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо ямар түвшинд өрнөж ирснийг гадарлах болно. Яагаад гэхээр доорхи нэрсэнд таг мартагдсан ч нэгэн бий. Одоо парламентад сууж байгаа ч мартагдсан нэгэн бий. Цухасхан үзэгдээд өнгөрөхдөө нийгмийн зүрхэнд оршиж үлдсэн нь ч бий. Тиймээс миний хувьд нурших нь илүүц биз ээ.
1.Б.Бямбажав 1990, 1992 хоёр удаа
2 Э.Алтангэрэл-1990
3.Д.Мөнхөө-1992
4.Т.Ганди-1992, 1996, 2000, 2004 дөрвөн удаа
5.Р.Нарангэрэл-1996
6.Ү.Наранцэцэг-1996
7.Б.Дэлгэрмаа-1996
8.Х.Хулан-1996
9.Ч.Отгонбаяр-1996
10.О.Энхтуяа-1996
11.С.Оюун нөхөн сонгуулиар 1999 онд 2000, 2004, 2008, 2012 таван удаа
12.Н.Болормаа-2000
13.Д.Арвин-2000, 2004, 2008, 2012 дөрвөн удаа
14.Р.Гэрэлсүрэн-2000
15.Б.Долгор-2000
16.Д.Алтай-2000
17.Д.Оюунхорол-2000, 2004, 2008, 2012, 2016 таван удаа
18.Д.Туяа-2002 онд нөхөн сонгуулиар 2004 онд хоёр удаа
19.Б.Мөнхтуяа 2004 онд
20,Д.Сарангэрэл, 2012, 2016 хоёр удаа
21.Л.Бурмаа 2012
22.Г.Уянга 2012
23. М.Батчимэг-2012
24.Л.Эрдэнэчимэг-2012
25.З.Баянсэлэнгэ-2012
26.Ц.Оюунгэрэл-2012
27.Б.Амарзаяа-2016
28.Б.Ундраа-2016
29. Г.Мөнхцэцэг-2016
30.М.Оюунчимэг-2016
31.Б.Ундармаа-2016
32.Ц.Оюундарь-2016
33.Б.Гарамжав-2016
34. М.Билэгт-2016
35.Ц.Цогзолмаа-2016
36.Б.Саранчимэг-2016
А.Толбо
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Нойл нойл балай авгай нараар хэн ч яахын эрчүүдиыг долоож улс төрд орохыг ямар жёндэр гэдгийн гараа балай ёс бусын үлгэр жишээнүүд гэвэл илүү таарна үнэн нь тэр